Барилга Хөгжлийн төвөөс 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай зөвлөлдөх уулзалтыг 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтаар энэ онд улсын хэмжээнд хийгдэх ажлын гүйцэтгэлийн төлөвгөөгөө хэлэлцэх, өнгөрсөн оны гүйцэтгэлд анхаарах зүйлс, сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шинэчлэх төслийн хэрэгжилт, цаашид авах хариу арга хэмжээний зэрэг олон талын асуудлаар албаныхан хэлэлцлээ.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтанд БХБЯ-ны газрын дарга Д.Гантулга, Барилга Хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Дэд захирал Б.Энхболд, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Дэлгэржаргал, БШУЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт болон 21 аймгийн газрын харилцааны удирдлагууд оролцлоо.
Улсын хэмжээнд нийт 10 эмнэлэг, 11 цэцэрлэг, 15 сургуулийн барилгад захиалагчийн хяналт хэрэгжүүлэн ашиглалтанд оруулсан
Зөвлөлдөх уулзалтыг нээж Барилга Хөгжлийн Төвийн захирал Ц.Амарсанаа хэлэхдээ “Барилгын салбар сүүлийн хоёр жил цар тахлын улмаас их хүнд нөхцөлд байлаа. Тээвэр ложистикоос болж барилгын материалын үнэ өссөн. Үүнээс үүдэн бүтээн байгуулалтын ажлуудад хүндрэл бэрхшээлүүд тулгарч байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сарын 12-нд УИХ-аас цар тахлын улмаас барилгын салбарт хүндрэл үүссэн төслүүдийн зураг төслийг дахин магадлал хийх, барилгын материалын үнийн индексийг гаргах үүргийг БХБЯ-нд үүрэг болгосон. Энэ хүрээнд бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийн тоо хэмжээг нь гаргаж, үнийн нөхцөл индексийг нь гаргах зэрэг ажлууд дээр анхаарч байна.
Түүнчлэн бид хоёр жил цахимаар зохион байгуулж байсан газрын харилцаа, барилга, хот байгуулалтын удирдлагуудтай хийх уулзалтаа энэ жил танхимаар зохион байгуулж, өнгөрсөн хугацааны гүйцэтгэл, асуудал, энэ ондоо хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөө, гүйцэтгэл, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт зэрэгт анхаарч, хэлэлцэж байгаагаараа онцлог. 2021 оны хувьд улсын төсвийн болон гадны зээл тусламж, хөрөнгө оруулалттай ажлын гүйцэтгэл 73 хувьтай хэрэгжсэн. Барилга хөгжлийн төв нь уг төсөл, хөтөлбөрүүдэд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг. Энэ хүрээнд 2021 онд улсын хэмжээнд нийт 10 эмнэлэг, 11 цэцэрлэг, 15 сургуулийн барилгад захиалагчийн хяналт хэрэгжүүлэн ашиглалтанд оруулсан байна. 2022 онд улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 38 цэцэрлэг, 54 сургууль, 30 эмнэлэг, 18 дотуур байр, инженерийн шугам сүлжээний 26 төсөл хэрэгжихээр төлөвлөгдсөн” гэлээ.
Уг зөвлөлдөх уулзалт Засгийн газрын тогтоол, төсөл хөтөлбөрүүдэд хэрэгжих журам, аймгуудад хэрэгжих барилга байгууламжийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгүүлэх гэрээ хийх зэрэг арга хэмжээгээр үргэлжилж байна.
Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга Э.Чагнаадорж "Барилгын хөгжлийн төв 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарын энэ удаагийн зөвлөлдөх уулзалт танхимаар зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой байна. 2021 онд барилгын салбарт нэлээн хүнд жил байлаа. Барилгын материалын, ажилчдын цалин, тээвэр ложистикийн үнийн өсөлт зэрэг хүндрэлүүд байсан боловч барилгын салбарынхан эдгээрийг даван гарсан. Улсын хэмжээнд 78 хувийн хэрэгжилттэй гэж гарч байна. Дундговь аймгийн хувьд 2022 онд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэхээр ажиллаж байна. Жишээ нь 1000 хүний суудалтай спорт комплекс зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэх юм. Мөн аймгийн төв дээр 960, 640 хүүхдийн сургууль олон төсөл арга хэмжээнүүд хийгдэхээс гадна аймгийн төвд дэд бүтцийн асуудал нэлээн эрчимтэй хийгдэхээр төлөвлөгдөж байна." гэдгийг онцлов.
Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга Х.Гүенбат "Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын хэлтсийн хувьд энэ жил 2024 км явж давтагдсан тоогоор 460 орчим хяналтын ажлыг хийж хэрэгжүүлээд байна. Манай аймагт улсын төсвөөр 21 төсөл хэрэгжиж байна. Үүнээс 2021 онд зургаан төсөл ажил ашиглалтанд ороод байна. Тухайлбал, хоёр соёлын төвийн барилга, хоёр сумын инженерийн дэд бүтцийн барилга, сургууль цэцэрлэгийн өргөтгөсөн барилгууд ашиглалтад орсон. Мөн 70-аад онд баригдсан барилгууд их байдаг учраас барилгажилт дэд бүтцийн асуудал тулгамдсан асуудлууд байгаа. Орон нутагт барилгын чанар дээр хамтарч баг болж , инженерийн шугам сүлжээний хангагч байгууллага, Мэргэжлийн хяналтын газартй хамтраад барилгын чанар дээр хяналт тавин ажиллаж байна." гэв.