Ноён доллар монгол төгрөгийн хандыг хага дарж, хамаг хүчээ харуулах болсоор чамгүй хугацаа өнгөрчээ. Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан албан ханшийг харахад 1 ам.доллар 1984.65 монгол төгрөгтэй тэнцүү байна. Ер нь бол энэ харьцаа хэвийн зүйл шиг болохоо шахаж байна. Уг нь Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал эрхэм долларын ханшийг 2000 төгрөгтэй тэнцээд ирвэл, байдал бишдээд байгааг ухамсарлаж үүрэгт ажлаа хүлээлгэж өгнө гэж байсан удаатай ч, үнэн хэрэг дээрээ тэгж чадахгүй гэдгээ нотлон харуулсан. Тэр ч байтугай өөрийг нь огцруулах санал хэдэнтээ гараад байхад нүдээ аниад, чихээ боочихсон аятай таг дуугүй гөлийгөөд байдаг нь тун хачин. Ёс зүйтэй, хариуцлагатай эдийн засагч бол тэгж ширэн царайлаад баймааргүй л дээ. Ямар ч байсан түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдон ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон улсын санхүүгийн үнэлгээний Moody’s агентлаг манай улсын банкны системд сөрөг дүн тавьж ирсэн. Тиймээс ч нэр бүхий гишүүдийн зүгээс төв банкны удирдлагын чадамжгүй асуудлыг хөндөж тавьж, огцруулах асуудлыг гаргаж байсан ч, Н.Золжаргал бол УИХ-аас дархлагдчихсан хүн юм.
Түүнийг зөвхөн хэвлэлийнхэн буруутгаад байгаа юм биш. Зэвсэг нэгт гэдэг шиг мэргэжил нэгт нөхдүүд нь ч Н.Золжаргалын залуурдаж буй Төв банкны үйл ажиллагаатай холбоотойгоор байр сууриа илэрхийлж буй. Тухайлбал, эдийн засагч Б.Мэдрээ хэлэхдээ “…Монголбанкинд өндөр боловсролтой залуучууд их ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ тэднийг тогтолцооны хувьд нь арилжааны банкаар дамжуулж ажиллуулаад, тодорхой практик дээр сургаад, арилжааны банкуудын зовлон бэрхшээлийг мэдрүүлээд, тэнд ажиллуулбал тэр боловсролтой залуучууд зөв бодлоготой, зөв чиг хандлагатай ажиллах байх гэж боддог. Гэхдээ нэг юмаа умартаад байгаа. Ер нь аливаа улсын Төв банк улсынхаа эдийн засгийн бодит өсөлтийг хангах, ажлын байр нэмэгдүүлэх, ийм үндсэн хоёр зорилт тавин ажиллах ёстой. Монголбанк, бусад хэрэгслүүд, мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал, инфляцийг бууруулах, ханшийн тогтвортой байдлыг хангах гэсэн аливаа өдөр тутам хийх ёстой ажилд фокусаа тааруулаад байгаа нь буруу. Тэд УИХ-аар мөнгөний бодлого гэж оруулаад байгаа, Мөнгө зээлийн бодлого гэж байх ёстой юм. Мөнгө зээлийн бодлого гэж оруулах юм бол зээлийн бодлогоороо дамжуулж, эдийн засгийн бодит өсөлт болон ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх талаар ажиллах хэрэгтэй.
Гол дутагдал нь энэ, энийг нийгмээрээ ухаарахгүй байгаа юм. Манайх нийгмээрээ сэтгэлгээний өөрчлөлт оруулах ёстой. Бага хүүтэй зээл байлгах гол институци нь Монголбанк. Тэр байгууллага мэргэжлийн байгууллага, энийг УИХ-д танилцуулж, хууль журмандаа өөрчлөлт оруулах, тусгах, заавар журмандаа дээрх хоёр чиглэлийг дэмжсэн байдлаар заавар боловсруулж батлуулах хэрэгтэй. Одоо арилжааны банкаа жаахан дарамтлах, боомилох чиглэлээр журмууд, хууль эрх зүйн баримт бичгүүд гараад байгаа. Арилжааны банкуудыг өнөөдөр мөнгө хүүлэгч, өндөр хүүтэй гээд бүгд муулж байгаа. Энэ бол зөвхөн өнгөн тал нь. Далд тал нь ганцхан асуудал, яагаад гэвэл бид хадгаламж эзэмшигчдэд жилийн 17-18 хувийн хүү төлж байна. Энэ хүүг төлөхийн тулд юугаараа нөхөх юм, зээлийн хүүгээрээ нөхөх ёстой. Тэгэхээр зээлийн хүүг бага болгох тал дээр л нийгмээрээ буюу энэ дотроо хууль тогтоох дээд байгууллага УИХ, мөнгө зээлийн бодлого хариуцсан Монголбанк, Засгийн газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар бүгд хамтарч, уялдсан зөв бодлоготой ажиллах ёстой гэж бодож байна.” гэж байгаа юм. Тэгэхээр Н.Золжаргал Ерөнхийлөгч хэвлэлийнхний үгийг дуулдаггүй юмаа гэхэд мэргэжил нэгтнийхээ үгийг сонсдог болов уу гэж найдъя.
Түүний хийж хэрэгжүүлсэн гэж томроод байдаг ажлуудын эхэнд нөгөөх Үнэ тогтворжуулах хөтөлбөр нь бичигдэж таарна. Гэхдээ яг ачир дээрээ бол тогтворжоод сүйд болсон юм үгүй. Эсрэгээрээ Засгийн газар, Төв банктай хавсран төгрөгийг тэрбум тэрбумаар нь тараасан асуудал байгаа. Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд дараах 4 дэд хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран батлаж, хэрэгжүүлсэн байдаг.
- “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” 167 тэрбум,
- “Өргөн хэргэлээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” 303 тэрбум,
- “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” 248 тэрбум,
- “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” 1608 тэрбум Эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулахад 80 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар дэд хөтөлбөрүүдийг баталсан. Улмаар эдгээр хөтөлбөрийг харгалзах салбарын яамдтай хамтарч хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Гол нь тэгээд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах гэж байна гэх нэрийдлээр, эдийн засгийн бус улстөрийн бодлогын дагуу 3 их наяд төгрөгийг төсвөөс гадуур зарцуулж тараасан ч, нөгөөхшатахуун, мах, гурил, барилгын материал, орон сууцны үнэ нь дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн үетэй харьцуулахад өссөн тоон мэдээ байдаг юм. Тодруулбал, шатахууны бөөний үнэ 170 төгрөгөөр, гурилын үнэ 20 хувиар, махны үнэ 15 хувиар, цахилгааны үнэ 22, халаалт 27 хувиар өссөн тус тус үзүүлэлттэй байгаа юм.
Тэгэхээр Н.Золжаргал Ерөнхийлөгчийн тухайд дандаа өөрийгөө магтаад байхгүй байлгүй дээ. Өөрийнх нь хэлж ярьж байгаагаас үзэхэд бол улсын эдийн засаг болж, бүтээд улам л аятайхан л болох гээд байгаа юм шиг. Гэтэл мэргэжилтнүүд, судлаачид болохоор өөрийг хэлээд байдаг. Н.Золжаргал Ерөнхийлөгч нэг л буруу замаар яваад байна даа.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн