В.МӨНХЦЭЦЭГ: Ялгаварлан гадуурхалгүй “НИЙСЛЭЛ”-ийг бүтээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 28 секунд
В.МӨНХЦЭЦЭГ: Ялгаварлан гадуурхалгүй “НИЙСЛЭЛ”-ийг бүтээнэ

В.МӨНХЦЭЦЭГ: Ялгаварлан гадуурхалгүй “НИЙСЛЭЛ”-ийг бүтээнэ

Бид энэ удаагийн ярилцлагын буландаа НИТХ-ын 23-р тойрог, Налайх дүүргийн 5-р тойрогт нэр дэвшиж буй Ванчинхүүгийн МӨНХЦЭЦЭГийг урьж оролцууллаа. 

НЭГ. Мэдлэг, мэдээлэл нь амжилттай ажьдралын үндэс.

-Сайн байна уу. НИТХ-д өрсөлдөж байгаа танд амжилт хүсье. Юуны түрүүнд та бидэнд өөрийгөө танилцуулаач.

-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ванчинхүүгийн МӨНХЦЭЦЭГ гэдэг. Аав минь Ховд аймгийн Манхан сумын харъяат, ээжийг минь Б.Банзрагч гэдэг. Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат. Миний хувьд Улаанбаатар хотод төрж өссөн  бөгөөд сүүлийн 10 гаруй жил Налайх дүүрэгтээ амьдарч байна. 1981 онд Нийслэлийн 75-р  дунд сургуульд бүрэн бус дунд боловсрол эзэмшиж төгсөөд  гадаадад буюу өнөөгийн Чех, тухайн үеийн Чехословак улсын Партизанск хотод таван жил гутлын мэргэжилтнээр сурч, 1986 онд төгссөн. Ирээд Улсын гутлын үйлдвэртээ ажилд орсон. Тухайн үед үйлдвэр маань  3,000 гаруй ажилчинтай, жилдээ гурван сая хос гутал үйлдвэрлэж, хоёр сая иргэдийнхээ бүх улирлын гутлыг үйлдвэрлэдэг байлаа.
Ажиллаж байх үедээ хоёр жил оройгоор сурч, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Тухайн үед 200 хүүхдээс ганцаараа аравдугаар ангиа онц дүнтэй төгсөж байлаа. 1996 онд Хан-Уул Их сургуульд Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалж, 2002 онд Удирдлагын академид төрийн удирдлагын арга зүйч менежерээр, 2004 онд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

-Чех улсад гуталчин хэмээх мэргэжлийг эзэмшиж ирэхэд тань үйлдвэрийн захиргаа олзуурхан баяртайгаар хүлээж авсан нь дамжиггүй. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцвал?

-Миний сурч байсан хот нь гутлын үйлдвэрлэлийн хот байсан бөгөөд тухайн сургуулийнхаа  шилдэг оюутны нэг байлаа. Тухайн үед жил бүр хотын захиргаанаас шилдгүүдийг улсын зардлаар амралтанд амруулдаг байсан бөгөөд оюутны таван жил жил алгасалгүй шилдгүүдтэй хамт явдаг байсан. Ер нь нэг гутлыг хэрэглэгчийн гарт хүргэхэд 50 гаруй дамжлага дамждаг. Энэ бүх дамжлагыг гуталчин хүн маш сайн эзэмшсэн байж л сургуулиа төгсдөг юм. Улсдаа ирээд дээр хэлсэнчлэн Гутлын үйлдвэртээ ажилд орсон бөгөөд тухайн үед гадаадад сурч ирсэн хүүхдүүдийг нэг тасаг болгож ихэвчлэн шинэ загварын гутал үйлдвэрлэх дээр ажиллуулж байсан.
Сүүлд манай тасаг үндсэн тасгуудад  хуваагдахад би хангамжийн тасаг руу шилжин ажилласан. Хангамжийн тасагт нярваар ажиллаж байгаад менежерээр дэвшсэн бөгөөд 1999 онд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгч байлаа.

-Хангамжийн нярав нь тэр том үйлдвэрий үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд шаардагдах бүх бараа материалаар хангаж байх шүү дээ. Залуу хүний хувьд хүнд ажил байсан уу?

- Миний хувьд арьс ширнээс бусад бүхий л туслах материалуудыг хариуцан ажиллаж, тасаг, цехүүдэд юу хэрэгтэй байна тэр бүгдийг нь бэлдэж өгдөг байсан. Маш хариуцлагатай ажил. Ажлаа ч сайн гүйцэтгэж тухайн үедээ VIII ТАВАН ЖИЛИЙН ГАВШГАЙЧ болж байлаа.  Миний хувьд ер нь шантрах гэдэг зүйлээс их хол. Эхлүүлсэн ажлынхаа эцсийг нь үзэж байж санаа амардаг зантай. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолойгоо өргөсөөр л явна.

-Таныг гутлын үйлдвэрт ажиллаж байх хугацаанд өмч хувьчлал ид явагдаж, үйлдвэрүүд хаалгаа барьж байсан үе. Энэ үеийг хэрхэн давсан бэ?

-Тийм шүү. Өмч хувьчлал ид явагдаж, үйлдвэрүүд хувьчлагдан, үйл ажиллагаа доголдож ажилчдаа цомхтгож эхэлсэн. Гутлын үйлдвэрийн хашаан доторх гутлын үйлдвэрийг бүхий л хэрэгцээтэй материалаар хангадаг “Арьс ширний үйлдвэрийн нэгдэл” 1990 ээд оны дундуур тарж, гутлын үйлдвэрийг материалаар хангах боломжгүй болсон юм. Тэр үед би гадаадад сурч, мэдсэн зүйлээ ашиглаж, гутлын үйлдвэрт шаардлагатай бараа материалыг гадаад улсаас нийлүүлж анхны  бизнесээ эхлүүлж байлаа. Гутлын үйлдвэртээ 1999 оныг хүртэл ажилласан.

Миний хувьд сурч мэдсэнээ хүмүүст хүргэх юмсан гэсэн бодлыг оюутан цагаасаа л тээж явдаг байлаа. Азаар 2000 онд олон эмэгтэйчүүдийн бахархал болсон Д.Мөнхөө гуайтай танилцаж, Гэр бүл төлөв түвшин аз жаргалтай байвал улс орон хөгжих үндэс болно гэсэн зорилготойгоор 1997 онд байгуулагдсан “Гал голомт үндэсний хөдөлгөөн” ТББ-д менежерээр ажилд орж, дараа нь Гүйцэтгэх захирлаар томилогдон 2008 он хүртэл ажиллаж, 2009 оноос  нийгэмд дуу хоолойгоо хүргэх байгууллагатай болъё хэмээн шийдэж “ЦАГЛАШГҮЙ МЭДЛЭГ” ТББ-ыг хэсэг нөхдийн хамт байгуулсан. 2000 оноос хойш 20 гаруй жил нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг удирдан ажиллуулж байна. 

-Төрийн бус байгуулагаараа дамжуулан ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байсан бэ?

- Бидний хамгийн анхны хийсэн том ажил нь “Харааны бэрхшээлтэй хүүхдэд ахуйн баримжаа олгох төсөл” байсан. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуульд гэр ахуйн кабинетийг байгуулж, гэрт юу байдаг вэ, тэр бүхнээр нь хангаж, хэрэглэх аргачлалыг нэг бүрчлэн зааж өгсөн. Үүний дараа 2012 онд улсын хэмжээний 42 асрамжийн газарт хүмүүжиж буй 1,206 хүүхдийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, тэдгээр хүүхдүүдийн мэдээллийн сан бүрдүүлж Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд хүлээлгэж өгч байлаа.
Мөн 2013, 2015  онуудад Канадын элчин сайдын яамнаас зарласан төсөлд шалгарч, Хөвсгөл, Баян-Өлгий, Дорнод, Өмнөговь, Увс, Ховд,  аймагт алба хааж буй хилчид, хугацаат цэргийн алба хаагчдад гэр бүлийн талаар мэдлэг олгох сургалтуудыг  зохион байгуулсан. 
2017-2018 онд Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран “13 аймгийн эд хөрөнгийн архивийн баримт бичгийг цахимжуулах төсөл”-ийг удирдаж, 6 сарын хугацаанд 5 сая гаруй хуудас материалыг цахимжуулсан. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол улсын иргэн хаанаас ч хурууны хээгээ уншуулан ТҮЦ машинаасыы эд хөрөнгийнхөө талаарх мэдээллийг авах боломжтой болсон.
 


ХОЁР. Халамжаар бус хөдөлмөрөөр ирээдүйгээ бүтээе.

-МАХН-аас энэ удаагийн сонгуульд ямар зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна вэ?

-Бид энэ удаагийн сонгуульд “Та бидний ХОТ” гэсэн уриатай оролцож байна. Хамгийн гол нь иргэдийн өөрсдийнх нь санаачилсан ажлыг бид бүтээлчээр хэрэгжүүлэх буюу иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Өнөөдөр иргэд нам, үзэл бодол, нас хүйс, нийгмийн гарал, гоо сайхнаараа ялгаварлан гадуурхалд өртөх үзэгдэл элбэг байна. Ядаж л хорооны түвшинд намаар нь иргэдийг ялгаварлан нийгмийн тусламж, халамжийн үйлчилгээнд тэгш хамруулахгүй жишээ олон байна. Төрийн бүхий л үйлчилгээг иргэд адил тэгш авах эрхтэй. Амьдрах орчин тохьтой байх ёстой.
Бидний амьдарч буй өнөөдрийн хот ногоон байгууламж, аятай тухтай амьдрах орчин дутмаг, хотын түгжрэл, тоосжилт, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал гээд яриад байвал олон тулгамдсан асуудал байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн санал, санаачилгыг ажил хэрэгтээ тусгаж асуудлыг даван туулах ёстой.  

-Танай мөрийн хөтөлбөрөөс “Эмэгтэйчүүдийн хөгжил сан” нүдэнд туслаа. Эмэгтэйчүүдэд суурилсан бизнесийг дэмжих нь ер нь их чухал шүү дээ. 

- Эмэгтэй хүний хувьд би охид, эмэгтэйчүүдээ чадвартай, мэдлэгтэй, мэргэжилтэй байгаасай гэж хүсдэг. Эмэгтэйчүүд маш тэвчээртэй, зорьвол тууштай, нягт нямбай байдаг учир тэдний хийж буй бизнес хөгжих нь олонтаа. Манай дүүрэгт ч мөн олон эмэгтэйчүүд манлайлан ажиллаж байгаа.  ид эмэгтэйчүүдээ дэмжиж, сурах, боловсрох, өсч дэвжих орчин нөхцлөөр нь хангаж, хөнгөлөлттэй нөхцөлтэй, бага хүүтэй, урт хугацааны зээл олгох эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж айл өрх, аж ахуйн нэгжийн орлого, бизнесийн боломжийг нэмэгдүүлж, ажлын байрыг шинээр бий болгох санаачлагыг дэвшүүлсэн юм.  

-Налайх дүүргийн хувьд тулгамдаж буй хамгийн том асуудал юу байна вэ?

-2019 онд Улаанбаатар хот агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрс түлэхгүй байх шийдвэрийг гаргасан нь Налайхын уурхайг түшиглэж амьдралаа залгуулдаг олон хүний хувьд том хүндрэл болсон.  Үүнийг даган ажилгүйдэл, ядуурал нэмэгдлээ. Ажилгүй хүмүүсийн дунд архидалт ихэссэн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх хамгийн том шалтгаан болж байна. Тэгэхээр бид Налайн дүүрэгтээ ажлын байрыг л олноор бий болгоход нэн тэргүүнд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байна.

Ер нь өрх бүр үйлдвэрлэгч болох боломж бидэнд байна. Иргэдийн сурах, мэргэших, ажлын байртай болох хүслийг нь өрдөж өгөх ёстой. Гэрээрээ юм оёдог бол, талх барьдаг бол, гар урлал хийдэг бол, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг бол бид түүнийг нь дэмжиж түүхий эдийн нийлүүлэлт, эргэлтийн хөрөнгө, зах зээлд худалдан борлуулах сувгийг нээх гэх мэтээр иргэнээ дэмжих төрийн зохицуулалтыг хийх нь чухал.  Үүнийг цогцоор нь шийдэж байж л бид өрхийн болон бичил, жижиг бизнесийг хөгжүүлж чадна. Тэгэхдээ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань тус тусын хариуцсан ажлыг хамгийн чанартайгаар хийж гүйцэтгэхэд л хангалттай.
Миний хувьд хүүхэд наснаасаа л хөдөлмөрийн амтыг мэдэрсэн, хөдөлмөрлөсөн хүн хэзээ ч газарддаггүйг мэддэг учраас энэ тал дээр түлхүү анхаарч ажиллана.
 
 Сэтгүүлч:  М.Жавзмаа

Хэн, хаана нэр дэвших вэ: Хан-Уул
Хэн, хаана нэр дэвших вэ: Хан-Уул
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.