Чөтгөр /өгүүллэг/
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
25 минут 9 секунд
Чөтгөр /өгүүллэг/

Чөтгөр /өгүүллэг/



Чөтгөрийн тухай яриа монгол оронд их байв. Настай хүмүүсийн дотор чөтгөр үзсэн хүн цөөнгүй гэдэг. Байгалийн ямар нэгэн хачин үзэгдлийн нарийн учрыг мэдэхгүй сүрдэн айснаас уламжлан чөтгөр шулам байна гэж итгэх явдал гарсан байх. Чөтгөр байхгүй гэж би бодовч чухам ямар шиг үзэгдлийг чөтгөр гэдэг бол? Чөтгөр байна гэж хүнд санал төрүүлдэг тийм нэг юмыг үзэхсэн гэж би боддог байлаа. Шинжлэх ухаанд судлагдаагүй байгалийн хачин үзэгдэл байж магадгүй гэж хааяа санагддаг байв. Тэгээд саяхан би чөтгөрийн тухай нэг сонин яриаг сонслоо. Би нэг сайн өдөр өглөөгүүр Улаанбаатарын нэг айлд очоод хашаанд нь ортол Мандах гуайн бор морь их хөлөрсөн зогсож байна. Өчигдөр Мандах гуай "Гацууртай орно" гээд мордсон юм. Мандах гуай сууж байна. "Та өчигдөр нэг их яараад мордоогүй билүү" Яагаад буцаад ирэв? гэрэнд "Яах юу байх вэ?" Бүр мунгинаад..." гэж хэлээд инээх гэснээ болиод гараа наманчлав. Нэг л гайтай явдал болж дээ гэж би бодоод сууж аар саар юм ярих гэтэл миний үгийг хайхрах янзгүй. Тэгэхээр нь би дуугүй сууж байлаа. Тэр айлын эзэн бас нэг өвгөн ам нээж: "Мандах нэг хачин юм ярих юм. Шөнө их айчихсан ухаантай ухаангүй хоёрын хооронд орж ирсэн наадах чинь" гэв. "Хулгайч дайралдаа юу?" гэж миний асуухад "Хулгайчаас би айх хүн биш" гээд зүүсэн бүдүүн хутгаа барилав. Тэгээд Мандах гуай надтай зөвлөх гэсэн байдалтай хараад айсан учраа ярьж эхлэв: "Хүүхээ би урьд шөнө нэг хачин юм үзлээ" гээд ярьсан нь: "Улиастай Гацууртай хоёр хөндийн хооронд нэгдаваа байдаг шүү дээ. Би өчигдөр мордоод шогшсоор явтал шөнө болчихлоо. Бүдэгхэн сартай байлаа. Шөнө давааг өгсөөд Өл овоонд хүрлээ. Өл овоон дээр чөтгөр байдаг гэж хүн ярьдаг юм. Би түүнд итгэдэггүй байлаа. Гэвч "Шувуу шонхор ч байдаг юм уу? Морь үргэх юм байх магадгүй" гэж бодоод сэрэмжтэй явж байлаа. Даваан дээр бууж тамхи татаж морио жаахан амраах юм уу гэж бодтол морьтой хүн давааны цаанаас гараад ирлээ. "Манай тэндхийн хүн байх даа. Хэн юм бол" гэж ажиглаад "Сайн байна уу?" гэлээ би. Түүний дуу яг л минийх шиг байх юм. Миний дотор жаахан сэрсхийгээд явчихлаа. "Кхэм" гээд би ханиалаа. Намайг яг л элэглээд тэр хүн "Кхэм" гэж байна. Би ташуураа далайлаа, тэр бас ташуураа далайлаа. "Чи хэн бэ?" гэсэнд тэр бас "Чи хэн бэ?" гэж байна. Тэгээд харсан чинь би өөрөө тэнд зогсож байна. Морь нь миний бор морь байна. Даваан дээр том толь зоочихсон юм шиг миний бие морь бүхлээрээ түүнд харагдаж байна. "Одоо яах билээ?" гэж би бодлоо. "Би эндүүрч байна уу?" гээд нүдээ арчлаа. Өнөөх чинь нүдээ арчиж байна. Би малгайгаа засаад өмссөн чинь тэр бас малгайгаа засаж байна. Миний дүрс харагдаж байгаа юм болохоор аргагүй намайг яавал тэр тэгж байх юм. Толинд бие биеэ харж байгаагаас өөргүй. Намайг дуугарахад тэр яг тэгж дуугарах юм. Энэ ч хэрэг биш боллоо гэж би мэдлээ. "Хаая" гээд хашгиртал тэр бас "Хаая" гэж хашгирав. Би бараг ухаан алдчихжээ. Нэг мэдсэн буцаад давхиж явна. Улиастайн голын хөвөөнд ирээд сая ухаан орлоо. Хөлс гарчихсан зүрх цохилсон байна. Тэгээд шөнөдөө давхиж ирлээ" гэж ярив. Мандах гуайн үгийг би хачирхан сонссон боловч төдий л үнэмшсэнгүй өнгөрлөө. Хожим нь Ойдов жолооч бас "Гацууртайн давааны Өл овоон дээр чөтгөр байдаг" гэж ярив. "Нэг салхитай шөнө даваан дээр гараад машинаа зогсоогоод Өл овооны нөмөрт тамхи татаж байв. Овоон дээр модноос уясан архины хоосон шил, загасны төмөр лааз хангиналдаж байлаа. Тэгээд над шиг хүн шивнэж үг хэлэх шиг боллоо. Чагналаа. Тэгсэн чинь хэлж байна

Отгон хүүхэн явсан

Ойдов жолооч ийсэн

Ондоо хүүхэн ирсэн

Ойдов жолооч очсон гэж байна

Бүү үзэгд. Шүлэгч чөтгөр байдаг байна шүү. Отгон гэж манай талийгаач шүү дээ. Нээрээ намайг нэг өөр юмтай ханил" гэж манай эгч ойртуулж байсан юм. Би босон харайгаад машиндаа суугаад давааны наад руу буусан чинь хойноос:

Отгон хүүхэн яасан

Ойдов жолооч ийсэн гээд хашгирч байна. Тэгээд миний машины өмнө өөр машины гэрэл давхарлаж гарлаа. "Өөр машин байна" гэж бодоод тэр гэрлийг дагаад явж байтал гэнэт тэр гэрэл алга боллоо. Миний машин ганганд суучихлаа. Тийм хачин дуу гэрэл хоёрыг би үзсэн" гэж ярив. "Яасан хачин юм бэ?" Шалгаж үзэх юмсан" гэж би бодож байлаа.

II.

      Түүнээс хойш нэг үдэш оройхон гэрээсээ гараад гудамжаар зугаалж явлаа. Гудамжны гэрэл унтраад хав харанхуй байв. Тэгээд жаахан явж байтал миний өмнөөс нэг улалзсан улаан цог дээш доош зуралзаад над ойртож явна. Хүн харагдахгүй ганцхан улаан цог хөдөлж байх юм. Би гайхлаа. "Өнөөх чөтгөрийн гал гэдэг нь биш байгаа" гэж бодоод жаахан хөндлөн тийш зайлсхийгээд зогсож байтал гар чийдэнгийн гэрэл над дээр тусав. "Аа та явж байгаа юм уу?" гэж таних хүний дуугаар асуулаа. "Аа тийм" гэлээ. Гэтэл гудамжны гэрэл аслаа. Харвал Дормэд байна. Тэр тамхиа хуруундаа хавчуулж гараа хөдөлгөхөд цог дээш доош гүйж байгаа юм шиг над харагджээ. Намайг "Хааш очих нь вэ?" гэхэд би "Салхинд гарч явна" гэв. Гудамжаар явах ямар салхинд гарсан болох вэ?" Хотоос гадагш гарч байвал зүгээр юм.Үргэлж ном шагайгаад суудаг хүн хааяа салхинд гарах чухал" гэж зөвлөх янзтай хэлэв. "Унаагүй хүн хотоос гарах хэцүү" гэсэнд их л халамжтайгаар хэлсэн нь: "Голохгүй бол миний мотоциклээр надтай сундалдаад яв . . . Нээрээ та хотоос гадагш гарах юм бол би танд үйлчилнэ шүү" гээд намайг ширтэж харав. "Хотоос гадагш хаашаа явах вэ?" гэсэнд "Хаашаа ч хамаагүй. Таны явах зүгт би таныг аваад л явна" гэв. Энэ залуу нөхөр нээрээ над тус болж намайг салхинд гаргах гэж байх шиг байна. Би гажуурхаад ч яах вэ дээ гэж бодлоо. "Хонуут явбал чиний эхнэр чинь уурлахгүй юу?" гэсэнд "Үгүй үгүй Хэн уурлах юм бэ?" Над эхнэр байхгүй" гэв.' Чи хавар нэг хүүхэнтэй Гүнжидийнд ирээд байгаагүй юу?" Би чамайг эхнэртэй юм байх гэж бодсон гэтэл өнөөх залуу над учирлан хэлэв: "Тэр хүүхэнтэй би суугаад хоёрхон жил болсон юм. Тэгээд намайг Говь-Алтайд яваад ирэх хооронд нэг юмтай нийлээд жирэмсэн болчихсон байх юм. Тэгээд би хүний хүүхдийн эцэг болж, банзал эмийн нөхөр болж байхаас нэг л дургүй хүрээд салчихсан юм." гэв. Аа тийм үү? Чи надтай хөдөө гаръя гэж нээрээ хэлж байна уу?" гэв. "Нээрээ хэзээ хаашаа явах вэ?" "Маргааш Гацууртай оръё" гэсэнд "За тэгье" гэв. Яриа тохирч л байна. "Хөдөө хоноё" гээд зөвшөөрч байна. Би тэгэхээр нь үнэнээ хэллээ. Тацууртайн давааны Өл овоон дээр хоёул маргааш очиж хоноё. Тэнд чөтгөртэй гэж хүн хэлэлцэх юм." Ямар юм хэлж байгаа юм? Хоёул шалгаж үзье" гэв. Тэгэхэд Дормэд угтаж: "Нээрээ би бас хачирхдаг болсон. Гацууртайн даваагаар хүн явахаа больсон байна билээ. Чөтгөртэй гэж айгаад тэр байна шүү" гэв. Түүнд өвгөн жолооч хоёрын хэлсэн үгийг ярьж өгөв. Дормэд дуртай сонслоо. Явахыг зөвшөөрлөө. Хоёул явах өдөр, цаг, авч явах юмаа хэлэлцэж тохиров. "Чөтгөр гэдэг нь хулгайч ч байж магадгүй" гээд гар буу, балиус хутга авч явахаар шийдлээ.

III.

      Жаахан идэх юм халуун савтай цай, даарвал балгах архи чихэр зэргийг хүүдийд хийж бариад маргааш нь тэднийд болзсон цагтаа хүрч очив. Дормэд хэдэн өрөө сайхан байранд суудаг юм байна. Үнэтэй эрээн хивс гадаад хийцтэй ширээ сандал шүүгээ ярайж шил толь шиг гялалзаж байв. Орос монгол номтой шүүгээ хэд байв. Нэлээд тохитой айл байна. Ширээн дээр шилэн багвар дотор уруулын улаан будаг наалдсан дутуу татаж орхисон тамхины иш нилээд байна. Түүний нэгийг Дормэд татаж байснаа намайг ормогц хаяж шинэ тамхи гаргаж тавиад сая хийсэн гурилтай хоолноос над хийж өгөв. Түүнээс нэг аяга идчихээд явах гэтэл Дормэд намайг саатуулж зохиож байгаа номоо үзүүлэв. Залуучуудыг коммунист ёсоор хүмүүжүүлэх сэдэвтэй зохиол юм байна. Энэ номыг бичих тухай ямар нэгэн албан газартай гэрээ хийж мөнгө авсан тэгээд хугацаа нь ойртож сандарч байгаа бололтой байлаа. Номоо бичиж дунд нь оруулсан бололтой. Дормэд над хэллээ: "Гол утга санааг орос номоос орчуулаад баримт материалыг монголын амьдралаас аваад зохиож байгаа" гэж байна. Нэг бүлгийг сөхөж үзвэл "Шинэ гэр бүлийн харьцаа" гэсэн нэртэй байна. Тэнд бичсэн хэдэн үг миний санаанд үлдлээ. "Жинхэнэ янаг сэтгэл дээр үндэслэсэн гэр бүл бол ёстой янаг сэтгэлийн гэр бүл болно" гэжээ. Цааш нь хэдэн хуудас эргүүлээд хартал "Хүүхдийн хүмүүжил бол эцэг эх багш гурваас шалтгаална" гэж байна. Ерөнхий үг олонтой баримт цөөнтэй юм шиг санагдаж байна. Түүнийгээ надаар засуулах хянуулах янзтай юм бас ярилаа. "За явах уу?" гэсэнд Дормэд "За байз даа. Цаг эрт байна. Миний мотоцикл нэг ухасхийгээд Улиастай хүргэнэ. Нартай байхад бид очоод юу хийх вэ?"Чөтгөр шөнө л явна" гээд мэргэн үг хэлсэндээ бахадсан мэт инээв. Тэгээд бид хоёр шинэ чөлөөт янаг сэтгэлийн тухай ярилцаж байв. Дормэд гэнэт нэг юм бодох шиг боллоо. Түүний ухаанд нэг мэргэн үг орж ирэв бололтой. "Дэлхийн аль ч улсын хүн амын бүртгэлийг үзэхэд эмэгтэй хүн эрэгтэй хунээс олон байдаг байна. Түүний учир нь юу вэ?" гэж надаас асуугаад хүзүүгээ гүлдийлгэв. Би "Мэдэхгүй. Нээрээ тийм байдаг байх" гэлээ. "Тэгэхлээр яах ёстой вэ?" гэлээ. Би бас л "Мэдэхгүй" гэлээ. Тэгэхэд Дормэд нүдээ бүлтийлгэн хараад "Нэг эрэгтэй хүн хэдэн эмэгтэй хүнд үйлчлэх хэрэгтэй юм. Байгаль үүнийг шаардаж байна. Тэгэхгүй бол юу болох вэ? Эзэнгүй үлдэх болно" гээд гүлдийсэн хүзүүгээ татаж аваад галуу шиг толгойгоо ийш тийш нь хөдөлгөж байна. "Чи энэ саналаа энэ номондоо бичиж байгаа юм уу?" гэж би тоглож асуусанд тэр инээж: "Бодох нэг хэрэг бичих өөр хэрэг" гэж хэлээд нүдээ жийхайлгав. Үүнд би татгалзаж "Бодох бичих хоёр нэгдвэл сая сайн ном болох уу даа?" гэсэнд Дормэд "Нээрээ тийм. Таных тун зөв. Би тоглож хэлсэн юм" гэв. Тэгээд гоёмсог дэгжин хувцсаа тайлж ерийн хувцсаа сольж өмсөхийн тулд хэдэн шүүгээ онгойлгов. Нэг шүүгээнд эмэгтэй хүний өвлийн сайхан дээл хоёр харагдав. Нэг шүүгээнд нисдэг онгоц харайдаг сармагчин гүйдэг чийчаан зэрэг хүүхдийн тоглоом олон харагдав. "Чамд эмэгтэй хүний дээл хүүхдийн тоглоом ямар хэрэгтэй юм бэ?" гэж гайхан асуусанд "Та амьдрал мэдэхгүй байна" гэж шоглож хэлэв. Хоёул гарч мотоциклд суух үед Дормэд намхан дуугаар: "Миний салсан эхнэр хувцсаа аваачаагүй байгаа юм" гээд "Чөтгөр шинжлэх бригад урагшаа давшаад" гэж чангаар хэлэв. Би "Дуугүй байгаач" Чөтгөр шалгах гэж явна гэж хүн мэдвэл дэмий юм болно. Ялангуяа чөтгөр мэдвэл зугатчихна" гэж тоглож хэлэв. Үнэндээ бид хоёр ямар нэгэн чөтгөртэй дайралдана гэж итгэхгүй байлаа. Чөтгөр шалгах гэдэг маань бараг зугаалахын шалтаг болж байна.

IV.

      Бензин түгээх цонжинд очиж жаахан бензин аваад явах гэтэл нэг өндөрлөг биетэй хар хүн тэнд явж байна. Тэр хүн бидэнтэй мэндлээд Дормэдэд хэлж байна: "Чи хүүхдийн больницод очиж нөгөө муу хүүгээ нэг эргээч. Өвчтэй байгаагий нь мэдсээр байгаад хагас жил болоход нэг ч эргэхгүй яасан хүн бэ? Чиний терсөн үр шүү дээ. Эргэж очоод толгойгий нь илээд магнай дээр нь нэг үнсээд "Миний хүү хурдан эдгээрэй" гэж хэлээд гарчихад чамаас юу ч хорохгүй. Тэр муу өнчин хүүд хэчнээн аятайхан байх вэ? Эхий нь чи дунд . ." гээд цааш нь хэлэх гэтэл Дормэд түүний үгийг тасалж: "Банзар гуай Би Да багшийг хүргэх гэж яарч явнаа. Орой хоёул уулзаж ярья" гэж хэлээд мотороо түжигнүулж эхэллээ. Тэгээд Банзар надаас дэмжлэг горьдсон мэт хараад намайг их яарахгүй байна гэж мэдмэгц хэллээ: "Чи байз, Миний үгийг дуул. Эхий нь чи жирэмсэн болгож дунд сургуулиас гаргалаа. Хөөрхий тэр дүү минь төрөхөөс болж өнгөрлөө. Оршуулах өдөр чи ямар сайхан үг хэлж байлаа. Тэгээд ганц үлдсэн нялх үрий нь чи нэг эргэж үзсэнгүй хаялаа. Би түүнийг өсгөж өндийлгөж байна. Чи хүний урманд түүнд гурван төгрөгийн чихэр авч өгсөн үү?" Үгүй шүү дээ. Тэр ч яах вэ. Би манаачийн ажилтай ядуу хүн боловч чамаас мөнгө горьдохгүй. Тэр өнчин хүү эцэгтэй гэдгээ мэддэг. Чиний манайд хаясан уранхай галстугийг үргэлж хадгалж явдаг. Чи тэгэхэд өвчтэй байхад нь эргэхгүй юм" гээд нулимсаа арчив. Цааш нь олон үг хэлэх гэтэл Дормэд мотоциклээ орхиод Банзарыг аятайхан хөтөлж надаас холдуулаад олон сайхан үг хэлж байгаа бололтой өврөөсөө хэдэн төгрөг авч өгч байх шиг байлаа. Ингэж ая засаж Банзарыг орхиод түүнийг "Базаахгүй хүн юм уу?" гэж би бодоод харсанд тэр жаахан мушилзаж инээгээд хавхнаас мултарсан үнэг шиг нүдээ жийтайлгаад давхиж гарлаа. Дормэд замдаа над биеэ зөвтгөх чиглэлтэй үг ярьж эхэллээ. "Банзарыг та таних уу?" Нойтон хамуу шиг хэцүү хүн шүү" гэв. "Ер нь чиний базаахгүй явдал цухуйж байх шив дээ" гэж хэлтэл Дормэд миний сэтгэгдлийг хувиргах санаатай юм ярьж байна: "Та дуулж бай. Энэ ч их учиртай юм. Би ер нь их азгүй хүн. Мөрөөрөө явж байгаад нэг юманд өртчих юм. Миний нэг найз байлаа. Одоо ч бий. Тэр бид хоёр хамт ажиллаж байлаа. Тэгээд хийхийг тэр хийгээд хилэнций нь би хүлээсэн юм" гэв. "Чи огт оролцоогүй юм бол Банзар чамд яагаад тулгаад байгаа юм." гэж би асуулаа. "Эд нар нарийн учрыг мэдэхгүй. Нарийн учрыг яривал бий. Нэгд тэр хөөрхий бүсгүй нас барчихсан юм. Хоёрт найзынхаа нэрийг хайрлах юм. Гуравт над ч бас буруу байгаа юм. Чөтгөр үзэгдэхгүй бол би сайхан ярьж өгнө" гээд аятайхан инээж явлаа. Жаахан явж байгаад над хэлэв. "Танай "Матар" сэтгүүлд дутагдал гаргасан хүнийг мөн ясы нь хавтайтал шүүмжлэх юм. Мөн уран үгээр сайхан шүүмжлэх юмаа гэв. "Танай "Матар" сэтгүүл гэдэг нь юу вэ? Би "Матар"-ын эрхлэгчээс хэдийн халагдсан шүү дээ" гэж намайг хэлэхэд "Өө тийм үү" гээд түүний урам нь нэг л хугарах шиг болоод явчив. Тэгээд явж байтал Улиастайн адагт хүрээд мотоцикл маань таг унтарчихлаа. Хоёул оролдож бүр ядчихлаа. Одоо яах вэ? Явган түрээд буцаад явлаа.

V.

      Бид хоёр мотоциклээ түрсээр нэг том хашааны үүдээр өнгөрөх гэтэл хуучин танил механикч Дугар гаднаа зогсож байна. "Энэ мотоциклын моторыг үзээд өгөөч" гэж би гуйлаа. "За" гээд Дугар мотоциклын дэргэд очоод "Аа та хоёр явж байгаа юм уу?" гэлээ. Дугар бид хоёулыг сайн таних юм байжээ. Дугар Дормэд хоёр мотоциклээр оролдож байх завсар бид тэдний гэрт ороод цай ууж байлаа. Дугар ямар нэгэн багаж авах гэж гэртээ орж ирээд: "Та хоёр Гацууртай орох гэж гарсан юм уу? Та ямар өөдгүй амьтантай нөхөрлөдөг юм бэ? Энэ чинь хүн шиг юм биш шүү дээ" гэхэд "Аа тийм үү?" гэлээ би. "Та Гацууртай орох хэрэгтэй юм бол надтай сайн өдөр яв" гэж байна. "Би нэг орой яваад маргааш өглөө нь буцаж ирвэл зүгээр юмсан" гэв. "Тэгж болно" гэж Дугар хэлэв. Бид хоёр хамт явахаар хэлэлцэж бараг тохирч байтал гаднаас Дормэд намайг дуудаж: "Би явъя даа Мотоциклээ хөтлөөд явъя. Та автобусанд суугаад буцаарай. Маргааш би мотоциклээ засчихаад танайхаар очъё" гээд нэг л их яарсан байдалтай мотоциклээ хөтлөөд хөдлөв. "Энэ чинь тантай мотороо засахгүй яагаад ингэж яарав?" гэж би гадаа гарч ирсэн Дугарт хэллээ. Дугар "Даримааг харчихаад яарч зугтааж байгаа нь тэр" гэв. "Даримаа гэж тийм хэцүү хүн айлгадаг хүүхэн байдаг юм уу?" гэж би гайхаж асуувал "Айлгах юу байх вэ. Хөөрхий амьтан. Дормэдийн эхнэр байсан юм" гэв. Би бүр гайхаж: "Дормэд чинь хэчнээн эхнэр сольж амжсан хүн бэ?" гэлээ. Дугар хуруугаа дарж жаахан бодоод "Эхнэр болгож байсан нь таваас дээш байх. Эргүүлж тойруулж байсан нь таван тав хорин таваас дээш байх" гээд инээв. "Учир мэдэхгүй гэнэн охидыг гэнэдүүлж оосорлодог сайн уургачин байгаа юм. Урьд багш байсан юм. Багшаасаа ч хөөгдсөн" гээд бандан дээр намайг бас урьж суулгаад дуугаа нам болгож яриагаа үргэлжлүүлэн: "Энэ Даримаа дунд сургуулийн онц сурлагатны нэг чухам шинэ цэцэг шиг хөөрхөн хүүхэд байлаа. Дормэд эдний сургуулийн багш байгаад Даримаа онц сурлагатай урлагийн авьяастай энэ тэр гэж магтаад өвдөг дээрээ суулгаад өхөөрддөг байсан. Би тэр сургуулийн машин тэргийг засаж өгдөг сургуулиар орж гардаг байлаа. Тэгж байтал өнөөх туранхай жаахан Даримаа гэнэт хурдан өсөж хацар нь улайж бүртийгээд ирлээ. Жирэмсэн болжээ. Тэгэхлээр нь Дормэд Даримааг сургуулиас гаргаад техникумд орууллаа. Хүүхэд нь гарлаа. Дормэд нэг хоёр жил эргэж тойроод овоо л байсан. Хоёр хүүхэдтэй боллоо. Нэг хүүхэд дутуу гаргалаа. Дормэд уйдсан юм биз, үзэгдэхээ больсон. Хорин хэд хүрэхээр нь хүүхнийг хөгширлөө гээд хаядаг гэж хүн ярьдаг юм. Үнэн байхаа. Энэ хоёрын дундаас гарсан хүү одоо гайгүй сайн хулгайч болоод хөдөлмөрийн сургуульд байгаа. Нөгөө бүсгүйг Даримаагийн эгч өргөж авсан. Тэр хөдөлмөрийн сургуульд байгаа хүүгээ Дормэд нэг ч эргэж очоогүй, ердөө анхаардаггүй гэдэг юм. Даримаа Дормэдэд орхигдоод хоёр ч хар хүн сольчхов уу даа. Нэг л их гунигтай ганц бие хүүхэн байдаг юм" гэж ярив. Ц.ДАМДИНСҮРЭН

Р.Батрагчаа: Эсрэгээрээ шүүх Э.Бат-Үүлийн хууль зөрчснийг тогтоочихсон
Р.Батрагчаа: Эсрэгээрээ шүүх Э.Бат-Үүлийн хууль зөрчснийг тогтоочихсон
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.