Д.ЛҮНДЭЭЖАНЦАН /УИХ-ын гишүүн/
Хүн төрөлхтний өнөр бүл үндэстэн бүрийн өвөрмөц өнгө төрхийн цогц, зүйрлэвээс өнгө булаалдан алаглах цэцгийн мандал мэт. Монголын иргэншил, соёл, ухамсар, ёс суртахуун өөрийн дахин давтагдашгүй, тансаг өнгө төрхөөрөө энэхүү мандлын нэгэн сор дээж нь билээ. Монгол ухамсар, ёс суртахуун бол талын эрэлхэг нүүдэлчдийн сэтгэлгээ бөлгөө. Уудам тэнэгэр нутагтаа өвсний соргог, усны тунгалгийг даган өөрийн эрхээр нүүдэллэн эрдэнэт мал сүргээ адгуулан ирсэн нүүдэлчдийн сэтгэлгээ бол хөдөөгийн Пэрлээ абугайн тэмдэглэснээр “Эрх чөлөөг эрхэмлэгч сэтгэлгээ мөн. Тал нутгийн эзэд үнэг шиг зусардаж явснаас баатрын ёсоор үхсэн дээр” гэж сэтгэдэг байжээ. Уртын сайхан дуу шигээ уужуу тайван монгол ухаан, эрс тэс, хатуу ширүүн байгаль эхтэйгээ дүйсэн тэсвэр тэвчээр, орчны хувьсал өөрчлөлтөд дасан зохицох чадвар нь ертөнцийн талыгмориноос буулгүй төвшитгөсөн эцэг дээдсийн маань ялагдашгүй хүч чадлын нэгэн ундарга нь болж иржээ.
Монгол ухамсар бол ёс суртахуунлаг ухамсар мөн. Академич С.Нарангэрэлмонгол хүний ухамсар сэтгэлгээний цаад утгыг шударга ёс, эр зориг, үүрэг хариуцлага, жудаг, нинжин ба өрөвч сэтгэл, нэр төр, үнэн, итгэл, тэсвэр тэвчээр, эе эв, өгөөмөр сэтгэл, холч ухааны сэтгэлгээ зэргээр тайлж энэ эрхэм нандин оюун ухаанаараа суут богд Чингис, түүний хойчийг залгамжлагчид “хорвоод ховор” удирдагч, цэргийн жанжид байж чадсаныг нь онцолсон байна. (С.Нарангэрэл. Чингис хааны ёс суртахуун-эрх зүйн шаштир. УБ., 2014 он. I II бүлэг.)
Монгол хүний эрхэм нандин зан чанар, ёс суртахууны сайн сайхан бүхэн Чингис богдод шингэсэн нь түүнийг хорвоогийн ер бусын их хүмүүн болгожээ. Үүнийг монголын хийгээд ертөнцийн мэргэд хүлээн зөвшөөрдөг. Персийн түүхч Рашид Ад Дин “Судрын чуулган”-даа ирээдүйд таван зуу, мянга, арван мянган жилд ч хэрэв нарт хорвоод төрж, хаан төр барих удмынхан минь аль ч улс түмэнд хэрэглэхээр Чингис хааны ёс суртахуун, засаг хуулийг өөрчлөлгүйгээр сахивал тэдний гүрэнд мөнх тэнгэрээс аврал бууж, тэд хэзээ ямагт баяр баясгалантай, аз жаргалтай байх болно. Орчлонгийн ихэс ч тэдэнд хишгээ хүртээж, дэлхийн хүн ам ч тэндээ наминчлан залбирсаар, урт удаан наслан, амьдралын сайн сайхан бүхнээр жаргах болно” гэжээ. (Рашид Ад Дин, Судрын чуулган, УБ. 2002 он. I боть, 404 дэх талд). Чингис хаан Монгол баатрын гэр бүлд, монгол эхээс төрсөн эгэл жирийн монгол хүн байсан ч монгол хүний эрхэмсэг оршихуйн арга ухаанаараа, ёс суртахуунаараа зөвхөн өөрийн харъяат нарын төдийгүй хорвоогийн арван зүгийн түмэн хэлтнийг өөртөө соронзон мэт татаж нийт хүмүүнлэгийн оюун санааны үнэт өвийг үлдээжээ. Академич С.Нарангэрэл “Ёс суртахууны гэсгээл, байгаль дэлхийгээ хамгаалах, үр хүүхдээ сайн хүмүүн болгох, шүтлэг бишрэл ёс суртахуунаа хуулиар хамгаалах талаархи Чингис хааны билэг сургаалыг хүн төрөлхтөнд тустай хосгүй өв” хэмээжээ. (С.Нарангэрэл. Чингис хааны ёс суртахуун-эрх зүйн шаштир; 2 дахь талд)
Эв эеийг хичээх нь Чингисийн Монголын ухамсар, ёс суртахууны охь дээжис нь байжээ. Монгол эх орон бол зуун зууны туршид оршихуйн орон зай, цаг хугацааны төлөө хувь заяагаа нэгтгэн мөнх тэнгэрийн хүчин дор аж төрж буй халх, буриад, дөрвөд, казах, уйгар, чантуу нарын арав гаруй үндэстэн ястны өлгий нутаг. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байж ариун гал голомтоо сахин хамгаалж чаддаг ард түмэн бөлгөө. Чингис богд
“Одтой тэнгэр орвож
Орчлон дэлхий хөрвөж
Орондоо унтах завгүй
Олзлолдон булаалдаж” байсан монгол туургатны олон аймаг, угсаатныг нэгтгэн дэлхийн их гүрэн Их Монгол Улсын гал голомтыг бадраасан билээ. Тал хээр нутгийн овог аймгуудын олз омог, эрх мэдлийн төлөөх хатуу ширүүн тэмцэлд андын нөхөрлөлийн ач тус, атаа жөтөө, урвах шарвахын горыг амсан нухлагдаж өссөн Тэмүүжинд эе эвийг хичээх нь яс маханд нь шингэсэн итгэл үнэмшил болон төлөвшжээ. Бас түүний эе эвийн ухамсар, ёс суртахуунд нялх балчраасаа ой тойндоо шингээсэн Алунгуа эхийн домог, тал хээр нутагт өнө эртээс тархсан үлгэр домог, туульс, онч мэргэн сургаал үгс ихэд нөлөөлжээ. Эе эвийн ухамсар, ёс суртахууны биелэл нь үндэсний эв нэгдэл болдог, харин үндэсний эв нэгдэл нь төр улсын хүчин чадлын эх сурвалж ажгуу. Хятад, Орос, Хорезм, Солонгос зэрэг олон улс орон Чингис хааны эрхшээлд орсон нь Персийн түүхч Жувейны “Элдэв үл бүтэх амьтдаас болж дэлхий дахин далайн шуурга мэт оволзон бүхийд, ойр дөтийн хаад ноёдын биеэ тоосон, ихэмсэг зан хэрээс хэтрээд ирэх цагт ... бурхан Чингис хаанд сүр хүчийг соёрхон олгож ялалтын эзэн болгосон амой” (Дэлхийг дагуулагчийн түүх, 19 дэх тал) гэж бичжээ. Энэ сүр хүч нь эе эвийн ухамсар, ёс суртахуун болой. Тэр цагт цөөхөн Монголчууд мөнх тэнгэрийн хүчин дор эвлэлдэн нэгдэж нэгэн цул болж дэлхийн талыг байлдан дагуулжээ. Монгол хүний эе эвийн ёс суртахууны учир утгыг
Хоёр хүн эвтэй болбоос
Хорин хүрээ мэт бэх
Өнөр хүн эвгүй болбоос
Эвдэрхий хүрээ мэт хэврэг
Өнчин хүний элэг болох
Олон хүн эвгүй болбоос
Өөрцөг (зожиг хүн) хүний идэш болох” гэж
“Монголын нууц товчоо”, “Оюунтүлхүүр” зэрэг сурвалжид тайлан өнөөг хүртэл мөрдөх авай. Монгол хэмээх нэрийн дор, нэгэн дээвэр дор нэгэн зорилгын төлөө хувь заяагаа, эе эвийн хүчээ нэгтгэн Үндэсний зөвшилцлийн их гэрээ болох Ардчилсан Үндсэн хуулиа баталж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулахаар зорин тэмцэж буй монголын ард түмний сүүлийн хорь гаруй жилийн түүх ч үүний нэгэн нотолгоо юм. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байдаг, бас эвдрэлцэн тэмцэлдэж хэл амаа олохоо байж хэрүүл тэмцэлд автагдсаар бусдын идэш болж байсан гашуун сургамж ч бий.
Монгол ухамсар ёс суртахуун шударга ёсны ёс суртахуун юм. Учир нь Монгол ёс суртахууны нандин чанарын тэргүүн зэрэгт шударга ёс тавигдсаар иржээ. Энэ бол монголын төр ёсны нандин уламжлал ажгуу. Үүнээс ухарвал “Шударга бус явдал газар авна. Хэн шударга бус үйлдлийг бусдаас ичгүүр сонжуургүйгээр үйлдэнэ, тэр нийгэм, төрд тэргүүлэх байр суурийг эзэлбэл улс гүрэн ямар болдог билээ? Дур зоргын авирлал газар авдаг. Эрээ цээргүй нь хийморт заларч, чадвартай нь хатавчинд суудаг. Ийм учраас Чингис хаан шударга хүнийг шударга бус хүний дээр, шударга бус хүнийг өөрийнх нь байх ёстой байранд нь тавьж чадаж байсан учраас хүмүүсийг соронзон мэт өөртөө татжээ” (С. Нарангэрэл. Чингис хааны ёс суртахуун эрх зүйн шаштир. УБ., 2014, 30 дахь талд)
Төр иргэн болон иргэд хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, аливаад хуульд, гагцхүү хуульд захирагдах, Төр нь иргэндээ эрх мэдэл, өмч хөрөнгө, гарал үүсэл, нас, хүйс, нийгэмд эзлэх байр суурь зэргээс үл хамааран алагчлалгүй хандах зарчмыг хэлбэрэлтгүй баримтлах нь шударга ёсны үндэс нь болдог байна. Чингис хаанд хахууль өгч, эсхүл түүнээс зусардан бялдуучилж, дагалцаж өндөр албан тушаалд заларсан ноён, жанжин сайд нэгээхэн үгүй байсан нь богд эзний ялгуусан, сод удирдагчийн эрхэм шударга чанарыг илтгэн харуулсан хэрэг юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх”, зорилго болон “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим (Монгол Улсын Үндсэн хууль. I зүйлийн 2 дахь хэсгийн )” заалтууд нь шударга ёсыг чанд сахиж мөрдөх нь монголын төрийн ашид баримтлах учиртайн нэгэн илэрхийлэл нь юм.
Хууль журамд захирагдаж, төрөө дээдлэх нь хоёр мянга гаруй жилийн түүх уламжлалтай монголын төр ёсны нэг гол шинж, ноён нуруу нь болно. Үүнийг орчин цагийн хэлээр “Хууль төрөө дээдлэхүй” гэнэ. Төрөө мөнх тэнгэрийн хүчний илэрхийлэл хэмээн үзэж төрийн хууль шийдэл нь гагцхүү талын нүүдэлчдийн амьдрал ахуйн бодит хэрэгцээ шаардлагаас урган гарсан, өөрөөр хэлбэл “жам ёсны” байх нь монголын хууль цаазын “амь бөхтэй”, урт настай байхын нэг эх сурвалж нь болж иржээ. Чингис богдын “Их засаг” хууль эрин зууныг дамжин Юань гүрэн, улс төрийн бутрал задрал, Манжийн ноёрхол, Богд хаант төр, ардын засаг, ардчилсан Монгол Улсын үед ч төрийн хууль цаазын бодлогын нэгэн үндэс, ундарга нь болж байдгийн цаад учир нь монгол хүний амьдралын хэв маяг, ертөнцийг үзэхүй, ёс суртахуун, итгэл үнэмшлийг шингээж чадсан жинхэнэ жам ёсных байсанд нь оршино. Энд нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхэд хууль, төрөө дээдэлдэг нь зөвхөн монголынх гэвэл “Үндсэн хуульт ёс”-харийн юм гэсэнтэй агаар нэгэн болно. Үндсэн хуульт ёс, хууль дээдлэхүй нь хүн төрөлхтний эрх зүй, улс төрийн сэтгэлгээний нийтлэг үнэт зүйлс бөгөөд нэгэн юмны хоёр тал мэт салгашгүй ойлголтууд юм. Учир нь нэгд Үндсэн хууль нь ардчилсан төрийн тогтолцооны эрх зүйн үндэс, суурь нь бол “хууль дээдлэх ёсон бол засаг, төр барих урлаг, хүн зон амар жимэр амьдрахуйн арга ухаан мөн” юм. (Б.Чимид. Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс. УБ., 2006 он. 150 дахь талд). Хоёрт, Үндсэн хууль төр улсын гол хууль бөгөөд бусад бүх хууль түүнээс урган гардаг, түүнд нийцдэг байх зарчим үйлчилдэг учиртай. Б.Чимид багш үүнийг “Үндсэн хуульчилсан болон ердийн хуулиар үзэл зарчмыг нь гуйвуулахгүйгээр нарийвчлан тодруулах” шаардлагатай гэж томьёолоод “Монгол Улсын хууль тогтоох, гүйцэтгэх дээд байгууллагууд Үндсэн хуулиа дээдлэх шүтэх ёсыг “дээр доргүй”, “хот хөдөөгүй” нийтээр хэвшүүлэхэд онцгой анхаарал тавьж, бүх талаас нь онц анхааралтай хандаж, энэ үйлсийг чиглүүлж байх нь “төрт ёс, хууль дээдлэх ёсны шаардлага мөн болов уу хэмээн үзнэ” гэжээ. (Б.Чимид. Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс. УБ., 2006. 149 дэх талд)
Хууль дээдлэхүйн дээд хязгаар, шалгуур нь Үндсэн хууль болох нь эндээс тодорхой байна. Үндсэн хууль жам ёсны байх, түүнийгээ бусад хууль батлан гаргах хийгээд гүйцэтгэлийг нь хангах, хэрэглэхдээ нарийн чанд баримтлах нь ардчилсан эрх зүйт төр байгаагийн гол илрэл мөн гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ. Ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим нь “Хууль дээдлэх ёс” (Монгол Улсын Үндсэн хууль. 1992 он. 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг) мөн гэж заажээ.
Монгол ухамсар, ёс суртахуун нь түүхийн хатуу ширүүн сорилт, улс үндэснийхээ өгсөж уруудах нугачаат их замд хатуужсан, хэцүү бэрхийг ялах, бүтээн байгуулах их хүчийг шингээсэн ёс суртахуун юм.
Өнгөрсөн XX зуун бол монголчуудын амьдралын хэв маяг, аж төрөх арга ухаан, оюуны үнэт зүйлсийн баримжаа хэдэнтээ “хугарч”, “нугарсан” зуун байв. Эрин зууныг дамжин буянт мал сүргээ адгуулан аж төрж ирсэн нүүдэлчдийн ертөнцийг үзэхүй нь нүглийг тэвчих, хүлцэнгүйг эрхэмлэх, хойтын буяныг хураах агуулга бүхий бурхан шашны сүсэг бишрэл байв. Тэр үед Монгол Улсад нийгмийн хөдөлмөрийн хуваарь гэхээр юм бараг үгүй хүн амын дийлэнх нь мал маллан аж төрж байв. Сүм хийдийн санваартан хуврагууд, гол мөрний сав дагасан армаг, тармаг тариаланчид, жижиг гар урчууд, хотын наймаачид, борчуудыг эс тооцвол хүн амын бие даасан бүлэг давхарга гэхээр юмгүй байв. Нэг үгээр илэрхийлэхэд Монгол хүний оюуны ертөнц (ухамсар сэтгэлгээ)-ийн үндэс суурь нь нэгдмэл цулыг нөхцөлдүүлсэн байв. Нэгэн хэв маягийн аж ахуй, аж төрөл (нүүдлийн мал аж ахуй), оршихуйн нэгэн орон зай-чулуурхаг хөрс шороотой (Төв Азийн өндөрлөг) нутаг, эх газрын эрс тэс уур амьсгал, гадаад ертөнцөөс харьцангуй хязгаарлагдмал геополитикийн орчин, ертөнцийг үзэхүйн бараг (Хүн амын 90 шахам хувь нь бурхан шашинтан) л нэгэн чиг баримжаа нь эсгий туургатан нүүдэлчдийн оюун санааны “мах цусан” барилдлагааных нь нэгэн үндэс байв. Судлаач, нийтлэлч Баабар “Нүүдэлчдийн нийгэм бол хөдөлмөрийн хуваарьт хамгийн бага орсон орчин юм. Айл болгон айраг, тараг, мах, сүү, ноос ноолуур үйлдвэрлэдэг жижиг аж ахуй, эргэн тойрны хөршүүд нь яг ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг аж ахуй... нүүдэлчдийн дунд харилцан солилцоо бараг үл явагдана. Иймээс бүтээгдэхүүн солилцоо зөвхөн иргэншсэн өөр улс үндэстнүүдтэй хийгдэнэ. XVI зууны үеэс Монголд Төвдийн шашин нэвтэрснээр хөдөлмөрийн хуваарь буй болж эхэлсэн байдаг… гэлээ ч хүн амын 90 гаруй хувь нүүдлийн мал аж ахуй эрхэлсээр байсан болохоор ХХ зууны дунд үе хүртэл нийгмийн хөдөлмөрийн нарийн хуваарьт орж чадаагүй явсан юм” гэжээ.
ХХ зууны эхнээс монголчуудын амьдралын хэв маяг, үнэт зүйлсийн баримжаа, ухамсарт үндсэн өөрчлөлт гаргасан түүхэн үйл явдлууд болов. Юуны түрүүнд 1911, 1921 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал улс орны тусгаар тогтнолыг сэргээн тогтоох эхлэлийг тавив. Улмаар 1924 онд Монголын ардчилсан үзэлтнүүдийн хүч чармайлтын үр дүнд хамжлагат ёс, хаант засгийг халж Бүгд Найрамдах улсаа тунхаглаж анхдугаар Үндсэн хуулиа батлав. Гэвч Монголын тусгаар тогтнолын хувь заяа “хутганы ирэн” дээр л байв. Улс үндэстнүүд ертөнцийг хувааж эзэгнэх санаархал бүхий хүчнүүдийн тэмцлийн эргүүлэгт татагдан орсон тэр цаг үед Монгол мэт бага буурай улс үндэстэнд бие даан оршин тогтнох боломж тун тааруу байлаа.
Тухайн цаг дор монголын лидерүүд, улс орныг удирдах хүчин болсон МАН-ын сонголт нь Зөвлөлт Орос (Хожим ЗХУ)-ыг түших шийдэл байв. Түүхэн энэ сонголт оносон эсэхийг Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаажилт, олон зууны хоцрогдлыг туулсан хөгжил дэвшлийн зэрэгцээ большевикууд, коминтерний тулган хүлээлгэсэн коммунист үзэл суртал, 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр зэргийг түүхийн дэнсээр шүүх биз ээ.
Нүүдэлчин монголчууд хөрөнгөтний нийгмийг алгасан эв хамтыг байгуулах үзэл суртлыг баримтлах болсон нь түүхийн бас нэгэн хатуу сорилт байв. Монголчуудын үндэсний ухамсар, бахархал, ёс заншил эв хамтын буюу нийтээр тэгш амьдран жаргах социалист болон пролетарийн интернационализмын үзэл суртлын дарамтан дор ихэд бүдгэрэхэд хүрэв. Ардын ардчилсан төр ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг зарлан тунхагласаар байсан ч тэдгээр нь хэлбэрийн төдий зүйл байв. БНМАУ-ын иргэнд үзэл бодол, амьдралын хэв маяг, баримжаалах үнэт зүйлсийг сонгох чөлөөт сонголт байсангүй. Түүнд өмчлөх эрх байсангүй.
Өмчгүй хүний эрх, эрх чөлөө бол савангийн хөөс лугаа хэврэг, Монгол хүний ухамсарт баталгаагүй, идэвхгүй, хүнийшсэн, амьдралын төлөө тэмцэх арга, ухаанаар хомс, бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлж байсан юм. Судлаач, профессор Б.Галиндэв, бидний хэлж заншсанаар хүнд сурталт захиргаадалтын үеийг “хүний мөн чанарт харш нийгэм” гээд эртний сэтгэгч Платон: “дарангуйллын үеийн хүний ёс суртахууныг өөрийнхөө санаачилгаар ямар ч юм хийдэггүй байхаар аливаа хүний толгойг дасгах хэрэгтэй. Ажил явдал дээр ч, тэр ч атугай, тоглоомон дээр ч ялгаагүй. Дайны үед ч энх амгалан цагт ч хэн боловч хараа юугаа дарга руугаа хандуулж, түүнийг чин шударгаар дагавал зохино” гэсэнтэй ихэд дүйцүүлэн ишилжээ. (Галиндэв. XX, XXI зууны эхэн үеийн монголын нийгмийн ёс суртахууны төлөв байдал. Улаанбаатар. 2013 он. 141 дэх талд)
Гэлээ ч ХХ зууны түүхийн энэхүү нугачаат замд Монгол Улс, монголын ард түмний тусгаар тогтнол баталгаажин Монгол хүнд туурга тусгаар төр, улсынхаа эзэн байх ухамсар, үндэсний бахархлын үр хөврөл бүрдсэн билээ. Бид ахмад үеийнхээ хосгүй баатарлаг зориг тэвчээр ухаан, урсгасан хөлс цусных нь үнэ цэнэ болсон тусгаар тогтносон Монгол Улсыг хүлээн авсан юм. Ийм л хөрсөн дээр Монголын ардчиллын үзэл санаа түгэн дэлгэрч эхэлсэн билээ. Эдүгээ ч социализмд ихэд идээшиж дассан Монгол түмэн ухамсрын төөрөгдлийн хүлээснээс ангижрах гэж ихэд чармайн зүтгэж байна. Хүний ухамсар сэтгэлгээг өөрчлөх нь хуучин тогтолцоог нураах, эдийн засгийн харилцааг халж солихоос хавьгүй хүнд хүчир асуудал.
Монгол Улс социализм байгуулах үзэл баримтлал, зорилгыг халж хүний нийгмийн жам ёсны хөгжлийн үнэт зүйл болох ардчилал, зах зээлийн харилцаа, хувийн өмч, хүний эрх, эрх чөлөөний замыг сонгосон, хүний амьжиргааны хэв маяг, үнэт зүйлсийн баримжаа өөрчлөгдсөн зэрэг нь оюун санаа, ухамсрын өөрчлөлтийн үндэс суурь нь болж байна. Монгол хүн өмчтэй болж, эрх, эрх чөлөө нь баталгаажин нийгэм, хамт олны төлөө гэсэн хүнийссэн сэтгэлгээ нь бодгальчлагдан нийгэмд эзлэх байр суурь, амьжиргааны нь чанар өөрөөс тань, өөрийн тань хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, авьяас билгээс шалтгаална гэсэн өөриймсөг бодгаль шинжийг шингээн төлөвшиж буй нь энэ цаг үеийн сэтгэлгээний гол онцлог гэх үндэстэй байна.
Нэг үгээр хэлэхэд монгол хүнд өөртөө итгэх сэтгэлгээ төлөвшиж байна. Үүний зэрэгцээ нийгэмд социал шинэ бүтэц, давхаргажилт нийгмийн цоо шинэ нөхцөл байдлыг бүрдүүлж байна. Хувийн хэвшлийнхэн (эзэд ба хөлсний ажилчин, ажилтан нар), төрөл бүрийн менежерүүд, банк санхүүгийн эзэд зэрэг амьжиргааны чанар, нийгэмд эзлэх байр суурь, орлогын эх үүсвэрээрээ социализмын үеийн хөдөлмөрийн сэхээтэн, ажилчин ангиас эрс ялгарах социал бүлгүүд бий болов. Ажилгүйчүүд ядуучуудын бүхэл бүтэн арми бий болсны дээр нийгэмд улс төр, санхүү, эдийн засгийн олигарх буй болсон нь улс орны нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжил, аюулгүй байдалд төдий л таатай зүйл биш ээ. Хүн амын таван хувьд ч хүрэхгүй улс төр, санхүүгийн томоохон баячууд (олигарх)-ын гарт улс орны капитал хөрөнгийн 90 гаруй хувь нь төвлөрч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн дийлэнх нь тэдний гарт байж тэдний эрх ашигт үйлчилж байна.
Хамгийн ноцтой зүйл бол үндэсний олигархууд гадны үндэстэн дамнасан том корпорациудтай үгсэн хуйвалдаж эх орныхоо байгалийн баялгийг цөлмөх аюул нүүрлэх магадлалтай байна. Эд хөрөнгө, мэдээллийн эх сурвалжийг атгаж буй улс төр, санхүүгийн бүлэглэлүүд тэдний хоорондын ил далд өрсөлдөөн нийгмийн материал баялгийг шударга хуваарилах зарчмыг алдагдуулдаг, ардчилсан сонгуулийн тогтолцоо, иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчих, улс төр, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах нягууртай. Монгол Улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны тогтвортой байдал, төрийн бодлогын залгамж чанар алдагдах, Оюутолгой, Тавантолгой болон алтны шинэ уурхай (Ноён уулын дэргэдэх), төмөр зам тойрсон зөрчил маргаан зэрэг нь ийм аюул Монголд бодитой нүүрлэн байгаагийн илрэл гэх үндэстэй байна.
Иргэний нийгмийн төлөвшил удаашралтай, иргэдийн нэлээд хэсэг (хүн амын бараг тал хувь)- ийн ядуу зүдүү амьдрал, эрх мэдэлгүй байдал, ажилгүйдэл, үнэн зөв мэдээллийн хомсдол, авлига нь олигархуудын эрх мэдлийн төлөөх тэмцлийн зэвсэг болох магадлалтайг эрдэмтэн мэргэд, судлаач нар анхааруулж сануулсан нь цөөнгүй. Бүр Рашид-Ад-Диний “Судрын чуулган”-д “... ихэс дээдэс нь албатууддаа ойр, элэгсэг дотно бус, өөрсдөөсөө гадна байгсдын зүрх сэтгэлийг татах гэж байхгүй, сайн бүхнийг ашиглаж байдаг хүмүүс улс орныхоо хүн амыг баяжуулдаггүй, түүнийг тэтгэж, дэмждэггүй, ёс суртахуун, хууль, оюун билгийн бадрал болох байдлыг тоомсорлодоггүй, ийм шалтгаанаар төр баригчид нь тэрслэгчид болдог тийм улс түүний гэрт нь нарыг хулгайч, худалч, дайсан, дээрэмчид халхална” гэж бичжээ. (Рашид-Ад-Дин. Судрын чуулган. I боть. 404 дэх талд үзнэ үү). Утгын чимэг нь монголын өнөөгийн байдалд ихэд дүйж буйд санаа зовнихоос аргагүй. Олигархуудын өрсөлдөөний нэгэн хортой үр дагавар нь эрх баригчид улс төрчдөөс аваад эгэл жирийн иргэд хүртэл ихэд нутгархах, бүлгэрхэх болж буй хэрэг юм. “Тийм хүн”, “ийм хүн” гэсэн үг яриа газар авах, эсхүл нутгархсан өнгө аястай улс төрийн бүлэглэлүүд (УИХ-д ч, улс төрийн нам дотор ч) үүсч буй тухай яриа олны дунд тарж байна. Сүүлийн жилүүдэд морь уралдуулах, бөхөө барилдуулахаасаа аваад зам гүүр барих, хот сууринг тохижуулах, төсөв хөрөнгө хуваарилахад хүртэл нутгийн хүчин зүйл ихэд нөлөөлөх болж буй тухай ярьж бичих болов. Ортой ч байж мэдэх бөгөөд сэрэмжилж сургамж болгомоор зүйл. Энэ бол улс үндэснийхээ эе эвийн сэтгэлгээ, ёс суртахууныг хордуулах, үндэсний эв нэгдэлд ан цав үүсгэх уршигтай зүйл. Ерөөс зах зээлийн чөлөөт өрсөлдөөн, олон ургальч үзэл, нийгмийн социал ялгарал гээд улс үндэстний эв нэгдэлд сөргөөр (муугаар) нөлөөлөх бодит хүчин зүйл цөөнгүйн дээр зуун зууны туршид төрийн “төмөр нударга”-н дор аж төрж, төрөө дээдлэх, төрд мэдүүлэх эрхэн дор идээшин дассан номхон хүлцэнгүй монголчууд төртэйгөө эрх тэгш, эн тэнцүү байх ардчилсан үзэл санаа, эрх чөлөөний амт шимтэд автан согтуурах, дур зоргоор авирлахыг эрх чөлөө хэмээн эндүүрэх, удирдлага жолоодлогыг үгүйсгэх, сахилга зохион байгуулалт, дэг журам, хяналт шалгалтыг захиргаадалт хэмээн үгүйсгэх хандлага ч цухалзсаар буй. Энэ бол төр, нийгмийн удирдлагын нэр хүнд, хүч нөлөөг сулруулахад хүргэх ноцтой зүйл гэх үндэстэй юм. Төрд ч, иргэнд ч эрх эдлэхийн нөгөө тал нь үүргээ биелүүлэх ухамсар, ёс суртахуун, дадал нь ихэд дутагдаж байх шиг.
Үүрэг бол аливаа хүмүүний нийгэм, төр улс орныхоо төлөө, эцэг эх, үр хүүхэд төрөл садан, ах дүүс, анд нөхдийн төлөө, өөрийнхөө төлөө хийх ёстой үйлдэл мөн. Хүмүүний үйлдэл хуулийн дор, ёс суртахууны эрхэм чанарын дор болох ахул буяны (сайн) үйл болох бөгөөд агуулгыг нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өвгөд хөгшид, ахас дээдэс, эцэг эхээ асран тэтгэх, хөдөлмөрлөх, хууль, дэг жруам биелүүлэх, татвар гувчуур төлөх, эх орон, байгаль эхээ хайрлан хамгаалах гэж тодорхойлж болох байна.
Чингис богд “Ноёд түшмэд, цэрэг дайчид жич хөтөч зарц хүртэл тус тусын үүргээ гүйцэтгэж чадваас мөнх тэнгэрийн хүчинд их үйлс бүтээх ажгуу...” (Чингис хааны товчоон., дэд дэвтэр, 397- 398 дахь талд) гээд хаан хүмүүн хааны ёсоор, сайд хүмүүн сайдын ёсоор, эцэг хүн эцгийн ёсоор, хүү хүүгийн ёсоор байхыг тэр үүрэг гэж үздэг байжээ. (Күнз. “Шударга ном”. УБ., 2004 он. 117 дахь тал).
Төр, төрийн байгууллага, түүний албан тушаалтан нар тэдгээрт хуулиар зөвшөөрсөн, үүрэг болгосон бүрийг ёс суртахууны эрхэм шаардлагын дор гүйцэтгэх, гүйцэлдүүлэх чадвар дадалтай болох ахул төр хүчтэй байх нэгэн чухал үндэс, суурь болой.
Үүний сацуугаар иргэн бүр хуулийг сайтар мэдэж, хуулиар хориглож хязгаарлаагүй бүхэн түүний эрх ашигт үйлчилдгийг хууль ёсныхоо эрх ашиг, эрх, эрх чөлөөг хамгаалахад ашиглаж суралцах, дадал заншил болгох аваас төрийн албанд дур зоргоор авирлах, авлига хээл хахуульд өртөхөөс сэргийлж чадна. Эрх зүйт төрд иргэн бүр чиний эрх бусдын эрхээр, бас эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын эрх ашгаар хязгаарлагдах учиртайг ухаарвал зүг зүгтээ зүтгэхийн гэм хор багасах, учир начиргүй хэрүүл тэмцэл намжихад ач тустай.
Ер нь зан заншил, ухамсар, ёс суртахуун нь өөлөх юмгүй үндэстэн гэж үгүй биз ээ. Хүний нэг мөрөн дээр бурхан залардаг, нөгөө дээр нь буг чөтгөр шүглэсэн байдаг хэмээн ярьдаг шүү дээ. Удирдлага, жолоодлого сулрах, улс үндэстний лидерүүдийн нэр хүнд, нөлөө тааруухан, шударга ёс алдагдаад ирэхийн цагт нийгэмд хэрүүл маргаан, тэмцэл, залхуу хойрго, ховдог шунахай нь дэндээд ирдэг нягууртай бус уу. Цагийн байдал ороо бусгаа, хүмүүнлэг явдал шалдар булдар байгаагийн нэгэн учир шалтгааныг чухам эндээс хайвал зохистой мэт.
Эдүгээ бидний цөөн монголчуудад үндэсний ухамсар, ёс суртахуунаа ихэд хичээн дэлгэрүүлж, эе эвээ эрхэмлэн үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэх нь хэзээ хэзээнээс илүүтэй, ёстой амин чухал үйл хэрэг болж байна. Иргэндээ, юуны өмнө залуустаа эх орноороо, туурга тусгаар төр улсаараа бахархан шударга, хүчтэй төрийнхөө ивээл доор, хуулийн хамгаалалтад хүний дайтай аж төрөх улс төр, нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй байна. Манай хойд их хөршийн нэгэн их соён гэгээрүүлэгч нэгэнтээ “Бид юу хийх ёстой вэ?” гэж уулга алдсан нь бий. “Бид юу хийх вэ?” Нэгдүгээрт, эрх зүйт төрөө бэхжүүлэх, нэр хүндийг өргөх нь энэ цаг үеийн хамгийн чухал зорилт мөн. Юуны өмнө Үндсэн хуулийг дээдлэх, хамгаалах бүх нийтийн санаа зоригийг төлөвшүүлэхийн хамт Үндсэн хууль жам ёсных байх шаардлага, төрийн эрх мэдлийг хуваарилах үзэл баримтлалд яв цав нийцүүлж төгөлдөржүүлэх, тухайлбал хууль тогтоогчид нь хууль тогтоогчоороо л байх, Засгийн газар нь засгаараа л байх зарчмыг тууштай баримтлах, хоорондоо холилдож хутгалдах элдэв нүх сүвийг баттай хаах, шударга шүүхтэй болж шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг хамгаалах Үндсэн хуулийнхаа хана хэрмийг улам бэхжүүлэх чиглэлд Үндсэн хуулиа чандлан хэрэгжүүлэх, шаардлагатай бол өөрчлөх тухай ярьж байна. Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны үр нөлөө, цар хүрээ нь төрийн хүч, нэр хүндийн нэн чухал үндэс нь болой. Сүүлийн жилүүдэд мэдлэг, мэргэшил, ур чадвар, шударга ёс, хичээл зүтгэлд түшиглэсэн төрийн институтийг төлөвшүүлэх зорилготой төрийн албаны шинэчлэлийн тухай ярьсаар л .. Бодит байдалд энэхүү шинэчлэл, нам, улс төрийн бүлэглэлүүдийн нөлөө, байр суурь, рейтингийг л өргөх, бэхжүүлэхэд чиглэсэн улс төрийн шоу / түшиглэл/ болон хувирч байна гэхэд хэтрүүлэг болохгүй л болов уу. Засаг солигдмогц төрийн алба хохирдог нь гэм биш зан болов. Олигархууд улс төрчдийн нөлөө төрийн албаны бүхий л иерархийг /шатлалыг/ дээрээс нь доор нь хүртэл нэвт шувт тусч, хатуухан хэлэхэд, намууд, улс төрчдөд ил далд үйлчилдэг “ичих буйлчирхайгүй” зусар бялдууч, долигонуурууд төрийн албаны хоймор заларч, шударга ёс зөрчигдөх нь цөөнгүй. Амар хялбараар баяжих, хөрөнгөжих, эрх мэдэлд хүрэх шунахай сэдлээр төрийн албанд шургалах нь ч байна. Зарим улс төрчид ч өөрийнхөө болон намынхаа өнөө маргаашийг /сонгууль/ л бодон увайгүй аашлах нь энд тэнд цухалзсаар олныг бухимдуулж, нийгмийн ёс суртахууныг хордуулсаар л байна. Төрийн зарим хүмүүний энэхүү шалдар булдар нь төрийн шударга, хичээнгүй албатын урмыг мохоож, хичээх зүтгэх, өсч хөгжих, бүтээх гэсэн сэтгэлийн дөл рүү нь угаадас цацсан хэрэг бөгөөд төрийг хүчгүйдүүлэх, нэр хүндийг нь унагах, олон түмнээс хөндийрүүлэхэд хүргэх уршиг тарьж байна. Учир иймд улс төрийн намууд боловсон хүчний сонголтод туйлаас хянуур нямбай хандах, төрийн хариуцлагатай албанд томилогдсон гишүүддээ намын явцуу эрх ашигт үйлчлэх дарамт шахалт үзүүлэхгүй болох, дур зоргоор авирласан нэгэнд нь хатуу хариуцлага хүлээлгэдэг байх нь төрийн албанд шударга ёсыг тогтооход үлэмж тустай бус уу. Нөгөө талаар сонгуулийн болон улс төрийн нам, төрийн албаны тухай хуулиудыг төрийн албыг улс төрийн нөлөөнөөс хамгаалах тогтолцоо, арга хэрэгслийг бүрдүүлэх чиглэлд уялдаа холбоог нь сайжруулан шинэчлэх шаардлагатайг сануулж байна. “Даарин дээр давс” гэдэг шиг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага-засгийн газрын бүтэц, үйл ажиллагааны тогтвортой бус нь төрийн албаны төлөвшилд муугаар нөлөөлж байна. Бас нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхэд бид уриа лоозон тавьж компаничилдаг социализмын үеийнхээ зуршлаас хараахан салаагүй л байх шиг.
Үргэлжлэл бий.