Ц.Элбэгдорж: Намын ажил болохгүй болохоор төрийн ажил болохгүй, төрийн ажил болохгүй болохоор намын ажил болохгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
42 минут 26 секунд
Ц.Элбэгдорж: Намын ажил болохгүй болохоор төрийн ажил болохгүй, төрийн ажил болохгүй болохоор намын ажил болохгүй байна

Ц.Элбэгдорж: Намын ажил болохгүй болохоор төрийн ажил болохгүй, төрийн ажил болохгүй болохоор намын ажил болохгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр болон “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагынхаа хүрээнд боловсруулсан хууль, хөтөлбөрүүдийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж тэдний сонирхсон асуултад хариуллаа. Тэрээр Улс төрийн намуудын тухай, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийсэн юм.

Мэдээлэлд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нар оролцлоо.

Төрийн тэргүүн хийсэн мэдээлэлдээ “Энд хүрэлцэн ирсэн УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийн төлөөллийн түмэн амгаланг айлтгая.

Өнөөдөр би 2013 оны 6 дугаар сараас хойш бидний зүгээс боловсруулж, хэлэлцүүлсэн хуулийн төслүүдээс мэдээлэл хийнэ. 2013 оны 11 дүгээр сард төрийн хэмжээнд тулгамдаад байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай сэдвээр “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн чуулган зохион байгуулсан. Үүнийг УИХ дахь намын бүлгүүд, УИХ-ын гишүүд бүгд дэмжихээ илэрхийлж, гарын үсэг зурж, тухайн хууль, тогтоомжуудыг батлах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийт, нийгэмд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хүмүүс, бизнесийнхэн гээд  бүхий л салбарынхан дэмжиж оролцсон. Энэ дагуу ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаж , зөвхөн төрийн дээд шатанд биш, төрийн бүх байгууллагуудад энэ чиглэлийн шинэчлэлт өөрчлөлтийг эрчимтэй хийх хэрэгтэй гэсэн чиглэл гаргасан. Энэ хүрээнд боловсруулж байгаа хуулиудын талаар товч мэдээлэл өгье. Төсөл нь боловсорч байгаа 19 хууль байна. Төслийг өргөн мэдүүлэхэд бэлэн болсон 6 хууль байгаа. УИХ-д төслийг өргөн мэдүүлсэн 8, төсөл нь батлагдсан 5 хууль байна. Ингээд хоёр гол хууль дээр төвлөрч ярья.

Олон жил ярьсан Төрийн албаны тухай хууль, мөн Улс төрийн намын тухай хуулийн төслүүдэд та бүхний анхаарлыг хандуулъя. Эдгээр нь Монгол Улсын улс төрийн амьдралд чухал ач холбогдолтой, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй хуулиуд юм.

Төрийн алба шиг албатай болъё

Төрийн албаны тухай хууль сүүлийн таван жил гаруйн хугацаанд яригдаж, олон янзын төсөл хийгдсэн. УИХ-ын гишүүд идэвхтэй оролцож, ажлын хэсэг байгуулж ажилласан. Засгийн газар болон Төрийн албаны зөвлөл дээр тус бүр нэг төсөл гарсан. Дараа нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Төрийн албаны зөвлөлийн удирдлагын  хүрээнд ярилцаж байгаад төслүүдийг нийлүүлж өргөн барихаар болсон. Ингэж нийлүүлж, нэгдмэл нэг үзэл баримтлалтайгаар өргөн барих боломжтой субъект нь Монгол Улсын Ерөнхийлөгч гэж үзсэн. Үүний дагуу энэ төсөл дээр багагүй хугацаа зарцуулж ажилласан. Хуульд олон өөрчлөлт, олон шинэ зүйл орж байгаа. Ойлгомжтой болгохын тулд Төрийн албаны тухай хуулийн төсөлд орж байгаа 10 гол өөрчлөлтийг хэлье.

Нэг. Төрийн албаны чадахуйн зарчим гэж ярьдаг. Энэ зарчимд үндэслэсэн төрийн албатай болъё. Бид шилжилт хийж байна гэх зэргээр янз бүрийн тайлбартайгаар энэ зарчимдаа шилжиж чадахгүй удлаа. Энэ шилжилтийг дуусгая. Төрийн алба шиг албатай болъё. Ингэхийн тулд төрийн алба мэргэшсэн байя. Тогтвортой байя. Ашиг сонирхлын зөрчил, улс төр гэдэг зүйлээс ангид байя. Нээлттэй, ил тод байя. Хяналт, хариуцлагатай байя. Залгамж чанартай байя гэсэн зургаан зарчмыг хадгалъя. Төрийн албаны томилгоог өрсөлдөөнд суурилж явуулдаг болгоё. Албан тушаал дэвшүүлэх, шагнал урамшуулал олгох гээд энэ бүхэнд мэдлэг, ур чадвар, ажлын туршлага, үр дүн, манлайллыг харгалздаг байхаар хуульчилъя гэж байгаа.

Хоёр. Төрийн албан тушаалыг шат дараатайгаар дэвшдэг болгоё. Тохиолдлын хүн орж ирдэггүй байя. Сонгуулийн дараа яамны нэрэнд нэг үсэг солигдоход л тэр яаманд ажиллаж байсан бүх хүн өөрчлөгддөгийг та бүхэн мэднэ. Нэг шинэ сайд ирээд л, өөрийнхөө багийг бүрдүүлж байна гээд яамны 50-60 хүн, цаашлаад агентлаг, бүр орон нутагт байгаа бүх салбар нэгжүүдэд энэ өөрчлөлтийг хийдэг. Төрийн албаны энэ тогтворгүй байдал үнэхээр үндэсний эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байна. Үүнийг эцэс болгоё.

Төрийн албанд хүн ямар шатанд хэдэн жил ажиллах вэ гэсэн шатлал бий болгож өгч байгаа. Энэ бол их чухал зүйл. Хамгийн эхний шатанд 3-5 жил ажиллана. Тэгээд дараа дараагийн шатлалд дэвшинэ. Ингэж явсаар байгаад төрийн албанд ажиллаж байгаа хүн Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, дүүргийн Засаг дарга болох хэмжээнд очихын тулд дунджаар 18-20 жил шаардагдана. Яг ингэж 18-20 жил дамжсан хүн энэ албан тушаалд очино. Үүнийг хуульчилж өгч байгаа. Нэг шатлалд таваас доошгүй жил ажиллахаар зохицуулалт хийж өгсөн. Ингэхгүй бол ах дүүгээ, танил талаа, төрийн албанд өмнө нь ажиллаж байгаагүй, мэргэшээгүй  хүнийг оруулдаг буруу жишиг байсаар байна. Ажлын үр дүн, мэргэжлийн түвшин, ёс зүй зэргийг нь харгалзаад 5,5 жилээр нэг шатлалд ажиллуулъя. Гэхдээ таван жил дотроо зарим нь нэг  шат доош бууж ажилладаг, зарим нь үнэхээр онцгой ажиллаж байгаа бол нэг шат ахиж ажилладаг  боломжуудыг бас оруулж өгч байгаа.

Төрийн нарийн бичгийн даргаар наад зах нь 20 жил төрийн албанд ажилласан, шатлал дамжсан хүн л томилогдох ёстой. Түүнээс биш энэ сайдын, тэр намын хүн гэсэн шалгуур байж таарахгүй.

Манай хэвлэл мэдээлэл, олон нийт шүүмжлэхдээ маш сайн. Юмыг биежүүлээд, хариуцлага тооцоод ирэхээр хуучин хариуцлагагүй байдлаа хайрласан, тэр тал руу шилжсэн, төрсөг, намсаг шинжтэй болоод ирэх юм. Хамгийн мундаг шүүмжилдэг хүмүүсийг цуглуулаад ярихад л “Энэ оруулж байгаа өөрчлөлт арай чангадах болов уу. Гэхдээ зөв ч юм уу” гэсэн байдалтай л байдаг. Одоо бид ийм өөрчлөлтүүдийг хийх цаг ирсэн. Ингэж төрийн албыг тогтвортой болгох цаг болсон гэдгийг хэлье.

Гурав. Төрийн албан хаагчдад хариуцлага тооцдог зарчим бий болгож байгаа. Сүүлийн үед төрийн албанд орж байгаа хүмүүс янз бүрийн дарга, намын ивээлээр орж ирсэн этгээдүүд ерөөсөө хариуцлага хүлээхээ больсон шүү дээ. Иймээс хуулийн хариуцлагыг маш тодорхой болгож байгаа. Төрийн албан хаагчид тангараг өргөдөг. Тангаргийн хариуцлага гэж бий болгоё. Хэрвээ хууль, өргөсөн тангаргаа зөрчих юм бол 20-30 жил ажиллаад байх боломжгүй болно. Эхлээд сануулна. Албан тушаалын зэрэглэлийг нь бууруулна. Тэгээд ажлаас нь хална. Ингэхгүйгээр  төрийн алба хариуцлагатай болж чадахгүй. Бас нэг ёс зүйгүй үйлдэл төрийн албан дээр их гардаг. Нэг даргыг өөрчлөнгүүт тамгаа аваад зугтдаг. Аль эсвэл ажлаа хүлээлгэж өгдөггүй. Компьютерт байгаа бүх юмаа устгадаг.

Сая УИХ-аас Захиргааны ерөнхий хууль гэж маш сайн хууль баталсан. Дээрх  асуудлыг маш тодорхой болгож өгсөн. Дээр үед ажлаа хүлээлцдэг,гарын үсэг зурдаг. Ямар нэг санхүүгийн тооцоо байна уу, үгүй юү. Номын сангаас авсан номын тооцоог хүртэл ярьдаг байсан шүү дээ. Тойрох хуудас гэж байсан. Одоо бүгдийг тойрох хуудастай болгоод, хэрэв зөрчсөн байх юм бол хариуцлагыг нь хуулинд нь зааж өгч байгаа. Хэрэв тэр этгээд зөрчөөд зугтах юм бол дахиад төрийн албанд ажиллах хугацааг нь тодорхой хугацаагаар хасах, эсвэл дахин төрийн албанд орох эрхийг нь бүрмөсөн хасахаар оруулж өгсөн. Энэ бүхнийг хуульчилж өгч байгаа.

Төрд ажиллаж байсан хүмүүс баахан завшаад явдаг гэсэн ойлголт бий. Дээр үед томилолт аваад найман төгрөг дутаахад цалингаас нь авдаг. Тэр нөхөр албан тушаал буурах юм уу, халагдахаар болбол дутаасан мөнгө байвал цалин дээрээс нь тооцдог байсан. Одоо хуулинд өөрөөр нь төлүүлдэг зарчмыг оруулж байгаа.

Дөрөв. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үзэгдэл газар авч байна. Ялангуяа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, сайдын түвшинд  улс төрийн албан тушаалтнууд ер нь биелүүлэхгүй байгаа. Үүнийг албадан биелүүлдэг болгох, үүний төлөө цагдаа, тодорхой байгууллагуудыг үүрэгжүүлж өгч байгаа. Шийдвэрийг биелүүлдэг л байх ёстой. Шийдвэр буруу гарсан гэж үзвэл  шүүхэд хандаж шийдүүлдэг, тэр үйл ажиллагаа нь мэдээж нээлттэй байгаа.

Мөн Төрийн албан хаагчдын хийж болохгүй, хуулиар хориглосон үйлдлүүдийг зааж өгч байгаа. Өмнө нь тэгж тодорхой заагдсан зүйл байгаагүй юм. Бид тооцоод гаргаад үзэхэд нийт 19 зүйл гарч ирж байна. Бүрэн эрхээ урвуулан ашигладаг, бусдыг дарамталдаг,  албан тушаалынхаа бүрэн эрхийг хэрэгжүүлснийхээ төлөө бусдаас шан харамж авдаг, бусдын улс төрийн нөлөө рүү гүйж очдог, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг зэрэг хориглох үйлдлүүдийг тоочин тусгаж өгч байгаа.

Тав. Төрийн албан хаагч нь улс төрөөс ангид байна. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ?

Өнөөдөр би Төрийн албаны тухай хууль, мөн Улс төрийн намын тухай хуулийн төслийг зэрэг ярьж байгаа нь санаандгүй зүйл биш. Манай улс төрийн намуудын үйл ажиллагаа олон талаараа төрийн ажилтай холбоотой. Намууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд сонгуульд оролцдог. Тодорхой суудал авах юм бол түүнийгээ төрийн бүтцээр дамжуулж хэрэгжүүлдэг. Тэгэхээр намын ажил болохгүй болохоор төрийн ажил болохгүй, төрийн ажил болохгүй болохоор намын ажил болохгүй байгаа юм. Гишүүнчлэлийн асуудал дээр тодорхой уялдаа гарч ирж байгаа.

Төрийн жинхэнэ албан хаагч, захиргааны албан хаагч гэж байдаг. Хуулиар тусгай албан хаагчид намын гишүүн байхыг хориглодог байсан, үүнийг хэвээр үлдээж байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагчид харин тухайн намын дэмжигч байж болно. Үүнийг зөвшөөрч байгаа.

Манайд нэг ийм зүйл байдаг. Засгийн газар хуралдаад Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч гэж нэг хүн томилдог. Тэр хүн нь ирэхээрээ төрийн албан хаагчдыг бөөнөөр нь халдаг. Тэгээд дуусахгүй маргаан үргэлжилдэг. Хоёр, гурав хүртэл хүнийг санал болгоно гээд хуулинд өөрчлөлт ороод явж байгаа. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлөөс болзол хангасан нэг л хүнийг санал болгодог байя.

Тодорхой шалгуур хэлээд нэг удаа буцааж болно. Энэ хүн ийм ашиг сонирхлын зөрчилтэй, ийм хууль зөрчиж байна гэдэг ч юм уу. Хоёр дахь дээр нь томилох үүрэгтэй. Хэрэв сайд нь томилохгүй, хүлээж авахгүй бол сайдыг огцруулах асуудлыг шууд зааж өгсөн. Төрийн нарийн бичгийн даргатай холбоотой хууль зөрчсөн буруу шийдвэр гарах юм бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцдог болъё гэж байгаа. Эхлээд сайдтайгаа хариуцлага тооц. Сайдтайгаа хариуцлага тооцохгүй түүний үйлдлийг өөгшүүлж байгаа бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцъё.

Мөн албан үүрэгтэй холбоогүй янз бүрийн нам, шашны байгууллага зэрэг зүйлд оролцдог байдлыг хязгаарлах ёстой. Эдгээрийг хуульчилж өгч байгаа юм.

Зургаа. Төрийн жинхэнэ албан хаагчдыг хоморголон ажлаас нь халах, чөлөөлөхийг зогсооно. Та бүхэн сонссон доо. Бусад оронд тэгдэг юм гэнэ лээ. Сайд нь өөрчлөгдөхөөр өөрчлөгдөх хүний тоо, албан тушаал нь тухайн яаман дээр очиход тодорхой байдаг юм гэсэн. Гурван хүн л өөрчлөгддөг юм гэнэ лээ. Долоон хүн л өөрчлөгддөг юм гэнэ лээ гэж сонсогддог. Олон жил ярьсан. Улс төрийн албан тушаалтан шинээр томилогдоод очиход гурав дээр нэмэх нь хоёр гэсэн зарчмыг энэ хуулинд маш тодорхой зааж өгч байгаа. Сайд томилогдоод очлоо. Гурав дээр нэмэх нь хоёр гэж юу гэж байна вэ гэхээр гурав нь улс төрийн албан тушаалтан байна. Нэгийн зэрэг зөвлөхөө чи сольж болно. Туслахаа өөрчилж болно. Хэвлэлийн төлөөлөгчөө өөрчилж болно. Ингээд боллоо. Нэмэх нь хоёр. Энэ нь үйлчилгээний албан тушаалтан. Жолооч ч юм уу, өөр нэг албан тушаалтан. Өөр албан тушаалд гар хүрэхгүй. Ингэхгүйгээр манайд энэ замбараагүй байдал арилахгүй.

Хэрвээ биелүүлэхгүй бол ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг мөн зааж өгсөн. Хэрэв төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан бол тэнд ажиллаж байсан албан хаагчдыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулдаг байхаар хуульчилж өгч байгаа. Үүнд Төрийн албаны зөвлөл хяналт тавина. Жишээ нь, Хөгжлийн яам гэж байж байгаад Аж үйлдвэрийн яам боллоо. Тэнд төрийн албаныхаа шалгалтыг өгөөд ажиллаж байсан хүмүүсийг авна. Илүү гарсан хүмүүсийг нөөцөд бүртгэнэ. Үүнээс илүү хөдөлгөөн хийхгүй.

Төрийн алба сэлгээтэй байдаг. Шинэ хүн орж ирж байдаг. Тэтгэвэрт хүн гардаг. Тухайн яам, төрийн захиргааны байгууллага дээр байгаа төрийн албан хаагчдаас жил бүр шалгалт авна. Шалгалт аваад 10 хүртэл хувийг нь хөдөлгөдөг байна. Жилдээ 10 хүртэл хувь нь төрийн албаны шалгуураар  шүү. 10 хүртэл гэж хатуу тавьж өгөх хэрэгтэй.Сайдын санаачлагаар биш. Чи үнэхээр тэнцэхгүй байна. Муу ажиллаж байна. Чи тэнцсэн, дээшээ явлаа. Яг ийм байдлаар хөдөлгөөн хийнэ. Энэ хөдөлгөөнийг хийхдээ нөөцөд байгаа төрийн албан хаагчид, шаардлагатай бол шинээр шалгалт өгч байгаа хүмүүс дотроос хөдөлгөөн орно.

Манайхан хууль тойрч гарахдаа гарамгай улс шүү дээ. Хуулийг олон янзаар тайлбарладаг. Ингэж тайлбарлуулахгүй л байх ёстой. Хуулийг оруулж байгаа эхний ойлголт их чухал байдаг. Энэ зарчмыг бид бүх газраас шаардах ёстой. Ингэхээр төрийн алба шинэ мэргэшсэн, сайн хүмүүсээр бэхжих, биежих боломж гарч ирнэ.

Долоо. Төрийн албаны талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, шилэн болгоё. Ерөөсөө төрийн албанд шалгалт өгсөн бүх мэдээлэл нэгдсэн мэдээллийн сантай байна. Ийм ийм нэртэй хүн шалгалт өгсөн. Ийм хүмүүс тэнцсэн. Энэ нь ил байх ёстой. Одоо байхгүй шүү дээ. Тэгвэл энэ мэдээллийн санг бий болгоно. Төрийн албанаас чөлөөлөгдсөн, хариуцлага тооцогдсон, Төрийн албаны зөвлөлөөс сануулсан тэр бүх хариуцлага, сануулгын шийдвэрүүд, түүнтэй холбоотой мэдээллүүд ил байя. Шилэн байлгая. Төрд хохирол учруулсан бол төлж байгаа явц нь хэрхэн явж байгааг харуулсан мэдээлэл бас ил байна. Тэр этгээд төлбөрөө хийж дуустал тайлан нь мэдээллийн сан дотор байна. Түүнийг архивлаж үлдээдэг болох ёстой.

Найм. Манай төрийн албаныхан, Төрийн албаны зөвлөл ч гэсэн дургүй нэг зүйл байдаг. Манай төрийнхөн олон нийтийн хяналтад тун дургүй улс шүү дээ. Тэгэхээр Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг иргэдийн хяналтад оруулъя гэж байгаа юм.

Би зарим хуульд тодорхой оруулж өгсөн, гэвч бүдгэрүүлээд хасч хаяад байдаг. Үүнийг хасуулахгүйн төлөө л ажиллана. Төрийн албанд томилогдохоор сонгон шалгаруулалтад оролцож байгаа иргэдээс гомдол олонтаа гардаг. “Ийм хүн орсон тэнцсэн. Гэтэл энэ хүн арын хаалгаар орчихлоо. Төрийн албаны зөвлөл муу ажиллалаа” гэх мэтээр гомдол гардаг. Үүнийг захиргааны шүүх шийддэг болгохоор тусгаж байгаа.

Иргэдийн мэдээлэл чөлөөтэй байх хэрэгтэй. Тэр иргэдийн мэдээллийн сан бас байж байх хэрэгтэй. Мөн төрийн албаны нэгдсэн санд иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийт хяналт тавих боломжтой байх ёстой. Иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийт тухайн төрийн байгууллагаас энэ хуулийн хэрэгжилт, үйл ажиллагааных нь жилийн тайланг авах эрхийг нээж өгөх хэрэгтэй.

Ес. Төрийн албаны зөвлөлийг өөрийг нь хариуцлагатай болгож байгаа. Тус байгууллага нь хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байх үүрэгтэй. Мөн төрийн албаны салбар зөвлөлүүд байгаа. Эдгээр байгууллагууд зохих арга хэмжээг аваагүй, мэдээллийн нэгдсэн санд мэдээллээ оруулаагүй, эсвэл улс төрийн нөлөөлөлд автаад хууль зөрчсөн байх юм бол шууд хариуцлага тооцдог болгож байгаа. Төрийн албаны зөвлөл нь өөрөө хариуцлагатай байж байж л төрийн албыг хариуцлагатай болгоно.

Арав.  УИХ-ын ээлжит сонгууль болоод Ерөнхий сайдыг томилсноос хойш нэг жилийн дотор төрийн албаны хуульд, дээр нь УИХ-ын ээлжит сонгууль болохоос нэг жилийн өмнө төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглож байгаа юм. Энэ бол их чухал зарчим.

Ерөнхий сайд томилогдоод ороод ирэхээр бүтэц бүрэлдэхүүн гээд л одоогийн байгаа Захиргааны хуульд өөрчлөлт оруулахаар өөрийн эрх мэдэл, хяналтыг алга болгоод  оруулж ирдэг. Ойрын өдрүүдэд энэ мэдээллийг сонсоод саналаа хэлэх хүн байж магадгүй. Иймээс эдгээр саналыг хараад нэгтгээд өргөн барина.

Монголд улс төрийн нам шиг, ялангуяа төрд эрх барьж байгаа нам шиг улс төрийн хариуцлагагүй, хяналтгүй байгууллага байхгүй

Хоёр дахь гол хууль болох Улс төрийн намын тухай хууль. Аливаа зүйлийг шүүмжлэх, хэлэх, талцах амархан. Тэгээд асуудлыг шийдэх гээд хууль боловсруулаад ирэхээр хичнээн хэцүү гээч. Улс төрийн намын тухай хууль, Намын санхүүжилтийн тухай хууль гээд л яригдаад байдаг. Гэтэл бодит байдал дээр бэлэн бичээд дууссан хууль байхгүй. Хурал уулзалтын протокол л байдаг. Тэр нь ч бүрэн байхгүй. Бид асуудлыг шүүмжилж санаачилгатай мэт дүр эсгэхдээ сайн, гэтэл яг санаачлаад хийхэд бэрх шүү дээ.

Тэгэхээд нэг сайн мэдээ дуулгахад бид юутай ч гэсэн намын тухай, намын санхүүжилттэй холбоотой хуулийн төсөлтэй болж чадлаа. Одоо тойроод маргалдах боломжтой боллоо. Үүнийг цаасан дээр буулгах нь чухал. Одоо энэ буулгасан хуулиа сайжруулах хэрэгтэй. Би ингээд улс төрийн намтай холбоотой арван чиглэл хэлье.

Нэг. Намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө. Хуулийн дагуу намд гурван гол чухал үүрэг өгч байгаа. Нэгд, нам нь судалгааны байгууллага байна. Хоёрт, манлайлагч, хүний нөөцийг бэлтгэдэг газар байна. Гуравт, нам нь төрөөр дамжуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг бүтэц байна. Ингэж маш ойлгомжтой зааж өгөх хэрэгтэй. Өмнө нь улс төрийн намуудын талаар ингэж тодорхой зааж байгаагүй.

Хоёр. Намыг хянах хариуцлагын тогтолцоог бий болгож өгч байгаа. Та бүхэн бүгд санал нийлэх байх. Монголд улс төрийн нам шиг, ялангуяа төрд эрх барьж байгаа нам шиг улс төрийн хариуцлагагүй, хяналтгүй байгууллага байхгүй. Тийм учраас намыг хянах хариуцлагын тогтолцоог тодорхой болгож байна.

Энэ хуулиар улс төрийн намыг бүртгэдэг, хянадаг тогтолцоог шинэчилж, сонгуулийн төв байгууллагад харъяалуулж байна. Улс төрийн намыг өмнө нь Дээд шүүх бүртгэж аваад л болчихдог байсан. Сонгуулийн төв байгууллагатай холбоотой янз бүрийн маргаан гарах юм бол одоо шүүх нь хараат бусаар асуудлыг шийдэг. Сонгуулийн төв байгууллага намыг хэрхэн хянахыг маш тодорхой зааж өгч байгаа. Намын мөрийн хөтөлбөрийн тайланг жилд хоёр удаа сонгуулийн төв байгууллагад ирүүлэх ёстой. Хэрэв сонгуульд оролцож байгаа бол сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тайланг өгөх ёстой. Мөн дээрээс нь санхүүгийн тайланг өгөх ёстой. Ийм гурван төрлийн тайлангаар дамжуулж, шаардлагатай бол намыг татан буулгах, намын статусыг өөрчлөх гэх мэт улс төрийн хариуцлагуудыг тооцдог ийм тогтолцоог зааж өгч байна.

Нам Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулбал хүлээх хариуцлагыг маш тодорхой зааж өгсөн. Үндсэн хуулийг чанд мөрддөг болох хэрэгтэй. Хамгийн түрүүнд намууд, дарга нар Үндсэн хуулиа чанд мөрдөх ёстой. Зургаан жил дараалан ямар ч шатны сонгуульд оролцоогүй намыг шууд татан буулгах ёстой. Санхүүгийн тайлангаа буруу гаргасан, ирүүлээгүй бол шууд татан буулгана. Үүнд аудитын байгууллага олон нийт бүгд хяналт тавих боломжтой.

Манайд нэг хавтгайрсан асуудал бий. Тэр нь нам сонгуульд нэр дэвшихийн төлөө гишүүдээсээ хандив, мөнгөн тусламж авсан бол улсын орлогод хураалгадаг болгож байна.

Гурав. Намын зүгээс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог хатуу зааг ялгаатай болгосон. Нам нь аливаа төрийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох бүх төрлийн харилцааг хатуу хориглож байгаа. Хаана нь хариуцлага тооцох вэ, хаана нь хязгаарлалт хийх вэ гэдгийг тусгасан. Нэг жишээ дурдъя. Ерөнхий сайдыг томилох гэхэд энэ асуудлыг намын бага хурал, Үндэсний зөвлөлдөх хороо хэлэлцээд, мөн Засгийн газрын гишүүдийн асуудлыг хэлэлцдэг байсан. Гэтэл шинэ хуулийн дагуу энэ асуудал ганцхан зохицуулалттай болж байгаа. Энэ асуудлыг Үндсэн хуулийн дагуу намын бүлгүүд л хэлэлцэнэ. Мөн Засгийн газрын гишүүний асуудлыг намын бүлгээр хэлэлцэхийг хориглож байна. Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Засгийн газрын гишүүний суудлыг намын бүлгүүд суучихаад л, фракцад хуваагдчихаад л хувааж авдаг шүү дээ. Үүнийг хориглосон заалт байдаггүй байсан.

Дөрөв. Намын хатуу гишүүнчлэлээс татгалзах тухай, үүнтэй холбоотой шүүмжлэлүүдийг би энд хэлээд яах вэ. Иргэдэд сонголтыг бий болгож өгч байна. Ямар сонголт вэ гэхээр та дэмжигч гишүүн байж болно. Энэ нь ямар ч хариуцлага хүлээхгүй, тухайн үедээ гараад явчихна. Мөн та гишүүн байж болно. Ингэснээр ямар хариуцлага хүлээх нь тодорхой болох юм. Гишүүн байснаар ямар татвар, ямар хугацаанд төлөх вэ гэдгийг заасан. Энэ заалтаа биелүүлэхгүй бол гишүүнээс шууд хасна. Мөн сонгуульт гишүүн гэж байгаа. Энэ нь дүүрэгт юм уу, УИХ-д намын бага хурал, гүйцэтгэх зөвлөл гэж байдаг, үүнд сонгогдож байгаа гишүүдийг хэлж байгаа юм. Тэгээд хариуцлагуудыг нь  тодорхой зааж өгч байгаа. Энэ хуульд маш олон хүн саналаа ирүүлсэн. Бид 25 жилийн турш энэ замаар явлаа шүү дээ. Сургамж дээр үндэслэн энэ хуулиа хийж байгаа. Тэрнээс биш бид цоо шинэ зүйл хийгээд байгаа хэрэг биш. Бидний сургамж бол маш хатуу сургамж.

Аливаа улс орон муу зүйлээ хаяад сайн болгож хуульчлаад цааш явдаг. Нэг хүн нэг л намын гишүүн байх ёстой. Долоон намын батлахтай хүн байдаг гэнэ лээ. Ингэж болохгүй. Намын гишүүний бүртгэл шилэн байх ёстой. Намын дарга нараас асуувал манайх тэдэн гишүүнтэй гээд л кампаничлаад элсүүлээд явж байдаг. Энэ асуудал бүгд зогсоно. Гишүүдийн талаарх мэдээлэл сонгуулийн төв байгууллагад байх ёстой. Хувийн нууц гээд гишүүдийн мэдээллийг өгөхгүй байдаг. Энэ бол хариуцлагын асуудал. Энэ мэдээллийг шилэн болгоё, бид үүнээс өөр аргаар хяналт тавьж чадахгүй.

Намын гишүүдийн бүртгэлийг улсын нэгдсэн бүртгэлийн төв байгууллага дээр давхар байлгах хэрэгтэй. Бид гурван сая иргэнээ бүртгээд байгаа шиг. Тэгээд давхар гишүүнчлэлтэй байвал шууд хасагддаг байх ёстой.

Тав. Нам шилэн данстай байя. Энэ бол намын санхжүүжилттэй холбоотой асуудал. Нэгд, нам нэг л данстай байя. Гэтэл өнөөдөр нам олон данстай, салбар байгууллага нь бас данстай байдаг. Шинэ хуулийн дагуу намуудын данс Шилэн дансны хуулиар зохицуулагдана.

Намаас нийгэмд хэрэгжүүлж байгаа үүрэгт нь зориулж төрөөс тодорхой шалгуур тавьж хэсэгчилсэн санхүүгийн дэмжлэг олгодог болгоно. Энэ асуудлыг олон жил ярьсан. Нөгөө чинээлэг, олигархи гэж ярьдаг нөхдүүдийн эрхшээлээс намыг гаргахгүйгээр Монголын төр хүнд байдлаас гарахгүй. Бид харлаа үзлээ, ханалаа одоо болсон. Одоо бид хуульдаа тусгасан.

Төсвөөс намд олгож байгаа хөрөнгийн асуудлыг маш нарийн зохицуулалттай хийж өгч байгаа. Авсан хөрөнгийнхөө 30-аас доошгүй хувиа нам бодлого боловсруулах судалгаандаа зарцуулна. Улс төржөөд, пиар хийгээд, хэвлэлд хахууль өгөөд явдаг газар бол нам биш юм. Эрх баригч нам бодлогоо хэрэгжүүлнэ, сөрөг хүчний нам бол судалгаа хийдэг байх ёстой. Мөн хөрөнгийн 30-аас доошгүй хувийг гишүүдийнхээ боловсролыг дээшлүүлэхэд зарцуулна. Мөн 10-аас доошгүй хувийг бүтцийн байгууллагууддаа зориулах ёстой гэж тодорхой зааж өгч байгаа. Санхүүжилтийг тодорхой болгохгүй бол мөнгө тойрсон завхрал Монголд их гардаг.

Хэрэв энэ хуулийг зөрчих юм бол төрөөс олгох санхүүжилтийг зогсооно. Бүр шаардлагатай бол нөхөн төлүүлнэ, хэсэгчлэн зогсооно, бүрэн зогсооно. Үүнийг сонгуулийн төв байгууллага, олон нийт давхар хянаад явна.

Зургаа. Намын үйл ажиллагааг явуулах доод хязгаарыг тогтоож өгч байгаа. Гэр бүлдээ хүртэл намд хуваагдлаа гэж ярилцдаг. Бид энэ асуудлыг шийдэх цаг болсон. Монголын нөхцөлд шийдэх боломжтой. Тийм учраас 3000-аас доош хүн амтай засаг захиргааны нэгжид намын салбар нэгж байгуулахыг хориглож байгаа. Ингэснээр нийт сумдын 60 гаруй хувь нь улс төржилт, намын дарамтаас чөлөөлөгдөх болно. Тэгтэл намын үйл ажиллагааг хэрхэн явуулах вэ? Саяхан Шүүхийн тухай хуулийг УИХ-аар баталлаа, бидэнд туршлага байна шүү дээ. Жишээ нь, гурван сум нийлээд 3000-аас дээш хүн амтай бол дундаа намын байгууллага байгуулж болох нь ээ. Жишээ нь, Идэр, Дархан, Хөвсгөл сум нийлээд намын байгууллага байгуулж болно.

Бид энэ бүхнийг туулж өнгөрсөн учраас нэг тал руу нь хэлтийлгэхгүйн төлөө ажилласан.

Долоо. Нам дотооддоо асуудлаа, улс төрийн маргаанаа шийддэг байя. Намын маргаанаас болоод нийгэм, хууль хяналтын байгууллагууд хүнд байдалд орж байдаг шүү дээ. Зарим намуудад дотоод улс төрийн маргаанаа шийддэг тогтолцоо бий болсон байдаг. Харин байгууллага, хуулийн субъект, иргэний хувьд шүүхэд гомдол гаргаж болно. Ингээд намыг шүүх бүртгэдэггүй, намын үйл ажиллагаанд оролцдоггүй болохоор шүүх зөв шийдвэр гаргадаг болно. Шүүх бие даасан хараат бусаар шийдвэр гаргах боломжтой болно. Тэгэхгүй бол өнөөдөр шүүхийн шийдвэр хүртэл улс төрийн намд хэрэгжихгүй байгаа шүү дээ.

Найм. Намын бүтэц зохион байгуулалтыг уян хатан тогтолцоог санал болгож байна. Өнгөрсөн 1990-ээд онд үүсгэн байгуулагдсан намууд МАХН-аа дуурайж бүтцээ хийсэн гэх шүүмжлэл байдаг. Ингэхдээ бага хурал, улс төрийн товчоо гэх мэт нэрсийг өөрсдийнхөөрөө өөрчилсөн. Үүнийг юу гэж нэрлэх, ямар замаар зохион байгуулах зэрэг боломжийг нээлттэй орхиж байна. Заавал бага хурал, гүйцэтгэх хороо, улс төрийн товчоотой байх эсэх нь тухайн намын асуудал юм. Энэ бүхнийг дүрмээрээ зохицуулах хэрэгтэй. Одоо шинэ бүтэц зохион байгуулалттай боломжийн талаар яриад байгаа. Манайх ийм уян хатан бүтэцтэй, манайх ийм иргэнлэг, ийм асуудал шийддэг болж байгаа гээд бүтцийнхээ уян хатан байдлаар хүртэл өрсөлдөж болно шүү дээ. Намын төв байгууллагаа УИХ-аас байгуулдаг, эсвэл байгуулахгүй байдаг, намын даргаа УИХ-аас томилдог, эсвэл нийтээр сонгууль явуулдаг, энэ бүх эрхийг нэлээд уян хатан тусгаж өгсөн.

Ингэж байж нам бүтэц зохион байгуулалт, энэ бүгдээрээ ялгарах хэрэгтэй. Мөн 801 хүн бүртгүүлэхээр нам бүртгүүлж болдог байсан. Одоо намын зохион байгуулах хурлыг чөлөөтэй болгоё.  31 буюу түүнээс дээш хүн хуралдаад намаа байгуулж болно. 51,71, 501 хүн цуглаад байгуулж болно. Тэгээд нам бүртгүүлэхээр өргөдлөө өгөөд бүртгүүлж болно. Хэрэв аль нэг шатны сонгуульд оролцох гэж байгаа бол 3001-ээс дээш, яг бүртгүүлсэн, шаардлага хангасан гишүүнтэй байх ёстой.31, 3001 гэдэг тоонуудыг бид хаанаас гаргаж ирээд байгааг та бүхэн тааварлаж байгаа байх. Монголын хүн ам гурван сая. Ингэхээр 3001 гэдэг нь тэр гурван сая иргэний 0,001 хувь. Тэгэхээр ийм бага хувь руу орж улс төржихөө больё гэж байгаа юм. 31 гэхээр бүр арван мянганы, зуун мянганы нэг хувь болно.

Ес. Намууд хажуудаа төрийн бус байгууллага, аливаа фракц, одон медальтай байхыг хориглож байгаа юм. Гэхдээ эмэгтэйчүүдийн клуб, залуучуудын клуб гэх зэрэг клуб байж болно. Тэд тусдаа данс тооцоотой байж болохгүй. Намын нэгдсэн санхүүжилттэй, нэгдсэн бүтэцтэй л байна. Янз бүрийн нэртэй байгууллагууд Ерөнхийлөгч, тэргүүнээ сонгох гээд ингэлээ, тэглээ гээд олон юм болж байна. Дээр үед нам дагасан ийм асуудал  улс оронд их гарч байсан даа, ийм байдал одоо хэрэггүй. Клубын зарчим олон нийтийн байгууллага энэ бүхэн Монгол Улсад чөлөөтэй ажлаа хийнэ. Намтай холбогдож байгаа болгон тусдаа данс тооцоотой байж болохгүй. Намынхаа дансаар бүх зүйл дамжина. Намын хуулинд л захирагдана.

Тодорхой асуудлаар нэгдэж бүлэг болж хамтарч асуудал шийдэж болно. Фракцын тухай ярья. Зарим нь жигүүр гэдэг, жигүүр ургалаа энэ тэр гэдэг. Жишээлбэл, яг тодорхой асуудлаар, татвар 15 хувь биш 10 хувь байх ёстой гэдэг ч юм уу, ийм асуудлаар намын хэсэг гишүүд нэгдээд тэр асуудал нь шийдэгдсэний дараа тэр бүлэг тардаг. Ингэж л зохицуулж өгөх хэрэгтэй. Түүнээс биш мөнгөтэй хүн дагасан, шантааж хийдэг, дарамталдаг, хүн дагасан, төрд орсон эрх мэдлээрээ далайлгадаг этгээдийг дагасан тийм бүлэглэл, фракц нэртэй юмнуудыг алга болгох хэрэгтэй.

Үүнийг ингэж хуулинд нь оруулж өгөхгүй бол болохгүй. Улс төрийн намууд төрийн одон медальтай давхцсан одон медальтай байхыг мөн хориглож байгаа юм. Төрийн одон медалийн тухай хууль ч гарна. Тийм ч учраас түүнд нь бас давхар оруулж өгнө. Мөн намуудыг дахин шинээр бүртгэх, өмч хөрөнгийн асуудал байна. Одоо та нар асуух гээд л байгаа байх, намуудын дарга нар хажууд сууж байна. Өмч хөрөнгийн асуудлыг яаж шийдэх юм бол гээд. Улс төрийн намын тухай хууль гарахаар түүнийг дагаж мөрдөх журам гэж гаргах хэрэгтэй. Монголд анхны нам бий болсноос хойш хэдэн арван жилийн тухай ярьдаг. Шинээр олон намын тогтолцоо бий болсоос хойш гээд дахиад 25 жилийн тухай ярина. Шинэ хуулиар улс төрийн намын бүртгэл болон дахин бүртгэлийн асуудлыг шийдэх болно.

Арав.Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр намд худалдан авсан, барьсан өмч хөрөнгийн асуудлыг шийднэ. Бусад ороогүй байгаа маргаантай байгаа асуудлыг шийдэх шаардлагатай. Тэгэхлээр хоёр хууль гарах нь. Намын санхүүжилт, намын бүтэц бүрэлдэхүүний тухай асуудлыг цогцоор нь нэг хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль гээд шилжилтийн шинжтэй зохицуулалтын талаарх хуулиудыг давхар гаргана.

За ингээд арван зүйл танилцууллаа. Ингэснээр тодорхой сайн үр дүнгүүд гарах болов уу гэж төлөвлөж байна.

Улс төрийн нам гэж тусгай, хяналтгүй, хариуцлага хүлээдэггүй ийм бүтэц цаашаа оршин тогтнохоо болино. Улс төрийн нам гэж хариуцлагатай, хяналттай, хуулинд захирагддаг ийм байгууллага бий болно. Санхүүждэг бүх зүйлүүд нь маш тодорхой болно. Миний харж байгаагаар энэ хууль батлагдвал өнөөдрийн улс төрийн намд байгаа гишүүдийн тоо 60 хувь багасахаар байгаа юм. Яг бүртгэлийг төгөлдөржүүлээд, гишүүд нь татвар хураамжаа төлдөг болгоод, төлдөггүй нь дэмжигч болоод явхаар энэ тоо цаашдаа гэрлийн хурдаар буурах магадлалтай. Дээрээс нь намын анхан шатны байгууллагууд, нэгжүүдийг нь 3000 хүнээс доош гэж хязгаарлаж өгч байгаа юм. Энэ зүйл дээр анхаарал хандуулах ёстой. Энэ дээр хоёр шийдэл хэлье. Нэгэнт улс төрийн намын тухай хууль гээд олон жил гаргах гээд үзээд болохгүй байна. Ингэж хуулиа өөрчлөх нь намуудад өөрсдөд нь хэрэгтэй байгаа юм.

Улстөрийн үйл ажиллагаанд оролцож явсан олон хүмүүст нь өөрсдөд нь хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр намуудад итгэх итгэл буурлаа, намаараа дамжаад төрд итгэх итгэл буурлаа, мөн төрийн шийдвэрт итгэдэг итгэл буурч байна. Үүнийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Тийм учраас энэ шийдвэр намуудад бүгдэд нь хэрэгтэй. Ийм өөрчилөлтийг хийж чадна.

Өмнө нь би Ерөнхийлөгчөөр сонгогдоод анх ажиллаж байхдаа, дараа нь “Том төрөөс ухаалаг төр рүү” гээд ярьж байхдаа би нэг үг хэлж байсан. Өнөөдрийн улс төрийн тогтолцоо улс төрийн намуудад итгээд зургаан жил хүлээлээ. Одоо өөрөө барьж авахгүй бол өөр хүн барьж авахгүй байна. Энэ хуулийг батлуулах гээд намын нэг зүтгэлтэн, нэг УИХ-ын гишүүн бариад явхаар хэн ч итгэхгүй байна. Түүнийг хүмүүс өөрөөр харж, намын хууль боловсруулаад, өөрт хэрэгтэй зүйл оруулаад дуусна гээд бүгдээрээ хэлээд байгаа. Тийм учраас би намын дарга нарт хэлж байгаад Улс төрийн намын тухай хуулийг өөр дээрээ татаж авсан юм. Та бүхнийг зургаан жил харлаа, одоо болно гэж хэлсэн.

Зарим хүн шүүмжилдэг юм. Ерөнхийлөгч олон хууль санаачилж байна ,бүх зүйл рүү орж байна гэж. Тэд санаачлах дургүй хуулиудыг би авдаг. Санаачилсан ч гэсэн өөрсдийнхөө эрх ашигт зохицуулж, өмнө байгаа эрх дархаа батлах, өөрчлөлтөөс зугтсан, зүрх зориг нь хүрэхгүй ийм хүмүүс байдаг юм. Манай зарим улстөрчид “Эх орон” гэж хашгирах их дуртай. Яг эх орны төлөө хэцүү шийдэл гаргах болохоор тэр шийдлийн өмнө “амьтан” болсон байдаг шүү дээ. Яг үүрэг хариуцлага хүлээлгээд “Чи энэ нэг хэцүү шийдэл гаргаад орхи” гэхэд шалчийгаад бороонд норгоод хаясан голгүй дээл шиг алга болдог. Тэгэхээр улс төрийн өөрчлөлт, шинэчлэлт хийх хэмжээнд бариад явах хүн харагдахгүй л байна. Ийм учраас энэ өөрчлөлтийг хийхээр оруулж байгаа юм.

Тэгэхээр би нэг зүйл хэлье. Улстөрийн намын хууль, Төрийн албаны тухай хууль  дээр дээрх зарчмыг хатуу баримтална. Хуулийн төсөл дээр нэмж оруулъя гэж байгаа хүмүүс нэмж оруулж болно. Ийм харилцаа оролгүй үлдсэн байна гэвэл сонсоход бэлэн байна. Энэ бол ардчилал,

Төгрөгийн ханш түүхэн доод төвшнөө шинэчилсэн хэвээр
Төгрөгийн ханш түүхэн доод төвшнөө шинэчилсэн хэвээр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.