Д.Даваасүрэн: Монгол улс олон улсад МОНГОЛ СОЁЛЫГ ЭКСПОРТЛОГЧ орон болох зорилт тавьсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
31 минут 38 секунд
Д.Даваасүрэн: Монгол улс олон улсад МОНГОЛ СОЁЛЫГ ЭКСПОРТЛОГЧ орон болох зорилт тавьсан

Д.Даваасүрэн: Монгол улс олон улсад МОНГОЛ СОЁЛЫГ ЭКСПОРТЛОГЧ орон болох зорилт тавьсан

“Best of Mongolia” цахим хуудсын санал асуулгаар төрийн шилдэг байгууллагаар тодорсон Гадаад харилцааны яаманд шагнал гардуулах  арга хэмжээний үеэр Гадаад харилцааны яамны  Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй ярилцлаа...

 Монгол улсын гадаад харилцааны бүхий л үйл хэргийг танай яам хариуцан ажилладагаараа онцлогтой.  2018 онд хийсэн ажил, үр дүнгийн талаар танилцуулаач?

Гадаад харилцааны салбарын үйл ажиллагаа өөрийнхөө үндсэн зорилго буюу Монгол Улсын хөгжлийн гадаад таатай орчинг бүрдүүлэх чиглэлд үр дүнтэй ажиллаж байна гэж хэлж болно. 2018 оны дүнгээр Монгол Улсын эдийн засаг 7 орчим хувь өслөө. Гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх онтой харьцуулахад 18,2 хувиар өсөж, 13 тэрбум орчим ам. долларт хүрсэн нь түүхэнд урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт юм.  Манай улсын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл болох хоёр хөрш орон ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаагаа тэнцвэртэй хөгжүүлэх, хамтын ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал бидний байнгын анхаарлын төвд байсаар ирсэн, цаашид ч ийм байх болно.

-Гурван улсын эдийн засгийн кридор байгуулах хөтөлбөр ямар түвшинд байна вэ... Энэ төсөлд нэлээд өндөр ач холбогдол өгдөг шүү дээ?

“Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх механизм байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн бөгөөд 32 томоохон төслүүд дотроос эхний ээлжид хэрэгжүүлэх 3 төслийг  тохирсон. ОХУ-тай Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээр 2018 онд байгууллаа. БНХАУ-тай Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг хамтран хэрэгжүүлэхээр болов. Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх хүрээнд 1008 айлын түр суурьших орон сууцны төслийг БНХАУ-ын Засгийн газраас олгосон 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон. ОХУ-тай харилцаа хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийн асуудлаар тохиролцох, БНХАУ-тай  Хөгжлийн зам хөтөлбөрийг Бүс ба зам хөтөлбөртэй уялдуулах, 2020 онд Хятадтай хийж буй худалдааг 10 тэрбумд хүргэх, хөрш орнуудтай байгуулсан зарим гэрээ хэлэлцээрүүдийг шинэчлэх /хилийн боомт, төмөр замын хэлэлцээрүүд г.м/, хил орчмын дэд бүтцийг сайжруулах, хөрш орнуудын нутгаар дамжин далайд гарах боломжийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.

-Гуравдагч хөрш орнуудтай Засгийн газрын тэргүүний айлчлал, уулзалтуудын үр дүнд олон чухал төсөл хэрэгжихээр болсон. Хэрэгжил ямар байна вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд яригдсан нэг чухал зүйл бол Улаанбаатар хотын ус хангамжын нэмэгдүүлэх төсөл. АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Хоёр дахь Компакт гэрээг 2018 онд байгуулж, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх тухай дэд бүтцийн хөтөлбөрт зарцуулахаар тохиров.  Мөн Япон улстай Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг энэ онд ашиглалтад оруулах, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.   Европын холбоо Монгол Улсад 2014-2020 онд олгохоор шийдвэрлэсэн 65 сая еврогийн тусламжаа үргэлжлүүлэхээр болсон. Энэтхэгийн Засгийн газрын 1 тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар зорьж, ажлын гүйцэтгэл 50 орчим хувьтйа байна.  БНСУ-тай 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох Ерөнхий хэлэлцээрийг байгуулж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд ашиглахаар болсон. Энэ төсөл хэрэгжиж байна.

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2015 онд сонгогдон 2016-2018 онд гишүүнээр ажилласан нь чухал ач холбогдолтой байв. Монгол Улсын санаачилгаар Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв /ДГХБО-ын ОУСТ/-ийг Улаанбаатар хотноо байгуулан ажиллаж байна.  Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал болон дагалдах бусад хурал уулзалтуудыг жил бүр тогтмол зохион байгуулснаар бага хурлын нэр хүнд өсөж, бүс нутгийн улсуудын оролцоог хангасан, албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой нээлттэй механизм болон төлөвшиж байна.

-Засгийн газраас “Дэлхийн Монголчууд хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөр дэлхийгээр тархан суурьшсан монгочлуудад хүрч чадаж байна уу?

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн монголчууд хөтөлбөр”-ийн хүрээнд “Хилийн чанад дахь Монголчуудын III чуулга уулзалт”-ыг өнгөрсөн оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо Ерөнхий сайдын ивээл доор зохион байгуулав. Мөн түүнчлэн “Монгол Улсын Соёлын элч нарын Анхдугаар чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгуулсан.  2018 онд манай улс олон талт 6 гэрээнд нэгдэн орж, Засгийн газар хоорондын 22 гэрээ байгуулж, өмнө нь байгуулсан 9 гэрээг хүчин төгөлдөр болгож, байгууллага хоорондын 65 гэрээ байгуулж бүртгэсэн бөгөөд байгууллага хоорондын 128 гэрээ байгуулахтай холбоотой процесст оролцсон нь 2017 онтой харьцуулахад  даруй 60 орчим хувиар нэмэгдсэн байна. Дипломат, албан паспорт олгох ажиллагааг сайжруулах, тавих хяналтыг чамбайруулах үүднээс “Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн батлуулж, хэрэгжүүлж эхлэв. АНУ-д хөдөлмөр эрхлэх эрх бүхий Н2 ангиллын визийн олголт 2018 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Иргэдэд олон удаагийн виз олгох асуудлыг хөөцөлдөн ажилласны үр дүнд Солонгосын тал олон удаагийн визийг зохих иргэдэд 2018 оны 10 дугаар сараас эхлэн олгож байна. Гадаад харилцааны сайдын санаачилга болох “Бүс ба Зам - зорчих нөхцөлийг хөнгөвчлөх” хүрээнд Чингис хаан нисэх онгоцны буудалд тусгай гарцыг нээв. 2018 онд Монгол Улсын төр, засгийн тэргүүн, Гадаад харилцааны сайд, төрийн дээд, өндөр албан тушаалтнуудын гадаад улсад хийсэн 20 айлчлал, гадаад улсын төр, засгийн тэргүүн, дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн манай улсад хийсэн 12 айлчлалын бэлтгэлийг ханган хэрэгжүүлэхийн зэрэгцээ Засгийн газар болон ГХЯ-наас шууд болон хамтран зохион байгуулсан олон улс, бүс нутгийн хэмжээний 6 хурал, зөвлөгөөн, ЗГХК-ын 15 хуралдааныг зохион байгууллаа.

Олон чухал ажил амжуулж, Монголчуудад боломж олгожээ. Харин энэ 2019 онд ямар ажилд голлон анхаарах бол. Мэдээж өмнөх бодлогууд үргэлжлэх байх...?

2018 оны ололт амжилтаа бататган, эрч хүчийг хадгалж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт гарч буй нааштай байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө манай яамны хамт олон хичээж байна. Дэлхий ертөнц маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж, бидэнд тулгарч буй сорилт, бэрхшээлүүд нэмэгдэж, улс орнуудын харилцан хамаарал улам гүнзгийрч, аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн шинэ орчин бүрэлдэж байна.  Олон улсын тавцанд гарч буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд улс төрөөс ихээхэн хамааралтай болж байна. Нөгөө талаас дэлхий даяаршиж, шинэ шинэ боломжууд гарч ирж байна. Эдгээр хүчин зүйлс нь Монгол Улсаас олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд явуулах бодлого, хоёр болон олон талт дипломат үйл ажиллагааны ач холбогдлыг улам нэмэгдүүлж, сонгодог дипломат үйл ажиллагааны эдийн засгийн ач холбогдол өсөж, гадаад орчин, нөхцөл байдлыг мэдэрч, хурдтай, эрчтэй, санаачилгатай ажиллахыг биднээс шаардаж байна. Гадаад бодлогын үр өгөөжийг  бодит хөрсөн дээр буулгаж, ард иргэдийн амьдралд нааштайгаар нөлөөлөх, үүнийгээ мэдрүүлэх явдал чухал байна.

-Төрийн өндөрлөгүүдийн гадаад уулзалтыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангахад онцгойлон оролцдог. Энэ жил манай улсын төрийн удирдлагууд гадны хичнээн улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа бол?

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх төрийн айлчлалыг хэрэгжүүлэх болон “Бүс ба зам”-ын дээд түвшний хоёр дахь уулзалтад оролцуулах, ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлуулах, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын болон Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтыг тус тус зохион байгуулах, ОХУ-д хийх Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг зохион байгуулах, ОХУ-ын Төрийн Думын даргыг Монгол Улсад айлчлуулах, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой болон Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлнэ. Энэ бол улс орны нэр хүнд, тусгаар тогтнол, хамтын ажиллагааг бататгасан чухал айлчлалууд. Мөн 2019 онд Европын холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, Монгол Улс, ЕХ-ны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарахын сацуу АНД-н бүс нутгийн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, эерэг хандлага гарч байгаатай холбогдуулан энэ чиглэлд өрнөх үйл явцыг анхааралтай ажиглах, Монгол Улсын оролцоог хангах чиглэлд идэвхийлэн ажиллана.

-Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Гадаад харилцааны яам идэвхийлэн оролцдог. Бид өнөөгийн байдлаа сайжруулахын тулд цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

Монгол Улс Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэлийг 2019 онд болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний уулзалтын үеэр танилцуулах, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 6 дугаар бага хурал болон “Залуучууд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулах зэрэг томоохон арга хэмжээг 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Дижитал Элчин сайдын яам буюу Online Trade Mission нээх,  худалдааны төлөөлөгчийн газруудын шинэ институцийг бэхжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих,  экспортын бараа бүтээгдэхүүний төрөл зүйлийг нэмэгдүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээрүүд байгуулах зэрэг олон шинэлэг алхмуудыг хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна.  Эдгээр ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр манай улсын хөгжлийн гадаад орчин илүү сайжирч, ард иргэдийн амьдрал ахуйд эерэг өөрчлөлтүүд гарах болно гэдэгт эргэлзэхгүй байна. 

 

-Гадаад харилцааны яамны нэг үндсэн чиг үүрэг нь Монгол Улсыг гадаадад сурталчлах явдал. Энэ үүргээ хэр сайн биелүүлж байна вэ. Ямартай ч бид дэлхийн бүх улстай нээлттэй харилцаж чадаж байна шүү дээ?

 Монгол Улс өвөг дээдсийнхээ, нүүдэлчдийн ахуй амьдралын хэв маягийг хадгалахын зэрэгцээ мэдээллийн эрин болсон XXI зууны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, дэлхий нийтийн хөгжлөөс хоцрохгүй байхыг эрмэлзэж байна. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том орон хирнээ Монгол Улсын хүн ам ердөө 3 сая. Гадаадын хүмүүс, ялангуяа америк, европын орны хүмүүс биднийг хараад монгол хүн байна гэж хэлэх нь тун ховор. Иймээс Монгол орноо, монголчуудаа гадаадад таниулах, өөрсдийгөө сурталчлах асуудал манай гадаад бодлогын тулгын гурван чулууны нэг. Монгол сумочдоор дамжуулан Японд та биднийг нэлээдгүй мэддэг болж байна. Дуурийн дуучид, уран бүтээлчдээр маань дэлхий монголчуудыг мэддэг болж байна. Монгол Улсаа сурталчлах, гадаад ертөнцөд таниулах үүднээс өөрийн нэрнээс илүүтэйгээр эх орныхоо нэрийг цуурайтуулж байгаа эдгээр иргэдийг Монгол Улсын Соёлын элчээр томилон, ажиллуулж эхлээд байна. 2018 оны 9 дүгээр сард Соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалтыг хийсэн. Одоо гадаад, дотоодын 44 хүн Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж байна. Түүнчлэн гадаад сурталчилгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, нэгдмэл удирдлага, зохицуулалтаар хангах зорилго бүхий “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг Засгийн газраас хэрэгжүүлж байна. Гадаад харилцааны сайд уг зөвлөлийг тэргүүлэн ажилладаг, соёл, урлаг, аялал жуулчлал, спорт, үндэсний брэнд бараа бүтээгдэхүүнийг сурталчлах болон монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр жилд 100 гаруй арга хэмжээг манай яам бусад байгууллагуудтай хамтран дотоод, гадаадад зохион байгуулж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гадаад сурталчилгааны ажил тодорхой удирдлага, зохицуулалтгүй явж ирсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр гадаад сурталчилгааны үйл ажиллагаа нэгдсэн бодлогод зангидагдаж, салбар хоорондын ажлын  уялдаа холбоо сайжирч байна. Мэдээж, бид өөрсдийгөө бусад улс оронд сурталчлан таниулахад чамгүй хөрөнгө шаардлагатай нь мэдээж, гэхдээ хөрөнгө төсөв хомс гээд суулгүй өөрсдийн боломж бололцоонд түшиглээд нэлээд олон ажлыг хийж амжуулаад байна.

Манай улсаас гадаадад залуучууд олноороо сурч, ажиллах боллоо.Хэдийгээр гадны соёл ахуйд суралцаж байгаа нь сайн боловч тэдний дараа дараагийн үеүд ч өсөн томорч, монгол ахуй, монгол соёл заншлаас улам холдсоор байна. Манайх шиг цөөн хүн амтай улсад энэ нь нэг талаар ихээхэн эмзэг сэдэв болох нь. Салбар яамнаас энэ чиглэлд хэрхэн анхаарч байгаа вэ?

Хилийн чанадад 150,000 гаруй монголчууд ажиллаж амьдарч байна гэсэн тоо бий. Эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудал ГХЯ болон гадаадад байгаа ДТГ-уудын ажлын нэг гол зорилт чиглэл мөн. Монгол хэл, уламжлалт өв соёл, зан заншлаа хойч үедээ өвлүүлэх, монгол сургууль, соёлын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2016 оноос “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг мөн манай яам хариуцан хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд “Миний Монгол наадам” уралдаан, “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын чуулга, уулзалт“, “Эх түүхийн олимпиад”, “Монгол орны хөгжилд” чуулга уулзалт болон урлаг соёл, спортын олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Хилийн чанадад суугаа ДТГ-ууд маань үндэсний баяр болох Цагаан сар, Наадмын үеэр амрах бус, эх орноо сурталчилсан соёлын арга хэмжээнүүд нэлээдгүй зохион байгуулж байгаа. Гадаадад байгаа Монголчуудын холбоод ч үүнд идэвхтэй оролцож байгааг хэлмээр байна. Энэ тухай мэдээ тухай бүр хэвлэлд гарч байгааг та бүхэн анзаарч байгаа биз ээ.

Гадаадад олон жил ажиллаж амьдарч байгаа манай иргэд үр хүүхэддээ монгол хэл соёл, зан заншлыг уламжлуулан үлдээх хүсэл эрмэлзлэл нэлээдгүй байна. Иргэдийн энэ хүсэл эрмэлзлэлийг дэмжих, хилийн чанадад монгол хэл, соёлын төвүүдийг дэмжих, багш нарыг нь заах арга зүй болон сурах бичгээр хангах хүрээнд “Монгол хэл, соёлын сургалтын төвүүдийн жишиг хөтөлбөр”-ийг Боловсролын хүрээлэнтэй хамтран боловсруулж, “Бага боловсролыг нөхөн олгох хөтөлбөрийн хүрээнд 350 гаруй “Монгол хэл”, “Математик”-ийн сурах бичгийг монгол сургуулиудад өнгөрсөн хугацаанд хүргүүлээд байна. “Европ дахь монгол хэлний багш нарын семинар”, “Хилийн чанад дахь монгол сургууль, соёлын төвүүдийн багш нарын цахим сургалт” зэрэг арга хэмжээг энд дурдаж болох юм.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчууд” хөтөлбөр болон “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хүрээнд хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд өвлүүлэн үлдээх, монгол судлалаар суралцаж буй гадаадын оюутан, залуусыг дэмжин ажиллахад анхаарал тавьж, тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. 2018 оны байдлаар гадаадын 14 улсад 40 монгол, хэл, соёлын сургуулиуд үйл ажиллагаа явуулж байна.

Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдэд үндэсний эх хэл, зан заншил, соёл уламжлалаа өвлүүлэн үлдээх, монголын түүхээрээ бахархах сэтгэлийг хөхиүлэн дэмжих үүднээс манай яамнаас санаачлан “Эх түүхийн олимпиад”-ыг “Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”-той хамтран хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдийн дунд 2017 онд онлайн хэлбэрээр зохион байгуулсан. Нийтдээ 29 улсаас 134 монгол хүүхэд оролцсон, ихээхэн өрсөлдөөнтэй олимпиад болсон. Хоёр насанд шалгарсан хүүхдүүдийг ГХЯ-ны хүндэт өргөмжлөл, эх орондоо ирэх онгоцны тасалбар, олон улсын “Найрамдал” зусланд амрах эрхийн бичиг зэргээр шагнаж урамшуулсан тэднийг эх түүхээ судлах сонирхлыг нь сэргээж, цаашид хэл, соёлоо улам шимтэн суралцахад нь ихээхэн урам өгсөн. Энэ жил 3-р олимпиадыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 За түрүүн би дээр дурдсан. Монгол наадмыг гадаадынхан ихэд сонирхож, ирж үздэг, зодог шуудаг өмсөөд барилддаг, хүүхдүүдээ сураар харвуулдаг зэрэг сайхан уламжлал тогтоод байгаа. ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэлтэй Монгол наадмыг олон улсад сурталчлах, гадаадад амьдарч буй монгол иргэдийн санал санаачлага, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Миний монгол наадам” уралдааныг гадаадад үйл ажиллагаагаа явуулж байгаа сайн дурын үүсгэл санаачлагаар байгуулагдсан ТББ-уудын дунд зарладаг байгаа. 2015 оноос эхлүүлсэн уралдаанд “Сан-Франциско дахь Бэй-Ариагийн монголчуудын холбоо”, 2016 онд “Вашингтон ДС орчмын монголчуудын холбоо”, 2017 онд “Монгол-Германы ТББ-ын зөвлөл, 2018 онд “Швед дэх монголчуудын холбоо” тус тус тэргүүн байрны өргөмжлөл хүртээд байна.

 

-Гадаад худалдааны эргэлт түүхэнд байгаагүй  дээд амжилт тогтоолоо гэжта мэдэгдсэн. Үүнд гадаад харилцааны зөв бодлого, гадаад улс орнуудад хэрхэн өөрийгөө зөвөөр, эерэгээр сурталчлах зөөлөн хүчний бодлого бас нөлөөлсөн гэж үздэг. Энэ талаарх таны бодол?

Маш зөв асуулт. Бид олон жил соёлын импортлогч орон байсан. Харин одоо соёл урлаг, зөөлөн хүчний экспортлогч орон болох ёстой. Өнөөдөр бид дэлхийн хүн ардын харилцан ойлголцол, эв найртай хамтран амьдрах, дэлхийн ард түмнүүдийн үлдээсэн гайхамшигт өв соёлуудаас суралцах үйл явцад чухал хувь нэмрээ оруулах цөөхөн улсуудын нэг. Энэ ч утгаараа манай яам гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, өргөмжит консул, соёлын элчүүдээрээ дамжуулан улс эх орноо сурталчлах төрөл бүрийн ажлуудыг зохион байгуулж ирлээ. Үр дүн нь ч гарч байна. Монгол наадам зөвхөн тухайн улсад оршин суугаа монголчуудын дунд зохион байгуулагддаг байсан бол ихэнх газрууд хотын захиргаа, соёлын газруудтайгаа хамтран хийдэг, тэд ч бас их анхаардаг болж. Тухайн орны сонин хэвлэлээр ч монголчууд наадам хийж, бөх барилдуулсан тухай мэдээ хаа сайгүй. Гадаадаас ирж байгаа жуулчдын тоо ч жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ нь мөн л манай элч төлөөлөгч нар ажлаа үр дүнтэй, оновчтой хийж байгаатай холбоотой.

-2019 оны хувьд манай улсын гадаад сурталчилгаанд ямар онцлог үйл явдлууд болох вэ?

Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Турк Улстай дипломат харилцаа тогтоосны 50, Европын холбоотой 30, Вьетнамтай 65, Швейцарьтай 55, Герман, Тайландтай 45 жилийн тэгш ойнууд тохиож байгаа. Ойн хүрээнд бид соёл, хүмүүнлэгийн харилцаагаа хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах, монголын уран бүтээлчдийг тус улсын зах зээлд гаргах гарц замыг нээх зэрэг олон чухал ажлуудыг төлөвлөж, ойг тэмдэглэх төлөвлөгөөний хүрээнд өргөн хүрээтэй ажлуудыг зохион байгуулна. Энэ бүх тэмдэглэлт ойг бид уламжлал болгон хоёр орны төр засгийн гэхээс илүүтэйгээр ард түмний баяр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр зорьж байна.

Халх-голын ялалтын түүхэн 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэх энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулах, энэ хүрээнд хоёр орны соёл, хүмүүнлэгийн харилцааг улам бүр идэвхжүүлж, ОХУ-ын залуу үед хоёр улсын түүхэн найрсаг харилцааг харуулах, улс орноо сурталчлан таниулах ажлуудыг хийх болно.

Монгол Улс бол олон мянган жилийн түүхтэй монгол угсаатны гал голомт, өлгий нутаг монгол судлалын салбарыг цаашид эрчимтэй хөгжүүлэх, олон улсын монгол судлалын төв байх бодит боломжоо нэмэгдүүлэхэд байнга анхаарах хэрэгтэй. Энэ хүрээнд бид монгол судлалыг олон улсын болон бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй сурталчлан таниулах, гадаад дахь монгол судлалын төвүүд болон монгол судлаачдыг дэмжин хамтарч ажиллах, монгол судлаачдын залуу халааг бэлтгэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно. 2019 онд энэ чиглэлээр хийх томоохон ажлуудын нэг бол дэлхийн 26 улсад хадгалагдаж буй монголын түүх, соёлын өв, дурсгалуудаар 20 цуврал боть гаргах, цаашид цахим мэдээллийн сан бүрдүүлэх  зорилготой “Дэлхийд тархсан монгол өв” төслийг Олон улсын монгол судлалын холбоотой хамтран хэрэгжүүлэх юм.  

Мөн Монгол-Америкийн залуучуудын жилийг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ хүрээнд залуучуудын идэвх санаачлагыг дэмжсэн олон үйл ажиллагаануудыг манай яам төлөвлөөд байгаа. Бид анх удаагаа Фейсбүүк Форумыг зохион явуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн онд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Калифорн мужид байх Фейсбүүк Группын төв оффист зочилж, энэ саналыг тавьсан. Тэд их найрсагаар хүлээн авсан. Хэрэв бид амжилттай хэрэгжүүлж чадвал анх удаа ийм төрлийн форумыг зохион байгуулна гэсэн үг. Мөн Фейсбүүк болон бусад олон нийтийн сүлжээг ашиглан Монгол Улсын сурталчилгааг хийх судалгааны ажил эхлүүлээд явж байна.

Танай яам АТГ-ын гаргадаг шударга байдлын 2018 оны үнэлгээгээр төрийн яамд дотроос хамгийн өндөр үнэлгээ авсан байна лээ.

Тийм. Авилгатай тэмцэх газрын 2018 оны шударга байдлын үнэлгээний дүнгээр манай яам 100 онооноос 80.2 оноо авч төрийн бусад яамдын дотроос хамгийн сайн үнэлгээний дүн үзүүлсэнд баяртай байгаа. Дашрамд тэмдэглэхэд 2018 онд манай байгууллагын ил тод байдлын үнэлгээ 96.3 хувьтай, шилэн дансны хөтлөлтийн 87.7 хувьтай, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийн дундаж үзүүлэлт 91.5, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 98.0 хувийн гүйцэтгэлтэй гарсан байгаа. 

Бид 2019 онд энэхүү амжилтаа бататгах, гадаад харилцааны салбарын үйл ажиллагааг чанаржуулж сайжруулах, дотоод хяналт, сахилга хариуцлагыг дээшлүүлж, салбарын хэмжээнд хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилтийг хангах, байгууллагынхаа үнэлгээний дүнг ахиулах, байгууллагынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

 

Зарим яамдад хүний амь нас эрсэдсэн туйлын хариуцлагагүй, харамсалтйа хэрэг гарч байсныг та санаж байгаа байх. Энэ явлаас сургамж авч өнгөрсөн оныг “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатга” гэж Ерөнхий сайд үүрэг болгосон. Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил хэрэгжүүлж байна вэ.

 

“Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2017 оны 01 албан даалгавар, “2018 оныг “Хариуцлагын жил болгон зарлах тухай” Засгийн газрын 2018 оны 32 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд ГХЯ-ны албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах ажлыг тогтмол зохиож байна.  Албан хаагчдын ирцийн бүртгэлд дүн шинжилгээ хийж, танилцуулж хэвшсэн нь ажлын цагийн хоцрогдлыг бууруулж ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд үр дүнгээ өгч байна.  Иргэдээс албан тушаалтан болон ДТГ-т хандаж ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд байнга дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа  ба иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн дундаж үзүүлэлт 2018 онд 99.7 хувьтай гарсан.

Албан хаагчдынхаа эрүүл мэнд, нийгмийн баталгаа, ажиллах нөхцлийг сайжруулах хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өгнө үү?

Засгийн газраас дэвшүүлсэн санаачилгын хүрээнд тус яам Нийслэлийн 16 дугаар цэцэрлэгтэй хамтран яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг 2016 онд байгуулж, яам болон Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын албан хаагчдын хүүхдүүдийг хамруулж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл тус яамнаас бүх талын дэмлэг үзүүлэн ажиллаж байна. Энэ нь албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон алхам болсон юм.  Сүүлийн 2 жил дараалан нийт албан хаагчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулсан.  Тус яамны өргөтгөл хэлбэрээр баригдсан “Ёслол хүндэтгэлийн өргөө”-г 2017 онд ашиглалтад оруулж, оффисын өрөө тасалгаа, бялдаржуулах болон йог, бясалгалын танхим, хурал уулзалтын өрөөнүүдийг бүрэн тохижуулснаар албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулсны зэрэгцээ ажлын бус цагаар дасгал сургуулилт хийж, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн нь чухал ач холбогдолтой ажил болсон юм.

 

ГХЯ-ны хүний нөөцийн бодлогын хэрэгжилт болон 2018 хүний нөөцийн шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл өгнө үү?

Хүний нөөцийн бодлого болон салбарын хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, тухайлбал, Хилийн чанад дахь ДТГ-уудад томилогдох дипломат, төрийн захиргааны болон үйлчилгээ, техникийн ажилтнууд, төв аппаратын газар, нэгжид томилон ажиллуулах ажилтнуудын асуудлыг Төрийн албаны зөвлөлийн тус яамны дэргэдэх Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлдэг.

 

Хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд албан хаагчдын мэдлэг чадвар, чадавхи, гадаад хэлний түвшинг дээшлүүлэх зорилгоор жилийн сургалтын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Тухайлбал, чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засаг, хилийн худалдааны чиглэлээр 44, хууль, эрх зүйн чиглэлээр 7, дипломатын чиглэлээр 50,  гадаад хэлний сургалтад 4, магистрийн сургалтад 3, орчуулагчийн  сургалтад 15 зэрэг давхардсан тоогоор нийт 116 албан хаагчийг гадаад улсад зохиогдсон сургалтад тус тус хамруулсан. Үүнээс гадна бусад төрийн болон төрийн бус байгууллагаас тусгайлсан сэдвээр зохион байгуулсан 13 удаагийн сургалт, семинарт ажилтнуудаа хамруулсан байна.

Танай яаманд ажилд орох хүсэлтэй хүмүүсийг ямар шалгуураар авдаг вэ? Төрийн албан хаагчийн шалгалтад тэнцвэл ажилд орох боломжтой юу, эсвэл тусгай шалгалт өгөх шаардлагатай юу?

Дипломат алба бол төрийн тусгай алба юм. Тус яамны дийлэнх ажлын байранд ажиллах хүмүүст тусгай шаардлага тавигддаг. Тухайлбал, түгээмэл 2-оос доошгүй гадаад хэлийг өндөр түвшинд эзэмшсэн байх, олон улсын харилцаа, эрх зүй, худалдаа, эдийн засаг зэрэг мэргэжлээр их дээд сургууль төгссөн байх гэх мэт. Энэ утгаараа төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтыг агуулсан төрийн тусгай дипломат албаны шалгалтыг зохион байгуулдаг бөгөөд шалгалтад тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэх, газар, нэгжүүдэд байршуулах ажиллагаа хийгддэг.

УИХ-ын дарга Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох саналыг өнөөдрөөс хүлээн авч 100 мянган иргэн дэмжвэл хууль санаачилагдана
УИХ-ын дарга Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгох саналыг өнөөдрөөс хүлээн авч 100 мянган иргэн дэмжвэл хууль санаачилагдана
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.