Г.Эрдэнэчимэг: Жавхлангийнхаа үйлсэд чадлынхаа хэрээр туслахсан гэж боддог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
22 минут 55 секунд
Г.Эрдэнэчимэг: Жавхлангийнхаа үйлсэд чадлынхаа хэрээр туслахсан гэж боддог

Г.Эрдэнэчимэг: Жавхлангийнхаа үйлсэд чадлынхаа хэрээр туслахсан гэж боддог

527-1425874511tt_500x500“Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн дугаарт дуучин С.Жавхлангийн гэргий, дуучин Г.Эрдэнэчимэгийг урилаа. Тэрээр үндэсний ахуй, соёлоо сэргээхэд өөрийн хувь нэмрээ оруулж буй монгол бүсгүй гэдгийг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Басхүү гавьяат жүжигчин Самандын Жавхлангийн үйл хэргийг дэмжиж, нэгэн сайхан гэр бүлийг цогцлоож яваа гэдгээр нь бахархах хүн олон билээ.
 
Зочинтойгоо уулзахаар товлосон цагт нь “Монголоороо” төвд очив. Г.Эрдэнэчимэг үндэсний өв, соёл, уйгаржин монгол бичиг, бий биелгээ, монгол бүжиг, монгол бясалгалаар хичээллэж болох энэхүү төвийг өнгөрсөн жил нээжээ. Угтагч охин хаалга нээхэд дөрвөн хана нь монгол гэрийн ханын хэлбэрээр тохижуулсан өрөөнүүд нүдэнд тусав.
 
Баруун талд ханаа дагуулж тавьсан хээ угалз болсон жижигхэн ширээ, хос сандалтай зочны өрөөнд тухаллаа. Ширээн дээр савхан боорцог, хуруу зузаан ааруул өрсөн таваг засчээ. Сургалтын төв болохоор хөл хөдөлгөөн ихтэй болов уу гэж бодсон ч нам гүм байв. Суралцагчид оройн цагаар хичээллэдэг гэнэ.
 
Угтагч охинтой ойр зуурын яриа өрнүүлж хэсэг суусны хойно зочин маань орж ирлээ. С.Жавхлангийнх сургалтын төвийнхөө дээд давхарт амьдардаг ажээ. Тэгээд ч энэ төв нь түүний хоёрдахь гэр хэдийнэ болсон бололтой. “Гэр бүлээсээ гадна хамгийн ихээр сэтгэлийн таашаал авч, намайг хөглөж байгаа газар энэ төв болоод байна” гэсээр бидний яриа эхэлсэн юм.
 
 
“Би бага байхаасаа монгол хувцсанд дуртай хүүхэд байсан. Одоо сонирхол минь улам гүнзгийрч нарийн хийц, чимэглэлтэй монгол дээлэнд дурлах болсон”
 
МОНГОЛ ДЭЭЛ, ЛООВУУЗТАЙ СУИС-ИЙН ОЮУТАН
 
Г.Эрдэнэчимэг дуучин С.Жавхлантай гэр бүл болсноос хойш олны нүдэнд өртсөн нэг зүйл нь монгол дээл. “Хөдөөнийхөн биш хот газар дээл өмсөхдөө яахав дээ” гэсэн бүсгүйчүүдийн шивэр авир яриа аль хэдийнэ намжиж монгол дээлээ өмсөх охид хүүхнүүдийн тоо олширсон.
 
Тиймээс зочин бүсгүйгээс “Гавьяат С.Жавхлан таныг дээл өмсөхийг зөвлөдөг үү” гэхэд “Намайг хүмүүс нөхрийгөө дэмжих гэж л монгол хувцсаа өмссөн гэж хардаг юм шиг байгаа юм. Би оюутан байхаасаа хурган дотортой дээл, лоовууз малгай, монгол гутлаа өмсөөд хичээлдээ явдаг байсан.
 
Тэр үед монгол дээл өмсдөг хүн цөөхөн болохоор содон ч уртын дууны ангийн оюутны хувьд сонирхолтой. Тэгээд ч хөдөөний хүүхэд надад дулаахан, гоё санагддаг байлаа” хэмээн оюутан ахуй, бага насныхаа талаар дурсав.
 
Дуучин бүсгүйн маань уугуул нутаг Архангай аймгийн Булган сум. Айлын гурав дахь охин бөгөөд хоёр эгчтэй, нэг дүүтэй. Бага насных нь сайхан дурсамж үлдээсэн нь зун цаг гэж байна. Аймгийн төвд хичээллээд зуны амралтаа авангуут гэрээрээ зусланд гарч үхэр, малаа хариулж зуны гурван сарыг өнгөрүүлдэг байжээ.
 
Өглөө босоод айраг уучихаад хурга тугалаа гаргаж, хот хороогоо цэвэрлэнэ. Үд болоход уулын энгэрт бэлчих үхрээ эргүүлнэ гээд Г.Эрдэнэчимэг охины ажил дуусахгүй. Энэ үеэс монгол ахуйд дурлаж эхэлсэн тухайгаа ярьсан юм. Энэ тухай ярихдаа “Ямар азаар монгол ахуйтай ойрхон өсөв гэж баярладаг. Хөдөө амьдарснаар хүний ухаан задардаг, ажилч хичээнгүй хөдөлмөрч болгодог.
 
Ямар ч бэрхшээлд тэсвэр тэвчээр зааж сурна. Одоо хүртэл халуун ам бүлээрээ элэг бүтэн амьдарч явна. Ээж аавтайгаа өнгөрүүлсэн хүүхэд насны дурсамж хамгийн халуун дулаан, одоо ч дурсагдсаар байдаг” гэв.
 
2007 оны “Оюутан мисс, мистер” шалгаруулах тэмцээнд түрүүлж Филиппин улсад зохиогдсон “Олон улсын оюутан мисс, мистер” тэмцээнээс “Авьяаслаг мисс”-ээр шалгарч эх орныхоо нэрийг гаргаж явжээ.
 
Аймгийн төвийнх ч гэлээ хөдөөд дуртай охин багаасаа дуулах сонирхолтой байжээ. Ардын богино дуунд тун дуртай. Тиймээс сургуульд орсон цагаасаа л дуу хөгжмийн хичээлдээ шамдаж, хамгийн түрүүнд “Би дуулъя, багшаа” гэсээр танигдаж урлагийн үзлэг, концертод байнга оролцдог болсон гэнэ. Аавынх нь талынхан сайхан дуулдаг. Нагац тал нь ч адил, найранд гурван дуутай, наадамд гурван даваатай хүмүүс аж.
 
Ахлах сургуулиа төгсөөд дуучин болохоор сэтгэл шулуудаж, ээж нь түүнийг дагуулан Архангай аймгаас нийслэлийг зорьсон нь 2001 он байж. Тэрээр Соёл урлагийн их сургуульд конкурс өгч үеийнхнээсээ өндөр оноотой тэнцжээ. Шалгалт авсан багш нар бүгд л түүнийг уртын дууны ангид орохыг зөвлөхөд сэтгэлд нь буугаагүй гэдэг.
 
“Уртын дуу бол нүсэр төрөл зүйл, тэгээд ч хөгшин хүний сонголт” гэж дотроо цааргалсан ч ээж нь дуртайяа зөвшөөрч, ятгаж зөвлөхийг хослуулсаар уртын дууны ангид оруулжээ. Тэрээр зөвхөн дуу дуулаад зогсохгүй, үеийнхэн дундаа бие хаа, царай зүсээрээ тэргүүлж 2007 оны “Оюутан мисс, мистер” шалгаруулах тэмцээнд түрүүлж миссийн титэм зүүж байсан удаатай. Түүний дараа Филиппин улсад зохиогдсон “Олон улсын оюутан мисс, мистер” тэмцээнээс “Авьяаслаг мисс”-ээр шалгарч эх орныхоо нэрийг гаргаж явсан бүсгүй юм.
 
“ШУРАНХАЙ” ДУУ ХАМТЛАГИЙН НЭР БОЛСОН НЬ
 
 
Түүнийг Монголын соёл урлагийн салбарын томчуудыг төрүүлдэг Соёл урлагийн их сургуулийн босгоор анх алхахад мэргэжлийн багшаар Ц.Дэлгэр гавьяат угтжээ. Зургаан жилийн дараа “Шуранхай” хамтлагийн дуучид болох Б.Номин-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа нар жил дараалан тус сургуульд элссэн юм байна.
 
Гурвуулаа Ц.Дэлгэр багшийн гарын шавь болж, хичээлийнхээ дараа ангидаа үлдэн дасгалаа давтаж, өөрсдийнхөө хэмжээнд нэгэндээ зааж зөвлөсөөр найзууд болсон түүхтэй. Энэ тухай дугаарын зочин маань ярихдаа “Найзынхаа нөхөрлөлийг бататгаад нэг дуу хамт дуулвал яасан юм бэ гэсэн санаа гаргаж, 2007 оноос дуулж эхэлсэн.
 
Гурвуулаа Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гээд тоглолт хийхээр ярилцаад 2008 онд “Шуранхай” нэртэй тоглолтыг хийсэн. Хүмүүст ч таалагдсан. Тухайн үед хамтлагтаа нэр өгөөгүй байсан. Энд тэнд тоглолтод бид гурвыг дуулахаар тоглолтын нэрээр “Шуранхай” хамтлаг гэж зарласаар байгаад ингэж нэрлэгдсэн” гэж байв.
 
Уртын дуу, ардын дууг хөнгөн, цоглог аязаар олны хүртээл болгосноороо “Шуранхай” хамтлагийнхан олонд танигдсан. Харин уран бүтээлийн оргил үед Г.Эрдэнэчимэг хамтлагаа орхисон. Тэрээр хамтлагаа орхисон ч найзуудаа үргэлж дурсдаг юм байна. Тиймээс түүний оюутан ахуй цагийг дурсах хүмүүстэй холбогдоход дуучин Д.Үүрийнтуяа уриалгахнаар хүлээн авч ийн ярьсан юм.
 
Д.Үүрийнтуяа: МИНИЙ НАЙЗ ЗАЯАНЫХАА ХАНИЙГ ЗӨВ СОНГООД, САЙХАН АМЬДАРЧ ЯВАА
 
-Чимгээ бид нар оюутан цагийн найзууд. Бид залуу халуун, омголон байхдаа зоригтой алхам хийж байжээ. Эргээд бодоход уран бүтээлийн эрч хүч дүүрэн байж. “Шуранхай” хамтлагаараа Монголын урлагт шинэчлэл авчирсан гэж бахархаж явдаг. Тэр бол бид гурвын хамтын хүч байсан. Бидний уран бүтээлийг дэмжиж, тусалж байсан маш олон хүн бий. Одоо ч “Шуранхай” дууг сонсох дуртай хүмүүс байдаг юм билээ. Тэгэхээр бидний уран бүтээл хуучраагүй байна.
 
Миний найз заяаныхаа ханийг зөв сонгоод сайхан амьдарч яваа бүсгүй. Бид уран бүтээл дээр ч, амьдрал дээр ч санаа нийлж бие биедээ тусалж жаргал зовлонгоо хуваалцах хувь зохиолтой найзууд. Тус тусдаа ажил, амьдралтай болсон болохоор уулзах цаг ховор юм. Найзууддаа баярын мэнд хүргэе. Гэр бүлдээ болон монгол эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болж яваа сайхан бүсгүй шүү.
 
ХАНЬТАЙГАА ТАНИЛЦСАН ТҮҮХ ГЭВЭЛ…
 
 
Гавьяатад хоёр охин, голомтыг нь залгах нэг хүү төрүүлж өгчээ. Охид нь одоо дөрөв, гурван настай. Хүү нь зургаан сартай.
 
 
 
Г.Эрдэнэчимэг бүсгүй маань нийтийн дууны ханхүү гэгдэж байсан гавьяат жүжигчин С.Жавхлантай гэр бүл болоод зургаан жилийг үджээ. Гавьяатад хоёр охин, голомтыг нь залгах нэг хүү төрүүлж өгсөн. Охид нь одоо дөрөв, гурван настай. Хүү нь зургаан сартай. Тэдний хоорондоо хэрхэн танилцсан, гэр бүл болсон түүхийг сонирхвол “Бидний танилцсан түүх ийм гээд хэлэхэд хэцүү. Энд, тэнд тоглолт дээр тааралддаг. “Сайн байна уу, та” гэсхийгээд зөрдөг байсан.
 
Урлагийнхан чинь цол, нас, үе үеэрээ эрэмбэтэй. Үеэрээ дээд үе, цолоороо ч тэр. Олонд танигдсан хугацаагаар ч тэр, ах гэж хүндэлдэг байсан. Бид хоёр монгол сэтгэлээр холбогдсон хүмүүс. Үзэл бодол нийлдэг учраас бид одоо хүртэл сайхан амьдарч байна. Өөрийнхөө чадлаар энэ үйлсэд нь туслах юмсан гэж боддог ч хүүхдүүддээ санаа тавьсаар цаг хугацаа зарцуулж чадахгүй юм” гэж байна.
 
Тэрээр сайн ээж байхыг эрхэмлэдэг ажээ. Үүнийгээ “Эмэгтэй хүний нөхөртөө төдийгүй Монгол Улсад оруулж байгаа хамгийн том хувь нэмэр бол хүүхдийн хүмүүжил. Хүүхдүүдээ муу хүмүүжүүлчихвэл насны эцэст би өөрөө зовно” гэж тайлбарлана лээ. Бас “Хүмүүс ойлголцохгүй байгаагаас л муудалцдаг Бид хоёр байсхээд л нухацтай ярилцаад суудаг юм. Тэр үед би түүнийг дутуу ойлгосон, түүнийг чи яагаад тэгчихэв гэхчлэн. Тэгж ярихдаа бас нэгэндээ урмын үг хайрлана” хэмээн сэтгэлээ уудлав.
 
ЗУРГААН ЖИЛИЙН ӨМНӨХ ТА ХЭВЭЭРЭЭ БАЙНА УУ
 
Түүнийг тойрсон олон мэдээлэл цахим ертөнцид бий. “Нүүрээ буддаггүй”, “араг түшиж төрсөн”, “хамтлагтаа байсан бол дээр” зэргээр олон нийт өөр, өөрсдийн сэтгэгдлээр хандах нь бий. Эмэгтэй хүний хувьд олон нийтийн сэтгэгдэлд хэрхэн ханддагийг нь сонирхож “Та эдгээр мэдээлэлд ямар хариу өгөх вэ” гэвэл “Төрөлтийг би өвчин гэж боддоггүй. Салах ёстой яс нь жамаараа салдаг. Тиймээс ор, дэр нь хүрэлцэхгүй байгаа эмнэлэгт очоод бусдад дараа болохыг хүсээгүй.
 
Тэглээ гээд би муудаагүй, эндээгүй байна. Нүүр будалтын хувьд нөхөр маань будаг шунханд оролцоод байна гэж юу байх вэ. Шал өөр царайтай болтлоо будахаас илүү өөрөөрөө байх нь миний сонголт. Намайг “Чи хэт туйлширч байна” гэж бичдэг.
 
Тэгвэл би өөрсдөөс нь асуумаар байна. Та яг зургаан жилийн өмнөх шигээ байна уу гэж. Хань ижилтэй болоод, гурван хүүхэд төрүүлээд зургаан жил өнгөрөхөд хүн өөр болно. Хүний толгой дээрх өвсийг харчихаад өөрийнхөө толгой дээрх бухлыг яагаад анзаардаггүй байна аа, хүмүүс…” гэж бухимдангуй ярьсан юм.
 
“МОНГОЛ ГЭСЭН БҮХЭН СЭРГЭХ ЦАГ БОЛСОН”
 
 
Бидний яриа өрнөсөөр зорилго, мөрөөдлийн тухайд чиглэсэн байв. Тэрээр “Том зүйлийг мөрөөдөггүй. Хүнд ачаа болчихдог. Жижигхэн ч гэсэн “Монголоороо” төв маань наддаа сайхан. Өнгий нь гундаачихгүй, зорьж ирж байгаа хүмүүсийн сэтгэлийг бадраагаад явуулах нь ойрын том зорилго. Орчныг нь бүрдүүлээд өгөхөөр хүүхдүүд маань ч хөгжих байх” гэж даруухан хариулав.
 
Төвдөө өөрөө ч давхар суралцаж байгаа. Сургалтын төвийг нээсэн учрыг лавлавал “Монгол гэсэн юм бүхэн сэргэх цаг нь ирсэн. “Далайд дусал нэмэр” гэж өв, соёлоо сэргээхэд хүн болж төрснийх жаахан ч гэсэн тус нэмэр болохыг хүссэн. Монголын үнэт сайхан зүйлсийг өөрөө ч гүнзий мэдэж, эдээр бус эрдмээр биеэ чимэх юмсан гэж боддог. Хүмүүсийг ч уриалахад зөвхөн гадна талаа додомдоод байх биш эрдмээр биеэ чимээсэй” гэв.
 
Тэднийд зааж буй дөрвөн төрлийн хичээл тус, тусын онцлогтой юм. Бий биелгээ л гэхэд ардын язгуур урлаг гэхээс илүү алжаал, ядаргаагаа тайлах нэг ёсны спорт гэж тайлбарлав. Өдөржингөө ажиллаж ядарсан булчингаа суллах, хүзүүнд хурсан хуян, шар усыг тарааж нухлах, солбих, зэрэг нухлах, дугтрах, давхар дугтрах зэргээр бий биелгээний үндсэн хөдөлгөөнөөр ядаргаагаа тайлах бол монгол бясалгал “Баясуулаа ариусахуй” нь хүний мөн чанарыг сэргээх.
 
Энэ бясалгал ямар учиртай юм бэ гэвэл “Одоогийн хүмүүс өнгө, мөнгөнд баригдаж гадна биеэ додомдох болсон цаг. Хүн зургаан биеэс бүрддэг бөгөөд гадаад бие буюу мах, цус, ясан бие, хий биеүд болох гадаад гэрлэн бүрхүүл, дотоод гал хий бие, мөн чанар нь хүнд харагддаггүй биес байна. Манайхан эрт дээр үеэс мөн чанарыг шийддэг, зохицуулдаг хүмүүс байж.
 
Ухамсар, ухаан хоёр зэрэг хөгжих ёстой байтал ухамсар илүү хөгжчихсөн. Тиймээс хүмүүс хэт шуналтай, гадаад байдлыг шүтдэг болж. Эдгээр хичээлүүдээр хүмүүс бага ч болов гэгээрч өөрийн соёл, уламжлалаа мэддэг, дотоод мөн чанараа сэргээгээсэй гэж сонгосон” гэсэн юм. Тэрээр сайн үйлсийн аянд сэтгэл, зүрхтэй оролцдог нэгэн. Өнгөрсөн шинэ жилийн баяраар Архангай нутгийнхаа ядуу, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй 200 хүүхдэд бэлэг өгч сайн үйлс бүтээсэн юм.
 
Дээл, ном, төрөлт, будалт зэргээр хачирласан бидний яриа эмэгтэйчүүдийн баярыг хэрхэн өнгөрүүлдэг талаар үргэлжилсэн юм.
 
-Одоогийн залуу гэр бүл, ялангуяа эмэгтэйчүүдийн талаар ямар бодолтой байдгийг тань сонирхъё?
 
-Чин сэтгэлтэй хүн ховор болжээ. Хэтэрхий мэргэжил боловсрол, орчинтой хөөцөлддөг, бусдыг шүүмжилдэг үе юм уу даа. Хүн өөрийгөө таньж мэдэх нь хамгийн чухал. Энэ биеийг хайрлахгүй байна гэдэг том нүгэл. Хайрлана гээд ажил хийхгүй биеэ бөөцийлөөд байх биш. Хөдөлгөөнтэй, зүрх сэтгэлээ хөглөдөг, тархи толгойгоо ажиллуулдаг, бусдад хайраа дэвсэж чаддаг байгаасай.
 
-Юунаас хөг авдаг вэ?
 
-Дуу хөгжмөөс. Надад үгүйлэгддэг дуу хуураас салахын аргагүй.
 
-Тэгвэл уран бүтээлээ үргэлжлүүлэх нь ээ?
 
-Мэдээж дуугаа дуулна.
 
-“Мартын 8”-ыг хэрхэн өнгөрүүлдэг вэ. Гавьяат С.Жавхлан энэ өдрийг хэр дурсамжтай тэмдэглэдэг юм бол?
 
-Дурсамжтай тэмдэглэдэг. Ноднин жил “Галаа манасан монгол бүсгүй” тоглолт хийж, тоглолтын үеэрээ надад маш том сагстай сарнай цэцэг бэлэглэж байсан. “Миний үрсийг төрүүлж өгсөн ханьдаа баярлалаа” гээд тайзан дээрээс бууж ирэхэд сайхан байсан. Үзэгчид уйлаад л.
 
-Ээжийгээ бас баярлуулна биз?
 
-Өнгөрсөн жил ээжийгээ баярлуулсан. Ээжтэйгээ хамт найзуудынхаа тоглолтыг үзэж, бэлэг өгөөд сайхан өдөр байсан.
 
-Энэ жилийн баяраар манай сониноор дамжуулж ээждээ мэнд хүргэж болно шүү?
 
-Баярлалаа. Бие, сэтгэлийг нь элээж төрсөн охин чинь таньдаа маш их хайртай. Ижий аав минь мөнх биш болохоор сүүлд харамсахааргүй сэтгэлийг нь дүүртэл хайрлах юмсан гэж боддог. Мөнгө, төгрөг гэхээс илүү ядаж манайд ирэхэд нь тав тухтай байлгахыг хичээдэг. Хөөрхөн эмээдээ, эгч нартаа ч баярын мэнд хүргэе. Та бүхэн маань урт удаан наслаарай.
 
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭ ДЭМЖИГЧИД
 
 
Түүнээс ярианыхаа салхийг хагалсан монгол дээлийн тухай лавшруулан асуухад “Би бага байхаасаа монгол хувцсанд дуртай хүүхэд байсан. Одоо бол сонирхол минь улам гүнзгийрч нарийн хийцтэй, чимэглэлтэй монгол дээлэнд дурлах болсон. Монгол дээлийг заавал уртаар нь сунжруулаад өмсөөд байна гэж байхгүй. Богино хийж болно, монгол загвартай өмд ч байж болно.
 
Монгол хувцсаа биед эвтэйхэн болгож өмсч болохыг харуулж бусдыг уриалж байгаа юм. Нөгөө талаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа нэг хэлбэр. Үүгээр зогсохгүй бүр цаашлаад хувцас хунар оруулж ирэх нэрээр Монголоос гарч байгаа мөнгөний урсгалаас багахан ч гэсэн эх орондоо шингээх юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй” гэсэн нь яалт ч үгүй нэгийг бодогдуулав. Нээрээ л монгол дээлээ өмсвөл урд хөршөөс оруулж ирж байгаа чанартай, чанаргүй хувцсууд багасах юм биш үү гэж.
 
С.Жавхлангийнх үндэсний соёл уламжлал, хэрэглээг сэргээх цаг болсныг амжилттай тунхаглаж яваа гэр бүл. Гэвч ингэж хүлээж авах хүмүүс цөөхөн байсан үе бас тэдэнд бий. Дуучин залууг монгол дээл өмсч, гэр барихыг уриалж, улстөрчдийг шүүмжилж эхлэхэд “Дуугаа дуулаад явах нь дээр дээ” гэх хүн олон байсан.
 
Энэ үйл явдлыг дуучны эхнэр хэрхэн хүлээн авсан бол. “Манай нөхрийг анх дээлээ өмсье гэж уриалж байхад зарим хүн галзуу, мангараар нь цоллож байсан. Гэхдээ тэр бол цаг хугацааны асуудал. Хүмүүс хүлээн зөвшөөрөх цаг ирнэ гэж итгэдэг байсан юм. С.Жавхлан юугаа яриад байгаа юм гэж байсан хүмүүс өнөөдөр дээлээ өмсөөд явж байна.
 
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэгч энэ шүү дээ” гэж тэрсхэн хариулав. Тэрээр яриандаа зүйр үг хэрэглэх нь олонтаа юм. Тиймээс номтой багагүй нөхөрлөдөг болов уу гэсэн бодол минь алдаагүй байв. Түүхийн номонд нэн сонирхолтой бөгөөд хуульч С.Нарангэрэлийн “Чингис хааны ёс суртахууны шастир” ширээнийх нь ном болжээ.
 
ХАЛИМАГ, ТУВА, БУРИАД, ӨВӨРМОНГОЛЫН ИРГЭД ОДОО Ч ЗОРИОД ИРДЭГ
 
С.Жавхлан зөвхөн монгол дээл, монгол гэрээ барихыг уриалаад зогсоогүй, дэлхийн монгол угсаатныг нэгтгэсэн төсөл хэрэгжүүлсэн нь өнгөрсөн хоёр жилд тэдний гэр бүл төдийгүй Монгол Улсад болсон томоохон үйл явдал байсан юм. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол улсын уран бүтээлчидтэй хамтран дэлхийн өнцөг булан бүрт цацсан шагай шиг монгол үндэстэн эх голомтоо сангалзан суугааг харуулж чадсан билээ.
 
Г.Эрдэнэчимэг ч нөхрийнхөө үйл хэргийг дэмжиж төсөлд идэвхтэй оролцож явсныг монгол түмэн мэднэ. Төслийнхөн одоо ч холбоотой байдгаас гадна дээрх ул­суу­даас Монголд ирсэн энгийн иргэд тэднийхийг ёс юм шиг зорьж ирдэг болсон гэнэ. Ингэхэд нь гавьяатынх ам сайтай байх бөгөөд “Тухайн ул­суудад монгол ёс, заншил сэргэж эхэлсэн. Бидний зорилго бадарч яваа” хэмээн “Хамаг Монгол” төслийн тухай тэрээр бахдан ярьж сууна лээ.
 
 “Хүн төрөөд эцэг эхийнхээ гараас эхнэр нөхрийнхөө гар руу шил­жиж, өтлөх насандаа үр хүүхдийнхээ гар дээр очдог юм гэнэ лээ. Тиймээс ханийхаа сэтгэлийг нь хуваалцаж, халамжилахыг хичээдэг. Амьддаа бие биенээ хайрла гэдэг шиг хамт байгаа цаг хугацаандаа хамгийн сайнаараа байхыг хичээж явна” гэж зочны маань яриа өндөрлөсөн юм.
 
Тэрээр эр нөхрөөрөө маш их бахархах. Арга ч үгүй юм даа. Нөхөр С.Жавхланг нь монгол түмэн өөрөөс нь дутуугүй мэдэх, бас олон олон дуучид дундаас түүнийг л гэдэг. Үнэнхүү монгол төрх, монгол зан чанартайгаараа Са­мандын Жавхлан онцгой гэж хэлж болно. Харин түүнд ижийг нь орлох, амьд­ралын замыг нь хөт­лөл­цөх сайхан монгол бүсгүй учирсан нь Г.Эрдэнэ­чимэг бүсгүй ажээ.
 
 
Б.Энхзаяа
Эх сурвалж:
 
 
 

 

 
’’ГАШУУНСУХАЙТ’’ БООМТЫН ГАШУУН ҮНЭН
’’ГАШУУНСУХАЙТ’’ БООМТЫН ГАШУУН ҮНЭН
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.