АNOMALOUS төртэй SILTUS INVERSUS нийгэм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
20 минут 44 секунд
АNOMALOUS төртэй SILTUS INVERSUS нийгэм

АNOMALOUS төртэй SILTUS INVERSUS нийгэм

http://www.tumen.mn/upload/2015/09/25/Гадаад үгийг бушуухан тайлбарлахгүй бол харь үг авиа хэргэллээ гээд учир зүггүй загнаад эхлэж мэднэ.
Anomalous гэхээр монгол хэлнээ ерѳнхийдѳѳ гажиг гэдгээр бууж байгаа. Гэхдээ эмнэл зүйд хэрэглэгддэг утгаар бол тѳрѳлхийн гажигын тухай ойлголт байгаа юм. Тѳр, засаглалын аномаль чанар гэхээр бүр 25 жилийн тэртээд тавигдсан тогтолцоотой эсвэл тэр үеийн улс тѳрчдийн хийсэн болчимгүй үйлдэлтэй холбогдож үүссэн, улмаар ѳнѳѳдрийг хүртэл уламжлагдан даамжирсан гажиг гэсэн ац утгаар ойлгогдоно. Нэг үгээр хэлэхэд ѳнѳѳдрийн ардчилсан гээд тунхаглаад байгаа тѳр нь нарийндаа бол ардаа тѳрѳлхийн гажуудалтай юм байнаа л гэсэн ерѳнхий санаа.
 
SILTUS INVERSUS гэдэг нь монгол хэлнээ утга онож буухдаа тун хэцүү илэрхийлэл байна, гэхдээ урвуу гэсэн ойлголтоор явахад хол зѳрѳхгүй байхаа. Эрс тэс буруу номын юмыг монголчууд бас бусцар гэж ярьдаг тал ч бий. Ухаандаа тодорхой хүн дээр аваад үзэхүйд, дотоод эрхтнүүд нь буруу байрлалтай, зүрх нь баруун талдаа, элэг нь зүүн талдаа байдаг ч юмуу, эсвэл жирийн хүний бодисын солилцоо цагийн зүүний эргэлтээр явдаг байхад бусцар хүмүүсийх эсрэг эргэж байх жишээтэй л юм. Бүх бие, эрхтнүүдийн ажиллагаа нь тархи толгойдоо захирагдахгүй бүр эрхтнүүд нь тѳрсѳн биенийхээ эсрэг ажиллагаатай болчихсон хүн ч байдаг. Тийм хүмүүс толгойгоо гайгүй байгаа дээр нь ѳѳр биенд залгуулах сонирхолтой байх нь ч бий. Зеркальный ѳвчтэй, программист ажилтай Валерий Спиридонов гэх орос хүн, толгойндоо ѳѳр хүний бие залгуулахаар Италийн нарийн мэс засалч Сэрджо Каневеротой тохиролцон, мэс ажилбарыг 2017 онд хийлгэхээр дэлхийд шуугиан тарьсан гэрээнд энэ оны 2 сард гарын үсэг зуржээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг lenta.ru сайтаас хайж авч болно.
Орос хэлнээ siltus inversus гэдгийг зеркальные люди гэж орчуулсан байдаг юм билээ, толин тусгал гэсэн санаанаас авсан байх.
 
Тѳр аномаль болсон шалтгаан ерѳѳсѳѳ тодорхой, эсвэл тогтолцоо буруу тавигдсан, аль эсвэл улс тѳрчдийн гажиг үйл ажиллагаанаас болсон гэсэн хоёрхон үндэслэлтэйг дээр дурдсан. 
Ардчилсан тогтолцоогоор дэлхийн ѳч тѳчнѳѳн улс орнууд замнаад сайхан хѳгжѳѳд явцгааж л байна. Тэхээр ардчилсан тогтолцооны ѳѳрийх нь буруу ч гэж юу байхав. Манай шинэ Үндсэн хуулийг ч гэсэн олон улсын шинжээчид муугүй хууль болсоон гээд үнэлчихсэн байдаг юм билээ. Яахав, улс орны хѳгжлийн явц, далайц, энгээр тодорхой зүйл заалтуудад зарим нэг ѳѳрчлѳлт хийчихмээр, буруу ѳѳрчилсѳн юмаа буцаагаад зѳв голдиролд нь оруулж засахаар юмнууд байдаг л байх, тэглээ гээд Үндсэн хуулиа үндсээр нь ѳѳрчилнѳ, ерѳнхийлѳгчийн засаглалтай болно энээ тэрээ бол дэмий яриа гэж хувьдаа бодож явдаг. Манай УИХ ч гэсэн эгээ л, түүхэн хѳгжлийхѳѳ явцад тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж чадсан, тѳлѳвшиж яваа, сонгодог шинж рүүгээ улам бүр ойртож байгаа муугүй парламент хэмээн саяын манайд болсон спикерүүдийн хурлаас  хүртэл сайн үнэлгээ авчихлаа шүү дээ. Нэгэнт босгочихсон шинэхэн барилгаа засаад тѳгѳлдѳржүүлээд урагш ахих нь чухал болохоос унагаж нураах нь сайн зүйл биш юм. Монгол улсад ардчиллын зохих үе шатыг байгуулж дууссан гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтийг хэн ч гаргаагүй. Харин ардчиллыг байгуулж чадаагүй, худлаа буруу замаар явсан гэдгийг бол бүгд хэлж байгаа. Тѳрийн тогтолцоог сууриар нь шинэчилнэ гэдэг чулуугаар гэр барьж тоглохтой адилгүй гэдгийг дашрамд дурдая. Үндсэн хуулийн ѳѳрчлѳлт бол бүх ард түмний референдум заавал шаардах асуудал.
 
Энэ бүхнээс үүдээд, тѳр аномаль болсон цорын ганц шалтгаан нь хүний хүчин зүйл, анхнаас нь завхруулсан улс тѳрчдийн алдаа, ѳнѳѳг хүртэл засаж залруулж чадахгүй яваа нь ч бас л ѳнѳѳгийн улс тѳрчдийн алдаа болж таарч байна. Тэхээр бүх юм тогтолцоондоо ч байгаа биш, хэрэв тогтолцоотой холбож ярих сонирхолтой хүмүүс байгаа бол тогтолцоог буруу ѳрж тавьсантай холбоотой гэж дандаа хүнтэй холбож ярьж байх нь илүү ононо. 
Бүр тодорхой хэлэх юм бол, концепцийн голдуу алдаа, тэрнээс биш зарим улс тѳрчдийн хялбаршуулж яриад байгаачлан туршлагагүйгээс болж алдсан тѳѳрѳгдѳл тѳдий ч зүйл биш юм. Аливаа тѳѳрѳгдѳл нь мэдлэггүй, туршлагагүйгээс үүдэн гарсан санамсаргүй будлиуг хэлнэ. Харин дээрх тохиол бол будлиу биш, улс тѳрчдийн зүгээс зориуд, санааны зоргоор хийсэн алдаа болох нь ѳнѳѳдѳр ил болсоор л байна л даа. Санаан зоргоор үйлдэгдсэн алдааны ард мэдээж эдийн засгийн ашиг сонирхол нуугдаж байгаа, энийг ч хэн хүнгүй л  гадарладаг болж дээ.
 
Ардчиллын суурь тавигдсан он жилүүдээс эхлэн ѳнѳѳдрийг хүртэл улс тѳрчдийн үйлдсэн алдаануудад нийгэм зүйн шинжилгээ хийгээд үзэхүйд 10 гаруй томоохон гэхээр концепцийн алдаанууд гарч ирдэг юм, ихэнх нь зориудын үйлдлээр амьдралд хэрэгжсэн юм билээ. Диллерийн хэрэг, 20 дугаар тогтоол, хѳх ягаан тасалбар, монетон мѳнгийг гүйлгээнээс хассан, гадаад руу иргэдээ чѳлѳѳтэй урсгасан, мѳнгѳний бодлогыг санаатай гуйвуулсан, албан тушаалыг мѳнгѳѳр үнэлэх болсон, стратегийн орд хэмээх нэр томъёо зохиож  баялгийг хувааж эзэмшсэн, давхар дээл....г.м. олон олон гай чирсэн үйлдлүүд нийгмийн ой санамжнаас одоог хүртэл гараагүй байгаа, тэгээд ч дандаа санамсаргүй үйлдлүүд байсан гэж нотлох арга үнэндээ байхгүй. Саяын Ѳршѳѳлийн хууль ч гэсэн агуу том аномаль алдаа байсан, золоор хориг тавигдлаа. Энэхүү үйлдлүүд нь эсвэл тодорхой концепцигүй, аль эсвэл эдийн засаг, нийгмийн хѳгжлийн бодит хуультай зѳрчилдсѳн, сонирхлын зѳрчилтэй бусцар концепци баримтлан хийгдсэн байдаг юм. Эль алдаануудаас тоймлон, монгол улсын хѳгжлийн чѳдѳр тушаа болсоор байгаа заримыг нь уншигчдад дашлан хүргэнэ, энэ удаа нэг л алдааг тухайлан авч бичлээ.
 
Тѳрийн бодлогын залгамж чанар алдагдаж түүнийг дагаад албан тушаалтны залгамж халаа тасарсан. Энэ бол яг үнэндээ тодорхой концепцигүйн алдаа болсоон. Социализмын үед тѳрийн бодлого хэтийн болон ойрын зайгаар тѳлѳвлѳгдѳж түүнийгээ ягштал мѳрддѳг зүй тогтолтой байжээ. Хэрвээ энийг гажуудуулсан тѳрийн албан тушаалтан байваас асуудалд, бүр заримдаа хэрэгт ч орж болох талтай байсныг манай хууччуул андахгүй. 
Тѳрийн албаны боловсон хүчнийг бодлогоор бэлтгэж, тов тодорхой шигшүүрээр шалгаруулж, үйлдэл, үйл ажиллагаанд нь таарч тохирсон шүүлтүүр, критери үнэлгээгээр томилдог байж. Энэ сайн уламжлалыг социализмийн зарчим гэдгээр хуу халсан, гэтэл тэр нь социализмийн язгуур зарчим ч байгаагүй, капитализмаас зээлдсэн хуулан бичлэг л байсан юм шүү дээ. Одоо ч ѳндѳр хѳгжилтэй орнуудад тэрнээс ч хатуу зарчим баримтлагдаж, критери нь улам бүр тѳгѳлдѳржин боловсронгуй болсоор байдгийг дээр доргүй бүгд мэддэг болжээ.  Халсан зарчмын оронд  мэргэжилтний нѳѳц бэлтгэх, залгамжлуулах, томилохтой холбоотой юу ч бодож олж чадаагүй, эсвэл ѳѳрсдийн явцуу эрх ашигт боогдоод юу ч хийхийг хүсээгүй, ийм л юм болсон. Албан тушаалтны хариуцлага гэж юм огт байхгүй болсон нь чухам үүнтэй холбоотой. Монгол улс ѳнѳѳдѳр, хѳгжлийн хэтийн тѳлѳвгүй, түүндээ тохирсон хүний нѳѳц, мэргэжилтнүүдийг бэлтгэх тодорхой концепцигүй  улс орон болж хувирсаан. 
Дэлхий хүртэл бодлогоо 15 жилийн мѳчлѳгѳѳр боловсруулан мѳрддѳг уламжлалтай болчихсон, одоо 30 он хүртэлх ээлжит 15 жилийн тѳлѳв, тогтвортой хѳгжлийн бодлогын  баримт бичгээ НҮБ-ээр батлах гэж байна. Ази тивийн элгэн дээр соёл иргэншлийг тѳлѳвшүүлж яваа улс гээд харьцуулаад бодохоор ялимгүй ичгэвтэр л юмдаа. Энэ бол гарцаагүй намууд, тѳрийн институтуудийн хийх ёстой байсан ажил.
 
Ѳнѳѳдѳр байдал ямар байна, энийг хэлээд ч юүхэв, зарчим бол арай л дэндүү алдагдсан. Тѳрийн албан тушаалтны томилгоонд янханчлал явагддаг болсон, үнэлгээ нь албан бусаар тарифжиж энгийн үзэгдэл болон ил гарч байна. Албан тушаал онцгой таваар болон хувирч,  таваар-мѳнгѳний харилцаанд орж, түүн дээр тѳрийг зайдагнасан нам, фракциуд чадварлаг тоглолт хийн, албан тушаалаар буруу зѳвгүй янхандацгааж байна. УИХ жилийн ажлын амьд цагийн 60 гаруй хувийг албан тушаал, сандал ширээ авч хэлэлцэхэд зарцуулдаг гэсэн статистик саяхан олж харлаа, хэрэв энэ тоо бодитой бол энэ үүн шиг дампуурал гэж хаана байхав. Энэ бол парламентийн тогтолцооны биш үйлдлийн алдаа, гажуудал.
Ерѳнхий сайд нь сайд нараа, дэдүүд, агентлагийн дарга нараа ч томилох эрхгүй... ийм парламентийн засаглалтай улс орон дэлхийд байхгүй. Саяын томилогдсон 6 сайдыг л нэг шинжээд харчихаарай, түмэн олон шоолон инээлдэж байна, шагналын, мѳнгѳний, мяндагтанд болон намдаа үйлчилсэний томилгоо гэж шуугицгааж байна. Тэр хэмжээгээр тѳрийн эрхэмсэг чанар булингартаж, dignity ( хүндлэн дээдлэх сүр жавхаа) нь навсайтал унаж байна. Парламентад сууж байгаа хэдийг хараад хүмүүс тѳрийн түшээ гэж хүндэтгэх биш, түмпэн түмпэнгээр бѳѳлжихдѳѳ тулж байна. Мэргэжлийн бус тохиолдлын албан тушаалтнууд тѳрѳѳр сургууль, дадлага хийж, дээр нь бүхэл бүтэн салбар, улсаар тоглож байна.
Энэ бол монголын улс тѳрийн ѳнѳѳгийн коньюнктур (хѳдлѳшгүй байдал), хараажаар байгаа нүүр царай нь энэ. Жирийн хүмүүсээс хурал дээр биш энгийн орчинд нүүр тулаад асууцгаа, тѳстѳй л хариулах байх.
 
Тѳрд шургалсан, тѳрийг атгасан, энгэр дээрээ НАМ тэмдэг зүүсэн, ар хударгаар хуйвалдсан авлигач олигархиуд хийсэн хэрэгтээ нуувч хамгаалалт хийх, зэрэгцүүлээд бас нэмүү ашиг олчих ац санаа, албин сонирхолд дулдуйдан албан тушаалаар үнэ хаялцуулж байна. Тѳрийн саарал ордон цагаан захтнуудын хар зах болон хувирлаа. Сайдийн албан тушаал сая долл, дэд болон агентлагийн дарга нарын суудал хагас сая, ИХ-д нэр дэвшихэд хэд ч гэдэг юм, шаталсан тариф шат дамжин доошилж түгээмлээр тархаж байна. Аймаг, аж ахуйн нэгжүүд, бүр монгол хүн бүрийн хүндлэл гэх үндэсний бѳхийн цол хүртэл арилжааны үнэлгээтэй болсон.
Тѳрд аномаль үүсгэсэн тов тодорхой алдаа нь ерѳнхий рүү. нийгмийн суурь харилцаа руу  нэвчиж нийгмийн уур амьсгалыг хордуулан, эрүүл харилцааг идэмхий натри шиг хѳнѳѳж эргүүлээд зүгшрүүлэхэд 100 жил ч ахардахуйц уршиг  тарьсаар л байна. Ийм л байдаг юм гэсэн муугийн жишиг нэгэнт тогтжээ.
 
Тѳрийн бусцар алдаа нийгмийн харилцааг бүхэлд нь siltus inversus ( урвуу) ажиллагаатай болгож орхив. Энийг мэдэрч, эмгэнэл хэмээн харж, дуугарч байгаа улс тѳрчид эрхбиш ганц нэг ч болов байгаа нь азны хэрэг. 
Ѳнѳѳдѳр аль ч улс оронд ноёрхож байдаг хѳдѳлмѳрѳѳр бүтээн байгуулж хѳгжих зарчим, манайд бол урвуугаар, шударга хѳдѳлмѳрлѳсѳн нь адлагдаж овсгоотой нь хожих жор нь бүрджээ. Боловсрол мэдлэгээрээ шат дараалан ахиж дадлага туршлага сууж яваа чадалтай, чадвартай залуусын карьер хѳѳх зам дээр шагналын томилгоогоор орж ирсэн юу ч мэдэхгүй нэг муу баагий хѳр хунгар шиг хѳндѳлсѳж хэвтчихээд, чимхээд, шоглоод байх нь нэн дарамттай гэж залуус ѳѳр хоорондоо ярьцгааж байна
УИХ-д ѳргѳн барьсан шинэ Хѳдѳлмѳрийн хуулийн тѳслийг судалсаан. Хѳдѳлмѳрийг, хѳдѳлмѳрлѳх эрхийг дээдэлсэн тунхаг (manifesto) гэхээсээ хѳдѳлмѳрийн эрх чѳлѳѳг хязгаарласан, дэг тогтоох хэв хэмжээгээр дүүрчихсэн, олигархиудын эрх ашигт илүү нийцэхээр юм болчихсон юм билээ. Энэ давсгүй хоол шиг юмаа Засгийн газар түргэн эргүүлж татаад ард түмнээрээ хэлэлцүүлэх, ядаж л саналы нь авбаас зохилтой гэж 3 дахиа санал болгоё! Ард түмний дотор ухаантай, эрүүл саруул сэтгэлгээтэй, оюуны ѳндѳр чадавхитай хүмүүс зѳндѳѳ бий, басамжлах хэрэггүй юм. Ийм бусцар юмыг aжиггүй тайван хараад сууж байгаа Хѳдѳлмѳрѳѳр платформ хийчихсэн улс тѳрийн хүчнүүдэд ч гэсэн хувьдаа гайхаж байна. Мэргэжлийн бус салбарын сайд хувийн үзэл бодлоо бодлого гээд бодчихсон, энгийн ухамсрын тѳвшингийн банага юмаа зѳвтгѳн, мугуйдлан зүтгүүлэх нь даанч эмгэнэлтэй.
 
Зѳв улс орнуудад иргэд нь нийгмийхээ тѳлѳѳ зүтгэцгээж, татвараа шударгаар тѳлж эргээд нийгмээрээ халамжлуулж, тэтгүүлж амьдарцгаадаг. Манайд яг урвуугаар, хэн чадаж байгаад нь хэн юу хэлхэв, нохойг хэн саахав гэсэн ширэнгийн хуулиаар нэг хэсэг таваргацгаасан, одоо ч хэн чадахгүй байгаа нь хохь нь цаашаа гэсэн африкийн зэрлэгүүдийн хууль руу шилжин орцгоох шив. 
Аятайхаан тѳлѳвшиж байсан нэг нь нийтийхээ тѳлѳѳ сэтгэл нь зовдог, нийт нь нэгийхээ тѳлѳѳ санаа тавьдаг хамт олонсог, хамтач нийгмийн уур амьсгал ор мѳргүй арилж оронд нь амин хувиа бодож хоохойлсон тусгаар нэгж хүмүүсийн арифметикийн нийлбэр нийгэмтэй л болж үлдэх шив дээ. 
Шударгаар шүүмжилсэн нэгэндээ элдвийн нэр хоч зүүж, ѳш хонзон бодож, зохион байгуулалттай юм шигээр нийлэн довтолж, сошиал сүлжээ ашиглан дайрч нэрий нь унагах нь яаж ч бодсон эрүүл бус ухамсар.
 
Соёл иргэншилтэй орнуудад татвар бол нэр тѳрийн хэрэг байдаг, манайд бол дарамт. Зѳв орнууд дундаж нийгмийн давхрагаа анхаарч бѳѳцийлѳх, тэтгэх замаар баялгаа харьцангуйгаар тэнцүүртэй хуваарилах зарчмыг баримталдаг бол манайх тэс хѳндлѳн. Дундаж давхрагын цѳѳн хэсэг нь нам даган баячууд руу шилжиж дийлэнх хэсэг нь амиа аргацаан амьдарч буй үгээгүү ядуучуудын давхарга руу хальтран орцгоолоо. Цѳѳнх нь бэлхүүсээ хагартал баяжиж, олонх нь бүсэлхийгээ тасартал ядуурсан дээд зэргийн дифференситэй ( хѳрѳнгийн ялгаа)  нийгэмтэй л үлдлээ. Нийт баялгийн 90 гаруй хувь нь хүн амын 2-хон хувийн гарт тѳвлѳрчээ. Аномаль тѳрийн уршгийг тоочин тайлбарлахад  ганц нийтлэл бүү хэл боть номын талбарт ч зай дутахаар болсон байна. Миний энэ бичвэрийг сэтгэл хѳдлѳл гэж бодох хэн нэгэн байваас саяхандаа, нэгэн үйлдвэрлэгч бараагаа үнэгүй тараана гэсэн мэдэгдлээр мянга мянган эхчүүд, эцгүүд хонон ѳнжин Номингийн үүдэнд дугаарлаж зогссон бичлэгийг олж хараад, тогтон бодохуйд аяндаа учир нь ойлгогдоно. Хүмүүс үнэгүй юманд нүдээ ухаад ѳгчихѳѳс буцахгүй болсондоо бус, цааш нь хэд гурван тѳгрѳгѳѳр ч болов борлуулаад хүүхдийхээ цоорхой оймсыг сольчих, хичээлийх нь сурах бичгийг авахад бага ч гэсэн нэмэр болгох минь гэж арга ядан бодсондоо л тэр.
 
Тѳр аномальдаж л байна,  гэхдээ хэдэн үеэр уламжлаад, эртнээс хадгалаад ирсэн монгол ухаан, оюуны мэдрэмж, залгамж чанараа жирийн ард түмэн бол басчиг гээчихээгүй байгаа. Монголын залуус IQ-ээр дэлхийг дийлж байна, араас нь ѳч тѳчнѳѳн хүүхэд залуучууд урган гарч ирсээр байна.  Дэлхийн урлагийн ертѳнцѳд дуурийн дуу хоолойгоор монголчууд л чадаж байна, залгамж халаа залуучууд ч түрэн орж ирсээр байна. Спортоор дэлхийд аархан ноёрхож, араас нь сайхан сайхан идэр залуус эн зэрэгцэн орж ирж байна. Мэргэжлийн залуу магнат, технократууд ѳсѳн ѳндийж байна. Нийгэм дотор байгаа оюуны мэдрэмж, биеийн хүчний  бүх давуу чанарыг ашиглан, байгалиас заяасан баялагтайгаа зѳв хослуулаад улс орны амьдралын хэтийн тѳлѳвийг хийж, хѳгжлийн угтвар нѳхцлийг бүрдүүлэх ажил хийхийн оронд, улс тѳрийн хэдэн намууд нь алийгаа алдчихсан, хѳдѳѳ орон нутгаар бүсчилэн хэсүүчилж сүүтэй цайны баланч эмээгийн юм яриад амьтны доог тохуу болоод л явцгааж байна. Тохитойхон суугаад, толгой тархиа ажиллуулаад улс орныхоо хѳгжлийн ирээдүй, ард түмнийхээ амьдралын тавлаг орчныг тѳлѳвлѳн гаргаж ирээд, олон түмэндээ танилцуулж үг зѳвѳлгѳѳг нь хүссэн  бол тэртэй тэргүй итгэлгүй болчихсон масс арай л ѳѳрѳѳр, нааштай хандаж магадгүй л байсан даа. Ийм гарц байсан, одоо ч байгаа.
 
Ард олон тѳрдѳѳ итгэхээ больж нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрэн, зүйрлэвээс зучил шидчихэд л дэлбэрчих дайны дарьтай торх бий болсон байна. Тѳр аанай л аномальдсаар, дарьтай торх руу бамбар барин ѳѳрсдѳѳ ойртсоор байгааг нь л хараад хараад учры нь ерѳѳсѳѳ ойлгохгүй юм. Ядаж худлаа бамбараа унтраачихдаг ч болоосой!
 
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү
Л.Халтар: Ж.Пунцагийн авилгын хэрэгтэй холбоотой асуудал байвал хуулийн байгууллагад хандах хэрэгтэй
Л.Халтар: Ж.Пунцагийн авилгын хэрэгтэй холбоотой асуудал байвал хуулийн байгууллагад хандах хэрэгтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.