Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нар, холбогдох албаны хүмүүсийн хамт мэдээлэл өглөө. Цар тахлын дэгдэлттэй холбогдуулан, Засгийн газраас цаг үеэ мэдэрсэн, нийгэм, ард түмэнд үр өгөөжтэй шийдвэр, тушаалыг шат дараалалтай гаргасаар нэг жилийн нүүр үзэх гэж байна. Энэ удаад ч У.Хүрэлсүхийн Засгийн газраас урьд өмнө Монгол Улсын түүхэнд гарч байгаагүй шийдвэрт хүрснээ ард олондоо танилцуулсан нь цаг үеэ олсон асуудал байв.
Тухайлбал, цар тахлын үед айл өрх бүр болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг төр хариуцах шийдвэрийг гаргаснаа дуулгалаа. Тодотговол, Монгол Улсын бүх өрхийн цахилгааны төлбөрийг ирэх 2021 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл долоон сарын хугацаанд тэглэж байна. Дээр нь 100 ам.метр талбай бүхий орон сууцанд амьдардаг иргэдийн дулааны төлбөр, мөн ус, хогны үнийг тэглэсэн. Хэдхэн хоногийн өмнө сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар бууруулж байсан бол өнөөдөр 75 хувиар бууруулсан нь нүдээ олсон зүйл байв. Энэ бодит шийдвэрийн үрээр нэг шуудай шахмал түлшийг 937 төгрөгөөр, нэг тонн түлшийг 37 мянга 500 төгрөгөөр авч хэрэглэх юм.
Гэхдээ энэхүү хөнгөллөлтөд төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлолт боловсруулах үйлдвэр, банк болон банк бус санхүүгийн байгууллага, валюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернэт үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөлтэй газрууд, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл цементийн үйлдвэр ажиллуулж байгаа эдгээр есөн аж ахуйн нэгж багтахгүй юм.
Иргэдийн зайлшгүй төлөх учиртай гэрэл цахилгаан, дулааны төлбөр, усан хангамж бол юу юуны өмнө иргэдэд ирэх нэгэн дарамт учраас энэхүү суурь үнээс чөлөөлж байгаа нь иргэдийн нуруун дээрээс нэгэн том ачааг авч хаясан явдал юм. Тэр тусмаа гэр хорооллын иргэдийн өвөлдөө гаргадаг нэг том зардал бол түлш. Харин Засгийн газраас түлшний үнийн 75 хувийг дааж байгаад хаа хаанаа талархалтай байна. Шахмал түлшний хөнгөлөлтөд зарцуулагдах 69 тэрбум төгрөгийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани гаргах бол ус, цахилгаан, хог, дулаан хангамжид зарцуулагдах 600 гаруй тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэр гаргахаар болсноо мэдэгдсэн юм. Тус хоёр үйлдвэр нь сүүлийн жилүүдэд улсын төсөвт их наядаар тооцогдох ихээхэн орлого бүрдүүлж, өндөр ашигтай ажиллаж ирсэн гэдгийг ч дуулгах нь зүйн хэрэг байх. Өөрөөр хэлбэл төр бодлогын түвшинд урьд өмнө байгаагүй ард түмний эзэмшдэг үйлдвэрийн газруудын хөрөнгөөр амьдрал ахуйг нь тэтгэж байгаа явдал юм.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын энэхүү шийдвэр нь цаг үеэ олсон үнэ цэнэтэй бөгөөд дараа нь гарах үр дагавар ч эерэг байгаа нь сайшаалтай. Тухайлбал, энд шууд бэлэн мөнгө тараах, хүнсээр тэтгэх бус иргэд, аж ахуйн нэгжийн гол төлбөр болох дулаан, цахилгаан, усан хангамж, түлшний үнийг тэглэж, хөнгөлөхөөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд савлагаа үүсэж, инфляц өсөхгүй. Үүний үр дүнд нь өргөн хэрэглээний үнэ өсөхгүй байж үндэсний үйлдвэрлэгчдийн өртөг зардал хүртэл буурахыг тооцоолжээ.
З.Шатар
Түмэн.мн