Б.Пүрэвсүрэн: Улсын хэмжээнд жилд 4000 хүн сүрьеэ өвчнөөр өвдсөний 20 гаруй хувь БЗД-т байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 49 секунд
Б.Пүрэвсүрэн: Улсын хэмжээнд жилд 4000 хүн сүрьеэ өвчнөөр өвдсөний 20 гаруй хувь БЗД-т байна

Б.Пүрэвсүрэн: Улсын хэмжээнд жилд 4000 хүн сүрьеэ өвчнөөр өвдсөний 20 гаруй хувь БЗД-т байна

Сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдлын тоо нэмэгдэж байна гэсэн мэдээлэлтэй холбоотойгоор сүрьеэ өвчний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахаар БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн зохицуулагч эмч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд “Сүрьеэ” өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэвэл.

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүрьеэ өвчний талаар ард иргэд маань сүүлийн үед мэдээлэл сайтай, мэдлэгтэй болж, шинж тэмдгийг нь сайн мэддэг болсон. Өөрөөр хэлбэл ханиалгадаг, цээжээр өвддөг, цэр гардаг, турж эцдэг, ядардаг, хөлөрдөг гэх зэрэг шинж тэмдгийн зовиуруудыг хүмүүс мэддэг болсон. Гэхдээ сүрьеэ өвчний хамгийн чухал нь амьсгалын замаар хүнээс хүнд дамждаг өвчин. Нэг халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн жилд дунджаар 15-20 хүнд идэвхтэй хэлбэрийн сүрьеэгийн халдварыг тараах магадлалтай.

Одоо бид ковид-19 өвчний талаарх мэдээлэлтэй болсон. Энэ бол амьсгалын замаар халддаг өвчин, гараа угаах, маскаа зүүх ёстой, зайгаа барих ёстой гэх зэрэг мэдээлэлтэй болсон. Тэгвэл сүрьеэ өвчин ч гэсэн нэг талдаа ковид -19-ийн удаашруулсан хувилбар гэсэн үг. Нян нь удаан өснө, шинж тэмдэг нь удаан илэрнэ, эмчилгээ удаан явна. Тэрнээс биш гэмтээж байгаа эрхтний хувьд адилхан.

-Манай улс халдварт өвчин, тэр дундаа сүрьеэ өвчнийг бууруулахад олон жил ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар танай дүүрэгт энэ өвчний гаралт хэр зэрэг байна вэ?

-Улсын хэмжээнд сүрьеэгийн өвчлөл дунджаар 4000 орчим байхад, үүний 59-60 хувь нь Улаанбаатар хотод байна. Харин Улаанбаатар хотын сүрьеэгийн нийт өвчлөлийн 30 хувь нь Баянзүрх дүүрэгт байдаг. Манайд сүрьеэгийн өвчлөл шинэ тохиолдлоороо тооцоход 550–600-ын хооронд хэлбэлздэг. Манай дүүрэг хүн ам ихтэй учир үүнийг дагаад өвчлөл ч ихтэй байна.

-Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд танай тасгаас ямар ажил, арга хэмжээ зохион байгуулдаг вэ?

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр манай төвөөс өрхийн эрүүл мэндийн төвтэй нягт хамтран ажиллах нь чухал байдаг. Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтарч хамгийн эхэнд хийдэг ажил бол сүрьеэ өвчнөөр оношлогдоод ирж байгаа хүмүүстээ хавьтлын урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Хавьтал гэж хэн бэ гэхээр, тухайн хүнтэй нэг агаараар гурван сарын хугацаанд амьсгалсан хүнийг хэлж байна. Шөнө унтахдаа хамт, өдөр тодорхой хэмжээний цаг хугацааг хамтдаа өнгөрөөсөн, сүүлийн гурван сар хамт байсан хүмүүс гэсэн үг. Жишээлбэл, иргэд танайхан ам бүл хэд вэ гэхээр бүртгэлд байгаа хүнийхээ тоогоор яваад байдаг. Тэгсэн мөртлөө үзлэгт хамруулах гэхээр гадаадад амьдардаг гэх, тэгээд мөн хөдөөнөөс оюутан гэрт нь амьдардаг гэх мэт тохиолдол их гардаг. Тэгэхээр ах дүү, амраг садан ямар нэг шалтгаанаар хамт амьдарч байгаа бол хавьтал гэж үзэн гэр бүлийн бүх гишүүдийг үзлэгт хамруулах юм. Ингэж байж бид сүрьеэ өвчнийг эрт илрүүлнэ.
Манайхаас хийгдэж байгаа дараагийн том ажил бол төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилладаг. Жишээлбэл,

Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-тай хамтран ажиллаж, манай дүүргийн хэмжээнд олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнүүдэд гэрээр нь эм уулгах явуулын багийг ажиллуулж байна.

Arslan.mn

Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд улсын хэмжээнд сүрьеэ өвчнөөр өвчлөх эрсдэлт бүлгийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлгийг коронавируст халдварын үзлэг шинжилгээтэй хамт хийх "Сүрьеэ-КОВИД-19" халдварын илрүүлэг үзлэгийг зургадугаар сарын 2-ны өдрөөс манай дүүрэгт эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд Монголын өрхийн анагаах ухааны эмч мэргэжилтнүүдийн холбоотой хамтраад бүх өрх, хорооны өрхийн эмнэлэгт эрсдэлт бүлгийн 200-300 иргэнийг “Ковид-сүрьеэ-19” илрүүлэх үзлэгт хамруулаад явж байгаа. Одоо дүүргийн хэмжээнд хоёр хороонд үзлэг хийгдэж, дуусах шатандаа орж байна. Өнөөдрийн байдлаар 4000 орчим хүнийг үзлэгт хамруулсан бөгөөд тус үзлэгээр сүрьеэтэй гэдгээ өөрөө мэдээгүй байсан таван хүнийг илрүүлэн хяналтад оруулсан. Мөн Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэг нь нийслэлийн 6 дүүргийн 2019-2020 онд сүрьеэгээр өвчилсөн иргэдийн хавьтал буюу ар гэрийнхнийг гэрийнх нь ойролцоо буюу хороон дээр байрлан урьдяилан сэргийлэх үзлэгийг 2020 оноос хойш хийж байна.

-Та түрүүн олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнүүдэд гэрээр нь эм уулгах явуулын багийг ажиллуулж байна гэлээ. Энэ нь өвчтөнүүдийг гэрээр нь хянаж байгаа гэсэн үг үү?

-Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас хэвтэрт байгаа, эмнэлэгт очиж эмээ уух боломжгүй сүрьеэгээр өвдсөн зорилтот бүлгийн хүмүүсийн гэрт нь очиж эмийг нь уулгах, эмчилгээнд хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ нь маш олон давуу талтай. Яагаад гэвэл, эмэнд тэсвэртэй сүрьеэ манайд 2006 оноос хойш оношлогдоод, эмчлэгдэж эхэлсэн. Сүрьеэ өвчин нь шинж тэмдэг адилхан боловч оношилгооны хувьд хоёр янз байгаа. Эмэнд мэдрэг сүрьеэ, эмэнд тэсвэртэй сүрьеэ.

Эмэнд мэдрэг сүрьеэ гэдэг нь эмчийн хяналтаас хамааран 6-8 сарын хугацаанд өдөр болгон тогтмол эм уугаад эмчилж эдгэрэх юм. Нэг ёсондоо, хамгийн анхны хөнгөн хэлбэр гэсэн үг.

Харин эмэнд тэсвэртэй сүрьеэ гэдэг нь хамгийн анхны хөнгөн хэлбэрийн эмчилгээ нь үр дүнгүй болдог эсвэл хүндэрдэг цаашлаад сүрьеэгийн үндсэн эмчилгээнд хэрэглэдэг эмүүд тухайн хүнд үйлчлэхээ болиод эхлэхийг хэлж байгаа юм. Эсвэл тухайн хүн анхдагчаар эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нянгаар халдварлагдсан байж болно.

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний үргэлжлэх хугацаа багадаа 9 сар, дээд талын хугацаа 24 сар байдаг. Өдөр болгон эм уух шардлагатай. Нэг уухдаа тухайн хүнийхээ биеийн жиндээ тааруулаад 12–18 ширхэг хүртэл эм уух шаардлага гардаг. Тиймээс эмэнд тэсвэртэй сүрьеэгийн хувьд олон эм зэрэг уухаар хордлого өгөх тохиолдол гардаг. Байнга дотор муухайрна, хөл гар бадайрч өвдөнө, ядарна, гуйвна, бөөлжинө, гүйлгэнэ. Тэгэхээр эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ хийлгэх гэж байгаа хүмүүсээс маш их тэвчээр шаарддаг. Зарим хүмүүс эмчилгээнээсээ халширч, зарим нь тамирдаад ирж чадахгүй, зарим нь хэвтрийн байна, амьжиргааны боломж бололцоо муу зэрэг янз бүрийн шалтгаанаар эмнэлэгт ирж эмээ өдөр болгон ууж чаддаггүй. Тиймээс Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас явуулын баг ажиллуулж, эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүмүүст гэрээр нь очиж өдөр болгон эм уулгаж ,хянах ажлыг хийж байна.

Эмэнд тэсвэртэй сүрьеэ учраас өрхийн эмнэлгүүдийг энэ ажилд оролцуулдаггүй. Яагаад гэвэл өрхийн эрүүл мэндийн төвийнхөн маань бусад энгийн, эрүүл, ахмад настан, нярай, жирэмсэн гэх мэт иргэдэд үйлчилж байгаа учраас олон хүнийг эрсдэлд оруулах магадлалтай.

Харин явуулын баг ажиллаж эхэлснээр нэгдүгээрт, эмчилгээ таслах эрсдэлийг бууруулж байна. Хоёрдугаарт, эмчилгээний үр дүн тодорхой хэмжээгээр сайжирсан үр дүн гарах байх гэж найдаж байна.

-Танай дүүрэгт хичнээн хүн эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг хийлгэж байгаа вэ?

- Манай дүүрэгт өнөөдрийн байдлаар эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа 70 орчим хүн байна.

Arslan.mn

-Коронавируст халдварт өвчин болон сүрьеэгийн ялгаатай тал юу вэ?

-Коронавирус, сүрьеэгийн хооронд гурван ялгаа байна.

  • Нэгдүгээрт, үүсгэгч нь ондоо, ковид-19 бол вирус, коронавирус гэдэг үүсгэгч байгаа нь тодорхой болсон. Харин сүрьеэгийн хувьд микобактер гэдэг нянгаар үүсгэгддэг
  • Хоёрдугаарт, явц нь ялгаатай. Ковид-19 халдварт өвчин нь хурдан явцтай, хүндрэх магадлал өндөр бол сүрьеэгийн хувьд, харьцангуй удаан явцтай, тухайн хүнд шинж тэмдэг илрэх нь удаан байх талтай.
  • Гуравдугаарт, эмчилгээний хувьд ялгаатай. Ковид -19 халдвараар нэгэнт оношлогдсон бол вирусийн эсрэг эмчилгээгээ хийгээд, өндөр тунтай антибиотик аваад эсвэл бусад шинж тэмдгийн эмчилгээгээ хийгээд 10 -14 хоногт тухайн хүн эдгэрнэ. Харин сүрьеэ бол хамгийн багадаа зургаан сар эмчилгээг хийлгэнэ. Цаг хугацааны хувьд ялгаатай гэсэн үг. Тэрнээс урьдчилан сэргийлэх арга зам, цаашид барих гам, дэглэм бол ерөнхийдөө адилхан.

-Сүрьеэгийн байгууллагад ажилладаг эмч, ажиллагсдын 20-30 хувь ковидын үеийн тусламж, үйлчилгээнд дайчлагдан ажиллаж байна гэсэн. Танайх бас тэгж байна уу?

-Тиймээ. Яг ковид анх эхэлж байх үед буюу 2020 оны 11 сард эмч нарын бараг 50-60 хувь нь дайчлагдан ажиллаж байсан. Одоо тэр үеэ бодвол менежмент хийгээд, дайчлагдан ажиллах нь багасч байна. Гэхдээ л 2-3 хүн дайчлагдаад л байна. Мөн одоо эмч, эмнэлгийн ажилчид маш их өвдөж байна. Манайхаас л гэхэд 3 ажилтан маань ковидоор өвдсөн байгаа. Ер нь л бол эрсдэл ихтэй байнадаа.

- Сүрьеэ өвчний эмчилгээний зардлын талаар...

-Сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй гэдэг боловч Засгийн газрын төсөвт суучихсан байдаг. Өөрөөр хэлбэл иргэдэд үнэгүй өгдөг боловч төсвийн мөнгөөр Монгол улс худалдаж авдаг гэсэн үг. Сүрьеэтэй нэг хүнд хийгдэж байгаа зургаан сарын эмчилгээ дунджаар 500–600 мянган төгрөг болдог. Тиймээс бидний зүгээс энэ эмчилгээг үр дүнтэй байлгах тал дээр ажиллахгүй бол болохгүй.

Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ бол бүр өндөр. Нэг эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнд 1-2 сая төгрөг, эмийнх нь тэсвэржилт нэмэгдээд, хэрэглэж байгаа эм нь өөрчлөгдөөд ирэхээр дахиад 3-4 сая төгрөгийн зардал гарч байна. Өнөөдрийн байдлаар гэрээр зөөж эмчилж байгаа эмэнд тэсвэртэй сүрьеэгийн нэг өвчтөнд 5-17 сая хүртэл төгрөгийг зарцуулдаг. Маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэ гэх юм бол 40 сая хүртэл төгрөгийг зарцуулдаг. Энэ их мөнгийг бид Глобал сангийн ДОХ, сүрьеэгийн санхүүжилтээр авч байна. Тиймээс иргэд нэгэнт маш их мөнгө зарцуулж байгаа учраас эмчилгээгээ бүрэн гүйцэд хийлгэх, гэр бүлийнхэн болон хайртай хүмүүсээ болон өөрийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх нь чухал байна.

-Сүрьеэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх маш амархан. Нэгдүгээрт, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх үндсэн арга нь дархлаагаа маш сайн дэмжих хэрэгтэй.

Стрессдэхгүй байх, хоолны дэглэм барих, залуучуудад хэлэхэд утас, компьютер оролдох цаг хугацаагаа багасгах, архины хэрэглээг зохицуулах, хордлогонд ортлоо архи уугаад байвал дархлаа муудна шүү дээ. Мөн уушгийг их хэмжээгээр гэмтээдэг учраас тамхи татах зэрэг муу зуршлаас татгалзах, ажил амралтын дэглэмээ зохицуулж, амрах үедээ амраад, ажиллах үедээ ажиллах хэрэгтэй.

Хоёрдугаарт, урьдчилан сэргийлэх үзлэгт маш сайн хамрагдах хэрэгтэй. Сүрьеэгээр би өвдөхгүй, манай удамд тийм юм байхгүй гээд байдаг. Удамшлын өвчин биш, амьсгалын замаар халддаг өвчин гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Тухайн хүн нийгмийн харилцаанд орж эхэлсэн л бол сүрьеэгийн халдварыг тэртээ тэргүй авдаг. Магадгүй таны суусан автобусны жолооч сүрьеэтэй байвал тэр автобусаар тэр хүний зорчдог давтамжаас хүртэл шалтгаална. Ялангуяа өвөл автобусанд цонх онгойлгох боломжгүй, мөн нэг албан газар ажил эрхэлдэг бол нэг өрөөнд олуулаа суудаг гэх зэрэг. Дээрээс нь компьютер тоглоомын газрууд ямар ч агааржуулалт байхгүй, хүүхдүүд тэнд хэдэн цагаар суучихдаг, харанхуй, чийгтэй сүрьеэгийн нянгийн бүх дуртай нөхцөл бүрдсэн орчин байдаг. Тэгэхээр хүн болгонд тодорхой нэг хэмжээгээр эрсдэлт хүчин зүйл байдаг. Тиймээс жилдээ нэг удаа үзлэгт үнэнчээр хамрагдаж байх хэрэгтэй.

Хүнсний байгууллагад ажилладаг хүмүүст цагаан дэвтэр гээд эрүүл мэндийн үзлэг явагддаг, тэрийг хүмүүс үзүүлэхгүйгээр мөнгийг нь өгөөд даруулчихъя гэх зэрэг гуйлга маш их байдаг. Өөрийгөө л бодох хэрэгтэй, хэрвээ сүрьеэгээр өвдчихвөл хэн ч өмнөөс чинь эмчлэгдэхгүй. Тиймээс өөрсдийгөө эрсдэлээс маш сайн хамгаалж байх хэрэгтэй, үзлэгтээ хамрагдаж байх хэрэгтэй. Үзүүлээд хэрвээ оношлогдсон бол айх айдасгүй, маш хурдан эмчилгээнд орох хэрэгтэй. Гайгүй биз, би яаж ийм олон эм уух юм, хүмүүс намайг юу гэж хэлэх бол гэх зэрэг ямар нэг шалтгаанаар хугацаа алдаад байлгүй хурдан эмчлэгдэх юм бол хор уршиг нь бага гэдгийг хэлмээр байна.

Нэмж хэлэхэд хэрэв та сүрьеэгээр өвдсөн бол, эмчилгээ хийлгэхээс татгалзаж байгаа бол, ямар нэгэн байдлаар эмчилгээ тасалж байгаа бол таны хамгийн хайртай хүмүүс танаас хамааран сүрьеэгээр, магадгүй эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвдөх эрсдэлтэй байгаа шүү. Сүрьеэ эдгэрдэг өвчин шүү гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ажлын хэсэг ЗГ-ийн гишүүдэд хүсэлт илгээлээ
Ажлын хэсэг ЗГ-ийн гишүүдэд хүсэлт илгээлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.