Япон Монголын хооронд 9000 нэр төрлийн бараа татваргүй боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 19 секунд
Япон Монголын хооронд 9000 нэр төрлийн бараа татваргүй боллоо

Япон Монголын хооронд 9000 нэр төрлийн бараа татваргүй боллоо

УИХ-ын дарга З.Энхболд зургаадугаар сарын 1-3-ний хооронд Япон улсад ажлын айлчлал хийсэн нь амжилттай болж өндөрлөсөн байна. Тэрбээр айлчлалын бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчдийнхөө хамтаар өчигдөр 20.17 цагт "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 Айлчлалынхаа тухай "Япон улсад хийсэн ажлын айлчлал хүрээнд тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Ошима, Зөвлөхүүдийн Танхимын дарга M.Ямазаки нартай уулзаж, парламент хоорондын харилцааг хөгжүүлэх талаар ярилцлаа. Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтай уулзан, хоёр орны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар яриа хэлэлцээрийг амжилттай хийж дууслаа.

2014 онд байгуулсан Монгол, Японы стратегийн дунд хугацааны хөтөлбөрийн биелэлт 90 хувьтай байгаа. Дараагийн 5 жилийн дунд хугацааны төлөвлөлтийг хийх нь энэ удаагийн айлчлалын нэг чухал зорилт байлаа.

Монгол Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр зургадугаар сарын 7-ноос албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр хоёр улс хооронд 8000-9000 орчим нэр төрлийн бараа татваргүй болж байгаа.

Мөн технологийн дамжуулалт, хөрөнгийн эргэлт чөлөөтэй боллоо.

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ажлын айлчлалын үеэр мэргэжилтэн солилцоог хоёр улс хооронд чөлөөтэй солилцох боломжийг бүрдүүлсэн. Уул уурхайн сайд Р.Жигжид цэвэр нүүрсний технологийн тал дээр хамтран ажиллах, судалгааны төв байгуулах, нүүрсийг бусад төлөвт оруулах гэх мэтээр ирэх 40, 50 жилийн ажлын эхлэлийг тавьсан ажлуудыг айлчлалын хүрээнд шийдлээ" хэмээн тодотгосон юм.

З.Энхболд: Асашёорюү Д.Дагвадорж манай айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ч суудал олдохгүйгээс өглөөний нислэгээр ирсэн.

 Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.

 -Зургаадугаар сарын 7-ноос эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ. Бэлтгэл ажил хэр хангагдсан юм бол. Монгол Улсаас 10 мянга орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татварын хөнгөлөлттэйгээр Япон улсад экспортлогдох нөхцөл бүрдсэн үү. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжсэнээр Японы талтай бусад чиглэлээр хамтрах бодитой ямар ажлууд байгаа вэ?

-Айлчлалын үеэр бид гурван газрын ажилтай танилцлаа. Нүүрсийг шууд шатаахгүйгээр хамгийн өндөр үр ашигтайгаар, өндөр хүчин чадалтай 3-4 жил тасралтгүй ажиллаж байгаа энэ төрлийн станц зөвхөн Япон улсад байна. Энэхүү шинэ технологийн судалгаа, туршилтыг үргэлжлүүлэх зорилгоор Монголд судалгааны төв байгуулаад байна. Тэр бол Р.Жигжид сайдын ажил.

Монгол Улсад үйлдвэрлэсэн нарны зайгаар Япон улсад нарны эрчим хүчний станц байгуулан ажиллуулж байгаа компанид Баянхонгор аймгийн залуу мэргэжилтнээр ажиллаж байна. Тэгэхээр "Монгол залуусыг Япон улс руу дадлагажигчаар явуулах нь шинээр эхэлж байгаа ажил биш, хэрэгжээд 10-аад жил болсон ажил юм. Тэр хүмүүс  Японд очиж ажил сураад, эргэж эх орондоо ирж нарны зай үйлдвэрлээд, тэр нь Япон руу экспортлогдож байна.

 

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдахаас өмнө хийгдсэн, зайлшгүй дэмжих ёстой ажлууд байгаа. Дээд сургууль биш гэхдээ дунд шатны мэргэжилтнүүд хэдэн зуун мянгаараа л Монголд хэрэгтэй байгаа. Үүнгүйгээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилт олохгүй. Энэ хэлэлцээрт нэгдэн орсны хамгийн гол зүйл нь бид одоо "Тоёото"-той өрсөлдөөд автомашин хийгээд дэлхийн зах зээл дээр гаргахад биднийг хэн ч хүлээхгүй. Гэтэл "Шибасаки" гээд өчигдөр /уржигдар/ очсон үйлдвэр машины эд ангийг үйлдвэрлэдэг. Хичнээн машин зарагдана, тэднийх баталгаатай ажлын байртай. Тэнд монгол залуучууд ажиллаж байна. Мөн салбар нь Монголд байна. Одоо энэ Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу иймэрхүү компаниудын ажиллах нөхцөл улам сайжирна. Тэгэхээр нэг жилийн хугацаанд компаниуд ямар бэлтгэл хангасныг удахгүй та бүхэн харах байх. Өнөөдөр онгоцонд суудал олдохгүй байна. Японы бизнесменүүд ирж байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бодитой болж байгаагийн жишээ онгоцонд суудал олдохгүй байгаагаас харагдаж байгаа байх. Асашёорюү Д.Дагвадорж манай айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ч суудал олдохгүйгээс өглөөний нислэгээр ирсэн.  

Манай ноолуурын компаниуд зургаадугаар сарын 7-ны өдрийг хүлээгээд экспортоо зогсоосон байна. Өнөөдөр гаргавал 15 хувийн татвартай, зургаадугаар сарын 7-ны өдрөөс хойш гаргавал 0 хувийн татвартай болж байгаа учраас тэр. Үүнээс хойш бизнесийн харилцаа улам сайжирна.

Одоо бид мэргэжилтний солилцоог хоёр тийш нь чөлөөтэй хөрвүүлэх талаар ярьж байна. Энд ч байсан, тэнд ч ажилласан ялгаагүй нийгмийн даатгал, тэтгэврийн шимтгэл нь төлөгдөж байхаар ажиллаж байна гэх мэтээр хийх ажил маш их байгаа. 

-Монголдоо ажиллах хүчийг Япон руу экспортлоод эхэллээ гэдэг шүүмжлэл гарах боллоо. Түүнийг дагаад нүүрсээ экспортолж чадахгүй байж хүнээ экспортлох хэрэг байна уу гэх. Хоёрт, УИХ-ын дарга Ерөнхий сайдын ажлыг хийгээд явна гэх. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Нүүрсээ нүүрс чигээр нь зарах боломжгүй болсон учраас нүүрсээ өөр хэлбэрт оруулна. Нүүрсний үнэ 300 хувиар унасан. Нэг тонн нүүрс өнөөдөр 30-хан ам.доллар байна. Нэг тонн нүүрснээс гаргаж авдаг бодисууд 1000-1500 ам.доллар байгаа. 30 ам.долларын түүхий эдийг далайн эрэг рүү төмөр замаар зөөх үү, 1000-1500 ам.долларын тонн жинтэй барааг далайн эрэг рүү зөөх үү гэдэг сонголт л бидний өмнө байна. Тийм учраас цэвэр нүүрсний технологийн төв байгуулж нүүрсээ хувиргана. Хувиргасны үр дүнд өртөг Монгол Улсад үлдэнэ. Тэр хэмжээгээр ажлын байр бий болно. Тэрийг эхлэхэд бидэнд энэ ажлыг хийж чаддаг, олон мянган Монгол залуусыг Косен гэдэг сургуулиар нь  нь дамжуулан сургана. Цэвэр нүүрсэн дээр ажилладаг. Ийм маягаар ажил урагшаа явна уу гэхээс хэдхэн жилийн өмнө байсан 100 гаруй долларын нүүрсний өндөр үнийг санагалзаад байх юм бол энэ улсын хөгжил явахгүй. Тийм учраас эдгээр ажлуудыг Япон улстай өндөр хэмжээнд ярьсан.

Ерөнхий сайд бид хоёрын ажлын давхацлыг заах хэрэггүй. Энэ улсад юу хэрэгтэй, тэр ажлыг хийхээс өөр арга бидэнд байхгүй. Гэрээнд Ерөнхий сайд гарын үсэг зурсан, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг соёрхон батлах асуудал нь хоёр улсын парламентаар хэлэлцэгдэж шийдэгдсэн.  Япон улсын Парламентын дээд, доод танхимууд энэ гэрээг маш богино хугацаанд соёрхон баталсанд би очиж талархал илэрхийлсэн. Өөр ямар ч улсын яриа, хэлэлцээр Японы парламентаар  богино хугацаанд, ийм хурдан хэлэлцэгдэн батлагдсан түүх байхгүй юм билээ. Тиймээс бид Япон улсын эдийн засагт тодорхой орон зай эзэлж, суралцаад, бидний хийсэн бараа бүтээгдэхүүн дэлхийн түвшинд зарагддаг болох нь манай гол зорилго. Түүхий нүүрсээ түүхийгээр нь гаргаад сайхан амьдарна гэдэг мөрөөдөлдөө одоо бүгдээрээ цэг тавья. Тэр цаг дууссан.

Залуусаа Япон руу илгээж байгаа нь гурван жилийн хугацаанд ажил сураад, мэргэшээд буцаж ирэх зорилготой юм. Ажил хийж байгаа хүн цалин авна, цалин нь Монгол, БНСУ-д авдаг цалингаас өндөр.

Хоёрдугаарт, 100 мянган хүнийг өнөөдөр шууд ажиллах хүчнээр гаргаад явуулчихгүй, 8, 10 жилийн ажил.  Энэ ажлыг авдаг Азийн бусад орнуудтай адил замаар л явна. Хувийн компаниудын зуучлалаар 1500 хүн гарсан, өндөр босго байгаа. тэр босгыг гол нь байхгүй болгохыг зорьж байна.

-Тавантолгой төсөл дээр Японтой хамтрах нь гэж ойлголоо. Төмөр зам баригдаагүй нөхцөлд гуравдагч зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулаад ч экспортод гаргахад хүндрэлтэй гэж үздэг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ, яаж уялдах юм бол?

-Ерөнхий сайд Ш.Абэтэй ярьсан гол зүйл бол бүх төслүүдээ цогцоор нь авч үзье. Төмөр зам гэдэг бол энэ том төслийн нэг жижиг хэсэг юм байна. Цэвэр нүүрсний технологиор Япон улс дэлхийд тэргүүлж байгаа учраас түүнийгээ манайд нэвтрүүлээч ээ. Тэр технологиор нь зарагддаггүй Тавантолгойн нүүрсийг пластмасын түүхий эд болгож хувиргая. Тэгвэл нүүрсээ  өндөр үнэтэй түүхий эд болгон боловсруулаад, экспортлох боломжтой болно. Зүүн төмөр зам, Чойрт байгуулагдах нүүрс химийн цогцолбор, тэрнийг хийдэг туршилтын үйлдвэрүүдэд ажиллах ажилчдыг Япон улсад бэлтгэх юм. Энэ хамтын ажиллагаа Японд ямар хэрэгтэй гэхээр Монгол Улсад цэвэр нүүрсний судалгааг дэлхийн номер нэг судалгаа болгож өргөжүүлээд тэндээс өөрсдийн экспортлох IGCC технологио, утаа гаргадаггүй цахилгаан станц, нүүрс хийжүүлдэг, шингэрүүлдэг төслүүдээ бусад улс оронд экспортлох юм. Япон улсад нүүрс байхгүй, манайд байна. Хоёулаа хамтраад дэлхийн зах зээл дээр цэвэр нүүрсээр амжилт олох боломж бүрэн байна. Тиймээс энэ төсөл цогц болж дунд хугацааны зорилт болох юм, Эхний зорилт биелэсэн. Дараагийн зорилтоо тодорхойлсон гэж хэлж болно.

-УИХ-ын сонгуультай холбоотойгоор асуух зүйл байна. Ардчилсан намаас Увс, Өвөрхангай аймагт өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрийг татсан. Орлож орж ирэх нэр дэвшигчдийн асуудлыг хэзээ шийдэх вэ?

-Сонгуультай холбоотой асуудлыг зургаадугаар сарын 11-нээс  эхлээд хариулъя. Тэгэхгүй бол хууль зөрчсөн хэрэгт орно.

 

 Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан:  Монгол Улсын эдийн засгийн хөгжилд ур чадвартай залуус хэрэгтэй байна

-Монгол Улсын Их хурлын даргын Япон улс дахь айлчлал амжилттай боллоо. Айлчлалын үеэр Япон Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах санамж бичигт миний бие гарын үсэг зурсан. Энэ ямар учиртай вэ гэхээр сүүлийн найман сарын хугацаанд энэ гэрээ хэлцлийг тасралтгүй явуулсан. Монгол Улс Япон улс хоооронд Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээг хэрэгжүүлэхэд хөрөнгийн урсгалаас гадна хүн хүч, мэргэжилтний урсгалыг зайлшгүй бий болгох шаардлагатай байгаа. Энэ үүднээс Монгол Улсаас Япон улсад мэргэжлийн ур чадвартай залуучуудыг бэлтгэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

Бидний зорилго бол Япон улсаас технологи импортлох, ноу хау-д суралцах, залуучууд маань дорнын соёл, технологийн соёлоос суралцуулах зорилготой. Япон Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай бид яг хэчнээн тооны залуусыг Японд бэлтгэх вэ гэдэг дээр тоо ярьсан. Гэхдээ Японы Засгийн газар нэг зүйл дээр тодорхой тохирсон. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хэдий хэмжээний мэргэжлийн ур чадвартай залуус хэрэгтэй байна, тэр хэмжээгээр Япон улс дадлагажуулна гэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын Хөдөлмөрийн яамны зүгээс залуучуудаа МСҮТ-өөр дамжуулан хэлний бэлтгэлд хамруулж, Япон улсад дадлагажуулна. Энэ ажлыг даруй эхлүүлэх болно.

  Д.Дуулим

Сонгинохайрхан дүүрэгт Гал түймэр унтраах, аврах анги байгуулна
Сонгинохайрхан дүүрэгт Гал түймэр унтраах, аврах анги байгуулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.