ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан гаригт Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж танилцуулах мөн бондуудын эргэн төлөлтөд шалгалт оруулахаар шийдвэрлэснээ дуулгасан. Тиймээс Хөгжлийн банкыг хөнтөрч, Чингис, Самурай бондыг бооход томоохон үүрэг оруулсан нөхдийн зарим хэргээс эргэн сануулъя.
Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсгийг анх 2017 оны нэгдүгээр сард Улсын Ерөнхий прокурорын газраас байгуулж байжээ. Ингэхдээ Эдийн засгийн хөгжлийн яамны болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм. Улмаар мөн оны есдүгээр сараас эхлэн АТГ-аас Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан "Фортуна" Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлснээр, өдийг хүрчээ.
Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг 20 гаруй тэрбум төгрөгийг хувийн банкны данс руу шилжүүлсэн хэмээн буруутгагдан, шалгагдаж буй. Ингээд ч зогсохгүй тэрбээр Эдийн засгийн хөгжлийн сайд "Фортуна" Н.Батбаярын хүн гэгдэх бөгөөд Н.Батбаяр Эдийн засгийн байнгын хороон дарга Б.Гарамгайбаатарын хамтаар бондын мөнгөнд хайр найргүй хандаж байсан гэдэг юм. Уг асуудалтай холбогдуулан Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын олон хүнийг нарийвчлан шалгаж байсан удаатай.
Харин АТГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр хийсэн ээлжит хурлаараа “Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарын хүмүүсийн хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн. Хөгжлийн банкны гэх хэрэг дотроо “Чингис” бонд, “Самурай” бонд гэх хэргүүд хамт багтаж байгаа. Авлигатай тэмцэх газар, цагдаа, прокуророос байгуулагдсан ажлын хэсгийнхэн шуурхай ажиллаж 30 гаруй хэрэг болгон задалсан. Ажлын хэсгийнхэн хэргийг шүүхэд шилжүүлж эхэлсэн” хэмээн тайлбарласан байдаг.
ЗГХЭГ-ын даргын үүрэг болгосончлон Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис”, “Самурай” бондуудын мөнгөнөөс зээл авсан хүмүүсийн нэрс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нараас эхлээд цувраад л гараад ирнэ. Харин эргэн төлөлтөө хийсэн эсэх нь удахгүй ил болох нь ээ. Хөгжлийн банкны бондоос зээл авсан төрийн түшээд боллон төр түшилцэж явсан нөлөө бүхий эрхмүүдээс дурдвал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир нарын хувь эзэмшдэг гэх “Эм Си Эс” групп 385 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан аж.
Түүнчлэн С.Бямбацогтын “Нью прогресс” групп 10.3 тэрбум төгрөг, Сү.Батболдын “Чингис” зочид буудал 9.4 тэрбум төгрөг, Ж.Энхбаярын “Дархан нэхий” ХХК 14 тэрбум төгрөгийн зээлийг тус тус авчээ.
Дээрх баримтуудаас эхлээд Хөгжлийн банкнаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж зээл авсан олон баримт бий. Тиймдээ ч эрх мэдэлтэй хүн хуулийн цоорхойгоор хэргийг яаж ч шийдэж болдогийн жишээг уг банкны эргэн тойрон дахь үйл явдлаас тодорхой харуулж байна уу гэлтэй. Аливаа хэргийг олон нийтэд мартагнах хүртэл бүр даамжруулж ч болдог юм байна. Энгийнээр бол өөх ч биш, булчирхай ч биш хоёрын дунд явсаар хөөн хэлэлцэх хугацаа гэгчээр бултдаг аж. Энэ талаар Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний ярьсан нь бий.
Тухайлбал,“Хөгжлийн банк”-ны шалгалтаар 2017 оны нэгдүгээр сард “Эрэл” компанийн захиарал Б.Эрдэнбатыг “Чингис” бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсан нь илэрсэн ч мөн л одоог хүртэл хэрхсэн нь тодорхойгүй байна. Түүнийг хэрэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан юм.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ч.Сайханбилэгийн Засгийн газрын Шадар сайдаар ажиллаж байхдаа 20 тэрбумын зээлийн хэрэгт нэр холбогдож байсан талаар Саак.мн сайт онцолжээ. Уг хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард прокурорт шилжсэн аж.
Түүнчлэн С.Эрдэнийн охин болох Э.Содгэрэлийг Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл яригдсан ч тэрбээр илт үгүйсгэж байгаа. Тэрбээр “Намайг гүтгэсэн асуудлаар би гомдол гаргасан. Миний гаргасан гомдлын дагуу цагдаагийн ажилтнууд надаас ирж тайлбар авсан. Надад хөгжлийн банктай холбоотой ямар ч асуудал байхгүй. Ер нь сүүлийн үед сошиал орчинд С.Эрдэнийн охин С.Содгэрэл Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөгийн зээл авсан мэдээлэл маш их явуулсан. Бараг хүүгүй шахуу зээл авчихсан юм шиг. Хөгжлийн банкнаас тодорхойлолт авсан. Нэгт, Хөгжлийн банк хувь хүнд зээл өгдөггүй, хоёрт, танай охин дээр нэг ч төгрөгийн зээл гараагүй гэсэн тодорхойлолт авсан” хэмээн мэдээлэлдээ дурдсан юм.
Ямартай ч Хөгжлийн банкыг хөнтөрч, бондуудыг боосон эрхмүүдийн хэрэг ийн цэгц, цэгцрэх нь гэсэн итгэлээр олон хүн чих тавин сууна.
Б.Лхам
Эх сурвалж: 24цаг.мн