Т.Баярхүү: Буруу тогтолцоо л Сү.Батболд, "Женко" Х.Баттулга, "Босоо" С.Ганбаатар нарыг төрүүлдэг...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
21 минут 4 секунд
Т.Баярхүү: Буруу тогтолцоо л Сү.Батболд, “Женко“ Х.Баттулга, “Босоо“ С.Ганбаатар нарыг төрүүлдэг...

Т.Баярхүү: Буруу тогтолцоо л Сү.Батболд, “Женко“ Х.Баттулга, “Босоо“ С.Ганбаатар нарыг төрүүлдэг...

Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү би Мөнх тэнгэр шүтлэгт, Мөнх галын соёлт Монголчууд 720 жилийн давтамжтай түүхэн  мөчлөгөөр Гумилев гуайн хэлснээр пассионар (оргилон дэврэх) төлөв байдлаар сэргэн манддаг гэдэгт итгэх тул та бүхнээ сэрээж-сэхээрүүлж-ухааруулах гэж тэмцэн зүтгэх бөлгөө. Үүний тулд Зөвхөн Монгол үндэстэнд байх өнө эртний Монгол хүн ухаан-гүн ухаан-онолоос чадан ядан тоймлон хүргэхийг хичээх ажму. Заяа сайт нь сонсон уншин дэлгэрүүлэх, заяагаа дордуулагсад болон заяа нь үл хүрэгсэд нь дагах аваас бид нар нийтээрээ, нийдэмээрээ тавилангаа тэгшлэн Эх нутгийнхаа эзэн байж, харийн мөнгө хүүлэгчдийн савраас мултарч өөрийн бодол өөртөө зөвөөр хөгжин мандах сайн цагийн эхлэл болмой. 
 
Монголчуудын төрөлх 9 эрдэм ухаан
 
Танилт, Тунгаалтын онол
 
Танилтай хүн талын чинээ
Танилгүй хүн алгын чинээ
 
Хурц хараа, Холч бодол
 
Нүүдэлч малчдын хамгийн ууган бөгөөд унаган гэгээрэл бол танилт, тунгаалтын эрдэм юм. Танихуйгаар мэдлэг эхэлж, тунгаалтаар утга хариуг хайна. Энэ нь суурь гэгээрэл боловсролын төрөлх үндэс болдог байжээ. Танихуй таньц онолоос ухаан мэдэц бойжму. Танилт тунгаалт эрдэмтэй хүнийг гярхай, ажигч,сонор, соргог, анир, сэргэг, өлөн нүдтэй, тэр бүү хэл нохой шиг үнэрч, жигүүртэн шиг хурц хараатай, хулан шиг сонор, бөхөн мэт соргог гэх мэтээр хэлэлцэх нь түгээмэл. Өөрөөр хэлбэл орчин тойрны уужуу содон газар нутаг, хэдэн зуун мянган хурга ишиг мал сүргээ минийх, манайх, тэднийх, тэндхийнх хэмээн таних, өсөлт үржил хүч тарга тэвээрэг, хариулга малалгаагаар нь цаад айлын бүл чадал цараа хүрээ ёр-хэр-тарыг нь танин мэдэх. Айл саахалт ахмад настнаасаа танин мэдэх тунгаан ухаарах үйл явц эдүгээ улам бүдгэрч төрмөл ой, санамж заяамал хадгаламж сургаал бүхэн шахагдаж, харийн таримал измын боловсрол сургалт үзлүүдэд дарагдан мартах, мартагдахын мананд улам төөрсөөр!!! 
Урьдал ухаан болох танилт, тунгаалтын эрдмийг ихэс өвөг дээдэс маань:
ХЭР- ( Хэр чинээ, чадал цариг гарал, хэмжээ өнгө зүс байгаа төрх байдал), Хэрийг нь таних. Ямархуу хүн бэ? гэдэг багцаа байдлыг нь таних, алс холын төрхийг нь гадарлах.
ЁР- ( түүний сул тал, эндэл алдлын болзошгүй), Ёрыг нь таних. Уг хүний сул тал, " дотор хүн"-ий нь угт байгаа урагшгүй санааг таних.
ТАР-( тар нь танигдах, тарыг нь таних, тэнсэх) уг хүнээс авах сайн тал, цэнэх муу чанаруудыг нь таних тунгаах ухагдхуун үнэлэмж.
ХЭР-ЁР-ТАР гэсэн эртний язгуур үгсүүдийн язгуураас тарыг нь танисан бол танихаас цаашгүй яв, Ёрыг нь мэдсэн бол ёолж бүү харагд, Хэрийг нь гадарласан бол хэрүүл бүү хий гэх мэтээр өвгөд эмгэдийн зэмлэдэг үг сургаалууд нь угтаа " Онолын мэдлэгээр бөөлжиж байгаа хэрэг" юм. Цаана нь гэнэн нь арилсан Хашир Хэрсүү ухаан, жинхэнэ Гүн ухаан Хүн эрдэм нуугдаж байгаа тул өвгөдийн үг үнэтэй байдаг.
Бид сүүлийн 30 жилд Ц.Элбэгдорж, С.Баяр мэтийн хичнээн олон хүний ХЭР-ЁР-ТАР-ыг үл таниж, тунгааснаас болж яав? 33 тэрбум ам.долларын гадаад өр, 30 гаран их наяд төгрөгийн дотоод өрөнд орж мэхлэгдэв. Газар нутгийн 70% нь ашигт малтмалын лиценз нэртэй алга дарам цаас болж харийн мөнгө хүүлэгчдэд барьцаалагдан эх нутгаа алдах аюултай нүүр туллаа!!! Яагаад??? Бид нар өвгөдийнхөө хүн таних, шинжих, сонжих ухаан эрдмийг үл ойшоож, харийн измүүдийн тархи угаалтанд автан мунхарснийх!!! Цаашид үргэлжлэх аваас дараагийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Сү. Батболд, "Женко"  Х.Баттулга, "Босоо" С.Ганбаатар  гэх мэтээр нэр нь өөр ч цаад мөн чанар нь адилхан хүмүүс тасрахгүй үргэлжлэн төрөх ба олшрон үржих нигууртай, хортой. Хэзээ бид Хүн таньдаг, тунгаадаг болно тэр цагт сая өнөөгийн Нео-колончлолын үндсэн мэх болох тухайн улсын улс төрийг шоу бизнес болгон байнгын сенсаацаар ард түмнийг хооллон завгүй сатааруулж, Hero-Нируны бэлдсэн тавилттай кино зохиолуудын баатруудад хуурагдаж  зальдуулахаа болино.
 
Хүн танихуй
 
Монгол язгууртан хүний үндсэн шинж:
 
Бодол-үг-үйл гурав үл зөрмү.
 
" Танихаас урд, талын хоёр гөрөөс, танилцсан хойноо, тагнайн хоёр судас" гэж танилын ач холбогдол андлах (эрхтэйчүүд), найзлах (эмхтэйчүүд) ёсны ах дүүгээс өөрцгүй холбоог үнэлсэн нь байдаг. " Тарган хоногийнх, Танил насных" гэж ч ярьдаг. " Танихгүй газрын бурхнаас таних газрын буг дээр", " танихгүй морины араас бүү ойрт, Танихгүй хүнд ухаанаа бүү мэдүүл" гэх мэтээр тоочоод байвал танихуй ухааны алтан гаргалгаа болсон зүйр цэцэн үг, оноц мэдлэг үй түм. Тэр бүү хэл " Тавхан үгэндээ танигдаад байна" гэж хүний мүс чанар ааш араншинг гадарласнаа эртний дуундаа мөнхрүүлсэн ард түмэн билээ бид. Энэхүү танилт, тунгаалтын ухаан нь шинж дохионы эрдмийн өмнөтгөл, цэцэлсэн цэгцэлсэн түүх гүн ухааны өв нандигнал удамшил юм. Өөрөөр хэлбэл анхан шатны боловсрол гэдэгтэй жишиж болму. Хүний тухайд хийморьлог сэргэлэн, тэнгэрлэг жавхаатай, ухаалаг ойтой, цайлган цагаан, ил үгтэй үнэнч, цэвжрч цээрч сэжигч, хямсгар ихэмсэг ахархуу, хөдөлгөөнтэй сүйхээтэй овсгоотой, эрдүү чадамхай сурамхай, сагсуу онгироо хөнгөн хийсвэр, гудиггүй хэнэггүй хэгжүүн, гэнэн хэрсүү хашир, ханьсаг зожиг андархаг найзархаг садансуу, ойворгон, чалчаа үглээ яншаа, зусарч зуйрган бялдууч, долдой долингор, харгис хэрцгий, түрэмхэй дээрэлхүү, дуугүй томоотой, дотуур тамиртай, санаа муутай, хүний мүстэй мүсгүй, тэнэг балай, маанаг мулгуу, залхуу лазан, заваан бохир, сахилгагүй, саваагүй тархигүй...гээд өч төчнөөн байдал төрхөөр нь " Таньж тунгаасан" бас өч төчнөөн янз тодорхой үйл явцын мөрдлөг эхэлдэг. Иймээс Танилтын ухаанд хамгийн чухал нь гадаад өнгөн хэлбэр, төрх байдал чухал бөгөөд дээр дурдсан хүнтэй холбоотой онгироо тэнэг, ардаг ярдаг зэрэг элдэв дурдалууд бол шинж тэмдэг дохионы гаргалгаад биш зөвхөн танилтын өнгөц ухагдхуун өгөгдлүүд бас зөн совин, ёр цондонгийн энгийн танилтууд юм. Иймд Танилтын ухааныг дотор нь:
Зүс царай байр байдлын ажиглалт
Зан ааш төрх тавтирын янз
Таашаал эс таашаалын өгөгдөл гэх мэтээр нарийвчлан гүнзгийрүүлэн судлах шаардлага буй. Үүнийг л уламжлал шинэчлэл, орчин үеийн хөгжил дэвшил гэмүй. Эртнээс удамшин уламжлагдсан Танилт, Тунгаалтын ухаануудыг " хайрлах-хадгалах-хамгаалах"-ын сацуу энэ шилдэг сонгомол өв эрдмүүдийг эргэн сэргээн өнөөдрийн амьдралдаа хэрэгжүүлэх, ирээдүй үедээ уламжлуулан өвлүүлэх түүхэн үүрэг бидэнд иржээ. Жишээ нь: Эртний Монголчууд нэгэн газрын өөрмөц тогтоц онцхой содон байдлыг таниад нэр өгснийг нь өнөөгийнхөн " Гүн галуутай" гэж цээжилжээ. Тэр нь гүн дороо галуу бий гэсэн үг юм уу? Бүү мэд. Лав л нуур цөөрмийн юм уу газрын гүндээ галуу ганганаад байх шинж тэмдэг дохионы танилт биш. Баларлаг ухааны цаанах цэцэн мэргэн үнэн нь " Гүн халуутай" байжээ. Халуу гэдэг нь бидний нүүрс гэж хэлдэг тэр зүйлийн эртний нэр. Халуу шатах гэх юм уу, халуун чулуу долоох( зөөлөн хатууг таних гэсэн утга) халуу төөнөм, халуу билүү чулуу гурав гэх мэт. Эртний дээдсүүдийнхээ таньсан эрдмийг бид ингэж л мартаж маанаг болцгоосон нь үндсээ гээснийх. "Эрдэнэт", "Оюу толгой", "Таван толгой" гэсэн нэрнүүдийг шинжиж таньсан тэр газруудын эртний нэрээр мөшгөөд "Эрдэнэт", "Оюу толгой", "Таван толгой"-г нээсэн гэлцдэг ч үнэндээ Өвгөдийн нээсэн  үүц л дээ.
 
"Гүн халуутай"-ч үүнтэй ижил эртээ урьд цагийн баларлаг нэгэн танилтын улбаа. Тэр газар гүндээ Халуутай буюу нүүрстэй газар, одоогийн Багануурыг зааж үлдээжээ. Үүнтэй ижил танилтын эрдмийн гаргалгаагаар эр хүнийг " Эрхтэй хүн", эм хүнийг " Эмхтэй хүн" гэж нэрлэдэг тухайд өмнө цухас дурдсан.
 
Одоо ч " Эрэг байгаа" эрэгтэй юм уу, " Эмэг бий" эмэгтэй гэсэн санаагаар биш эрхтэй хүн, эмхтэй хүн гэж хэлдэг. Энэ бүхэн бол ямар нэгэн шинжээ биш яах аргагүй Танилтын эрдмийн өв үгийн амин үнэн болно. Бид өнөөдөр Монгол ухаан эрдэм гэхээр бөх, сур, морь гурав юм уу, үндэсний хувцас, тэрлэг дээл гэх мэтээр өчүүхэн зүйл ярилцах болжээ. Угтаа эдгээр нь Танилт, Тунгаалтын ухаан эрдмийг шинж-тэмдэг-дохионы онолоор шалган урласан, утгажуулж тэмдэгжүүлсэн сэтгэлгээний соёл юм. Үүнтэй ижил уртын дуу, хөөмэй, бий биелгээ гэх мэт нь есөн эрдмийн гаргалгаа уран сэтгэлэг илэрхийлэл бахдлаас ундран гарсан урлаг цэнгэл соёл юм. Уг язгуураа танихгүй мэдэхгүй учраас бөх гэхэд өдгөө Монгол эрдэм ухаан соёл урлаг наадам наадхай биш гуйвсан хярамцаг ээдмэг спорт болсныг дийлэнх нь мэдрэх. Жишээ нь бөх барилдахад хэдэн лам суучихсан Түвд Тангад хэлний сутра уншиж байх, давсан бөхөд дархлагдсан аварга, дархан бөхчүүд давааны хишиг хайрладаг ёстой атал эдүгээ лам хүүхдүүд улс аймгийн цолтнуудад боорцог түгээж байх. Монгол бөх дандаа тэнгэрийн амьтан, хийморийн суу билэг бэлгэдэл болсон шувууны гараа дэвээ цолтой байдаг. Начин дэгдээ, харцага шонхорын дэвэлт, бүргэдийн шаваа, тасын дэгдэлхэйлэл өнөөдөр алга болж. Өвөр Монголын зангиат бөх зэрэгт гараа дэвээ нь байдаг ч шаваа нь алга байх жишээтэй. Цолонд тэр спорт клуб, ийм хороо дүүргийн бөх, гавьяат мастер, олимпын алт мөнгө хүрэл медальт, тийм компаны гэх мэтээр цоллож буй нь утгагүй бөгөөд Монгол бөх юм бол Монгол бөхийн цол чимгээ л дуудуулах ёстой. Тэр бүү хэл олимпын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэх мэтээр цоллох нь эргэлзээтэй, ер нь олимпын аварга хүнд Монголын цол ямар хэрэгтэй юм гэмээр. Угтаа Монгол улсын заан, сумын хөдөлмөрийн аварга гэсэнтэй адил утга юм. Харин улс эх орон нь үнэхээр хүндэтгэл үзүүлж байгаа юм бол өөр хэлбэр хэрэглэмээр. Дэлхийн бусад улсуудад олимпын аварга Америкийн хөдөлмөрийн баатар гэж байдаггүйг санаа болгууштай. Цолны тухайд начин, шонхор, харцага, бүргэд цолнуудаас бүргэд нь ор тас үгүй болж оронд нь Манжийн хааны өгсөн заан, арслан гэх халуун орны хоёр амьтны нэр орж иржээ. Ерөөс арслан нь манжийн хааны бэлгэдэл, чулуун арслан зэргийг далайн орнуудаас захиалан хийлгүүож яам журганыхаа үүдыг Монголчуудаас хамгаалж мануулах, гүүр их замын хөл сахиулах зэргээр бэлгэдэж манайд таван яамны үүд, манж амбаны даамал сахиулах зэргээр нэвтрүүлж улмаар 20-р зууны эхнээс хүрээнд олон газрын урчуудыг цуглуулж арслантай авдар хийлгэн Монголчуудын уламжлалт ОЛЗ-н ( өлзий) хээ, алхан хээ, матир угалз хээ зэргийг урласан хуучин авдруудаар нь сольж урагш ачуулсан байдаг. Энэ нь Монголын буяны савыг хоослон ирэх санаа бүхий Манж бодлого байсан гэх. Хуучны энэ санаа одоо ч илэрч Монгол хуучин авдар авч урагш ачуулах хятад наймаа гүйлгээтэй байгаа билээ. Дээр дурдсан бөхийн болон авдарны бэлэгдэлтэй жишээ нь Монгол язгуурын бүхнээ одооноос зөв таньж, тунгааж уламжлан шинэчлэх нь зүйтэй гэсэн жишиг санаа төдий юм.
 
Эс танихуйн уршиг
 
1.Малаа танихгүй хүн эрэлд явбал яах бол? Мянган тэмээ тархан бэлчсэн уудам цайдамд ороод ийш тийш хараачлан манай хар ат тэнд явна, зогдорт буур маань тэнд тэшиж явна гэж танихгүй хүн мал бүрийн дэргэд очиж харах уу? Хэдэн зуун хонь нийлэхэд өөрийн богнуудаа өнчин ишиг, хэнз төлөг ч андалгүй ялгаж авч чадахгүй бол зальтай завшаанч нэгний хоол бэлдэж бах тавыг нь хангана.
2. Газраа мэдэхгүй, байгалаа танихгүй хүн бол харанхуй бүрэнхэй болмогц төөрнө. Тэнгэр шинжиж од гарагсын хөдөлгөөнөө танихгүй мэдэхгүй бол бүр толгой нь эргэж хаа яваагаа ч төсөөлөхөө байж хүйтэндбол хөлдөх, бороонд бол осгох, халуунд бол өлдөж цангахын аюулд орно. 
3. " Хүн танихгүй бол гүн алдахын дохио", " Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хорлол" гэгчээр хүний мөн чанарыг Таньж,Тунгааж,шинжиж дохиолж эс чадваас үхэл сүйрэлд ч хүрч болох нь бидний өнөөдрийн амьдралаар батлагдаж нотлогдсоор Бид сүүлийн 30 жилд Н.Багабанди, Ц.Элбэгдорж, С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэх мэтээр эхлээд  өнөөдрийн Сү.Батболд, "Женко" Х.Баттулгаар үргэлжлэх цаашид арван таван толгойт мангасын толгой мэт дахин дахин урган олшрох бусдын зовлонгоор жаргал хийгч, бусдынхаа хоолыг булаан идэх мангас ходоодтой хүмүүсийг эс таньсны болон эс танихуйн хор уршиг, хохиролт үр дүнг биеэр амсаж, бодитоор туулж буйгаа үл таслах аваас Монгол үндэстэн мөхөх, Монгол улс дампуурч Хятадад зарагдан сүйрэх учиг шалтгаан буйд Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү миний бие шаналан энэлэн явдаг юм. 
Та бүхэн минь өвгөдийнхөө их өв болох Танилт, Тунгаалтын эрдмийг сэргээн өөрсөддөө бөхөлж, бэхэлж өрөөл бусаддаа түгээн дэлгэрүүлээч. 
Өнөөдрийн нийгмийн идэвхтэй, улс төрийн тэмцэл хийгчдийг Монголын уламжлалт гурамсан сэтгэхүйгээр зөв ангилж, эрэмбэлж таньж тунгаагаач. 
 
 
Жишээ: янз бүрийн байдлаар мэдээллийн орон зайд идэвхтэй ажилладаг хүмүүсийг судлаач-нийгмийн зүтгэлтэн-улс төрч гэж гурав ангилан царай зүс, хоолойны өнгө, нүдний харц, хэлж ярьж байгаа байдлаар нь ХЭР-ЁР-ТАРыг нь таньж тунгаагаач. 
Ааш араншин, зан авираар нь шинжээч. Бодол-үг-үйл нь зөрж буй эсэхийг байнга нягтлаач. 
 
Хүн (Элбэгдорж, Баяр гэх мэт) - асуудал, сэдэв (Оюу толгой, Эрдэнэт, Таван толгой гэх мэт байгалийн баялаг) -тогтолцоо( Ц.Элбэгдорж, С.Баярыг төрүүлж, олшруулж, үржүүлээд байгаа) гэсэн гурамсан холбоонд нь гурамсан сэтгэхүйгээр хүндрэл бэрхшээл, зовлонгоо харж зөв оношлож, гарц гаргалгаагаа хайцгаая. Мэдээж Элбэг-Баяртангуудыг гэсгээх шийтгэх хүсэл дийлэнхэд байгаа. Тэгэх ч ёстой. Мэдээж Оюу толгойн гэрээг цуцлаж шинэчлэх нь хоолойнд тулсан хутга мэт нэн даруй шийдэх асуудал. Харин хамгийн чухал бүр онцгой чухал түүхэн шаардлага бол Элбэг-Баяртангуудыг төрүүлээд, өсгөөд үржүүлж олшруулаад байгаа асуудал буюу байгалийн баялаг, энэ байгалын баялагыг авах гэж уралдан улайрцгаах тогтолцоог устгах юм. Тогтолцоо гэдэг нь маш энгийн. Хууль эрх зүйн орчин гэсэн л үг.
Өөрөөр хэлбэл Үндсэн хууль-Иргэний хууль-Эрүүгийн хууль болон бусад дагалдах хуулиудыг бүрэн бүтнээр нь цогцоор нь цэгцэлж шинэчлэх ёстой. Жишээ нь:  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэрээр  батлагдсан 6.2-р заалтын байгалийн баялаг төрийн нийтийн өмч гэснийг байгалийн баялаг Монголын ард түмний дундын хамтын өмч гэж засахаас эхлэн төрийн байгууламжийн хувьд сонгодог Ерөнхийлөгчийн эсвэл парламентийн засаглалын аль нэгийг ард түмнээсээ санал асуулга зохион байгуулан баталгаажуулж шинэчлэх замаар үргэлжлэн өрнөх баталгаажих ёстой. Байгалийн баялгийг Үндсэн хуулиар баталгаажуулж ард түмэн мэдэлдээ аваагүй тохиолдолд Оюу-толгой, Таван толгой, Эрдэнэт мэтийн асуудлууд тасрахгүй үргэлжлэх төдийгүй, дараа дараагийн Сү.Батболд, "Женко" Х.Баттулга, "Босоо" С.Ганбаатар нарын тэмцэлд хүн шинжиж, сонжиж, таньж, тунгаах эрдмээ гээсэн жирийн ард түмэн татагдан талцан оролцож тэрсэлдсээр харийн Нео-колончлогчдын өгөөш болж бид нар үнэхээр сүйрнэ шүү. Дөрөв дөрвөн жилээр хичнээн удаа хүн солив. Нам солив. Асуудал шийдэгдсэнгүй. Гэмт хүмүүс шийтгэдсэнгүй. Харин ч гэмтнүүд улам олширч, асуудлууд улам ихсэв. 
 
Ганц л гарц байгаа. Тогтолцоог шинэчлэх. Буруу тогтолцоо Оюу толгойг үүсгээд, Оюу толгой нь Сү.Батболд, "Женко" Х.Баттулга, "Босоо" С.Ганбаатар нарыг төрүүлээд байгаа учраас!!!
 
Зөв тогтолцоо бүтээж шинэ Үндсэн хуультай болсны дараа  бид судлаач-нийгмийн зүтгэлтэн-улс төрч нарыг харин жинхэнэ Монгол язгуур ухааны анхдагч эрдэм болох танилт, тунгаалтын эрдмээр шинжин, сонжиж итгэх эсэхээ хашир-хэрсүү-гэнэн өгөгдлөөрөө шийдэх нь миний та бүхнээ сэрээж-сэхээрүүлж-ухааруулах гэж тэмцэн зүтгэж буйн цаад учир, санаа зовнил, хамтдаа хүчирхэг Монгол улсаа дахин мандаах ерөөл зөн совин минь болой.
Мөнх тэнгэрийн хүчин дор Мөнхөд орших Монгол мину.
Өвгөдийн их ухааныг өвлөн тээгч хөх монголын үрс мину.
Сайн цаг ирсэн-болсон. Цагийн үйлийг цагт нь хийх нь бидний үүрэг, ирээдүйдээ өгөх өв.
 
Эдийн засгийн ухааны доктор Холбоос овогт Төмөрдөшийн Баярхүү
Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо
Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.