Т.Мөнхбаяр: Намайг “намнахад“ Монголын бүх Хөдөлмөрийн баатар цолтнуудыг хамруулж ноцтой гэмт хэрэгт гүтгэсэнд харамсаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
22 минут 39 секунд
Т.Мөнхбаяр: Намайг “намнахад“ Монголын бүх Хөдөлмөрийн баатар цолтнуудыг хамруулж ноцтой гэмт хэрэгт гүтгэсэнд харамсаж байна

Т.Мөнхбаяр: Намайг “намнахад“ Монголын бүх Хөдөлмөрийн баатар цолтнуудыг хамруулж ноцтой гэмт хэрэгт гүтгэсэнд харамсаж байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Эрдэнэс силвер ресурс” компанийн Гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяртай ярилцаж, түүний талаарх зарим ноцтой мэдээллийг өөрөөс нь тодрууллаа.

-“Өдрийн сонин”-д “Хөдөлмөрийн баатар хулгайч уу” гарчигтай таны тухай нийтлэл гарсан. Үүнд “Хөдөлмөрийн баатар” цолтой олон хүн гомдож эмзэглэсэн байх. Та үүнийг уншсан уу?

-Би ч маш их цочсон. Энэ бол хүнийг шууд гэмт хэрэгт гүтгэсэн хэрэг. Тиймээс хуулийн байгууллагуудад шууд хандсан. Гарчигаасаа эхлээд л нэр бичээгүй учраас бусад Хөдөлмөрийн баатруудынхаа адил эмзэглэсэн. Өнөөдөр Монгол Улсад 493 “Хөдөлмөрийн баатар” цолтон төрсөн байдгаас одоо амьд сэрүүн, ажиллаж амьдарч буй 150 хүн бий. Тэдний 70-аас дээш хувь нь 70-аас дээш насны, тухайн үедээ хөдөлмөр бүтээлийн амжилт гаргаж баатар цол хүртсэн ахмадууд маань юм. Нийгмийн бүхий л салбараас төрсөн тэр баатрууд бас уншаад эмзэглэсэн байх. Мөнхбаяр гэдэг хүнийг бичихээр шийдсэн бол түүнийгээ л гарчигтаа тавихгүй Төрийн шагналыг хамруулсанд их харамслаа.

-Энд олон ноцтой асуудлыг бичсэн байна. Энэ талаар танаас асуух нь зүйтэй байх?

-Намайг Төмөр овогтой Мөнхбаяр гэдэг. Би “Эрдэнэс силвер ресурс” компанийн захирлаар 2019 оны арванхоёрдугаар сарын 13-наас эхэлж ажилласан. “Өдрийн сонин”-ы нийтлэлийг уншсан. Намайг Х.Баттулгын даалгавраар, УИХ-ын даргын шийдвэрээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний ордыг хятад иргэдээс булаах үйл ажиллагааг удирдсан...” гэж бичсэн байна билээ.

Энэ талаар хүмүүс мэдэж байгаа байх. Улсад хурааж авах ажиллагаа нь намайг томилогдохоос өмнө 2018 он 12 дугаар сард болсон үйл явдал. Тэр үеийн ЗГХЭГ-ын дарга, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар ҮАБЗ-ийн шийдвэрээр, хуулийн байгууллагын оролцоотойгоор хийсэн ажил. Хожим нь ажлаа авсны дараа судалж үзэхэд тэгж ажиллахаас аргагүй байсан юм билээ. Яагаад гэвэл тухайн үед эзэмшиж байсан хятад иргэд нь монгол иргэдтэй нийлээд, хууль хүчний байгууллагын зарим хүнд авлига өгөх замаар асуудлаа шийдүүлдэг байсан гэх мэт олон асуудал бий.

-Нэр бүхий шүүгчдэд өгсөн авлигын асуудлыг хэлж байна уу?

-Тийм. Арав гаруй шүүгчид авлига өгсөн асуудал шүүхээр шийдэгдсэн. Үүнтэй холбоотой ноцтой асуудлууд өрнөж байсан учраас хураагдсан. Үүнд уг үйл явдлаас хойш нэг жилийн дараа томилогдсон намайг буруутгах нь үндэслэлгүй юм.

-Таныг “Эрдэнэс силвер ресурс”компанийг удирдаж байхдаа компанийнхаа орлогыг зөвхөн ХХБ-нд хадгалуулдаг байсан, хүүг нь өөрөө “идсэн” гэж бичсэн байсан. Төрийн банк ч юмуу, бусад арилжааны банкинд хадгалуулж болоогүй юм уу. Хүү нь хаачсан юм бэ?

-Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хуулийн хүрээнд Салхитын мөнгөний ордын орлогоос төвлөрүүлэх ажил хэрэгжсэн. Үүний дагуу тухайн жилийн Цагаан сарын өмнө ахмадууддаа бэлэг барьж 6 хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэсэн. Үүнд 238 мянган ахмад хамрагдсан байдаг. Дараа нь тэтгэврийн зээл аваагүй нийт 230 мянган ахмад настанд тус бүр 1 сая төгрөг олгох, мөн 1 сая төгрөг хүрэхгүй хэмжээний зээлтэй иргэдэд зөрүү мөнгийг олгох зэрэг нийтдээ 216 тэрбум төгрөгтэй тэнцэх нийтдээ 1.2 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний тэтгэвэр барьцаалсан зээлтэй болон зээлгүй ахмадуудад дээрх хуульд хамрагдаж анх удаа төрөөс газрын доорх баялгаа ард иргэддээ хүртээсэн үйл явдал болсон.

Яагаад орлогоо ХХБ-нд төвлөрүүлсний тухайд би тус компанийг удирдах хугацаандаа аль болох эрсдэлгүй, зөв зохион байгуулж ажиллахыг хичээсэн. Монголбанк хуулиараа арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрхгүй учраас тус эх үүсвэрээ арилжааны банкинд байршуулах замаар хүүгийн орлогоор өсөн нэмэгдүүлэх нь мэдээж ААН-ийн удирдлагын хувьд хийх ажил. Тухайн үед Голомт, Хас, Хаан болон Үндэсний Хөгжлийн банк болон бусад миний санахын арилжааны банкуудад албан тоот хүргүүлж хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулах саналыг хүргүүлсэн. Банкуудаас ирсэн хариу жишээ нь Хаан банк богино хугацаатай учраас (жил хүрэхгүй) зарлагдсан хүүгээр хадгална, Голомт банкны хүү ХХБ-с өндөр байгаагүй, Үндэсний хөгжлийн банк өндөр хүү амласан ч Монголбанкнаас гаргасан банкуудын үзүүлэлт, үнэлгээ зэргийг бид судалж байгаа ХХБ-г сонгож байсан.

Өөрөөр хэлбэл цэвэр банкнуудаас ирүүлсэн хүүгийн хувь хэмжээ болон манай хадгалуулах хугацаанд хүүгийн орлогын хамт эргүүлэн хуулийн хэрэгжилтэд төлөх чадварыг харьцуулсан үнэлсний үндсэн дээр ХХБ-тай хамтран ажиллаж байсан. Энэ талаарх баримт бичгүүд ч Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ын 2020-2021 оны санхүүгийн баримтуудад байх ёстой.

-Ямар шалгуураар. Энэ нь таны хувийн сонголт уу?

-Банкны зээлжих зэрэглэл, төлбөр түргэн гүйцэтгэх чадвараараа Монголд хамгийн өндөр зэрэглэлтэй байгаа нь л дээрх банк байсан учраас эрсдэлгүй гэж үзээд ийм шийдвэр гаргасан. Мөн дээр хэлсэнчлэн арилжааны банкуудаас албан тоотоор санал авч харьцуулж үзээд ХХБ илүү санал ирүүлсэн учраас Хүүгийн хэлцэл хийхэд хугацаа чухал бөгөөд жил хүрэхгүй ч хамгийн өндөр хүү олгох нөхцөлийг санал болгосон нь ХХБ байсан. Энэ нь бүх гэрээ, контрактаар нотлогддог. Эдгээрийг би танд өгье. Банкны салбар эрсдэлтэй байгаа цаг үед хугацаатай уралдаж байсан би ямар ч эрсдэлээс болгоомжилж мөн тооцоолж ажиллаж байсан. Жишээ нь “Капитал” банк шиг хүнд байдалтай банкинд хадгалуулаад олон сая ам.долларыг алдчихвал яах вэ. Энэ бүхнээ тооцож шийдвэрлэх ёстой шүү дээ.

-Яг үүнийг асуух гэж байлаа. Тухайн үед танд хүндрэлтэй байгаа Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингисхаан банкинд ч юм уу орлогоо хадгалуулахыг тухайн банкууд болон тодорхой улстөрчдөөс саналууд, дарамт шахалтууд ирж байсан гэж сонссон. Үнэн үү?

-Тийм санал ирж байсан. “Чингис хаан”, “Төрийн банк”, “Капитрон”, “Голомт” банкуудаас санал ирж байсан боловч эрсдэлээ бодоод хүлээж аваагүй. Үүнийгээ ч зөв шийдвэр байж гэж боддог. Зарим банк бодлогын хүүгээс өндөр буюу хадгаламжийн хүүг “даблдсан” маягтай хүүг ч санал болгож байсан. Ингээд ирэхээрээ “залгичихна” гэсэн мэдрэмж, болгоомжлол төрөөд байсан учраас зөвшөөрөөгүй. Өөрөөр хэлбэл, надад төрийн компанийн мөнгийг, цаашилбал ахмадуудад очих ёстой мөнгийг тэгж эрсдэлд оруулах зориг байгаагүй.Энэ бол хариуцлага. Бид 2021 оны тавдугаар сарын 21-нд тэтгэврийн зээлийг тэглэх мөнгийг олгох хуулиар олгосон үүрэг хүлээн ажиллаж байсан үүнийгээ ч нэр төртэйгөөр биелүүлсэн.

Манай компани Тэтгэврийн зээл тэглэх туухай хуулийг хэрэгжүүлэхдээ төрөөс нэг төгрөгийн ч татаас, төсвөөс дэмжлэг, эсвэл нөхөн олговор аваагүй. Бид төрөөс бодлогын дэмжлэг авсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн эрх зүйн чадамжаар хангуулах болон бодлогын дэмжлэг авч, үүнийхээ хүрээнд маш хурдтайгаар ажиллаж үүргээ гүйцэтгэсэн. Миний хувьд “Эрдэнэс силвер ресурс” компанийн захирлын ажлыг 2021 оны 6 дугаар сард хүлээлгэн өгөх хүртлээ тооцож үзэхэд нэг жил нэг сар гаруйхан хугацаанд манай компани 90 орчим сая ам.долларын орлого эх үүсвэрийг бий болгосон байдаг. Үүнийг хийхдээ өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар хувийн хэвшлийн зардлын менежмэнтийн аргачлалаар үйл ажиллагаагаа зохион байгуулж бий болгосон эх үүсвэрээр уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлэн, жигдрүүлж, санхүүжүүлээд зогсохгүй нийт 250 гаруй монгол залуусыг ажлын байраар хангаж цалинжуулж, хуулийн 1 дүгээр шатны хэрэгжилт болох 216 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бий болгож хугацаанд нь нэр төртэйгөөр Эрдэнэс Монгол ХХК-д 100 % шилжүүлж хүлээсэн үүргээ хамт олныхоо хамт биелүүлсэн.

-Тэгээд ХХБ-нд ямар нөхцөлөөр хадгалуулсан бэ. Тус сонинд бичсэнчлэн хадгаламжийн хүү нийт 9 тэрбум төгрөгийг өөрийн дансанд хийсэн нь үнэн үү. Үнэн бол энэ чинь хулгайн гэмт хэрэг шүү дээ?

-Тэгэх ямар ч боломжгүй л дээ. Нэгдүгээрт, тухайн хадгаламжийн данс нь Эрдэнэс Силвер Ресурс ХХК-ын нэр дээрх нээгдсэн данс, хоёрдугаарт, эх үүсвэрт тооцогдсон хүү болон үндсэн дүнг хугацааны эцэст хугацаатай хадгаламжийн гэрээний дагуу бид толгой компанид шилжүүлсэн байдаг. /баримтаар танд өгье/ Гуравдугаарт, яаж 9 тэрбум төгрөгийн хүү гэж тооцоод байгааг тэр мэдээлэл гаргаж ойлгохгүй байгаа. Тухайн үед хадгалуулж байсан эх үүсвэрүүд нь нэг дор ороогүй, он дуусахад 37 орчим сая ам.доллар байсан, дараа 1 сард 25 сая урьдчилгаа төлбөрийн гэрээний мөнгө орж ирсэн түүнийг нэмж хадгалуулсан, дараа нь 3 сарын 15-д урьдчилгаа төлбөрийн гэрээний сүүлийн төлбөр болох 25 сая ам.доллар орсон. Өөрөөр хэлбэл, 2021 оны 1 сараас 3 сарын хооронд 50 сая ам доллар нь 4-1.5 сарын хугацаанд хадгалагдсан. Тэгэхээр тэр 9 тэрбум төгрөг гээд бичээд яриад байгаа хүмүүс дахиад нэг тооцоод үзээрэй гэж хэлмээр байна. Нөгөө талаар үүнийг хувийн дансанд хийж завшсан гэх гүтгэлэгт баримтгүй, мэдэхгүй бол хүний нэр хүндэд битгий халдаж байгаач гэж хэлмээр байна.

“Эрдэнэс силвер ресурс" компанийн ТУЗ, аудитор өдөр тутам компани дээр ажилладаг. Миний гаргасан санхүү, үйл ажиллагаатай холбоотой шийдвэрүүдийг тэд болон ТУЗ-ийн Аудитын хороо, толгой компани “Эрдэнэс Монгол” ХХК-ын хяналт шалгалт байнга тавигдаж мөн бид тайлагнадаг. Мөн Үндэсний аудитын газар байна. Маш олон шалгалт хяналтыг байнга хийж байдаг ийм нөхцөлд дээрх дансны хөрөнгөөс өөр данс руу хулгайлах ямар ч боломжгүй. Үүнийг мэдэхгүй бичив үү, мэдсээр байж шошго зүүх гэж бичив үү гэдгийг би сайн мэдэхгүй байна.

-Таныг ингэж гүтгэх магадлалтай хүмүүсийг та гадарлахгүй байна гэсэн үг үү?

-Юуны өмнө Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль гаргасан тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар үнэхээр түүхэн шийдвэр гаргасан. Маш олон ахмад амьжиргаагаа барьцаалаад тэтгэврийн зээл авчихсан, амьжиргааг нь барьцаалаад банк зээл олгочихсон байсан. Үүн дээр ухаалаг шийдвэр гаргасан гэж үздэг, тэдгээр ахмадуудыг зээлээс чөлөөлөх буянтай ажлыг хийлцсэндээ би баяртай байдаг.

Тийм ч учраас Монголын төр миний ажлыг үнэлж Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан байх гэж боддог. Тэгэхээр Монголын олон ахмад настны төлөө хийсэн ажлыг баллах, харлуулах оролдлогуудыг хараад их харамсдаг. Тусгаар Монгол Улсад төр барьж буй эрхмүүд хуулийн дагуу шийдвэр гаргаад уул уурхайн баялгийг тэгш хүртээснийг шүүмжилж буруутгахын цаана гадны гар хөлүүд байгаа юм биш биз гэж бодогдох боллоо.Магадгүй шүүгчдэд хахууль өгдөг байсан хятад иргэд, тэдэнтэй хамтардаг байсан монгол хүмүүсийн “гар хөлүүд" ийм зүйл санаачилж хэвлэн нийтлүүлээд байдаг юм болов уу гэсэн хардлага төрж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнд болгоомжтой хандаж үндэсний дархлаагаа хүндэтгэж бодолцож ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна.

Хадгаламжийн хүүний тухай яриандаа эргэж оръё. Таныг тус компанийн орлогыг ХХБ-нд байршуулсан хугацаанд хадгаламжийн хүү хэрхэн өөрчлөгдөж байсан бэ?

-Бид зарим үед хүүгийн хэмжээг нэмж байсан. Яагаад гэвэл мөнгөн дүн ихсэхээр хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлж хэлцэлдээ өөрчөлт оруулж байсан. Энэ нь цаагуураа төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанид, эцсийн дүндээ улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлж байна гэсэн үг. Улсын мэдлийн компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөриймсөг сэтгэлээр бүх хүчээ дайчилж аль болох их орлого төвлөрүүлж ашигтай ажиллуулахыг хичээсэн. За одоо би зарим хэлцлийн хүүнээс танд тайлбарлая. Жишээ нь, энд 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 99 хоногийн хугацаатай, 2.5 хувийн хүүтэйгээр хадгалуулна гэж заасан. Мөн энд 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд 90 хоногийн хугацаатай, 2.5 хувийн хүүтэйгээр хадгалуулна гэж заасан гэрээ байна гэхчлэн бүгд гэрээгээр зохицуулагддаг.

-Жишээ нь, энэ үед танд тавьсан бусад банкны хадгаламжийн хүү хэд байсан бэ?

-Ер нь дунджаар 2.1-2.4 хувийн хүү санал болгож байсан. “Чингисхаан” банкнаас жилийн бараг 4 хувийн хүү санал болгож байлаа. Гэхдээ үүнийг би биш манай санхүүгийн алба, нягтлан тооцоолж хамгийн эрсдэлгүй, боломжийн хувилбарыг танилцуулж байсан.

-Гэтэл зарим нь дээрх тооцооллыг бус хэний банкинд хадгалуулсан бэ гэдэгт илүү анхаараад байгаа бололтой.Жишээ нь та Д.Эрдэнэбилэг болон бусад банкны захирлуудтай хэр танил вэ?

-Би ХХБ-наас хэнийг ч танихгүй. Аливаа шийдвэрийг цаасан дээр харьцуулсан судалгаа, бодит эрсдэл болон түүний боломжуудыг гаргаж тавиад л шийдвэрээ гаргадаг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд “Голомт”, Хаан” банк болон “Мобиком”, “Юнител” зэрэг үндэсний томоохон байгууллагууд шинэ зээлийн бүтээгдэхүүнээ, манай хамт олонд дугаар, интернэтийн үйлчилгээгээ сурталчилж хамтран ажиллах санал тавьдаг байсан.

-Хоёулаа дээр ам.долларын хадгаламжийн хүүний талаар ярилаа. Тухайлбал дээрх банкууд төгрөгийн хадгаламжийн хүүний ямар санал тавьж байв?

-Та санаж байгаа бол гэнэтхэн 37 сая ам.долларын тухай баахан хэвлэлээр мэдээ гарсан. Тэр үед бас л ийм үндэслэлгүй мэдээлүүүд олон нийтэд гараад дээр нь ТУЗ-с манай хадгаламжинд байсан ам.долларыг төгрөгт хөрвүүлэх ТУЗ-ийн даргын шийдвэр хүртэл ирсэн байдаг. Уг нь ам.доллар эсвэл юань, валютаар байх нь ханш өсч байгаа үед уг нь бас компанид хэрэгтэй л байсан. Гэвч бид дээрээс ирсэн шийдвэрийн дагуу компанийн дансанд байсан валют болон дараа дараагийн удаа орж ирж байсан бүхий л гадаад валютыг Монголбанкинд зарж төгрөг болгоод хадгалж байсан. Аягүй бол найман шарга дээр зараад ханшийн орлого олж идсэн гэх мэт яриа гарах байх, нөгөө талаар Монголбанкинд зарах нь баримттай, төрийн өмчит компанийн хувьд зөв шийдвэр байсан. Ингээд он гарснаас хойш валютын хадгаламжийг төгрөгийн хадгаламж болгосон.

Төгрөгийн хадгаламжийн гэрээнүүд бий. Жишээ нь, энд 14 тэрбум төгрөгийг хоёрдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэл 59 хоногийн хугацаатай, 5.2 хувийн хүүтэйгээр хадгалуулна гэсэн гэрээ байна. Мөн гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 26 хүртэл 31 хоногийн хугацаатай 3.6 хувийн хүүтэй хадгална гэхчлэн тухай бүрт нь хэлцлээр зохицуулж байсан. Надад нууж хаах зүйл байхгүй. Хүсвэл эдгээр гэрээний хуулбаруудыг баримт болгон авч болно. Миний ажиллаж байсан “Эрдэнэс силвер ресурс” компанид ч, ХХБ-нд ч эх хувь нь хадгалагдаж байгаа. Тэгэхээр намайг хулгайлчихлаа гэж хардаж бичээд байгаа хадгаламжийн мөнгө нь ХХБ дахь “Эрдэнэс силвер ресурс” компанийн дансанд хадгалагдаж байгаад тэтгэврийн зээлэнд зарцуулагдсаныг эдгээр гүйлгээний баримтаас харж болно.

-Тэгэхээр хадгаламжийн хүүний 9 тэрбум төгрөг хаачсан бэ гэвэл данснаас харагдах юм байна, тийм үү?

-Тийм ээ, хадгаламжинд тооцогдсон бодит хүү болон хадгалуудсан эх үүсвэрийг “Эрдэнэс силвер ресурс”, “Эрдэнэс Монгол” компаниудын хоорондын Бондын санхүүжилтийн гэрээний дагуу манайхаас шилжүүлчихэж байгаа юм. Энэ гэрээгээр “Эрдэнэс силвер ресурс” компаниас “Эрдэнэс Монгол” компани руу 199.3 тэрбум төгрөг болон 16.1 тэрбум төгрөгийн дүнтэй гэрээнүүд байна. Тэндээс буюу “Эрдэнэс Монгол” компаниас Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн баримт байна. Үүнийг салгаж тооцох аргагүй.

-“Өдрийн сонин”-ы уг нийтлэлд таны хувийн компанид ажиллаж байсан ажилчин амиа алдсан явдлыг мөн танд хамааруулж дурдсан байсан. Хугацааны хувьд “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирлаар ажиллаж байсан үе байна билээ. Энэ талаар?

-Би тэр компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй, бизнесмэний хувьд хувьцааг нь худалдаж авсан, ашигтай нөхцөл санал болгоход нь хувьцаагаа зараад гарчихсан. Хүн амиа алдсан асуудлаар компанийн удирдлагуудаас нь асууж лавлаж байсан. Ер нь уул уурхайн салбарт Хөдөлмөрийн аюулгүй байдал хамгийн чухал учраас миний хувьд хаана ч ажиллаж байсан үүнд онцгой анхаарч байнга сургалт зохион байгуулж мэдээллээр хангаж хяналт тавьж ажиллаж байсныг хамт ажиллаж байсан хүмүүс маань төдийгүй толгой компани, хамтран ажиллаж байсан олон улсын байгууллагууд ч онцолж байсан.

-Ингэхэд таныг яагаад ажлаас чөлөөлсөн юм бэ. Миний санаж байгаагаар компаниа ашигтай ажиллууллаа гээд хуулийн дагуу үр дүнгийн урамшуулал авч хамт олонтойгоо хувааж цалин дээр нь нэмж олголоо гэж сошиалаас харж байсан. Төрөөс ч хоёр том одонгоороо шагнасан. Тэгээд гэнэт чөлөөлчихсөн болохоор сонирхол татдаг. Та ч энэ талаар ярьж байсангүй...

-Наадах чинь хэцүү л асуулт байна. Олон хүчин зүйлс нөлөөлсөн байх. Миний хувьд Гүйцэтгэх захирлын хувиар, ТУЗ-ийн даргатайгаа хийсэн 2021 оны арванхоёрдугаар сарын 23 хүртэл хоёр жилээр хийгдсэн гэрээ дээр төрийн өмчит компанийг ашигтай ажиллуулбал нийт ашгийн нэг хувиар урамшуулал хүртэнэ гэж заасан байдаг. Энэ хугацаанд 2020 оны аудитлагдсан тайлангаар компанийг 50 тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллуулсан. Үүний 1% болох 500 сая төгрөгөөр хуулийн дагуу урамшуулах шийдвэр ТУЗ дээр гарсан, тухайн үед миний бие өөрийн санаачилгаар энэ урамшууллаасаа татгалзан компанийн нийт уурхайн ажилчиддаа олгох шийдвэр гаргуулахыг ТУЗ-ийн гишүүдэд хүсэлт гаргасныг шийдвэрлэн тухайн үед хамт энэ амжилтад хүрсэн нийт ажилчиддаа нэг сарын цалин болгон тарааж өгч байлаа. Хамт олонгүй бол би хэн ч биш шүү дээ. Сонирхолтой нь ажилчдынхаа тоогоор хуваахад яг 499 сая төгрөг болж таарсан.

-Ярилцсанд баярлалаа.

О.ШҮР

Улаанбаатарт өдөртөө 25-27 градус дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 25-27 градус дулаан байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.