Сошиалаар бусдыг гүтгэхтэй хэрхэн тэмцэх вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 21 секунд
Сошиалаар бусдыг гүтгэхтэй хэрхэн тэмцэх вэ?

Сошиалаар бусдыг гүтгэхтэй хэрхэн тэмцэх вэ?

Хүн нэрээ тогос өдөө!

Монголчууд нэр төрөө эрхэмлэн дээдэлж явахыг машид эрхэмлэдэг ард түмэн гэдгийг бидний туулж өнгөрүүлсэн амьдралын үнэн бодит түүхүүдээс бэлхнээ харж болно. Иймдээ ч монгол ардын зүйр цэцэн үгс, сургааль, шастир, үлгэр домогт нэр төрөө эрхэмлэхийг сургасаар иржээ.

Гүжирдэх, гутаах, доромж үг хэлэхгүй байх зэрэг нь хүний ухамсар, төлөвшил, ёс суртахуунтай салшгүй холбоотой байдаг. Угтаа чи хулгай хийж болохгүй, худал хэлж болохгүй, ах захаа хүндлэх ёстой гэсэн нийгэмд зан заншил болтлоо тогтож, мөрдөгдсөн хэм хэмжээний ойлголтуудтай ижил гэж би хувьдаа боддог.

Харин XXI зуун гарснаар сошиал медиа буюу цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэхдээ зөв боловсон уур амьсгалыг бүрдүүлж, бусдад хүндэтгэлтэй байж, хэрхэн эерэг хандлагыг түгээх вэ гэдэгтэй дэлхий нийтээрээ нүүр тулгарсан юм. Нийгмийн шүдний өвчин болсон энэ асуудалтай цаашид тэмцэхгүй, арга хэмжээ авахгүй бол ямар их хор аюултай, халдварлан дамжих эрсдэлтэй болох нь алхам тутамд мэдэгдсээр байна.

Тэгвэл ямар тохиолдолд хуулиар зохицуулагдах вэ?

Гүтгэх гэдэг ойлголтыг ярихын өмнө хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг заавал авч үзэх ёстой.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол түүнгүйгээр хүн хэвийн амьдарч чадахгүй, нийгэм эрүүл саруул оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулж чадахгүй тийм орчин юм.[1] гэжээ. Түүх сөхвөл 1789 оны Францын Иргэний эрхийн тунхаглалын 11 дүгээр зүйлд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үндсэн эрхийг анх тунхагласан байдаг. Хүний эрх, эрх чөлөөг Францын хувьсгалаас хүн төрөлхтөнд өгсөн бэлэг гэж зарим эх сурвалжуудад тэмдэглэсэн байх нь бий.

Тус тунхаглалын 11 дүгээр заалт нь Францын (1958) Үндсэн хуулийн оршлын нэг хэсгийг бүрдүүлдэг ба үүнд “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний хамгийн үнэт эрх чөлөө юм. Гэхдээ хүн бүр чөлөөтэй ярих, бичих, хэвлэх эрхтэй боловч чингэхдээ энэхүү эрх чөлөөгөө буруугаар ашигласан бол хуульд заасан тохиолдлуудад хариуцлага хүлээх болно” гэдэгт бусдыг ор үндэсгүйгээр гүтгэх, доромжлох асуудал зайлшгүй багтдаг. Иймдээ ч Монгол Улсын хууль тогтоомжуудад дараах байдлаар хуульчилсан.

Монгол Улсын Үндсэн хууль

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, итгэл үнэмшилтэй байх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй гэж заасан. Харин нэр төрийг нь доромжлохгүй байх, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэхийг мөн хуульд ёсчлон биелүүлэх үндсэн үүрэгтэйгээр тус тус зохицуулжээ.

Эдгээр эрх, үүргүүдийн харилцан хамаарлыг тунхаглалын шинжтэй болгон орхих биш төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна хэмээн Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д төрийн заавал биелүүлэх үүрэг болгон оруулж өгсөн.

Гүтгэх хэмээх ойлголт нь эрх зүйн хувьд туйлын (абсолют) шинж чанартай ойлголт биш юм. Дугаар хорооны хоёр иргэний хооронд үл ойлголцох, бие биенээ гүтгэх зэрэг нь байж л байдаг ердийн мэт үзэгдэл болтлоо хэвшсэн ойлголт бол үүнийг хуулиар зохицуулах боломж хомс. Харин цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэхдээ хуулиар хамгаалагдсан бусдын нэр төр, алдар хүндэд халдсан гэж тооцогдсон тохиолдолд Эрүүгийн, Иргэний, Зөрчлийн тухай хуулиудаар зохицуулагдаж байдаг харилцаа болох юм.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эрх байх боловч түгээхдээ цахим орчныг буруугаар ашигласан тохиолдолд мөн хуулиар хамгаалагдсан бусдын халдашгүй чөлөөтэй байх, нэр төр, алдар хүндээ эрхэмлэх эрхийн асуудлыг зөрчсөн үйлдэл болдог байна.

Гүжир үг гүнзгий уснаас хэцүү

 

Хуучин мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд (2002–2015) гүтгэх, доромжлохыг гэмт хэрэгт тооцож тус тусад нь зүйл ангиар шийтгэл оногдуулж байсан бол 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 6.21-д нэг зүйл анги болгон хамтатган зүйлчилж байна. Хууль зүйн онолын хувьд ч зоосны хоёр тал мэт ондоо ойлголтуудыг нэгтгэн авч үзсэн нь маш буруу гэлтэй.

Зөрчлийн тухай хууль үйлчилж эхэлсэн нэг жил гаруйхан энэ богино хугацаанд тус зүйл ангиар олон зуун хүнийг гүтгэсэн хэмээн үзэж хоёр сая төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин сая төгрөгөөр торгож байгаа нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэгчтэй ижил билээ. Мөн зөрчил шалган шийдвэрлэх хугацааны хувьд богино, зөрчлийн хэрэг бүртгэл үүсгээд шалгаж байгаа хэрэг бүртгэгч, мөрдөгчийн ур чадвар доогуур зэрэг нь цаашид Зөрчлийн тухай хуулиар зохицуулж болохгүйг харуулсаар байна.

Нэгдсэн үндэсний байгууллагаас Монгол Улсын Засгийн газарт өгдөг санал, зөвлөмжид бусдыг гүтгэсэн, доромжилсны төлөө хэрхэвч эрүүгийн хариуцлага тэр дундаа хорих, баривчлах санкци байж болохгүй талаар зөвлөсөөр ирсэн билээ.[2] Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийг өмнөх эрүүгийн хуультай харьцуулахад гүтгэх, доромжлохыг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж үзэж болох талтай.

Гэвч хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийн 8-д Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан бол гэдэг зүйл ангиар торгох, нийтэд тустай ажил хийлгэх, нийтийн албанд томилогдох эрх хасах, зорчих эрхийг хязгаарлах зэрэг ял оногдуулахаас гадна 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан нь хэн нэгнийг “гүтгэсэн” хэмээн үзэж ял оногдуулах бүрэн боломжтойгоос гадна Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудаар хүлээсэн үүрэгтэй зөрчилдөж байна.

Иймдээ ч сошиалаар бусдыг гүтгэсэн тохиолдолд Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиудаар зохицуулах нь үр дүн муутай, хууль зүйн ач холбогдол багатай гэж дүгнэлт хийж болохоор байна.

Харин Иргэний хуулийн нөөц бололцоонд тулгуурлаж энэ харилцааг зохицуулах бүрэн боломжтой юм. Монгол Улсын Иргэний хуулийн 21, 497, 511 дүгээр зүйлүүдэд иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалсан бөгөөд гэм хор учруулсан тохиолдолд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээсэн билээ.

Гэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг МУҮХ-ийн 16.16-д заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нийцүүлэн шинэчлэх зайлшгүй шаардлагатай юм. Учир нь намайг гүтгэсэн гэж үзэж гомдол, нэхэмжлэл гаргаж байгаа иргэдийн дийлэнх нь улс төрийн өндөр албан тушаалтан байдгийг “Глоб интернэшнл” ТББ-аас гаргадаг судалгааны тайлангаас харж болно.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, улс төрийн өндөр албан тушаалтан хүн нь бусдын гаргасан мэдээллийг илүүтэй хүлцэн тэвчих замаар, гүтгэсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа этгээдэд нотлох үүргийг хүлээлгэх замаар Иргэний хуулийг шинэчлэх, эсхүл шүүх Иргэний хуулийг тайлбарлахдаа хэрэглэж хэвшүүлэх зайлшгүй шаардлага нэгэнт бий болжээ.

Таны эрх хэн нэгний эрхээр хязгаарлагдаж байдгийг санаж, эрх зүйт нийгэмдээ иргэн бүр соёлтой байж, сошиал орчинд эерэг хандлагыг бусдадаа түгээхийг чин сэтгэлээсээ хүсье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

С.Эрдэнэтуул: Хүн ажилдаа хариуцлагатай хандаж, эзэн нь байна гэдэг хамгийн чухал
С.Эрдэнэтуул: Хүн ажилдаа хариуцлагатай хандаж, эзэн нь байна гэдэг хамгийн чухал
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.