Цэрэг татлагын I ээлжийг улс орон даяар өчигдөр эхлүүллээ. Харин нийслэлийн хэмжээнд цэрэг татлага энэ сарын 6-наас эхлэх аж. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын орлогч, хурандаа Ц.Анхбаяраас тодрууллаа.
-Цэрэг татлагын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгнө үү?
-Нийслэлийн Засаг даргын 2016 оны 262 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд энэ сарын 6-8-нд цэрэг татлага болно. Дүүргүүдийн хувьд бэлтгэл ажлаа бүрэн хангасан байна. Бид “Монгол цэргийн жавхаа 2016” уралдааны I шатны шалгаруулалтыг хийсэн. Нэгдүгээр шатны үзүүлэлтээр анги, салбарын тохижилтыг шалгахад цэргийн ангиуд байлдагчдаа хүлээн авахад бэлэн болсон байна. Мөн цэрэг татлагын байруудад ажиллах албан тушаалтнуудыг бэлтгэсэн. Цэрэг татлагын комисс хамгийн түрүүнд бүртгэл явуулж байна. Ингэснээр хороо, дүүрэг, шилжилт хөдөлгөөн, насны байдал тодорхой болно. Үүнээс гадна албан бус сургалтын төвүүдтэй хамтарч, сургалт зохион байгуулж байна. Мөн цэргийн насны залуусын эрүүл мэндийн үзлэгийг хийнэ.
-Өнгөрсөн намар цэрэг татлагын бэлтгэл ажилтай танилцахад цэргийн насны залуусын эрүүл мэнд хангалтгүй байна гэсэн шүүмжлэл гарч байсан. Энэ талд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудлыг цэрэг татлагын комиссын хурлаар авч хэлэлцээд нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдэд тодорхой зөвлөмжийг хүргүүлсэн. Ер нь 18-25 хүртэлх насны залуус жилд хоёр удаа цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэгт орно гэдэг тэдний хувьд боломж гэж хэлж болно. Энэ үеэр бүх нарийн мэргэжлийн эмч нар залуусыг үзлэг оношилгоонд хамруулж, шаардлагатай бол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээр дамжуулан эрүүлжүүлэх арга хэмжээг авдаг. Өнгөрсөн жил эрүүл мэндээр хасагдсан, өмнөх жилүүдэд удаа дараа чөлөөлөгдөж байсан хүмүүсийн судалгааг гаргаж, өрхийн эмчтэй нь хамтран эрүүлжүүлэх ажлыг хийж байна. Мөн залуусыг дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс хяналт тавьж, картжуулж байна. Мөн зарим иргэнд Эрүүл мэндийн даатгал болон эмчилгээний зардал байхгүйг харгалзан тодорхой тооны хүнийг эрүүлжүүлэхэд тодорхой мөнгөн дэмжлэг үзүүлж ажилласан.
-Залуус ихэвчлэн ямар өвчнөөр цэргийн албанаас чөлөөлөгдөж байна вэ?
-Цэргийн насны залуусыг эрүүл мэндээр тэнцүүлэн татах заавар байдаг. Үүнд тодорхой заасан. Тухайлбал, өнгөрсөн жилийн хувьд сэтгэц, зүрхний өвчин, хараа, сонсгол зэрэг өвчлөл илүү давамгайлж байсан. Сонсгол гэхэд чихний нойтон, хуурай булаг зэрэг шинж тэмдэг илэрч цэргийн албанд тэнцэхгүй хасагдаж байна. Мөн биеийн жингийн зохистой харьцаа зэргээр тэнцэхгүй байдал голдуу байна.
-Цэрэг татлагад дуудсан хугацаанд ирээгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Монгол Улсын иргэн цэргийн жинхэнэ албыг хаах үүрэгтэй. Бид зарлан дуудах хуудсыг дүүрэг, хороодоор дамжуулан тарааж, 94 орчим хувьтай байна. Энэ нь бололцоотой хэмжээгээр эзэндээ хүрсэн гэсэн үг. Үлдсэн хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлт, оршин суух хаяг дээрээ байдаггүй, гадаадад ажил хийхээр явсан зэрэг шалтгаанаар эзэндээ хүрэхгүй тохиолдол бий. Цэрэг татлагад заасан хугацаанд ирээгүй бол захиргааны хариуцлагын дагуу 50 хүртэлх мянган төгрөгийн торгуулын арга хэмжээ авна. Гэхдээ торгохоосоо илүүтэй тухайн хүнийг яагаад ирээгүй, алба хаахгүй байх ямар учир шалтгаан байна гэдгийг тодруулна. Эрүүл мэндийн шалтгаанаас гадна хоёр хүүхэдтэй, ар гэрийн хүн I зэргийн тахир дутуугийн групптэй иргэнийг, мөн оюутан байвал сурж байх хугацаанд нь цэргийн албанаас чөлөөлнө.
-Цэргийн албыг мөнгөн дүнгээр дүйцүүлэн хаахад хэчнээн төгрөг төлөх вэ?
-18-26 хүртэлх насны залуус цэргийн албыг хуульд заасан хугацаагаар Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги салбаруудад биеэр хаана. Харин цэргийн албыг зөвхөн биеэр хаах бус дүйцүүлэн хаах нөхцөл боломжууд бүрдсэн. Ингэхдээ 26-аас дээш насны цэргийн албанд яваагүй хүн цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж болно. Дүйцүүлэх албан хаагчийн мөнгөн дүнг Засгийн газраас жил бүр тогтоодог. Одоогоор дөрвөн сая 765 мянган төгрөг байна. Тухайн хүн жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, цэрэг татлагын товчоогоор ороод чөлөөлөгдөж байгаа тохиолдолд энэ мөнгөн дүнгээс 14 хувь хасагддаг. Мөн биеэрээ дүйцүүлэн хааж болно. Тодруулбал, шашин шүтлэг, ёс зүйн шалтгааны улмаас алба хаагаагүй бол Цэргийн штаб, дүйцүүлэх албанд бүртгүүлж жилд 180 цагийн ажил хөдөлмөр сургалт эрхэлж, мөн хилийн ойролцоо анги салбаруудад биеэр дүйцүүлэх албыг хаана. Үүнээс гадна “Оюутан цэрэг” хөтөлбөрт I курсын оюутнууд хамрагдлаа. Одоогоор 66 их дээд сургуулийн 917 оюутныг хамруулсан.
-Өмнөх ээлжийн цэрэг хэзээ халагдах вэ?
-Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудад алба хаасан 2015 оны II ээлжийн алба хаагчид энэ сарын 1-нд халагдаж ирлээ. Бид нийслэлийн есөн дүүргийн Цэргийн штаб, дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэс, албан бус сургалтын төвүүдтэй хамтарч халах ажиллагааг зохион байгуулсан. Халагдаж ирсэн цэргүүдэд ажлын байр, мэргэжил олгох сургалтуудыг санал болгож байна. Тухайлбал, автын засварчин, инженер, ногоочин, харуул хамгаалалтын албанд ажил санал болгож байна.
М.Энхцэцэг