Ш.Сайхансамбуу: Надад албан тушаал, зам гүүрний тендер, алгын чинээ газар олж авах сонирхол байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
14 минут 0 секунд
Ш.Сайхансамбуу: Надад албан тушаал, зам гүүрний тендер, алгын чинээ газар олж авах сонирхол байхгүй

Ш.Сайхансамбуу: Надад албан тушаал, зам гүүрний тендер, алгын чинээ газар олж авах сонирхол байхгүй

 

c1e28eb1069fafdd62efabb1aad08911УИХ-ын сонгуульд Завхан аймгийн 18 дугаар тойрогт Тусгаар Тогтнол Эв Нэгдэл эвслээс нэр дэвшигч Ш.Сайхансамбуутай ярилцлаа.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгөхөөр болсон танд баярлалаа. Таныг Завханчууд төдийгүй монголчууд төрийн тулхтай түшээ, өөрийн байр суурьтай нийгмийн бүхий л түвшинд танигдсан улс төрч гэдгээр тань мэднэ. Энэ удаагийн сонгуульд та Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшиж байгаа. Яагаад энэ намыг сонгох болов гэдгээс яриагаа эхлэе гэж бодож байна?

-Өнөөгийн монголчуудын өмнө хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол тусгаар тогтнол. Тусгаар тогтнолоо хамгаалах, дархлаажуулах шаардлага нэн тэргүүний асуудал болоод байна. Ингэхийн тулд бидэнд эв нэгдэл хэрэгтэй. Миний хувьд тусгаар тогтнол, эв нэгдэл гэдэг хоёр ойлголтод маш их ач холбогдол өгдөг. Энэ мэт шалтгааны үндсэн дээр Тусгаар тогтнол, эв нэгдэл / ТТЭН/-ийг намыг сонгосон. Тусгаар тогтнол эв нэгдлийн нам бол шинэ улстөрийн хүчин. Миний хувьд энэхүү намыг эхнээс үүсгэн байгуулалцаад явж байна. Хамгийн гол нь ирээдүйд энэ намыг улстөрийн томоохон хүчин болно гэдэгт бүрэн итгэлтэй байгаа учраас энэ намаасаа Завхан аймагтаа нэр дэвшиж байгаа юм.

-Улс төрд та харьцангуй орой орж ирсэн хүн. Дундуур нь завсарлага ч авлаа. Таны улс төрд эргэн ирж байгаа зорилго, шалтгаан чинь юу вэ?

– Бизнес гэдэг ерөөсөө л мэдрэмж. Мэдрэмжгүй хүн төрийн ажил хийж чадахгүй. Улс төрийн хувьд би бусдыг бодвол харьцангүй хойно 49 настайдаа орсон. Болоогүй гээд л хойш нь тавиад байсан. Ингэж орлоо гээд хохирсон зүйл байгаагүй. Харин ч хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан хэлэх үгээ хэлж, сонсох юм аа сонсох тэвчээртэй болсон гэж боддог. Өнөөдөр улсын төсвийн ная гаруй хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байна. Бизнес эрхлэгчдийг маш өндөр түвшинд дэмжих хэрэгтэй байна. Бизнес эрхлэгчид нийгмийн баялгийг бүтээгчид. Хүн мөнгийг зүгээр л банкинд хадгалаад байж болохгүй гэдгийг би маш олон хэлдэг. Ялангуяа шинээр бизнес эрхлэгчид, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжсэн маш том хууль хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийг дэмжээд ирэхээр ажлын байр аяндаа бий болно, Төр баялгийг бүтээгч биш, зохицуулах үүрэгтэй байгууллага. Татвараас авахуулаад ажиллах зүйл маш их байна.

Хуулийг дээдлэн ажиллая, монгол хүний зан чанар, бүх бизнесийн салбарт тохирсон хууль санаачилья гэж улс төрд орж ирсэн. Түүнээс надад ямар нэгэн албан тушаал, хорин км замын тендер, ганц гүүрний тендер, хаа нэгтээгээс алгын чинээ газар олоод авчих сонирхол үнэндээ алга. Зарим хүн бизнес эрхлэгчид улс төр рүү орох хэрэггүй гэх нь бий.  Миний хувьд одоо 57 нас хүрчихлээ. Энэ утгаараа бизнес хийх цаг хугацаа бол үндсэндээ болсон гэж бодож байгаа. Ш.Сайхансамбуу гэдэг хүн зүгээр наймаа хийж байгаад Нарантуулаас Төрийн ордон руу харайгаад орчихоогүй. Ядаж л өөрийнхөө ахуй амьдралыг аваад явчих чадалтай, татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлаад байхааргүй насандаа төрийн босгоор алхсан. Одоогийн миний нас бол улстөрд ид “үзэлцдэг” нас. Өмнө нь надад бас дөрвөн жил хууль тогтоох байгууллагад ажиллаад үзчихсэн туршлага байна. Одоо чинь шударга байхад үнэндээ хэцүү болсон цаг байна. Шударга байсныхаа төлөө сонгуульд хүртэл оролцох эрхээ хасуулсан хүн шүү дээ би чинь. Р.Чойномын хэлсэн “Тэнэгүүдийн дунд цэцэн явах хэцүү” гэдэг айхтар үг бий. Ийм зүйл дунд дөрвөн жил сууж үзлээ. Одоо миний улстөрд эргэн ирж байгаа зорилго бол шал өөр. Өмнө нь эхлүүлсэн ажлаа дуусгах, бодож төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэхээс эхлээд эх орныхоо төлөө ихийг хийх цаг болсон.

Capture

УИХ хууль батлаад л байдаг. Гэтэл амьдрал дээр мөрдөгдөж байгаа нь их цөөхөн юм шиг санагддаг. Та нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудтай холбоотой олон хууль санаачилсан хүн. Үүнд өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Монгол бол тусгаар тогтносон улс, НҮБ-ын гишүүн орон. Тусгаар тогтносон улсын хувьд өөрийн хууль дүрэм, журамтай. Бүхнийг хуулийн хүрээнд явуулах жамтай. Монгол Улсад одоо УИХ хэлэлцэж батлаад гаргачихсан өч, төчнөөн хууль үйлчилж байна. Харамсалтай нь хууль байвч биелэлт нь сул байна. Би бизнес эрхэлж байхдаа хууль хэрэгжихгүй байгааг яс махандаа шингэтэл ухаарсан. Тиймээс л хууль тогтоох байгууллагад орж ажиллах сонирхолтой байв. Бид Богдынхоо зарлигийг ч, Их, бага хаадынхаа зарлиг, шийдвэрийг ч хүлээж аваад хэрэгжүүлдэг байсан. Гэтэл өнөөдөр тийм биш байна. Монголд хууль тэгш бус үйлчилдэг. Нийгмийн амьдралын дээд түвшинд хууль үйлчлэхгүй байна. Хуулийг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх учиртай хууль, хүчний байгууллагын удирдах ажилтны томилгоо төрийн биш улс төрийн агуулгатай болоод байна. Аль нэг улс төрийн хүчний ашиг сонирхлыг хамгаалсан хуулийг хүчний байгууллага хэзээ ч шударгаар хэрэгжүүлж чадахгүй. Хууль сонгодог утгаараа хэрэгжээгүй нөхцөлд шударга үнэний тухай ярих нь ёроолгүй саванд ус хадгалах гэж оролдохтой л адил. Тиймээс энэ бүгдийг засахын төлөө өөрийн чадах бүхнээ хийхийг гишүүнээр ажиллах хугацаандаа хичээж ажилласан. Санаачилсан хуулийн төслүүд, гишүүдтэй хамтран өргөн барьсан хуулиуд маань үүний илэрхийлэл юм.

Та парламентийн гишүүнээр ажиллаж байхдаа Оюутолгой төслийг шүүмжилдэг гишүүдийн нэг байсан. Гэтэл өнөөдөр Оюутолгойгоо тавиад туучихлаа гэдэгтэй бүгд санал нийлж байна?

-Зөвхөн Оюутолгой ч биш Монголынхоо сайн сайхны төлөө олон зүйлийг би хэлж ярьж ирсэн. Олон ч нийтлэл бичсэн. Төрийн өндөрлөгүүдийн урагшгүй байдлыг шүүмжилж, болж бүтэхгүй зүйлүүдийн талаар байр сууриа илэрхийлсээр ирлээ. Ингэхдээ ард түмний ярьж хэлж байгааг дамжуулж байгаагаас өөр зүйлгүй. Хөрсөн доороо ихээхэн баялагтай атлаа хөгжил нь буурай орнууд “эдийн засгийн алуурчид”-ын бай болдог гэдгийг харуулж байгаа жишээ олон. Баялгаа өөрсдөө эзэмшиж ашиглаж чадаагүй, ядуурсан орныг “Баялгийн хараал” туссан хэмээн их гүрнүүд тохуурхаж байна. “Эдийн засгийн алуурчид”-д улс орноо сүйрүүлсэн Африкийн зарим орнууд байгалийн баялгаараа дэлхийд гайхуулж байсан гэхэд өнөөдөр итгэхэд хэцүү. Монгол Улс минь энэ буруу замаар явчих вий, эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж, улмаар тусгаар тогтнол хэмээх эрхэм, нандин зүйлд маань харшлах вий гэдэг нь сэтгэл эмзэглүүлсэн хурц асуудал. Тусгаар тогтнол гэдэг ямар үнэтэй цэнэтэй зүйл вэ гэдгийг бид Төвдийн жишээн дээр бэлхнээ харж байна. Хэрвээ надаас “Чи ард түмнийхээ төлөө дуугарсан уу” гэж асуувал би “дуугарсан” гэж бардам хэлэх үгтэй. Монголын ард түмний нутаг ус, газар шороогоо хамгаалах үзэл дээд цэгтээ хүрсэнтэй би санал нэг байдаг. Оюутолгой, Тавантолгойгоос Монголын ард түмэн асар их зүйл горьдож, амьдралын сайн сайхныг мөрөөдөж байлаа. Гэтэл өнөөдөр юу болов. Оюутолгойг УИХ-аар хэлэлцэхэд миний хувьд Монголын ард түмэнд ашигтайгаар боловсруулаасай гэж хүсч байсан. Оюутолгойн гэрээ эхнээсээ сайн хийгдээгүй. Энэ гэрээ анх намын бүлгээр орж ирэхэд “Эрдэнэт” үйлдвэрийг Оросын талтай манайх 51:49 хувийн харьцаатай эзэмшдэг. Оюутолгойг ч үүнтэй адил эзэмших ёстой гэсэн саналыг би хэлж байсан. Уг нь тэр дагуу хийж байгаа гэсэн ч яг батлаад гаргаад ирсэн чинь огт өөр болсон. Тиймээс Оюутолгойн гэрээг УИХ-аар батлахад эсэргүүцсэн зургаан гишүүний нэг нь би болсон юм. Өөрийнхөө байр суурь дээр анхнаасаа бат зогссоныг минь үнэлж “Эх оронч” гишүүнээр тодруулж байлаа.

Та Оюутолгойн гэрээ зурагдаж байх тэр үед, “Оюутолгойн гэрээтэй нэр холбогдсон улстөрчдийн оффшор данс ирээдүйд илэрнэ шүү. Тэр үед та нар хэлэх үгээ бэлдэж байгаарай” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсныг санаж байна. Гэтэл саяхан С.Баярцогтоос гадна манай улсаас оффшор бүсэд данстай 49 хүн байдаг болох нь нийтэд ил боллоо?

– Би ийм зүйл болно гэдгийг 2002 он, 2009 онд тус тус хэвлэлд маш тодорхой ярьж байсан. Сонирхсон нэг нь архивт суугаад тухайн үеийн хэвлэлийг шүүгээд үзэх юм бол миний тэр ярилцлагууд гарч ирнэ. Тухайлбал, Монгол Улс хүссэн хүсээгүй цөөхөн хэдэн хүний гарт орох хандлага байна аа, гэдгийг 2002 оны Засгийн газрын мэдээ сонинд ярилцлага өгөхдөө тодотгож байв. Гэтэл өнөөдөр монголын баялагийг 20 гэр бүл л хуваан захирч байна шүү дээ. Хоёрдугаарт, улстөрчид гадны ямар нэгэн байгууллагаас авсан авлигыг бэлнээр болон хувийн дансаараа авч болдоггүй. Яагаад гэвэл энэ эргээд амь нас, албан тушаалыг нь эрсдэлд оруулдаг учраас тэр. Тэгэхээр авлигын мөнгө заавал оффшор дансаар дамждаг. Оюутолгойн гэрээ зурагдаж байх үед би хэлж байсан. “Та нар хахууль авсан бол наад мөнгийг чинь агуулах сав олдохгүй шүү. Оффшор бүсэд л данс нээлгэдэггүй юм бол. Хэрвээ ингэж нууц данс нээлгэвэл энэ чинь хэзээ нэгэн цагт илэрч та нарын толгойг цусдана шүү” гэж зөндөө хэлж, анхааруулж байсан. Тэгж ярьснаас хойш тун удалгүй С.Баярцогтын нэг сая ам.доллартай оффшор данс илэрсэн шүү дээ. Гэтэл саяхан Сү.Батболд, С.Баяр нар оффшор бүсэд данстай болох нь илчлэгдлээ. Болдог юм болдгоороо л болж байна. Гэхдээ энэ асуудлыг ингээд зүгээр орхиж яавч болохгүй.

-Гэтэл нэр бүхий улстөрчид, хуульчдын зүгээс “Хэн нэгэн оффшор бүсэд данс эзэмших нь байдаг л зүйл” гэх мэтээр яриад байгаа?

-Энэ бол байдаг л асуудал гэж ярьж байгаа нь өөрөө асар буруу. Тэр тусмаа хуулийн хүн ингэж ярьж огт болохгүй. Оффшор дансаар бохир мөнгө, хахуулийн мөнгө хоёр л дамждаг. Угаасаа ийм л зориулалтай зүйл. Эсхүл урлаг спортынхон татвараас бултах зорилгоор оффшор бүсэд данс эзэмшдэг. Урлагийнхан бол өөрсдийнхөө авьяас чадвараар мөнгө олдог улсууд. Бусад нь бүгд хулгай, дээрэм, авлигын мөнгө. Манайхаас өөр бусад улс орнууд оффшор бүсэд данстай байсан хүмүүсээ илэрсэн даруйд нь хууль хүчний байгууллагаараа дамжуулан толгой дараалан шалгаад эхэлсэн байна. Зарим нь ухамсраараа хариуцлага хүлээж ажлаа өгөөд огцорсон. Гэтэл манайд оффшорт нэр холбогдсон хүмүүс яаж байна вэ. Тийм юм байхгүй, надад хамаагүй мэтээр тайлбар тавиад зогсож байх жишээтэй. Энэ бол инээдтэй. Олон улс даяар зарлагдчихаад байхад шүү дээ. Уг нь бол тэд уучлал гуйгаад, албан тушаалаа өгөх нь өгөөд АТГ-т ухамсраараа явж очоод тайлбар хийх ёстой. Гэтэл телевизийн өмнө мэдэгдэл хийж, ард түмнийг хуурч байна. Үүнийгээ болих хэрэгтэй

Ярилцсан Д.Чингүүн

Нам доторх асуудлаа АН цэгцэлж амжих уу?
Нам доторх асуудлаа АН цэгцэлж амжих уу?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.