Нүүрсэн яндангийн хулгайч ченжүүдийн шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 6 секунд
Нүүрсэн яндангийн хулгайч ченжүүдийн шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна

Нүүрсэн яндангийн хулгайч ченжүүдийн шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн доктор, профессор Ц.Цэвэгжав “Нүүрсэн яндан буюу катализаторгүй тээврийн хэрэгсэл 300 орчим хорт бодисыг ялгаруулж агаар, орчин бохирдуулдаг” талаар онцолжээ.

Тодруулбал, дотоод шаталтын хөдөлгүүрээс утаа гарснаар азотын исэл, нүүрс хүчлийн хийг үүсгэдэг аж. Түлш агаар холилдож бүрэн шатсанаар нүүрс хүчлийн давхар ислийг үүсгэдэг юм байна. Энэ нь хүрээлэн буй орчинд хоргүй. Харин дутуу шаталтаас үүссэн хорт бодисууд нь хүн, байгаль орчинд маш хортой. Дутуу шаталтыг катализаторгүй автомашинууд бий болгож, 300 орчим төрлийн хорт бодис ялгаруулдаг юм байна. Хамгийн хор хөнөөлтэй нь нүүрс хүчлийн хий болон азотын исэл гэнэ.

Авто тээврийн үндэсний төвийн мэдээлж буйгаар нийслэлийн хэмжээнд 730 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 500 орчим мянга нь замын хөдөлгөөнд тогтмол оролцдог аж. Эдгээрийн талаас илүү хувь нь Prius маркийн тээврийн хэрэгсэл байдаг.

Замын хөдөлгөөнд оролцож буй Prius маркийн тээврийн хэрэгслийн олонх нь үйлдвэрээс гарсан нүүрсэн яндангүйгээр Улаанбаатарын гудамжаар нүүрсхүчлийн хий болон азотын исэл ялгаруулаад явж байна.

Энэ асуудлын мөрөөр сурвалжиллаа.

НҮҮРСЭН ЯНДАНГИЙН ХУЛГАЙЧ ЧЕНЖҮҮДИЙН ШУНАЛЫН ТӨЛӨӨСӨНД САЯ ГАРУЙ ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД ХОХИРЧ БАЙНА

Эхлээд тээврийн хэрэгслийн төвлөрсөн худалдааны цэг “Да хүрээ" захыг зорьсон юм. Хил хаалттай ч тус захад тээврийн хэрэгслүүдийг ярайтал эгнүүлээд тавьсан харагдана. Эдгээрийн олонх нь өнгө өнгийн Prius-үүд байх аж.

Тээврийн хэрэгслийн ченж залуугаас цөөн асуултад тодруулга авлаа.

- Энд худалдаалагдаж буй Prius маркийн тээврийн хэрэгслүүд катализатортой юу?

- Одоогоос тав зургаан жилийн өмнө тээврийн хэрэгслүүд үйлдвэрийн яндантайгаа орж ирдэг байсан юм. Одоо тэгэхээ больсон. Миний rap дээр хятад яндантайгаа л ирдэг.

- Үйлдвэрээсээ хятад яндантай гарч байна уу. Тээвэрлэх замд хэн нэгэн сольж байна уу. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?

- Үйлдвэрээс бол катализатортой л гарч байгаа л даа. Бид эндээс захиалахдаа ч үйлдвэрийн яндантай нь л захиалдаг юм. Бидний гарт л хятад яндантай ирдэг. Тэр хол зам туулж ирсэн барааг буцаах арга байхгүй, тэр чигээр нь л худалдаалдаг.

- Гадуур нүүрсэн яндангийн эрэлт их байна уу. Энэ хавиар ч худалдаалдаг хүмүүс олон харагдлаа?

- Энэ хавиар авдаг, зардаг хүмүүс олон бий. Чамгүй үнэ ч хүрдэг. Сүүлийн үед бол ховордсон. Нүүрсэн яндантай машин ч цөөн болсон байх. Эрт онтой цөөхөн тээврийн хэрэгслүүдэд л байдаг. Тэр нь гол төлөв хөдөө орон нутагт байдаг гэх тайлбар хэлж байна.

“Да хүрээ’ захын орчимд нүүрсэн яндангийн эрэлт хэрэгцээ өндөр байна. Зөвхөн энэ төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүс ч байдаг бололтой. Гол төлөв бусдын тээврийн хэрэгслээс тоногдсон, буруу гарын зүйлс энд ирдгийг ч машины ченжүүд онцолж байв. Нүүрсэн яндан авч дамладаг гэх ченжүүдтэй уулзахад тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Учир нь энэ төрлийн яндан худалдаалахыг хориглодог болжээ. Зарсан тохиолдолд торгуулийн арга хэмжээ авдаг болж. Гэсэн ч ил далд хэлбэрээр энэ төрлийн бизнес оршсоор л байна. Бүр тодруулбал энэ төрлийн худалдаа цахим орчинд эрчээ авчээ. “Нүүрсэн яндан авна зарна, нүүрсэн яндан авч. шүүлтүүртэй яндан суулгаж өгч чекний гэрэл унтраана" гэсэн зар түгээмэл анзаарагдана. Иймэрхүү худалдааны зарын бүлгэмүүд ч хэдэн арваараа бий болж.

Энэ төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүсийн хэлж байгаагаар бол нүүрсэн яндангийн ханш 800.000-2 .000.000 төгрөгийн хооронд байна. Он болон машины төрөл маркаасаа шалтгаалаад үнэ нь өөр хоорондоо харилцан адилгүй байдаг аж. Хамгийн эрэлттэй нь сүүл оны Prius 20-ын яндан гэнэ. Зарим тохиолдолд гурван сая төгрөг ч хүрдэг аж.

Prius 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэдийн байр суурийг сонслоо.

- Та энэ тээврийн хэрэгслийг унаад хэр удаж байна вэ. Таны гарт үйлдвэрийн яндантайгаа ирсэн үү?

- Шинэ машин буухад нь л аваад гурван жил болж байна. Хятад яндантай л миний гарт ирсэн. Шинэ машины үйлдвэрийн янданг хэн нь, хаана сольчихсон юм бүү мэд. Ийм яндан их амархан эдлэгддэг юм билээ. Машины явах ангид ч амархан гэмтэл үүснэ. Катализатор зарна гэх хүмүүс мэр сэр байдаг л юм билээ. Гэхдээ үнэ нь тэнгэрт хадчихсан. Шүүлтүүртэй хятад янданг нь сольж тавиад л явж байна.

- Та тээврийн хэрэгслээ оношилгоонд хэзээ оруулсан бэ. Энд хятад яндан шаардлага хангадаг юм уу?

- Ном журмынх нь дагуу ороод л явдаг. Ийм тийм яндантай гэсэн асуудал тавьж байгаагүй.

- Шүүлтүүртэй яндан дутуу шаталт явуулдаг, эрүүл мэнд байгаль орчинд хортой талаар та мэдэх үү?

- Ийм мэдээлэл сонсож л байсан. Өнөөдрийн нөхцөлд шүүлтүүртэй хятад яндан хэрэглэхээс өөр гарц гаргалгаа алга байна шүү дээ. Үйлдвэрийн янданг нь хэн хаана сугалаад авчихдаг юм. надад мэдэх юм үнэндээ алга. Тийм л их хортой юм бол төрийн зүгээс бодлогоор анхаарах асуудал шүү дээ. Тээврийн хэрэгслийн бүртгэл, оношилгоо дээр энэ бүхнийг шалгаад хариуцлагатайгаар шаардлага тавих хэрэгтэй. Өнөөдөр бол тээврийн хэрэгслийн техникийн үзлэг хийхэд аюулгүй байдал, стандарт харахаас илүү мөнгө хураах л зорилготой болсон юм шиг. Өдөрт хэдэн удаагийн зам тээврийн осол гарч жолооч нар эд хөрөнгөөрөө хохирдог билээ. Хэдэн хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж байна. Нэг талдаа жолооч нарын ур чадвар, ухамсрын асуудал яригдах ч нөгөө талд техникийн аюулгүй байдал хөндөгдөнө. Энэ хятад яндан ч үүнд нөлөөлж л байгаа шүү дээ. Хол замд явахад хайлаад бараг боломжгүй юм билээ. Энэ бүхнийг жолооч нар тэр бур анзаардаггүй. Ойлголттой байх шаардлагатай юм билээ. Мөн он хуучин тээврийн хэрэгслийнхээ янданг зарчихсан жолооч нар ч олон байна. Тэд шүүлтүүртэй хятад яндангийн байгаль орчин, эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийн талаар төдийлөн ойлголтгүй байдаг бололтой.

Бусад улс орнуудын тухайд энэ асуудалд ямар хяналт тавьдаг талаар автын инженер Ц.Амарсайханаас тодрууллаа. Түүний тухайд БНСУ-д авто техникийн чиглэлээр боловсрол дээшлүүлж ирээд хувийн засварын газар ажиллуулж байгаа юм.

- Нүүрсэн яндан буюу катализаторын үнэ өндөр байх юм. Зарим тохиолдолд гурван сая төгрөгөөр борлуулагдаж байна. энэ талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу. яагаад ийм өндөр үнэтэй байна вэ?

- Катализатор өөрөө хатуу ган болох цагаан алт, паллади, хөнгөн цагааны исэл зэрэг үнэт металлын бүтэцтэй. Энэ эд анги нь маш богино хугацаанд азотын ислийн долоон нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаварлалтыг багасгах зориулалттай байдаг юм. Өндөр үнэ хүрч байгаа шалтгаан нь энэ.

- Нийслэлд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн дийлэнхийг Prius маркийн тээврийн хэрэгсэл эзэлдэг. Гэсэн ч нүүрсэн яндантай тээврийн хэрэгсэл бараг алга. Олон улсад ямар байдаг юм бэ?

- Өндөр хөгжилтэй улс орнуудад тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт өндөр шалгуур тавьдаг. Тодруулбал Евро-2, Евро-3 гэсэн стандарт бий. Үүнийг мөрдөж ажилладаг. Засгийн газар нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байгаа үйлдэл шүү дээ. Манайд бол үүнд огт ач холбогдол өгдөггүй. Шүүлтүүртэй хятад яндан тавьж хорт хий ялгаруулаад түгжрээд зогсож л байдаг. Хаа нэгтээ машиндаа угаартаж нас барсан тухай мэдээ дуулдаж л байдаг. Үүнд анхаарч, ач холбогдол өгөх цаг нь ирсэн.

- Ямар гарц гаргалгаа байна?

- Хятад шүүлтүүртэй яндан бэхэлсэн автомашин үйлдвэрээс гарна гэж байхгүй. Ийм хорт бодис ялгаруулдаг яндантай тээврийн хэрэгсэл экспортлох ёс зүйтэй орон ч гэж байхгүй. Манай ченж гэх нөхдүүд л гаднаас орж ирмэгц нь янданг нь сольдог. Хил гааль. хууль хяналтын байгууллага үүнд онцгой анхаарах шаардлагатай цаг үе ирсэн. Энд ч хятад шүүлтүүртэй тээврийн хэрэгслийг торгох зохицуулалттай болж яагаад болохгүй гэж. хүн ам төвлөрсөн газар бол энэ ноцтой асуудал шүү. эхний ээлжид тэр янданг сугалж гадагш нь гаргаж зараад байгаа ченж гэх нөхдүүдийг илрүүлж, зогсоох хэрэгтэй" гэв.

Түүний хэлж буйгаар бол хилээр орж ирсэн Prius маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг сугалж аваад хятад яндан суурилуулдаг ченж гэх бүлэглэл байдаг болж. Сугалсан яндангаа бөөгнүүлж байгаад буцаагаад урагш нь гаргачихдаг байна.

Энэ талаар гаалиас тодруулсан ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Үүнд ямар нэгэн хяналт байдаггүй бололтой.

Хар амиа бодсон хэдхэн нүүрсэн яндангийн хулгайч нарын эрх ашгийн ард нийслэлийн сая таван зуу гаруй иргэний эрүүл мэндэд ноцтой хохирол учирч байна. Агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын утаа, үлдсэн 20 хувийг тээврийн хэрэгсэл болон үйлдвэрийн утаа эзэлдэг гэх судалгааг Байгаль орчны яамнаас гаргасан байна.

Үүнээс хүний эрүүл мэндэд хамгийн хортой нь тээврийн хэрэгслийн утаа гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж байна. Нүүрсэн яндангийн хулгайч хэдхэн ченж нийслэлчүүдийн эрүүл мэндийг устгах нь. Тэдний хэдэн халтар төгрөг олох шуналын төлөөсөнд сая гаруй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байна.

Зураг

Э.Бат-Үүл дарга аа, Ботаникийн цэцэрлэг орших уу, эс орших уу
Э.Бат-Үүл дарга аа, Ботаникийн цэцэрлэг орших уу, эс орших уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.