“Цахилгаан шат хүний амь настай холбоотой ч ААН, СӨХ-д хайхрамжгүй хандаж байна”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 5 секунд
“Цахилгаан шат хүний амь настай холбоотой ч ААН, СӨХ-д хайхрамжгүй хандаж байна”

“Цахилгаан шат хүний амь настай холбоотой ч ААН, СӨХ-д хайхрамжгүй хандаж байна”

Улаанбаатар лифтОНӨТҮГ-ын дарга Д.Ган-Эрдэнэтэй Улаанбаатар хотын цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ болон тэдгээрт тавих хяналт, шалгалтын талаар ярилцлаа.

-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн цахилгаан шат байна вэ. Эдгээрээс хэдэн байгууллагынх нь цахилгаан шатыг танайх хариуцан, хяналт тавьж ажилладаг вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд 7000 гаруй цахилгаан шат байгаагаас манай байгууллага 180 орчим цахилгаан шатанд захиалагчийн хяналт тавин, засвар, үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Үлдсэн 6800 гаруй цахилгаан шатны засвар, үйлчилгээ, аюулгүй байдлыг тусгай зөвшөөрөлтэй хувийн компаниуд хариуцдаг. Өнөөдрийн байдлаар 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өргөх байгууламжийн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамны харьяа Монголын барилгын үндэсний ассоциациас олгодог. Манай байгууллагын зүгээс дээрх 200 гаруй компанид хяналт тавих боломжгүй гэсэн үг.

Дийлэнх хувийн хэвшлийн байгууллагуудын цахилгаан шатуудад мэргэжлийн лифтчин байдаггүй

-7000 гаруй цахилгаан шатнаас хэд нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа вэ?
-Нийтийн зориулалттай орон сууцуудад нийт 131 цахилгаан шат ашиглалтын шаардлага хангахгүй байна. Цахилгаан шатны ашиглалтын хугацааг 25-30 жил байхаар тогтоосон байдаг. Ашиглалтын хугацаа дууссан тохиолдолд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас дүгнэлт гарган, үйл ажиллагааг зогсоох бүрэн эрхтэй. Дээрх 131 цахилгаан шатны дүгнэлт албан ёсоор гарчихсан гэсэн үг.

-“Улаанбаатар лифт ОНӨТҮГ ямар чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай байгууллага улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн, барьж байгаа цахилгаан шатуудад техникийн буюу захиалагчийн хяналт тавин ажилладаг. Түүнчлэн гэрээ байгуулсан аж ахуй нэгж, байгууллага болон сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны цахилгаан шатны аюулгүй байдлыг хангаж, техник үйлчилгээ, засварыг хариуцдаг.

-“Улаанбаатар лифт ОНӨТҮГ-аар засвар үйлчилгээгээ хийлгэх хүсэлтэй аж ахуй нэгж байгууллага, СӨХ ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
-Манайхтай гэрээ байгуулан, засвар, үйлчилгээ хийлгэх байгууллагууд мэргэжлийн лифтчинтэй, лифтний паспорттай байх хэрэгтэй. Түүнчлэн тухайн хүсэлт тавьж байгаа байгууллагын бүтэц, зохион байгуулалт нь тодорхой буюу аж ахуй нэгж байх ёстой.

СӨХ-ны дарга, ажилчид цахилгаан шатны талаар анхан шатны мэдлэгтэй байх ёстой

-Танай байгууллага мэргэжлийн лифтчин бэлтгэдэг үү?
-Манайх жилд дунджаар 200 орчим лифтчин бэлтгэн, сургалт явуулдаг. Мөн Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс мэргэжлийн лифтчин бэлтгэж байгаа.

-Өнгөрсөн нэгдүгээр сард харамсалтай осол гарсан. Түүнээс хойш тухайн байрны цахилгаан шатыг шинэчилсэн үү. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Тус осол гарахаас өмнө Баянгол дүүргийн ЗДТГ тухайн байрны цахилгаан шатыг шинэчлэх тендерийг удаа дараа зарласан байсан. Мөн мэргэжлийн байгууллагууд болон НМХГ-аас шалгалт хийн, дүгнэлт гаргачихсан байсан. Ойрын хугацаанд төсөв, санхүүг нь батлан, цахилгаан шатыг шинэчлэн гэсэн мэдээлэл авсан.

-СӨХ-д оршин суугчдынхаа эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүднээс цахилгаан шатандаа онцгой анхаарах ёстой. Гэтэл СӨХ-д мэргэжлийн лифтчинтэй байж, техникийн шаардлага ханган ажиллаж чадаж байна уу?
-Мэргэжлийн лифтчинтэй, техникийн шаардлагаа бүрэн хангаж чадаж буй СӨХ ч байна, чадахгүй СӨХ ч байна. Манай байгууллагын зүгээс гэрээний дагуу хамтран ажилладаг байгууллагууддаа мэргэжлийн лифтчинтэй байх ёстой гэсэн шаардлагыг удаа дараа хүргүүлсэн. Үүний үр дүнд өнгөрсөн жил гэрээ байгуулсан 170 байгууллагын 5-6 нь л мэргэжлийн лифтчингүй, бусад нь мэргэжлийн лифтчинтэй болсон. Дийлэнх хувийн хэвшлийн байгууллагуудын цахилгаан шатуудад мэргэжлийн лифтчин байдаггүй. Ер нь СӨХ-ны дарга, ажилчид цахилгаан шатны талаар анхан шатны мэдлэгтэй байх ёстой. Энэ тал дээр бодлогоор дэмжиж, сургалт явуулах хэрэгтэй байна. Уг асуудлыг бид холбогдох газруудад уламжлахаар ажиллаж байгаа.

Цахилгаан шат эзэмшигч, ашиглагч аж ахуй нэгж байгууллага, СӨХ нь цахилгаан шатныхаа техникийн ээлжит магадалгааг жил бүр хийлгэсэн байх ёстой.

Цахилгаан шат бол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой чухал байгууламж. Гэтэл энэ байгууламжид тавих нэгдсэн хяналт маш сул байна. Иргэд манай байгууллагыг нийслэлийн өмчит буюу төрийн байгууллага гэдэг утгаар хотод байгаа бүх цахилгаан шатанд хяналт тавих үүрэгтэй гэж ойлгоод байдаг. Гэвч манай байгууллага 100 хувь хяналт тавих боломжгүй юм. Учир нь өргөх байгууламжийн тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог. Мөн хилээр орж ирж буй цахилгаан шатны чанар, стандартад хяналт тавих эрх зүйн зохицуулалт нь манай байгууллагад байхгүй. Тиймээс эдгээр боломжгүй зүйлсийг боломжтой болгох, шаардлагатай хяналтуудыг тавьж ажиллахын тулд бид техникийн баримт бичигтэй болж, мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллага болохоор зорин ажиллаж байна. Тодруулбал, Стандарт, хэмжил зүйн газраас албан ёсны зөвшөөрөл, сертификат авч, Монгол Улсын хилээр орж ирдэг цахилгаан шатанд хяналт тавих боломж бүрдэнэ.

-Иргэд, аж ахуй нэгжүүдэд хандаж юу зөвлөх вэ?
-Цахилгаан шат эзэмшигч, ашиглагч аж ахуй нэгж байгууллага, СӨХ нь цахилгаан шатныхаа техникийн ээлжит магадалгааг жил бүр хийлгэсэн байх ёстой. Мөн мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж, сар бүр техникийн үйлчилгээ хийлгэх шаардлагатай байна. Иргэд, оршин суугчдын хувьд цахилгаан шатаар зорчихдоо цахилгаан шатны санамжийг дагаж мөрдөх ёстой. Ямар нэг байдлаар цахилгаан шатанд хүчтэй хөдөлгөөн хийхгүй, хана, хаалгыг өшиглөхгүй байх хэрэгтэй. Түүнчлэн цахилгаан шатыг импортоор оруулж ирэх, угсрах эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагууд чанарын шаардлага хангасан, стандартад нийцсэн цахилгаан шат оруулж ирэх хэрэгтэйг онцолмоор байна.

ҮСХ иргэдээ ялгаварлаад л байх уу
ҮСХ иргэдээ ялгаварлаад л байх уу
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.