Үлгэр бүхэн жаргалтай төгсдөггүйг Үүлэн үст дарга биечлэн үзүүлсэн дөрвөн жил өнгөрч байна. Харин одоо нийслэлийн иргэн бидэнд жаргалтай төгсгөл хэрэгтэй. Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ынхан хотод засаглахыг иргэдийг хошгоруулах, төрийн эрх барихыг гэр бүлийн бизнес, хотын төсөв хуваарилахыг хүссэн зүйлдээ зарцуулах гэж андуурсан дөрвөн жил ард хоцорлоо. АН түүхэндээ анх удаа хотод засгийн эрх барихдаа нийслэлийг хөгжүүлэх бодлого гэж чухам юу болохыг ойлгохгүй явсаар сонгуульт хугацаагаа дуусгав. Энэ бол мэдээж тэдэнд ямар ч туршлага байхгүйг илтгэсэн цаг хугацаа байлаа.Үнэндээ төдийгөөс өдий хүртэлх их хотын бүтээн байгуулалтад АН ямар үүрэг оролцоотой байв, тэдний хийж бүтээсэн гээд байгаа зүйл чухам юу байна вэ гэж асуувал тодорхой хариулт олдохгүй. Учир нь тэд өнгөрсөн хугацаанд хотын эрх мэдлийг гартаа оруулахад л адгасан болохоос тэнд ямар бодлого, төлөвлөгөө, холч ухаан хэрэгтэйг огтхон ч сонирхоогүй нь өнөөдөр тэдний явуулж буй бодлогоос илт харагдана.
Тэд 2012 оны сонгуулийн дүнд хотод засаглах эрхтэй болуутаа юуны өмнө хотын захиргаа буюу төрийн албыг төрлийнх болгоход гол анхаарлаа хандуулсан нь гарцаагүй үнэн. Хичнээн жилийн турш хотын ажлыг нугалж ирсэн мэргэлжилтэн, албатуудыг “Монгол Ардын Намын үед ажиллаж байсан” гэх ганцхан шалтгаанаар хайр найргүй халсан нь хотыг хөгжлийг нэг алхам ухраасан явдал болсон юм. Ингэснээр олуулаа болохыг урилсан АН-ынхан 700 гаруй албан хаагчаар бүл нэмсэн байдаг. Гэтэл энэ олон хүний цалин хангамжийг сар, жилээр нь бодоод үзэхээр багагүй хэмжээний төсөв гарч ирнэ. Дээрээс нь төрийн өмчит үйлдвэрийн газар 33-ыг байгуулсан байдаг. Машин тэрэгнээс өгсүүлээд урсгал зардал, сандал ширээ тавилга гэх мэтийг бодоод үзэхээр нийслэлд маш их хэмжээний төсөв хөрөнгө зарцуулсан нь ойлгомжтой. Ердөө л АН-ын нэрээр ажилтай болсон хэдэн хүний бойг бойлохын тулд жилдээ хичнээн тэрбумыг зарж ирсэн нь харамсмаар. Дээрээс нь АН-ынхны авчирсан хүмүүс бүгд анхлан суралцагчид, адаглаад төрийн ажлыг мэдэхгүй “шинэковууд” байсан нь ажил урагшлах боломжгүй болгосон юм. Энэ бол томчууд албан тушаалаа хувийнхаа зорилгод ашиглахад албатуудынх нь харанхуй бүдүүлэг байдал, номхон хүлцэнгүй зан ямар их боломж олгодгийг бэлхнээ илтгэсэн явдал болсон. Ердөө л дохио зангаагаар хөдөлгөхийн тулд, ноёны өөдөөс сөрдөггүй “нохой” байлгахын тулд АН-ынхан бүх шатанд төрийн албаныхныг халж сольж, гар доорх хүмүүсээрээ дүүргэсэн.
Тэр дундаа Э.Бат-Үүл дарга улс төрийн ийм бохир тоглоомыг дэндүү сайн хийнэ. Иймдээ л тэр өнөөдөр өөрийг нь төлөөлж “хуцдаг” зургаагийн зургаан орлогчтойгоор дөрвөн жилийг үдэв. Мэдээж тэдний эрх ямба элдэв зардал ч Үүлэн үст даргынхаасаа дутахгүй. Хэдийгээр бага асуудал мэт сонстож болох ч аливаа зүйл багаас, агуу бүхэн энгийнээс эхэлдэг.
Өмнөх хотын дарга нар 1-2 орлогчтой ажиллаж болоод байсныг цааш цаашдаа зургаа бас түүнээс ч олон байж болно гэх буруу, үрэлгэн жишгийг Үүл дарга өнгөрсөн дөрвөн жилд үлгэрлэв. Эрх баригчид ингэж увайгүйтэхээр иргэн бид хэндээ итгэх вэ.
Үүл даргын үндсэн дөрвөн жилийн имиж нь өмнөхөө үгүйсгэх байлаа. Гэтэл өнгөрсөнгүй өнөөдөр гэж үгүй. Үнэндээ АН-ынхны муулж баалаад байгаа Ардын намынхан их хотыг цогцлоож, хөдсөн дээлтэй хувьсгалаас орчин үеийн метрополис хотыг хөгжүүлж явахад тэд /АН/ хаана байсан юм бэ. Тэд нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй гэдгийг уг нь мэдэж л баймаар. Гэсэн атлаа дөрөвхөн жил хотод засагласнаа бүтэн зууны турш ажиллаж, бүтээсэн мэт ярих нь юуны учир вэ. Их жанжин Сүхбаатарынхаа талбайн нэрийг өөрчилж, хөшөөг нь буулгаж хаяхааар санаархсан нь АН-ынхны “их бүтээн байгуулалт”-ын эхлэл байлаа. Мөн дахин төлөвлөлт нэрээр олон зуун иргэнээ орон гэрээс нь салгаж “том ажил” амжуулав. Хотынхны хамгийн том асуудал болсон агаарын бохирдлыг ор тас хаясан нь, замын түгжрэл, эмнэлэг сургуулийн хүрэлцээг асуудал гэж авч үзээгүй нь тэгээд АН-ынхны хийсэн ажил уу. Бондын мөнгөөр хэдэн замын уулзвар зассанаа, эвдэрч хуучраагүй явган замын хавтангуудыг хуулж, сольсноо ажил хийсэн түгээн тунхаглах нь эмгэнэл ч юм шиг. Бас болоогүй, шат шатандаа бизнес хийж, ашиглалтаас гараагүй хавтангуудыг зарж байгаа жишээ ч дуулдана лээ. Гуравхан сарын настай цэцгэнд өч төчнөөн тэрбумыг үрснээ, хогны ногоон уут, даншиг наадамд хамаг төсвөө зарцуулчихснаа ажил хийсэн мэтээр ард түмний хулхин дээр цэцэг ургуулж байна. Ердөө дөрөвхөн жилийн хугацаанд гурван их наяд төгрөгөөр “туйлсан”-ыг хотын бодлого гэж үзэх үү. 2012 оноос өмнөх 12 жилийн хугацаанд Ардын нам ганцхан их наяд төгрөгөөр хотын ажлыг явуулж дөнгөсөн байдаг. Гэтэл тэд үүнийг хэд нугалсан их мөнгөн дээр суусан атлаа нийслэлийн иргэн таны амьдралд ямар ахиц авчирсан бэ. Зарцуулсан төсөвтэйгөө дүйцэхүйц хэмжээний бүтээн байгуулалтыг өрнүүлэв үү. Ийм их мөнгөн дээр суусан атлаа хотын төсөв 60-80 тэрбумаар тасарч ирснийг юу гэж ойлгох вэ. Ингэж бодлогогүй ажилласныхаа горыг ард түмэндээ үүрүүлж, хотын татвар гэгчийг шинээр бий болгон, иргэдийнхээ халаас руу гар дүрснээ ажил хийсэн гэж ярих нь дэндүү ичгэвэртэй. Болоогүй, зөвхөн 2014 онд нийслэлийн хэмжээнд 4000 гаруй аж ахуйн нэгж хаалгаа барьсныг АН сайн ажилласан гэх үү. Үүнтэй зэрэгцээд нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг 11 байлгах ёстой ч 33 болгож өсгөсөн. Гэтэл өнөөх 22 албан хаагчийн цалингийн зардлыг тооцоод үзэхэд л 120 гаруй сая төгрөгөөс гадна тэдний жолооч, туслах гээд олон хүний цалинг тооцохоор 300-400 сая төгрөг болж байх жишээтэй. Энэ бол ердөө л захын жишээ. Үүлэн үстийн багийнхэн өнгөрсөн дөрвөн жилд хотод ингэж л хандсан.
Угтаа хотын удирдлагуудын буруу бодлогын горыг ард түмэн үүрэх учиргүй. 20 шахам хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 0.1 хүртэл шалд нь буулгачихаад, энэ бүхнийг дагаад иргэдийн амьдрал доройтсон үед татвар нэмдэг нь хаанахын жишиг вэ. Энэ бүхэн тэгээд АН-ынхны зөв шийдвэр үү эсвэл иргэд өөрсдийг нь сонголоо гэж торгож байгаа хэлбэр үү. Иргэн нэг бүрийн амьдралаас хот цаашлаад улсын хөгжил хамаардаг гэдгийг АН ухаарахгүй байсаар дөрвөн жилийг үдлээ. Тэд засгийн эрх авсан цагаасаа иргэн төвтэй бодлого явуулсан бол өдийд нийслэлийн иргэд хотын дарга нарын алдаатай бодлогыг амсч, нийслэлд амьдарсныхаа төлөө Үндсэн хуулиар олгосон эрхээ зөрчүүлэн байж татвар төлөхгүй л байх байлаа.
Хотод засаглахыг хүч түрэх гэж ойлгосон Үүл баатрын багийнханд ард түмэн нэг удаа итгэсэн. Ингэхдээ мэдээж тэдний хөхөө мэт сайхан донгодолтод хууртсан. Хэрвээ тэд ярьсан шигээ хийсэн бол, мөрөөдлийн хөтөлбөрөө ажил болгосон бол, иргэн нэг бүрийн амьдралыг өөд нь татахын төлөө ажилласан бол дахин итгэл хүлээлгэх л байлаа. Гэтэл дөрвөн жилийн хугацаанд Үүл баатрын багийнхан өвөр зуураа л хөлжсөн болохоос өөрсдийг нь төрд гаргасан ард түмэн рүүгээ эргэж харсангүй. Тийм ч учраас Үүлэн үстийн үлгэрч багийнханд ард түмэн баяртай гэж хэлэх цаг ойртсоор байна.
Х.ГАЛ