Ж.Баясгалан: Ээж минь л миний хувьд амьд бурхан байлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
37 минут 46 секунд
Ж.Баясгалан: Ээж минь л миний хувьд амьд бурхан байлаа

Ж.Баясгалан: Ээж минь л миний хувьд амьд бурхан байлаа

Сүүлийн үед Ж.Баясгалан хэмээх уран бүтээлч олны анхаарлын татах боллоо. Зарим жүжигчид тоо биш чанарт анхаардаг гэдэг. Тэгвэл Ж.Баясгалан тэр л үг түүнд зохих мэт. Ж.Баясгалан нь УДЭТ-ийн тайзнаа “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье” зэрэг жүжигт тоглосон бол “Бодлын хулгайч”, “Үргээлэг” кинонд дүрээ мөнхөлсөн нэлээдгүй сайн уран бүтээлч.

Тэгвэл энэ удаагийнхаа VIP ярилцлагын буландаа жүжигчин, бизнесмэн Ж.Баясгаланг урьж оролцууллаа. Тэрээр хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд бодибилдингийн спортоор хичээллэдэг нэгэн юм. Ингээд түүнтэй ярилцсан сонирхолтой яриаг уншигч та бүхэндээ хүргэж байна.

Яриагаа таны эрхэлдэг бизнесээс эхлүүлье гэж бодож  байна?

-Уул уурхайн бизнес эрхэлдэг. “Үүрт гоулд” гээд алтны компанитай. Манайх айхтар том биш дундаж л компани. Аав маань анх байгуулж байсан компани. Төв аймагт алтны шороон ордтой. Нийт 70 гаруй ажилтантай.

-Та баян юм биш үү. Таныг гадуур “Баян Баясаа” гэж ярих юм байна шүү дээ?

- Би айхтар бизнесмэн ч биш. Бас баян хүн биш. Би хайртай гэр бүлээрээ л баян, зүгээр л хөдөлмөрч хүн.

-Газрын доорх баялагаа зүй зохистой ашиглах талаар маш их ярьж байна. Уул уурхайгаа ашиглах нь зөв, буруу гээд. Хамгийн тод жишээ нь Тавантолгойн асуудал юм?

-Уул уурхай хамгийн эрсдэлтэй салбар. Улс үүн дээр зөв анхаарал тавих ёстой. Нөхөн сэргээлтийг маш сайн хийлгэх хэрэгтэй. Өнөөдөр “нинжа” нар хичээн их газрыг үгүй хийж байна. Гэтэл татвар төлдөг аж ахуйн нэгжтэй бүх хариуцлагыг тооцож болдог. Энэ салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Магадгүй 20, 30 жилийн дараа алт нь үнэ цэнэгүй болвол яах вэ. Тэгвэл бид хүүхдүүддээ мөрөөдлөөс өөр эд хөрөнгөгүй үлдээж байгаатай адил. Тиймээс баялагаа ашиглаад баялаг бүтээдэг үйлдвэрүүдийг бий болгох ёстой. Жишээлбэл Тавантолгойг ард түмэнд өгөөжтэй, тэгш хэлбэрээр өгөх нь зүйтэй. Харин хэдхэн хүний халаасанд орохоор шийдэж болохгүй. Улсад мөнгө орж ирвэл хувийн сургуультай адил төвшиний сургууль барьна. Тэгвэл бүх хүүхдүүд адил боловсрол хүртэх болно. Өнөөдөр хувийн сургуулийн төлбөр ямар үнэтэй байдаг гээч. Орчлон сургуулийн төлбөр нэгдүгээр ангийн хүүхдийн төлбөр 15-20 сая төгрөг. Гурван хүүхэдтэй айл хүүхдээ сургуульд сургахад 60 сая төгрөг.

-Та хэр завгүй хүн бэ?

-Завгүй байна гэдэг нь худлаа юм билээ. Хүн өөрөө л ажил амьдралаа зохицуулж чадвал ямар ч ажилтай байсан зав гардаг. Ямар ч хүнд зорилго гэдэг зүйл бий. Түүнд хүрэхийн тулд хэсгүүдийн зорилтууд гэж байна. Би залуучуудыг ганцхан зүйлд сураасай гэж хүсдэг. Бид бүгд тэгээс эхэлсэн. Аль нь ч язгууртан баячууд биш байсан. 90 онд зах зээл эхлээд наймаа хийх нь наймаа хийгээд ажлаа хийх нь ажлаа хийж бүгд нэг гараанаас эхэлсэн. Залуучууд хөдөлмөрлөдөг байх ёстой. Хөдөлмөрлөж байж олсон зүйл бол баялаг болж чаддаг. Гэнэт олсон зүйлийг баялаг гэж хэлэхэд хэцүү дээ.

-Та хэдий хэмжээнд хөдөлмөрлөж байж өнөөдрийн энэ амжилтад хүрсэн бэ?

-Би бол амжилт өөдөө тэмүүлж яваа хүн. Амжилтад шунаж яваа залуу. Х.Баянмөнх аваргын хэлсэн шиг би сайхан амьдралын төлөө шунаж явдаг. Амьдрахын тулд шунаж, амжилтын төлөө зүтгэж явна. Түүнээс биш би яг одоо өөрийгөө амжилтад хүрчихсэн гэж боддоггүй. Цаашдаа  олон зүйл хийхээр төлөвлөж байна. Манай аав ээж хүүхдүүдээ хөдөлмөрч бай л гэж хүмүүжүүлсэн. Хүн хүнийг хайрлах ёстой. Хайр байгаа газар л хайр ирнэ. Чи сайн найзыг хайх хэрэггүй. Харин сайн найз байх хэрэгтэй гэдэг зүйлийг л сургаж өсгөсөн. Эрэгтэй хүн бол ямар ч үед амьдрах чадвартай байх ёстой. Хүйтэнд гал түлчихдэг, хоолоо олоод идчихдэг байх хэрэгтэй.

 

-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Аав ээжийнхээ тухай ярьвал?

-Би гэр бүлээрээ бахархах дуртай. Гэр бүл найз нөхөд хань ижил үр хүүхдээрээ бахархахаас өөр сайхан зүйл  байхгүй. Ертөнцийн гуравт адгийн тэнэг эхнэрээ магтана гэж байдагтай би огт  санал нийлдэггүй. Хүн эхнэрийнхээ сайн талыг харж байж л хамт амьдардаг. Эхнэрээ, нөхрөө магтахгүйгээр явна гэдэг надад таалагддаггүй. Манай аав ээж хоёр хоёулаа бүтэн өнчин. Тэр ч утгаараа  биднийг их хайрлаж өдийг хүрсэн. Би сүүлд ааваасаа “би олон хүүхэдтэй болчихлоо. Энэ хүүхдүүдийг сургуульд сургах амархан байна. Хамгийн гол нь яаж тань шиг, ээж шиг өөрсдөдөө хайртай болгох юм бэ” гэж асууж байлаа. Манай ээж элэгний хүнд өвчнөөр өвдсөн. Тэр үед хүүхдүүд нь бүгд донор болж элэгнээсээ өгөх гэсэн боловч нэгнийх нь ч таараагүй. Тэгээд дөрвөн хүүхэд нь зэрэгцэж суугаад уйлаад сууж байхдаа ээждээ бид ийм хайртай байхад бүх зүйл сайхан болно гэж бодож байсан. Хайрыг бий болгосон хүмүүс нь тэд өөрсдөө. Түүнээс биш аав, ээж хоёр маань биднээс тийм зүйлийг нэхээгүй. Аав маань “би та нарыг хүмүүжүүлээгүй. Харин хайрладаг л байсан. Түүнээс биш надад ямар нэгэн арга барил байхгүй” гэсэн. Нээрээ л бодоход манай гэр бүл хайр дээр л тогтдог. Ах нь дүүгээ хайрладаг. Дүү нар нь ах, эгчээ хайрладаг. Хүүхдүүд нь аав ээжийгээ хайрладаг. Манай гэр бүлийн бахархал бол бүгд бие биенээ хайрладаг тэр гайхамшиг дээр л тогтож ирсэн. Энэ бол миний бахархах, онгирох ганц зүйл маань. Тийм ч учраас би ажилчидтайгаа гэр бүл шиг нь байхыг хүсдэг. Би ажилд шинээр орж  буй хүн болгонтой уулзаж чаддаггүй. Харин ажлаас халагдаж байгаа хүн болгонтой уулзахыг хүсдэг. Нэгдүгээрт яагаад халагдсан. Хоёрдугаарт би залуу, тэр хүн залуу хүн бидний амьдрах зам нэг шүү дээ. Энгийн жишээ авахад л бид эргээд худ ураг болохыг үгүйсгэхгүй. Хүн хаалга хааж болно. Гэхдээ  чанга хааж болохгүй. Өөртөө дайсан бэлдэхгүй байх нь чухал. Энэ бол хүнээс айж, эмээж явна гэсэн үг биш. Болох юмыг болохоор нь зохицуулна л гэсэн үг.

 

-Хүн бүр өөрийн гэсэн амьдралын хэв маягтай. Таны амьдралын нэг өдөр хэрхэн өрнөдөг вэ. Та бол тамирчин, бизнесмэн, жүжигчин хүн. Бусдаас онцлогтой байдаг байх?

-Манайх зайсанд байдаг. Өглөө эрт босоод зайсангийнхаа шатаар дөрөв, тав өгсөж уруудахаас эхэлдэг юм. Тэгээд ажилдаа явна. Надад бэлтгэлийн цаг гэж тусдаа тогтсон цаг байдаггүй. Ажлынхаа цаг завыг харж байгаад бэлтгэлээ хийчихнэ. Гэхдээ бэлтгэлээ өдөр бүр хийдэг. Хэрвээ өглөө  амжихгүй бол өдөр, өдөр амжихгүй бол орой, оройдоо амжихгүй бол маргааш өглөө нь эрт босоод хийдэг. Бэлтгэл дууслаа гэрийн зүг яаравчлан  явна даа. Би ан, мото спорт, буудлагын спорт, фитнес гэх зэрэг экстрэм спортуудыг сонирхдог. Мөн аялах маш их дуртай. Түүнээс биш бааранд орох, бүжиглэх, пиво уух болон бөмбөгтэй спортод их муу.

 

-Энэ спортоор хэдийнээс хичээллэх болов. Шалтгаантай гэж сонсож байсан юм байна?

-Ажиглаад байхад монголчууд багийн спортод тааруухан юм шиг санагддаг. Барилдахаараа, зодолдохоороо дийлдэг. Энэ нь олон шалтгаантай л даа. Бие бялдар, зан заншилтай ч холбоотой. Спортод хайртай болно гэдэг өөрийгөө өөрчлөх нэг том зүйл болно. Бодибилдингийн спорт өөрөө маш их зарлагтай. Маш их мөнгө зарцуулж, зарцуулж байгаад шагналын тавцан дээр гарахад ердөө 500 мянган төгрөг л авдаг. Тийм л хатуу спорт. Ер нь энэ спортоор хичээллэх нь хүнийг их төлөвшүүлдэг юм байна лээ. Архи уудаг, тамхи татдаг тамирчин гэж бараг байхгүй. Нэг орсон хүн гарч чаддаггүй гайхалтай спорт. Өмнө нь бүр 90-ээд оны үеэс эхэлж хичээллэсэн. Нэг хэсэг хаячихсан байж байгаад сүүлд 2013 оноос эрчимтэй бэлтгэл сургуулилалт хийж байна. 2012 онд манай ээж элэг, бөөр солиулах том хагалгаанд Энэтхэгт орж байсан. Тэгээд бидний хэнийх нь ч элэг ээжид маань таараагүй. Намайг үзчихээд чиний элэг маш их өөхлөлттэй байна гэж хэлсэн. Хүнд өгөх нь битгий хэл чи өөрөө хавдар болж байна гэсэн. Тэгээд тэр үед нь тоохгүй хаячихсан. Манай хамаатны дүү ээжид маань элэгнээсээ өгч элэг нэгтэй ах дүүс болсон. Миний төрсөн дүү бөөрөө өгсөн. Би бөөрөө өгөх гэсэн чинь хэт сайн ажиллагаатай гээд бас болоогүй. Энэ үед би ээждээ яагаад хариу барьж чаддаггүй юм бэ. Би хувьгүй хүн юм аа гээд дотроо уйлж байлаа. Харамсалтай нь ээж маань 2012 онд бурхан болсон. Бид ажил төрлөө хийгээд явж байтал 2013 онд шөнө нойр хүрэхгүй. Тэгсэн мөртлөө өдөр нь унтчих гээд нозоороод бие нэлээд тавгүй болоод ирсэн. Тэгээд эмчид үзүүлсэн чинь элэгний өөх чинь хатуураад өөхний голомттой хавдар үүсч эхэлж байна. Бараг өөрийн тань амьдрал хэцүү боллоо гэсэн зүйлийг ярьдаг юм байна. Яг тэр үед нь тоогоогүй юм. Гэтэл шөнө унтаж байгаад сэрсэн чинь өөрийн эрхгүй юу билээ гэж бодогдсон. Дөнгөж 30 гаруй настай байдаг. Ядаж ээжээсээ сургамж авдаггүй. Хамгийн гол нь хүүхдүүдээ бодсон. Энэ хэдэн нялх хүүхдүүд цаашдаа яах юм бэ. Би үгүй бол энэ амьдрал хэцүү болно. Өвчинтэйгөө тэмц гэдэг зүйлийг хэлсэн. Тэгээд л маргааш нь зааланд очсон. Зургаан сарын дараа нөгөө эмч дээрээ дахиад үзүүлсэн. Тэр үед хүлээгээд сууж байхдаа дотроо өөрийн эрхгүй айж суусан. Яах бол, юу гэж хэлэх бол гээд. Гэтэл эмч маань нүдэндээ ч итгэхгүй, бүр өөр эмчийг дуудаж ирээд нөгөө их өөх хаашаа алга болчихсон байна. Ямар гайхалтай юм бэ,одоо зүтгээд байгаарай гэсэн. Энэ нь надад маш их урам өгсөн. Одоо би эрүүл саруул сайхан амьдарч явна. Хүн хөдөлмөрийнхөө үр шимийг, амтыг мэдрэх шиг сайхан зүйл байхгүй. Хүмүүст захиж хэлэхэд өвдөхгүйн тулд эрүүл зөв хооллож, ажил амьдралаа зохицуулж сурах хэрэгтэй. Эрүүл байх нь бидний үүрэг шүү гэдгийг ухамсартаа шингээх хэрэгтэй. Би ингээд зүгээр болчихсон юм аа. Чи битгий өвдөөчээ гэж байнга хэлдэг. Хэрвээ би эрүүл байсан бол ээждээ элэгнээсээ өгөх байсан. Өгч чадаагүйдээ би өнөөдрийг хүртэл өөртөө гутаж явдаг. Эцэг эхийнхээ ачийг хариулах гэж байгаа бол эрүүл л байх хэрэгтэй. Өөр юу ч хэрэггүй.

 

-Хөдөлмөрийн үр шим, амтыг мэдрэх ямар байдаг юм бэ?

-Манай аавын үеийнхэн бол жинхэнэ хөдөлмөрийн үр шимээ хүртэж яваа хүмүүс. Аав гэхэд л зүгээр сууддаггүй. Гэртээ нэг өдөр зүгээр суувал өвдчихдөг. Одоо гэхэд л 70 хүрч яваа хүн Хятадад ажил хөөцөлдөөл явж байна. Миний хувьд долдугаар ангиасаа эхэлж ажил хийж үзсэн. Аав ээж мэдээж зөвшөөрдөггүй. Нууцаар бие хамгаалах урлагийн багш, бясалгалын багш зэргийг хийдэг байлаа. Мөн ардын уламжлалт эмчилгээ бариа засал, зүү хүртэл тавьдаг байв. Энэ бол миний сонирхол байсан. Угаасаа тэр үед завгүй байх нь хамгийн гоё санагдаад тэр.Би завгүй байхыг л хүсдэг. Анх хүүхэд байхад хичээлийн хонх хүлээгээл 40 минут ямар удаан юм бэ гэж санагддаг байв. Гэтэл 40 нас дөхөөд ирсэн чинь ерөөсөө долоо хоног юу ч хийж чадаагүй байхад л дуусчихдаг. Хоёр жилийн өмнө ажил төлөвлөчихөөд байж байтал зун дуусчихдаг юм байна. Тэгээд аавтайгаа ярьж байгаад хэлсэн чинь миний хүү одоо л хүн болж байна даа. Юм хийж байгаа хүнд цаг хугацаа хурдан өнгөрдөг. Ажил амжихгүй байна гэж юмыг хойш нь тавих хамгийн буруу. Хөдөлмөрийн үр шим хожим нь гардаг юм. Завгүй гээд хойш тавих л юм бол амьдралд нэг алхам ухарч байна гэж өөртөө хэлэх хэрэгтэй. Би өөрийгөө завгүй гэж их боддог байсан. Гэтэл надад нэг том улстөрч, бизнесмэн, сайд хүн чи завгүй, завгүй л гэж байхын надаас  л завгүй байв гэж дээ гээд. Нээрээ ч тэр хүнээс завгүй байна юу байх билээ. Тэр цагаас  хойш өөртөө зав гаргахыг хичээдэг болсон. Үргээлэг киноны үеэр өдөр нь ажлаа хийгээд орой нь 12 цаг болтол зураг авалтандаа орчихоод хүн бүр гэрлүүгээ унтахаар явж байхад бид заалны түлхүүр авч үлдээд бэлтгэлээ хийчихээд харьдаг байлаа. Энэ мэтээр хүн хүсвэл завыг хэзээд л гаргаж чаддаг юм. Тэр тусмаа залуучууд зав гаргаж чадахгүй байна гэдэг бүр худлаа.

-Өнөөдөр энд зогсож байхын тулд олон зүйлийг мөрөөдөж ирсэн байх. Одоо танд ямар мөрөөдөл байна вэ. Нууц биш бол?

Арнолд сэтгүүлчийн таны мөрөөдөл гэсэн асуултад “Миний мөрөөдөл үү. Би мөрөөдөлдөө хүрчихсэн л дээ. Одоо би бүх дэлхийн ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй” гэж хариулсан. Тийм зүйл байхгүй шүү дээ гэхэд харин тиймээ хүний мөрөөдөл хол байх хэрэгтэй гэдгийг би ойлгосон гэж хариулсан байдаг. Тэгэхээр хүн хол  ч гэсэн бодитой мөрөөдөлтэй  байх хэрэгтэй. Төрсөн дүү минь ээжид маань бөөрөө өгсөн. Би дүүгийнхээ өмнө өртэй хүн. Хамаатны дүүгийн маань элэг төлжөөд ургасан. Би технологи маш хурдан хөгжөөсэй гэж хүсдэг. Өөрийнхтэй нь адил бөөр гараасай гэж боддог. Хэрвээ тэгвэл би хамгийн түрүүнд дүүдээ авч өгнө. Энэ л миний мөрөөдөл. Түүнээс биш надаас шалтгаалах зүйлийг би өөрөө бүтээж чадах учраас би өөр юу ч мөрөөддөггүй. Дүүгээ л бөөртэй болгочихвол мөрөөдөл маань биелнэ. Гэхдээ хүнээс биш. Ялгаагүй нөгөө талд дахиад нэг хүн бий. Би нэг хүний төлөө нөгөө хүнийг золиослохыг хүсэхгүй байна. Тийм болохоор технологи бушуухан хөгжих хэрэгтэй.

 

-Одооны залуучууд хэтэрхий амар хялбар амьдралыг хүсдэг боллоо гэдэг үгийг олонтаа сонсож  байна. Сайхан амьдралыг босгохын тулд яах ёстой юм бол?

-Хөдөлмөрлө. Амар хялбараар боссон  амьдрал гэж хэрвээ байвал тэр  чинь хамгийн үнэ цэнэ муутай. Өлсөж үзээгүй хүн талхны амтыг мэдэхгүй шүү дээ. Аз жаргалтай хором бүрээ олон болго. Би олон зүйлийг хийх гэж хичээж ирлээ. Одоо хүмүүс ярьдаг л даа гоё ганган машин хөөцөлдөөл тэрийгээ их юманд боддог гэж. Яах вэ нэг талдаа тэрийгээ гайхуулаад байгаа хүндээ  бол тийм. Би үнэхээр гоё спорт машин унахыг хүсдэг. Миний ажил уул уурхай, ан гөрөө гээд хөдөө орон нутаг байнга явдаг. Сонирхол амьдралын хэв маяг хоёр маань зөрчилдөж байгаа учир жийп ундаг. Угаасаа монголчууд сайн морь, сайхан эхнэр хоёроор өөрийг чимж явдаг. Харин сайн хүлэг унахын тулд хөдөлмөрлөх нь л хамгийн чухал. Түүнээс биш сайн яваа нэгэндээ атаархаж болохгүй.Хөдөлмөрлөсөн хүмүүсийг бусад хар аргаар мөнгө олсон хүмүүстэй хольж нийтээр нь хараар будах хэрэггүй. Биднийг бага байхад баян айлын хүүхдүүдийг муу хүүхэд л гэдэг байсан. Ямбатан ноёдын хүүхдийг ямар ч үед битгий түш. Ядуу айлын хүүхдээс ялимгүй ч гэсэн битгий холд гээд л. Харин зах зээлийн нийгэмд хэн хөдөлмөрлөж чадна. Тэр хүн сайхан амьдардаг болсон цаг шүү дээ. Зүгээр суух хэрэггүй. Юу ч байсан хамаагүй хийгээд үз. Алдахгүй хүн гэж  байдаггүй юм аа. Түүнээс суралцаад дахиад алдахгүй байх  нь чухал. Магадгүй дахиад алдаж болно. Тэгвэл бүр том  алдахгүй байх нь чухал.

Үүнтэй холбоотойгоор нэг зүйл яръя. Би морь уядаг байлаа. Бүр нийслэлийн  алдарт уяач ухаантай. Анх би насны эцэст морь, малтай хөдөө газар эдлэн газартаа ач, зээ нараа цуглуулаад морь унуулаад байна гэж төсөөлдөг байсан юм. Тэр утгаараа олсон хэдэн төгрөгөөрөө угшил сайтай хурдан удмын сайн адуутай болох гэж зүтгэдэг байв. Тэр үед манай хоёр ихэр төрсөн. Яг тэр үед манай найзын хүүхэд ч бас мэндэлсэн. Тэгээд би найздаа хандаад санаандгүй хүүгээр чинь морь унуулна шүү гээд тоглоод хэлчихлээ. Тэгсэн найз маань инээгээд чи муу өөрийнхөө хүүхдийг унуулахгүй юу гэхээр нь би өөдөөс нь миний хүүхэд яаж морь унаж чадахын гэж хэлэнгүүтээ тэр дороо яагаад би өөрийнхөө хүүхдийг морь унуулахгүй байгаа юм бэ. Тэгсэн хэрнээ хүний нялх хүүхдээр унуулах гэнэ үү гэж бодсон. Нэгдүгээрт өөрийгөө зөвтгөж бодвол хотын хүүхэд морь унаж чадахгүй. Нөгөө талаасаа би өөрийгөө ямар харгис юм бэ гэж голсон. Жоохон муухайгаар хэлэхэд би хүний хүүхдийг үх гэж байгаатай л адил. Тэр цагаас хойш мориндоо ач холбогдол өгөхөө больсон. Уралдаан чухал биш харин адууны маань угшил сайжраад, өсөөд байж байх нь л чухал болсон. Морь уралдах бол бидний уламжлал. Аюулгүй байдлыг сайжруулах л хэрэгтэй.

-Өөртөө дүгнэлт хийгээд түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж байна гэдэг бол хамгийн том давуу тал байх.Та хичнээн жил морь уясан бэ, наадмын айраг түрүү зөндөө л авсан биз дээ?

-Зургаан жил морь гэж явсан байх. Ер нь айраг түрүү зөндөө бий. Нийслэлийн хурдад түрүүлж, дүнжингаравт айрагдаж, Төв аймгийн түрүүг нэлээд хэдэн удаа авсан. Хөвсгөл, Хотгойдын наадмуудад түрүүлж байлаа. Уг нь морио аваад хөдөөгөөр явах сайхан шүү.

-Таны сонирхол монголчуудын ахуйтай нэлээд их холбогдох юм аа. Та хөдөөний хүүхэд үү, хотын хүүхэд үү?

-Хөдөө төрөөд хотод өссөн хүүхэд. Архангай аймгийн Тариат суманд мэндэлсэн. Сонирхуулахад манай гэр бүл гоё шүү дээ. Манайх таван хүүхэдтэй айл. Тавуулаа өөр өөр газар төрсөн. Учир нь ээж, аавын маань геологич мэргэжилтэй хүмүүс болохоор тэр. Мөн манай гурван хүүхэд есдүгээр сарын 21-нд төрсөн. Бас их сонин тохиолдол.

-Бизнесийнхэн цаг яг ямагт яаж мөнгө олох вэ, бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ гэж боддог хүмүүс. Таны хувьд?

-Одоо маш гоё бизнес эхлүүлэх гээд явж байна. Бид нар эх орондоо цацагт хяруулын ферм байгуулах гэж байгаа. Энэ зүйл рүү орох болсон минь учиртай. Ээж маань надад маш их зүйл ойлгуулсан. Ээж минь дөрвөн жил өвчтэй байсан. Дөрвөн жилийн турш бид ээжийгээ хаана сайн эмнэлэг байна. Хаана очвол эмчилгээ хийлгэж болохоор байна гээд бүгдээрээ зүтгэдэг байлаа. Сүүлд нь манай ээж хоолны дэглэм гурван жил барьсан. Ямар хоол сайн байдаг талаар их судалгаа хийсэн. Сүүлдээ юу идэх нь биш яаж идэх нь л чухал болж хувирсан. Тэр талаар судалж явж байгаад анх цацагт хяруулын тухай мэдсэн. Цацагт хяруул юугаар давуу талтай вэ гэвэл илчлэг сайтай, калори багатай. Хүний биед өгөх маш их ашиг шимтэй эд юм билээ. Тэгээд бид европоос генийн ямар нэгэн өөрчлөлтгүй сайн чанарын цацагт хяруулуудыг нутагшуулаад эхэлсэн. Монгол хяруул гэдэг брэнд болж худалдаанд гарна. Үүний гол зорилго нь юу вэ. Яагаад энийг яриад байгаа вэ гэвэл Монгол хүнийг эрүүл байгаасай гэж хүсч байгаа учраас тэр. Өвдчихсөн хойноо мянган эм уугаад зүгээр болдоггүй. Эмчилгээ хийгээд зүгээр болдоггүй юм байна гэдгийг ойлгочихсон. Ээжийгээ эрт эмчлүүлсэн бол ээж маань өвчнөө шүд зуун тэвчээгүй бол биднээс өвчнөө нуугаагүй бол эрүүл болох боломж байсан. Ээж маань зүгээрээ гэж хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр байгаад өвчнөө туйлдаа хүргэчихсэн юм. Эхнээсээ эрүүл зөв хооллож байсан бол өнөөдөр бид элэг бүтэн байх байсан. Ээжийгээ өвчтэй байхад цацагт хяруулын мах өгдөг байлаа. Монголд орж ирдэг цацагт хяруулын мах маш үнэтэй байдаг юм билээ. Хамгийн хямд нь нэг кг нь 18 мянган төгрөг. Би энэ бизнестээ нэг том зорилт тавьсан нь бүх хүн идэж чадах хэмжээнд үнийг нь тогтоох явдал юм.

-Гэр бүлийнхэнийхээ тухай яриач?

-Манай эхнэрийг Мөнхтуяа гэдэг. Бид хоёр 2004 онд анхны бороо орсон тэр сайхан өдөр танилцаж байлаа. Эхнэр маань надаас бага зэрэг дүү. Хэрвээ би амжилттай яваа гэж бодох юм бол миний ард үргэлж л гэр бүл маань л байдаг. Жишээлбэл сая би нийслэлийн бодибилдинг спортын тэмцээнд оролцоод дөрөвдүгээр байранд орсон. Энд орохыг эхнэр минь л зөвлөсөн, зоригжуулсан. Үргэлж намайг хурцалж өгч байдаг. Бид хоёр анх танилцахад өөр өөр зүг рүү харсан хүмүүс байсан. Одоо бид хоёр нэг зүг рүү хардаг болсон. Би гэр бүлээрээ цаг ямагт бахархаж явдаг. Миний эрхэмлэх зүйл гэвэл бурханаас илүүтэй гэр бүл маань. Бас ээж минь л миний хувьд амьд бурхан байлаа.

-Хүн бүрийн ээж үр хүүхэддээ амьд бурхан нь байдаг. Хэрвээ танд хэцүү биш бол ээжийнхээ тухай бага зэрэг дурсахгүй юу?

-Би айлын бага хүү гээд нэлээд эрх байлаа. Дөрвөн настайдаа эмээ маань намайг уншиж сургасан юм. Тэгээд Камбож ардын үлгэр гээд нэг ном уншчихсан юм. Тэр номон дээр зааны ясан эрэг дээрх сүнснүүдийн тухай гардаг. Гэтэл нөгөө сүнснүүдийг шөнө зүүдлээд унтахаа байлаа. Хөдөө эмээгийндээ байсан чинь  аав ээж хоёр амралтаа аваад ирлээ дээ. Дээр үеийн хоёр зуугийн төмөр ор дээр аав ээжтэй унтлаа. Эхлээд аавын талаар унтсан чинь аавын байхгүй талаа нөгөө сүнснүүд чинь ирээд байгаа юм шиг айдастай унтахгүй юу. Маргааш нь дүүг аавын хажуугаар унтуулаад өөрөө ээжийнхээ араар ороод унтлаа. Хамгийн сонирхолтой нь би тэр шөнө нэг ч зүүдлээгүй, ямар ч айдас мэдрээгүй. Тэгээд л бурхан чинь ээж минь юм байна даа гэж мэдэрсэн. Ямар амар амгалан байсан гэж бодож байна. Харамсалтай нь ээжийнхээ ачийг хариулж чадаагүй байх даа.

 

-Яагаад тэр вэ, ядаж магнайг нь тэнийтэл баярлуулж байсан байлгүй дээ?

-За ер нь сайн сайхан яваа маань ээжийгээ баярлуулж байгаа юм болов уу гэж бодохоос биш өөрөөр эхийнхээ ачийг хариуллаа гэж бодох зүйл байхгүй юм билээ. Би ээжийгээ дандаа л тэврээд явдаг байсан. Цахилгаан шатгүй долоон давхар өөд би ээжийгээ тэврээд гарна. Нэг удаа би ээжийгээ тэвэрч явж байгаад тоглоомоор таныг даахгүйнээ гэсэн чинь ээж чиний хайр багасчихжээ гэж хэлж билээ. Нээрээ тэр үед бодонгуут 70 кг байхад нь даагаад байсан байж 40 кг болчихсон байхад нь ингэж хэлэх гэж дээ гэж бодогдож л байлаа. Магадгүй тухайн үедээ би ээжийнхээ ачийг хариулж байна гэсэн эрдүү бодол төрж байсан. Гэхдээ би цаг үргэлж харамсдаг. Би ээжийгээ эрүүл болгоод ирнэ гээд Энэтхэгт очиж хагалгаанд орсон. Дараа нь нэг шинжилгээ нь муу гарчихаар нь эмнэлэг рүү нь ярихад хэрвээ та нар 48 цагийн дотор ирвэл амьд үлдэх 50 хувийн магадлалтай гэсэн. Бид эндээс 28 цагийн дараа очсон ч харамсалтай нь ээжийн маань уушиг маш муудсан байсан. Тэгээд тэнд би ганцаараа ээжийгээ бүтэн сарын турш асарч байгаад сүүлийн замд нь үдсэн дээ. Өмнө нь би гурван сар ээжийгээ асарсан маань л ядаж ганц шөнө нойроо хагаслаад боссон ачийг нь хариулсан байх. Үнэхээр сүүлийн  хэдэн сар ээжийгээ асарсан маань бурханаас надад өгсөн бэлэг байсан. Ээжийнхээ чандарын хамгийн сүүлийн галыг хамгийн дотны хүн нь зурдаг юм билээ. Би тэрийг нь асаасан. Ямар хэцүү байсан гэж бодож байна. Өөрийгөө бий болгосон хүнийг үгүй хийнэ гэдэг. Нөгөө талаасаа би биш бол хэн гэж бодоод л хийсэн. Тэгээд ээжийнхээ чандарыг тэврээд Монголд ирсэн тэр өдөр миний амьдралын хамгийн хар бараан өдөр байсан. Эмнэлэгт байхад нь нэг удаа ээжийнхээ хөлийг үнэрлэсэн чинь сүү үнэртэх шиг болоод би асгарталаа ганцаараа уйлж байлаа. Магадгүй санаа дагасан ч байж болно. Гэхдээ эмэгтэй хүн, эх хүнээс л ганцхан сүү үнэртдэг юм байна лээ. Тэр сүүний үнэр хэзээ ч арилдаггүй. Залуучууд аав ээж  ингэлээ тэглээ гэж ярьдаг. Үгүй, тэд үргэлж цаг ямагт бидний төлөө амьдардаг. Бидний хийж өгсөн аяга хоолноос илүү чин сэтгэлээсээ хэлсэн хайртай гэдэг үг бүтэн өдрийнх нь аз жаргал болдог юм шүү. Хүн хүнээрээ л дутаж амьдардаг.

-Та жүжигчин мэргэжилтэй. Тиймээс таны мэргэжлийн талаар хоёулаа бага зэрэг яриа өрнүүлье?

-Жүжигчин Баясгалан 1999 СУИС-ийг төгссөн. Ер нь манай ангиас  сайн жүжигчид их олон гарсан. Амраа, Эби, Боогий, Ялалт, Навчаа, Болорчимэг, Гантигмаа, Бямбацогт, Баярхүү гэх зэрэг олон шилдэг уран бүтээлчид төрж гарсан. Энэ бол манай багшийн ач. Би энэ сургуулийг төгссөн цагаас хойш аавынхаа мэргэжлийг өвлөөд бизнесийн салбарт хүч үзэх болсон. Театрын хоёр уран бүтээл, дэлгэцийн хоёр бүтээлд тоглосон. Өнгөрсөн жил ангиараа нэг гоё кино хийхээр тохироод Үргээлэг киног бүтээсэн маань үзэгчдийн таашаалыг маш их хүртсэн.

-Үргээлэг кино их өндөр зардлаар бүтсэн. Тэрхүү зардлыг бүгдийг нь таныг гаргасан гэх мэдээлэл байдаг?

-Нийтдээ 530 сая төгрөгөөр хийгдсэн кино. A group, Prime picture зэрэг уран бүтээлчидтэй хамтарч хийсэн. Уран бүтээлээс авахуулаад мөнгө санхүү дээр хүртэл хамтарч ажилласан. Түүнээс биш би ганцаараа санхүүжүүлчихсэн юм биш. Ангиараа сайхан уран бүтээл хийж, нийгэмд шинэ зүйлийг мэдрүүлье гэж бодсон маань амжилттай болсон гэж бодож байгаа.

-Ан авд дуртай гэсэн. Тэр талаараа сонирхуулахгүй юу?

-Ан гэдгийг хүмүүс буруу бодоод байдаг юм. Нэгдүгээрт амьтан алах биш. Хоёрдугаарт хийморь сэргээх бол бүр ч биш. Хийморь амьтан алснаараа сэргэхгүй. Хөдөө гарч хөрч, гадаа гандаж, эрийн шийр зааж байж сэргэдэг юм. Зэвсэг, техникээр биш уламжлалт аргаар гөрөө хийх дуртай. Тэнд л жинхэнэ эр хүний жаргал бий. Өвлийн тэсгэм хүйтэнд арав гаруй хоног явахаар амьдарч сурахгүй яадаг юм бэ. Ер нь монголчуудын түүхэн дэх цорын ганц багийн спорт бол ан шүү дээ. Анчин хүнд сайн буу, сайн морь хоёр шиг хэрэгтэй зүйл байхгүй. Анхны цас оронгуут л гэгэлзээд эхэлнэ шүү дээ. Бас эрчүүдийн сайхан нөхөрлөл үүснэ. Би ер нь байгальд аялах зугаалах дуртай. Нэлээд олон орноор явлаа. Монголоо бараг бүхэлд нь тойрлоо.

-Таны хувьд эрчүүдийн нөхөрлөл гэдэг зүйлийг яаж хүлээж авдаг вэ?

-Би олон танилтай хүн. Найз гэдэг эрхэм хүндэт нэрийг өргөж явах хүн гарын таван хуруунд л байна. Найз гэдэг бол дутуугаа гүйцээж, дундуураа гүйцээж явахыг л хэлнэ. Сайн найзыг хайж яваад хэрэггүй. Чи өөрөө л сайн найз байх хэрэгтэй.

-Жүжигчин Б.Амараа та хоёр хэр сайн найз вэ?

-Бид хоёр хорь гаруй жил найзалж байна. Миний хамгийн сайн найзуудын маань нэг.Бид хоёрын нөхөрлөл зөвхөн биднээр ч тогтохгүй үнэ цэнэтэй. Бодитой сайхан нөхөрлөл.

-Та Б.Амарааг холливудын кинонд тоглоод ирэхэд нь алтан суурьтай мөнгөн аяга бэлэглэсэн байсан. Нууц биш бол үнэ ханш нь хэд вэ?

-Тэр нууц хэвээрээ үлдэг. Би найздаа зориулж өөрөө загварыг нь гаргаад Монголын нэлээн нэртэй мундаг дарханаар хийлгэсэн. Үерхэл, нөхөрлөл гэдэг зүйлийн үнэ цэнийг шингээсэн.

-Таны ярианаас ажиглаад байхад та залуучуудад зарим талаараа шүүмжлэлтэй хандаж магадгүй юм гэсэн бодол төрлөө?

-Залуучууд бид өнөөдөр бүгд шүүмжлэгчийн байран дээр зогсчихсон. Би залуу хүн учраас завтай байхыг хүсдэггүй. Аль болох юм хийхийг хичээдэг. Зөвхөн бусдыг шүүмжилж байна. Бусдыг хайрлаж сурах хэрэгтэй. Чи бизнесээ хайрлаад л бай. Тэгвэл бизнес чинь чамайг хайрлана. Чи аав ээжээ хайрла тэгвэл бүх зүйл чинь бүтнэ. Амьдралыг хайрла. Тэгвэл амьдрал чамайг хайрлана. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Зүгээр суугаад байвал тэр газраа суугаад л байна гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ нэг үеэ бодвол сайхан хөгжиж, боловсорч байгаа. Хар даа барилгын салбар ямар хэмжээнд хөгжиж байгаа. Битгий юм бүхнийг болохгүй бүтэхгүй талаас нь харж бай. Амьдрал өөрөө баялаг юм шүү дээ. Өөрт байгаа бүхнээ хайрлаж сураарай залуусаа. Ялангуяа аав, ээжээ. Хайр гэдэг бол зөвхөн хайрлаж энхрийлэх юм биш хүндлэл юм шүү. Би ажилдаа хайртай, гэр бүлдээ хайртай, спортдоо хайртай, эх орондоо хайртай.

 

 

Ярилцсан: Г.Лхагвадорж

Зочин: Ж.Баясгалан

Зургийг: Портал студи, Portal

Эх сурвалж: Zaluu.com

Арслангуудын дур булаам байдал, сексийн идэвх нэмэгдэнэ
Арслангуудын дур булаам байдал, сексийн идэвх нэмэгдэнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.