«МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл» нь 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Стратегийн орд болох Оюутолгойн 51 хувь буюу түүнээс дээш, Тавантолгой ордыг ард түмний мэдэлд байлгах талаар тусгасан. 2008 онд Тавантолгойн ордыг төрийн мэдэлд буцааж авсан. Ингэхдээ тухайн үед төрийн өмчийн 85 хувь, ард түмний мэдэлд 10 хувь буюу 2.1 сая орчим хувьцаа эзэмшигч, үлдсэн хувьцааг хувийн компанид өгсөн. Гэтэл сүүлийн үед Тавантолгойн төрийн мэдлийн болон ард түмний хувьцааг хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор нууц байдлаар гэрээг хийж, ард түмэнд ашиггүйгээр шийдэх гэсэн улс төрчдийн хувиа хичээсэн бүлэглэлийн явуургүй үйлдэл идэвхжсээр байна. МАХН-ын УИХ-ын гишүүд 2014 оны 04 сарын 30-ны өдөр мэдээлэл хийж, Тавантолгойн тогтоолын төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл тэд мэдэгдэл гаргажээ.
МЭДЭГДЭЛ
Тавантолгойн гэрээний төслийг ард түмэнд ил тод, нээлттэй, харилцан ашигтай, үр өгөөжтэй шийдэхийн оронд харин ч нууц байдлаар, үгсэн хуйвалдаж, улс төрийн шантааж хийн талцан, бие биенээсээ өрсөлдөн улс төрчдийн оролцоотойгоор эдийн засгийн бүлэглэлийн талд шийдүүлэхээр тэмцэлдэж байгаа нь хэрээс хэтэрсэн, монголын ард түмнийг доромжилсон эрээ цээргүй үйлдлүүд болоод байна.
Монгол Улсын Сайд М.Энхсайханаар ахлуулсан Ажлын хэсэг нь Тавантолгойн гэрээний асуудлыг хариуцаж байгаа бөгөөд 2012 оны «Шударга ёс эвсэл»-ийн Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан Тавантолгойн ордыг ард түмний мэдэлд байлгана гэсэн зорилтыг гажуудуулж, харин ч 2.1 сая хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөж, «Энержи ресурс» компанид өгч, монголын эдийн засгийг тус компанийн хараат болгох ноцтой үйлдлийг хийж байна гэж үзэж байгаа болно. Мөн Тавантолгойн гэрээний нөхцөл байдлаас шалтгаалан Эвслийн байр суурь зөрчилдөхөд хүрээд байна.
Цаашид Тавантолгойн гэрээг хийхдээ ил тод, нээлттэй, харилцан ашигтай байдлаар ард түмний эрх ашигт нийцүүлэн хийж гүйцэтгэхийг УИХ-ын гишүүдэд анхааруулж байна.
Монгол төрийн зөв бодлого ард түмний ирээдүйн амьдралын баталгаа болох учиртай.
МАХН-ЫН ДЭРГЭДЭХ АРДЧИЛАЛ, ШУДАРГА ЁС,
МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО