Б.Мөнхсоёл: Өмнөхөө төлөөгүй байж өрөө тэлээд байж болохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
17 минут 22 секунд
Б.Мөнхсоёл: Өмнөхөө төлөөгүй байж өрөө тэлээд байж болохгүй

Б.Мөнхсоёл: Өмнөхөө төлөөгүй байж өрөө тэлээд байж болохгүй

1Үндэсний Стратегийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхсоёлтой ярилцлаа.

Монгол улс Хятадаас 100 хувь хараат эдийн засагтай хол явахгүй гэх шүүмж байнга сонсогддог. Мэдээж хөрш том гүрэн гэдэг утгаараа нөлөөллийг нь үгүйсгэх аргагүй. Гэхдээ л 100 хувь гэхээр хэтрүүлэгтэй санагддаг. Ер нь урд хөрш манай улсын эдийн засагт хэр хэмжээгээр нөлөөлдөг талаар тооцоо судалгаа байдаг юм уу?

Хятад, Орос хоёр манай мөнхийн хөрш. Хэдийгээр Монгол Улс далайд гарцгүй нь сул тал гэгддэг ч заяагдмал харьцангуй давуу талын онолоо бариад явбал харин ч том зах зээлтэй мөнхийн хөрш гэдэг утгаараа давуу тал. Сүүлийн үеийн экспортын эдийн засгийн өсөлтөөс харахад экспортын 90-ээд хувийг нь Хятад улстай хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл Хятад улс манай гол экспортлогч түнш улс. Импортоор орж ирж буй бараа бүтээгдэхүүн, хөрөнгийн гол эх үүсвэр ч ихэнхдээ Хятадаас орж ирж буй нь тодорхой. Мэдээж Хятадын одоогийн зах зээлийн хямрал гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын хэмжээ багасахад шууд утгаараа нөлөөлж байгаа. Тэр утгаараа  гадагшаа гаргаж буй бараа бүтээгдэхүүний хэмжээ, тэр дундаа үнийн хэлбэлзэл, өсөлт, уналтуудаас болоод орж ирж байгаа валютын хэмжээ ч багассан. Энэ бүхэн Хятад улсын дотоодын уул уурхайн шинж чанартай  бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ багассантай холбоотой. Мөн олон улсын санхүүгийн байгууллагууд глобаль түвшинд эдийн засаг удаашралтай байна гээд байгаа. Хятадын эдийн засгийн өсөлт саарч, 2015 онд 6.8 хувьтай байна гэж байсан ч өдгөө 6.2 хувийн өсөлттэй байх нь гэсэн таамгийг дэвшүүлээд байна. Гэхдээ тэд мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөнийг хадгалахын тулд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа нь эдийн засгийнх нь тогтвортой байдлыг хангах хүчин зүйлийн нэг болж байна л даа.

Асуудлыг тухайн улс оронд тулгарсан гэхээсээ дэлхийн хэмжээнд ярьдаг болсон өнөө үед АНУ-ын мөнгөний хатуу бодлого дэлхийн эдийн засагт эрсдэл учруулж байна гэдэг. Яг энэ үед Монгол банкны мөнгөний бодлого зөв явж чадаж байна уу?

Мөнгөний бодлогын асуудал дээр нэлээд маргаан гардаг. Зарим судлаач, эдийн засагчид мөнгөний бодлого,  төсөв сангийн бодлогоо хооронд нь уялдуулах хэрэгтэй гэдэг. Уг нь хямралтай байгаа үед мөнгөний зөөлөн бодлого бариад, эдийн засгаа тэтгэмээр байгаа юм. Даан ч манай улсын төсөв өндөр алдагдалтай. Хамгийн сүүлийн мэдээллээр төсвийн алдагдал төсөөлж байснаас 3.2 хувиар давчихсан байна. Энэ тохиолдолд мөнгөний зөөлөн бодлого барих нь хүнд л дээ. Үнэндээ энэ бүх хүндрэл, бодлогын уялдаа холбоо алдагдсан,  өмнөх жилүүдэд бодлого боловсруулагчдад эдийн засагчид сануулсаар байхад үл хайхарч хариуцлагагүй төсөв баталснаас болсон. Дэлхийн банк ч Монгол улс төсвийн хуулиа өөдрөгөөр баталдаг гэж шүүмжилдэг. Бодит байдал дээр хагас жил хүрээгүй байхад төсөвлөсөн алдагдал өндөр байгаа нь цаашдаа хэмнэлттэй ажиллах, төсвийн сахилга батыг сайн сахих шаарддлагатайг сануулж байна. Эдийн засгийн идэвх сул, экспортын орлого буурч байгаагийн дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалт багасч байгаа энэ үед төсвийн зардалд хянамгай хандах ёстой. Ипотекийн зээлийн хүүг бууруулсан нь төсвийн алдагдалд нөлөөлж байгаа. Зүгээр явж байсан ажлыг зогсоочихоод үргэлжлүүлэхдээ заавал бууруулах шаардлага байгаагүй. Шуудхан хэлэхэд сонгуультай холбоотой иргэдэд таалагдах бодлого яваад байна гэж шүүмжлүүлсэн шүү дээ. Иргэдэд хөнгөлөлтэй зээл хэрэгтэй, орон сууцны эрэлт хэрэгцээ маш их байгаа. Гэхдээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан зөв бодлогыг оновчтой явуулж болох л байсан. Гэтэл сонгууль дөхүүлээд бодлогоо өөрчилсөн нь “популист” харагдуулаад байгаа хэрэг л дээ. Дашрамд сонирхуулахад, 2008 онд АНУ-д үүссэн эдийн засгийн хямрал орон сууцны хямралтай л холбоотой үүссэн шүү дээ. Хүмүүс байрныхаа зээлийг төлж чадахгүйд хүрч байраа зарах гэсэн. Гэвч зах зээл дээр худалдан авах чадвар муудсанаас байрны үнэ унасан нь эргээд тухайн сектор, санхүү эдийн засгийн хямралд хүргэсэн. Бид ийм байдалд орохоос сэргийлэх хэрэгтэй. Орон сууцны асуудал чухал. Гэхдээ бодлогоо зорилтот хэсэг рүүгээ л чиглүүл. Том зургаа харж бодлогоо боловсруулах ёстой. Зээлийн хүүгээ бууруулахгүйгээр барилгын үнийг бууруулах боломжтой. Ипотекийн зээлийн хүүгийн бодлого өөрчлөгдсөний давуу тал нь Монгол банкаар дамжин хэрэгжиж байсан хөтөлбөр Засгийн газраар дамждаг болсон явдал юм. Бүртгэлийн хувьд илүү ил тод, нээлттэй болно гэж хараад байгаа.

Монгол улсын нийт гадаад өр 2015 оны эцэст 21.6 тэрбум ам.долларт хүрсэн. Тэгэхээр бид өрийн дарамтад орсон гэсэн үг үү?

Өр, зээл тавьж болно. Дэлхийн улс орнуудад засгийн газрын өр, ДНБ-ий харьцаа дунджаар 40-50 хувьтай байдаг. Тухайн улс эдийн засгийн хэр нөөцтэй, эдийн засаг нь тогтвортой юу гэхчлэн хувь хүний худалдан авах чадвар гэдэг шиг зээлийн эргэн төлөлтийн чадварыг нь авч үздэг. Тухайн улсын өрийн хэмжээ их байх нь кредит рейтинг буюу зээлжих зэрэглэлд нь сөргөөр нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд манай улсын зээлжих зэрэглэл буураад байгаа нь өрийн хэмжээ ихэссэнтэй холбоотой. Энэ нь зөвхөн Засгийн газрын зээлтэй холбоотой юм биш шүү. Хувийн хэвшлийнхний өр зээлд ч нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, “кредит рейтинг” бага тусмаа авах зээлийн өртөг өндөрсөнө гэсэн үг. Бид 1.5 тэрбум долларын бонд босгоход 4.25 хувийн хүүтэй зээл авч байсан бол өдгөө 10 хувийн хүүтэй зээл авдаг боллоо. Зэрэглэл буурахын хэрээр сөрөг нөлөө ихэснэ. Товчхондоо өр зээл тавих нь буруу биш ч  юунд зарцуулж байна вэ, эргэж өгөх өгөөж нь юу вэ гэдгийг бодолцох ёстой. Төслөө бэлэн болгоогүй байж хөрөнгө босгосон. Тэгээд ашиг олох төслөө хэрэгжүүлж эхлээгүй байхдаа л хүү төлж эхэлж байна. Хамгийн гол нь авсан өр, зээлээ оновчтой зүйлд оруулж чадсан уу? Засгийн газар авсан зээлээ холимог байдлаар зарцуулсан. Өөрөөр хэлбэл зарим зээлээ ашигтай төсөлд оруулсан заримыг нь мэдээж чадаагүй. Ер нь нийт бүртгэлийн байдал ил тод нээлттэй байж чадахгүй байгаа нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг хаадаг бас нэг саад болж байна. 2017 оноос зээлийнхээ хүүг төлж эхлэхээ мэдсээр байж төлөвлөгөө гаргаагүй гэхчлэн шүүмжлэх юм их байна. Засгийн газар, улстөрчдийн хариуцлага, сахилга бат алдагдахаас сэргийлж Төсвийн тогтвортой байдлын тухай хууль баталсан ч эргээд эдийн засгийнхаа нөхцөл байдалтай холбоод өөрчилж байна. Энэ жил өрийн тааз 46 хувьтай байх байсан ч хуулиндаа өөрчлөлт оруулаад 55 хувь болгосон. Сангийн яамаар дамжиж буй өрийг хэмжээндээ байгаа гэх ч төсөвт бүртгэгдээгүй, Хөгжлийн банкаар дамжиж байгаа төсвөөс эргэн төлөгдөх зээлийг оруулбал энэ таазнаас хэтэрчихээд байгаа юм. Ирээдүйн өв сангийн тухай хуульд зөвлөгөө өгч ажилласан гадны шинжээч Монгол улс бүх өр зээлээ тооцох юм бол ДНБ-ий 80-аад хувьтай тэнцэнэ гэж байсан. Анхаарууштай хэмжээ. Бид Европын тэр дундаа Грекийн жишээг сайн мэднэ. Тус улсын өрийн хэмжээ 100 хол даваад 300-аад хувьтай тэнцэхээр болсон гол шалтгаан нь хяналт суларсан, оновчгүй бодлого хэрэгжүүлсэн, тансаг хэрэглээ хавтгайрсантай холбоотой. Одоо Грекийн иргэд жил, сараар цалингүй ажиллаж, ажлын байр багасч, иргэд хүссэн хэмжээгээрээ АТМ-ээс мөнгө авч чадахгүй хүндхэн байна. Монгол тэгтлээ хүндрээгүй ч олон улсын хэмжээнд өрийн хэмжээ нь эмзэг улсын жагсаалтын 12-т орчихсон явж байгааг бид мартаж болохгүй.

2

Төсвийн орлогын 88 хувийг татвар бүрдүүлдэг.  Үүнээс НӨАТ-ын эзлэх хувь нь 22. Гэвч НӨАТ-ын сугалаат борлуулалт жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгаа талаар гомдоллох боллоо. Ер нь НӨАТ-ын хууль таны бодлоор ингэж үргэлжлэх нь хэр зохистой вэ?

Бүртгэлийн асуудал хүнд байх шиг байна. НӨАТ төсвийн орлогын зохих хэсгийг бүрдүүлдэг гэдэг утгаараа НӨАТ төлөх хүмүүсийг өдөөх үүднээс энэ системийг ашигласан байх. Харамсалтай нь иргэдийн мэдээлэл дутмагаас асуудал гараад байх шиг байна. НӨАТ дээр аж ахуйн нэгжүүд 10 хувийг багасгая, жижиг дунд бичил аж ахуйн нэгжүүдээ хөл дээр нь зогсоохын тулд дэмжлэг үзүүлж таван хувь руу шилжүүлье эс бөгөөс борлуулалтын татвар луу шилжүүлье, татварын багц хуулиудыг эргэж харъя, өмнөх “реформ”-ууд хэр үр дүнгээ өгсөн, одоо байдал ямар байгаа, аж ахуйн нэгжийн хөгжил хаа очсон гээд бодит байдалтай уялдуулсан бодлого явуулъя гэсэн саналууд гарч байгаа.

Олон улсын жишигт НӨАТ-ын хэмжээ дунджаар хэд байдаг юм бэ. Манайх өндөрт тооцогддог уу?

Тухайн улсын эдийн засгийн хүчин чадлаас хамаарч янз бүр л дээ. Гадаад, дотоод “шок”-д хэр өртөмтгий вэ гэдгээс хамаардаг гээд ойлгочиход  болно. Сонирхуулахад, Канадад борлуултын татвар өндөр байдаг. АНУ-д муж мужаараа өөр байх жишээтэй. Ихэвчлэн 5-8 хувьтай гэхчлэн тухайн хотын зах зээл, хэрэглэгчдийн худалдан авах  чадвар, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг, зах зээлийн эргэлтээс шалтгаалж тухайн жилдээ төлөвлөж баталдаг. Нөгөөтэйгүүр хотынхоо татварын орлогыг нэмэгдүүлэнгээ аж ахуйн нэгж, иргэдээ бодсон бодлого хэрэгжүүлэхийн тулд хамтдаа ил тод  нээлттэй ярилцдаг. Ер нь аливаа бодлого, гаргаж байгаа шийдвэрт нээлттэй ил тод байдал, талуудын оролцоо чухал л даа.

Валютын үнэ чангарч төгрөгийнх суларч байна. Энэ хэлбэлзлийг сонгуультай холбож сонгуулийн дараа тогтворжино гэх юм.

Сонгуулийн өмнө төгрөгийн ханш чангарч, долларынх сулардаг тал бий. Сонгуулийн үеэр эдийн засаг тодорхой хэмжээгээр тэтгэгддэг. Сонгуульд оролцогчид буюу нэр дэвшигчид нэлээд мөнгө зардаг. Сонгуулийн хуульд өөрчлөлт орсноор мөнгөний зарцуулалтыг тодорхой хэмжээгээр багасгана гэж байгаа ч сонгуулийн үеэр эдийн засагт оруулах мөнгөний урсгал ихэсч, төгрөг чангарах хандлагатай байна. Харин дараа нь доллар чангарна гэсэн таамаглал бий. Ер нь манай төгрөгийн сулрал улирлын шинж чанартай байдаг. Экспортимпортын идэвхижлээс мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамаардаг.

Ингэхэд Сонгуулийн өмнөх эрсдэлтэй алхмууд эдийн засгаа хямралаас гаргах нь бүү хэл ангалын ирмэг дээр байсан улсаа түлхчихэж байгаа юм биш үү. Энэ Засгийн газар “Credit Suisse” банкнаас 250 сая ам.доллар зээлж, өнөөх нь Монголын дансанд орсон тухай мэдээллийг албаныхан өгсөн нь баярлууштай мэдээ мөн үү?

Өмнө нь босгосон өр зээлийнхээ асуудлыг оновчтой төлөх төлөвлөгөөгүй үед өмнөх өрөө төлөхөөс яахав дээ. Ядаж л өрөнд дарагдахгүйн тулд мөнгө босгож байгаа бол өөр хэрэг. Түүнээс биш өмнөхөө төлөөгүй байж өрөө тэлээд байж болохгүй. Авсан зээлийн тухайд төрийн  эрх барьж байгаа хүмүүс хэрхэн яаж зарцуулахыг би мэдэхгүй. Ер нь хэн байгаагаас их юм шалтгаалдаг юм шүү дээ. Бид аль болох бага хүүтэй зээл авах ёстой ч манай улсын хувьд мөнгө босгох боломж улам л багасаад байна. Ний нуугүй хэлэхэд олон улсын зах зээл дээр Монголд хөрөнгө оруулах сонирхол багасч, нөгөөтэйгүүр үнэтэйдээд байна. Сонирхол ч буурч байгаа нь дотоод бодлогоос хамааралтайгаас гадна олон улсын зах зээлийн тухайн бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийн эрэлт хэрэгцээ ч бас нөлөөлж байгаа юм.

Эдийн засаг өсөлттэй байна гэдэг ч иргэдийн амьдралд эерэг хандлага ажиглагддаггүй нь ямар учиртай юм бэ?

Эдийн засгийн өсөлтийн хурд буураад л байгаа. ДНБ-ий хувь хэмжээ өсөхгүй байгаа нь эдийн засаг тэлэхгүй байгаагаас гадна гацаж, царцаж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж ажилчдаа цомхтгож, ажлын байр багасч, хүн амын орлого буурч буйтай л холбоотой. ДНБ-ий хэмжээ өндөр байх үед иргэдэд анзаарагдахгүй өнгөрч байсан нь үнэн. Жишээлбэл, манай ДНБ-ий хэмжээ 24 их наяд төгрөгийг гурван сая хүндээ хуваахаар нэг хүнд найман сая төгрөг оногдоно. (Сүүлийн үед эдийн засагч Р. Амаржаргал ч ярьж байгаа) Гэвч тэгш хуваарилалтгүй,  орлогын ялгаа их, баян ядуугийн зааг тэлж байгаа ийм үед баялгийн хувиарлалт тэгш бус ногдож байгаа. Тиймдээ ч  иргэд бухимдаад байгаа юм. Хамгийн харамсалтай нь хүн амын дундаж давхаргынхан багасч, дундаж давхаргад байсан хүмүүс эмзэг рүү, эмзэг бүлэгт байсан иргэд ядуурлын түвшин рүү хальтирч ороход бэлэн, эмзэг эдийн засагтай болчихоод байна даа. Эдийн засгаа төрөлжүүлье гэж ярьдаг ч хэрэгжилт хангалтгүй байна.

ОУВС, Дэлхийн банк Монгол улс гэлтгүй бусад улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, эдийн засгийн дүгнэлт хийн, зөвлөгөө өгдөг нь зөв үү? Эрх үүргээ хэтрүүлж буй явдал гэх дургүйцэл байдаг юм билээ.

Бид дээрх байгууллагуудаас хөнгөлттэй зээл авч төсөл хэрэгжүүлдэг, бас гишүүн орон нь. Тэр утгаараа шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг сонсох нь зүйн хэрэг. Гэхдээ заавал биелүүлнэ гэсэн үг бас биш. Эргэн сануулахад, 2009 оны үед 225 сая долларын тусламжийн хөтөлбөрт хамрагдсан. Тэрэн шиг “стэндбай” хөтөлбөрт (санхүүгийн хүндрэлд орсон улсуудад өгдөг) хамрагдах юм бол шаардлагыг нь биелүүлэх л болно. Сүүлийн үед Монголыг эдийн засгийн нээлттэй, ил тод байдлыг хангахгүй учраас хөтөлбөрт хамруулахгүй байгаа нь нууц биш болоод байна..

Ярилцсан сэтгүүлч: З.Урансүх

 

 

 

 

Мөрдөн байцаагч Азми: Бизнесменийг буудахаар онилсон ч монгол эмэгтэй оногдсон
Мөрдөн байцаагч Азми: Бизнесменийг буудахаар онилсон ч монгол эмэгтэй оногдсон
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.