МАК-ынхан Үндсэн хуулийн цэцийг УИХ-ын дэд дарга Л.Цогтой нь хамт худалдаад авчихсан уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 57 секунд
МАК-ынхан Үндсэн хуулийн цэцийг УИХ-ын дэд дарга Л.Цогтой нь хамт худалдаад авчихсан уу

МАК-ынхан Үндсэн хуулийн цэцийг УИХ-ын дэд дарга Л.Цогтой нь хамт худалдаад авчихсан уу

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт  Цагаан суваргын орд гэж том орд газар бий. Зэс молибдений асар их нөөцтэй. Энд ойролцоогоор 250 сая гаруй тонн зэсийн хүдэр бий. Мөн алт ч бас байгаа. Иймээс 2007 онд УИХ-ын  27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдолтой ордод хамааруулжээ.

Цагаан суваргын ордод улсын төсвийн хөрөнгөөр анх 1965-1967 онд хайгуул хийсэн. Дараа нь энэхүү хайгуулын ажлаа улам гүнзгийрүүлэн 1980-аад оны эхээр нарийвчлан судалж зэсийн хүдрийн дээрх тооцоо хийгдсэн юм.

Өнөөгийн мөрдөж буй Ашигт малтмалын тухай хуулиар бол төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болохоор байгаа юм. Гэтэл өнгөрсөн хаврын чуулганаар Цагаан суваргын ордын асуудал эсрэгээр шийдэгджээ.

2014 оны 7 дугаар сарын 1-нд УИХ-аас “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоол гарч, “Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй” гэсэн нь өдгөө хэрүүлийн “алим” болж байна.

Цагаан суваргын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшиж буй МАК компанийн эзэн Н.Нямтайшир УИХ-ын гишүүдийг лоббидож гүйсээр тийнхүү 27 дугаар тогтоолын эсрэг шийдвэр гаргуулсан гэдэг. Тухайн үед Уул уурхайн сайд байсан Д.Ганхуяг хуулиа барьж ажиллахыг УИХ-ын гишүүдэд сануулж, яамныхаа бодлогыг танилцуулахдаа эхлээд овоо дориун, улсдаа ч, хувийн хэвшилд ч ашигтай  хувилбар санал болгож байв. Тэрбээр “Цагаан суваргын ордод төр 34 хүртэл хувь эзэмших эрхтэй, үүний үнэлгээ нь 350.6 сая ам.доллар болж байгаа. Энэ төсөл 17 жил ургэлжилж, 11 их наяд төгрөгийн борлуулалт хийнэ гэсэн.Ер нь тэгээд төр дангаараа орд эзэмших, эсвэл аль нэг компани дангаараа хувь эзэмших нь утгагүй асуудал. Тийм учраас 34 хүртэлх хувийг төр эзэмших нь олон талын ашигтай гэж бид үзсэн. Татвараас гадна ногдол ашиг авна. Мөн төрийн эзэмшлийн хувийг нээлттэй компанийн зарчмаар зохион байгуулна” гэж байжээ. 

 Гэвч Монголын төр одоохондоо мөнгөгүй учраас хөрөнгө оруулалтанд ноогдох хэсгийг  МАК-д гаргаж өгч чадахгүй гэх шалтагаар хуулиа зөрчихөд  хүрчээ. Нөгөөтэйгүүр, МАК-ын зүгээс төрд шахалт үзүүлж, УИХ-ын гишүүн  Д.Батцогт нар “Төр  350.6 сая ам.долларыг нь гаргаж өгч чадахгүй юм чинь ордыг тэр чигт нь МАК-д өгөх хэрэгтэй” хэмээн зүтгэснийг хүмүүс мартаагүй байгаа байх.  УИХ-ын гишүүн Н.Энхболд “Цагаан суваргын ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг МАК “Засгийн газрыг 34 хувиа аваач ээ, зөрүүлээд 350.6 сая ам.доллар оруулаач” гэж ярихгүй байгаа юм билээ. Болж өгвөл өөрсдөө аваад явъя гэсэн” хэмээн ярьж байсан юм. Лоббичид ийнхүү зүтгэсээр  байгаад  хууль бус шийдвэр гаргуулжээ.

Одоо Цагаан суваргын ордын ажил наашаа ч үгүй, цаашаа үгүй болоод хэвтэж байна. Маргаан явсаар Үндсэн хуулийн цэц дээр очжээ. УИХ-ын дэд дарга Л.Цог Цагаан суваргын ордыг МАК-д дангаар нь эзэмшүүлэх болсон нь хууль зөрчсөн гэж үзээд тийнхүү Үндсэн хуулийн цэцэд хандсанаас хойш дөрвөн сар гаруй болов. Үндсэн хуулийн цэц бүлх залгисан амьтан шиг таг чиг. Тэндээс чимээ анир алга. Л.Цог дарга ч мөн адил хэлээ хазаад таг дуугүй. Энэ тухай ямар нэг тайлбар өгсөнгүй. Харин түүний зөвлөхүүд  “Удахгүй  Үндсэн хуулийн цэцээс дахин асуух байх” гэхээс өөрийг хэлсэнгүй. МАК-ынхан арай Үндсэн хуулийн цэцийг УИХ-ын дэд дарга Л.Цогтой нь хамт худалдаад авчихаагүй байлтай. Ер нь  худалдаад авчихсан ч юм билүү, хэн мэдлээ. Цэлийсэн дөрвөн сар. Ямар ч асуудлыг шийдвэл шийдэх л хугацаа ш дээ, уг нь

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Хөдөө хээр замын хажууд шээх нь зөв гэж эрхэм гишүүд үзжээ
Хөдөө хээр замын хажууд шээх нь зөв гэж эрхэм гишүүд үзжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.