Монгол Улсын нийт хүн амын бараг тэн хагас нь оршин суудаг нийслэл метрополис хотын өнгө төрхөд улам бүр ойртож, тэр хэрээр Улаанбаатарын хөл хөдөлгөөн өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Улаанбаатар хотыг Азийн төдийгүй Америк, Европын өндөр хөгжилтэй хотуудтай эн зэрэгцүүлэх гэсэн эрх баригчдын амбицад гагцхүү түгжрэл тээг гацаа болсоор буй. Авто замын түгжрэлийг үе шаттай бууруулах бодлогыг үе үеийн нийслэлийн удирдлагууд зарлаж, зөвхөн 2020 онд л гэхэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ес, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83, орон нутгийн хөгжлийн сангаар 36, хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар гурван төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр энэ оны эхэнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас танилцуулсан байдаг. Үр дүнд нь нийслэлд 52.5 км авто замыг шинээр байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 17.5 км уулзварыг өргөтгөж, 178.6 метр урт гүүрэнд засвар хийхээр төлөвлөсөн тухайгаа тус газраас мэдэгдэж байлаа. Ийнхүү улам нэмэгдэж буй авто замын хөдөлгөөнийг сааруулах, гудамж, замын даац, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн ч нийслэлийн авто замын түгжрэл хараахан бүрэн шийдэгдээгүй. Өнгөрсөн өдрүүдэд улам бүр гаарч, нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлсээр буй. Тэгвэл нийслэлийн Монгол Ардын Намын зүгээс Улаанбаатар хотын “толгойн өвчин” түгжрэлийг үе шаттайгаар шийдвэрлэх гарцыг мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан зарлалаа.
Юуны өмнө, Улаанбаатар хотын авто замын мастер төлөвлөгөөг баталж үе шаттай хэрэгжүүлэхийг тэд эрмэлзэж байна. “Хотын авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах, шинэ суурьшлын бүс болон гэр хорооллын гол гудамж замыг өргөтгөн, хатуу хучилттай, явган замтай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Нийслэлийн нийт иргэдийн 39.3 хувь нь нийтийн тээврээр, 6.5 хувь нь алхдаг, 2.6 хувь нь таксигаар, 2.4 хувь нь унадаг дугуй, мопедоор, харин бараг тэн хагас нь буюу 49.2 хувь нь автомашинаар зорчдог гэсэн судалгаа байдаг. Тиймээс одоо байгаа хатуу хучилттай авто замуудыг шинэчилж, өргөтгөхөөс гадна түгжрэл төдийгүй нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах шийдэл болох “Дугуйн зам” хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Өдгөө нийслэл хотын хэмжээнд 52 км дугуйн замын ажлыг хоёр байршилд хийж буй. Эхний ээлж нь Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 16.6 км, Яармагийн гүүр орчмоос Налайх-Чойрын авто зам хүртэлх 17.3 км дугуйн замын ажлуудыг энд онцолж болно. Эдгээр зам олон улсын стандартын дагуу автомашины замаас ангид, туузан хашлагаар тусгаарлан аюулгүй байдлыг хангаж, асфальтаар хийж байгаагаараа онцлог. Тэгвэл ирэх дөрвөн жилийн хугацаанд стандартын дагуу тохижилт, гэрэлтүүлэг бүхий дугуйн замын шинэ сүлжээ байгуулж, дугуйн зогсоолын дэд бүтцийг өргөжүүлнэ гэжээ. Дэлхийн хамгийн их хүн ам суурьшсан Бээжин хот 16.4 мянган ам км талбайд 21 сая хүн амыг агуулан оршдог. Харин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд 4.7 мянган ам км талбайд түүнээс бараг 14 дахин бага хүн ам суурьшдаг. Манайхаас дөрөв дахин том газар нутагт 14 дахин их хүн амыг авто замын хувьд асуудал багатай шийдвэрлэсэн тэдний гол шийдлүүд нь метро, бас дугуй. Ерөөс Бээжин төдийгүй Копенгаген, Амстердам, Парис, Лондон, Вашингтон гээд хүн ам төвлөрсөн хөгжингүй хотуудад дугуйн тээвэр, түүнтэй холбоотой төрөл бүрийн үйлчилгээ хөтөлбөрүүд улам олширсоор байна. Тиймээс агаар, орчны бохирдол, түгжрэл, хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөтэй энэ чиглэлд Улаанбаатар хот метрополис хотуудын жишгээр анхаарах нь. Дэлхийд зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч “Deloitte” компанийн хийсэн судалгаагаар 2022 он гэхэд дэлхийн томоохон хотуудад дугуйгаар ажилдаа зорчдог хүмүүсийн тоо хоёр дахин өсөж, ирээдүйд дугуй нь дэлхий тээврийн хэрэгслийн шинэ тренд болно гэсэн судалгааг танилцуулсан юм. Нэн шинэ энэ чиг хандлагатай нийцүүлж, нийслэл хотод дугуйн замын бүтээн байгуулалтыг нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос бодлогоор дэмжиж буй нь энэ.
Тэрчлэн давхар зогсоолын тоог нэмэгдүүлж, авто зогсоолын менежментийн боловсронгуй тогтолцоог бий болгоно, ачаа тээвэр, түгээлтийн шөнийн үйлчилгээнд шинэлэг менежмент нэвтрүүлнэ гэхчлэн Улаанбаатарын авто зам, тээвэр, түгжрэлтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх цогц гаргалгааг МАН мөрийн хөтөлбөртөө тусгажээ.