С.Эрдэнэтуул: Хүн ажилдаа хариуцлагатай хандаж, эзэн нь байна гэдэг хамгийн чухал
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 30 секунд
С.Эрдэнэтуул: Хүн ажилдаа хариуцлагатай хандаж, эзэн нь байна гэдэг хамгийн чухал

С.Эрдэнэтуул: Хүн ажилдаа хариуцлагатай хандаж, эзэн нь байна гэдэг хамгийн чухал

 

"Эксперт ярьж байна" ярилцлагын булангийн шинэ зочныг та бүхэнтэй уулзуулж байгаадаа баяртай байна. Энэ удаа бид МАН-ын бага хурлын гишүүн С.Эрдэнэтуулыг урьж ярилцлаа.

Түүний хувьд Сингапурт ахлах сургуулиа дүүргэж, Оксфордын их сургуулийг Бизнесийн удирдлагаар төгссөн шилдэг залуу боловсон хүчний нэг юм.


-Бидний урилгыг хүлээн авсан танд юуны өмнө талархал илэрхийлье.

-Баярлалаа.

 -Таныг УИХ-ын гишүүн асан С.Сайхансамбуугийн охин гэдгээр зарим хүн мэддэг. Эхлээд уншигчдад маань өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би ээжийнхээ төгссөн 24 дүгээр сургуульд бэлтгэл ангиасаа орж таван жил суралцсан юм. Бага ангийн маань багш Должин гэж туршлагатай, сайн багш байсан. Намайг тавдугаар ангиа төгсөөд зургаадугаар ангид орох жилд 50-р сургуульд англи хэлний анги нээгдэж, Туул багшийнхаа ангид наймдугаар анги хүртлээ сурсан.  Нийгэм зах зээлд шилжчихсэн ид үе байлаа шүү дээ. Англи хэл ч мода болчихсон толгойтой хүн бүр сурах гэдэг байсан үе.  Туул багш маань одоо Нью-Йорк хотын анхны Монгол сургуулийг нээгээд амжилттай явж байгаа. Үүнийг мэдээд багшаараа маш их бахархсан шүү.

Би наймдугаар ангиа төгсөөд Сингапур улсад "Pioneer" дунд сургуульд дөрвөн  жил суралцаад ахлах сургуулиа төгсөж байлаа.  Дараа нь Лондонгийн "David Game" коллежид есөн сар их сургуулийн бэлтгэлд сурч, сургуульдаа тэнцэж, суралцаад 2005 онд төгсөөд эх орондоо эргэж ирсэн. Тэр үед "Нарантуул" зочид буудал ашиглалтад орж, менежерээр хоёр жил ажилласан юм. Энэ ажлаа хүлээлгэж өгчихөөд хувийн, төрийн гээд хэд хэдэн байгууллагад ажилласан.  

-Таныг Голомт банкинд ажиллаж байсан гэж сонссон. Та тэнд ямар ажил хийдэг байсан бэ. Аав тань нөлөөтэй бизнесмэнүүдийн нэг байтал яагаад банкинд ажиллах болов оо?

- Голомт банкны картын төв Центр пойнт руу нүүж байх үед цалингийн карт хариуцсан мэргэжилтнээр 2007 онд ажиллаж байсан юм. Эргээд бодоход олон хүний цалин миний гараар дамжиж, карт руу нь орж байсан гэхээр сайхан санагддаг. Банкинд ажиллана гэхэд аав, ээж хоёр залуу хүн юм чинь ажил хийж сур гээд дэмжсэн. Миний хувьд бизнес эрхлэгчийн охин гээд амьдралаас тасарсан зүйлгүй, харин ч ойр байсан. Нарантуул зах бол эгэл жирийн иргэдийн амьдралын төлөөлөл болсон газар болохоор тэндээс монголынхоо жинхэнэ бодит амьдралыг ойлгож, мэдэрсэн. Хүн ажилдаа хариуцлагатай хандаж, эзэн нь болно гэдэг хамгийн чухал. Тэгж байж бусадтайгаа нэг баг болж амжилттай ажиллаж, урагшилна.

- Дараа нь Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажилласан байх. Тийм үү?

- Тийм.  Америкт магистерт сурахаар банкны ажлаас гарсан. Тэнд очоод 2-3 сар болж байтал энд аав сонгуульд нэр дэвших болоод буцаад ирсэн учир сургуульдаа сурч чадаагүй. Сонгуулийн дараа Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтэст ажиллаж байгаад  нөхөр хүүхэдтэй болсноос хойш хувийнхаа ажлыг хийж байгаа.

-Таны нөхөр ямар ажилтай хүн бэ. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх хоёр охинтой, ам бүл дөрвүүлээ. Нөхөр маань барилгын чиглэлээр биенес эрхэлдэг залуу бий.

-Ингэхэд, С.Эрдэнэтуул яагаад улс төрд хөл тавих болов. Аавын тань нөлөөлөл бий юу?

-Би 2000 онд Чингэлтэй дүүрэгт сонгуулийн ажилд ухуулагчаар ажилласан. Үүний дараа 2008 онд Завхан аймагт аавынхаа шадар туслахаар ажиллаж, арын албанд нь тусалсан. Ер нь улс төр гэдэг чинь их хэцүү, зөв буруу олон үйл явдал болно. Хэн зөв юм хийж байна, хэн буруу юм хийж байна гэх зэргээр харж л байлаа. Эндээс багагүй зүйл сурсан даа. Цаашдаа ч суралцах зүйл олон байна.

- Таныг шударга, зарчимч эмэгтэй гэдгийг олон хүн хэлдэг. Тиймдээ ч ярилцлага хийе гэж бодсон юм. Энэ зан чанар тань улс төрд хэрхэн нөлөөлж гэж харж байна вэ. Манайд шударга, зарчимч хүн дээшээ явахад хэцүү гэдэг?

-Би зүгээр л өөрийнхөө бизнесийг хийгээд мөрөө хөөгөөд явбал явж болж байна. Гэхдээ миний ихийг хийе, ядарч зовсон хүмүүст амьдралд хөлөө олж, тогтоход нь тусалъя гэсэн бодол маань илүү хүчтэй. Ийм бодолтой залуус улс төрд их байдаг юм байна лээ.

-Таныхаар улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо өнөөдөр хэр байна вэ?

-Эмэгтэйчүүд бүхий л түвшинд ажиллаад өөрсдийн үүргийг нэр төртэй хариуцлагатай гүйцэтгээд явж байна. Тухайлбал, УИХ-д мундаг эмэгтэй олон бий. Тэд нэгдэж олон асуудлыг шийдэж чадсан. Хэрвээ боломжийг нь олговол эмэгтэйчүүд маш ихийг бүтээж чадна.

 -Та 2005 оноос хойш 10 гаруй жил эх орондоо байжээ. Энэ хугацаанд Монголын амьдралаас юу таны сэтгэлийг эмзэглүүлж байна вэ?

-Тэнэмэл хүүхдүүд, нийгмийн бухимдал, хүмүүсийн хандлага гээд дурдвал их зүйл бий. Миний багад монголчууд найрсаг харилцаатай, бие биенээ хүндэтгэж харьцдаг байсан нь одоо ч тод санагддаг юм. Гэтэл орчин цагт дэлгүүрээр үйлчлүүлэхэд худалдагч нь загнаад ч байгаа юм шиг харьцана. Ажил төрөл ярилцахад хуурчих гээд байгаа ч юм шиг таагүй хандлага хаа сайгүй ажиглагдаж байна. Хүмүүс ч гэсэн хараалын үг урсгаж, бусдыгаа юу ч биш юм шигээр тоомжиргүй харьцдаг болчихжээ. Хүнийг хайрлаж, хүндэлж, ойлгож буйн хамгийн тод илрэл нь тайван байлгах юм болов уу гэж боддог. Магадгүй энэ бүхний шалтгаан нь эдийн засгийн нөлөө байж болох юм.

-Таныг өнөөдрийн монголчуудын амьдралыг сайн мэдэх хүн гэж бодож байна. Нарантуул ОУХТ-өөс олон зуун хүн ар гэрийнхээ амьдралыг залгуулж байгаа?

-Тийм шүү. МУ-ын инфляцын түвшинг барьдаг томоохон газруудын нэг. Өдөр тутам дунджаар 15.000 хүн үйлчлүүлдэг гэхээр ойлгомжтой байх. Нарантуул руу би байнга очдог. Сүүлд ашиглалтанд орсон "Баялаг-Ундраа"-г нөхөр бид хоёр бариулсан. Би жирэмсэн, том гэдэстэй байхдаа ч нөхөртэйгөө хамт өглөө, оройгүй гүйж, ажиллаж байж босгосон юм. Ингэж бүх зүрх сэтгэлээ зориулсан болохоор их дотно санагдаж, сэтгэл өег байдаг юм. Сүүлийн үед хийж, хэрэгжүүлсэн томоохон ажлуудын маань нэг. Эндээс илүү ихийг хийх урам зориг авсандаа баяртай байгаа.

-Та дотроо бодож, төсөөлч явдаг мөрөөдлөөсөө хуваалцаач?

- Шинээр гарч ирж буй залуу боловсон хүчин, дөнгөж төгссөн оюутнуудыг ажлын байраар хангах юмсан. Залуу үеээ ирээдүйдээ итгэл төгс болоход нь туслах юмсан. Залуус маань ч гэсэн эцэг эхийнхээ гарыг харах биш, өөрсдөө хичээл зүтгэл гаргаж, тэднийгээ өргөж амьдраасай гэж хүсдэг.  

-Таны тухай сайт дээр осол гаргаж, хүн дайрсан гэх утгатай мэдээлэл гарсан байсан. Та харсан уу?

-Тэр тухай одоогоос арав гаруй жилийн өмнө шар хэвлэлээр бичиж байсан. Ор үндэслэлгүй мэдээлэл шүү дээ. Надтай холбоотой ийм мэдээлэл өмнө нь гарч байсан гээд ижил гарчиг, ижил утгатай мэдээллийг хэд хэдэн цахим сайтаар гаргасан байна лээ.

-Энэ худал мэдээлэл юм бол та яагаад дуугүй байсан юм бэ?

- Би эхэндээ гомдож, их эмзэглэдэг байсан ч шүүх цагдаа бололгүй тэгсгээд мартдаг байсан. Харин цаашид ийм байдал давтагдвал хуулийн байгууллагад нь хандана. Ор үндэсгүйгээр хүнийг гүтгэсэн этгээд тодорхой хэмжээгээр хуулийн хариуцлага хүлээх ёстой биз дээ. Тухайн үед бизнесийн салбарт дөмөгхөн яваа хүмүүсийн хүүхдүүдээр оролдож л тэгдэг байсан юм шиг байгаа юм. Нэр төрд халдах, гүтгэх нь   ганц надад ч биш бүх л хүнд хэцүү тусна. Бүр намайг хар тамхи хэрэглэсэн гэж гүтгэсэн байна лээ. Тэгж бичиж байгаа хүмүүс тухайн хүнээ ямар байдалд орж байгааг боддог болов уу. Бид яагаад нэгнээ ингэж гүтгэн, доромжилж гутаасан зүйл бичиж, ярьдаг юм бэ. Яагаад бие биенээ хүндэтгэж, хүлээн зөвшөөрч болдоггүй юм бэ. Тун их харамсал төрж байна. Магадгүй захиалгатай байж болох юм. Энэ асуудлыг шаардлагатай бол би хуулийн байгууллагаар шалгуулж, шүүхээр шийдвэрлүүлнэ.

Ярилцсан Г.Долгорсүрэн

Ё.Отгонбаярын зуулт
Ё.Отгонбаярын зуулт
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.