Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршалын гүүрний зүүн талд “Могул и биз” компанийн захиалгатай “Хан хиллс” хорооллыг Туул голын сав газарт барьж байна. Энэ нь нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голоос хэдхэн метрийн зайд бут сөөг дундуур барилгын хашааг хатгаж байгаль орчинд нөлөөлж болзошгүй байдлыг үүсгээд байгаа юм. Тэгвэл энэ асуудлыг мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авч эхэлжээ. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалаар тус орон сууцны хорооллын барилгын талбай, байгаль орчинд нөлөөлж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн байна. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар өнгөрсөн жилээс хойш тус хороололд хяналт, шалгалт хийгээгүй аж. Энэ талаар НМХГ-аас тодруулахад “Бид бүх барилгад шалгалт хийж байна. Шалгалтын нэгдсэн дүнг удахгүй олон нийтэд мэдээлнэ” гэх хариулт өглөө.
“Хан хиллс” хотхон нь нийт зургаан блок барилгаас бүрдэх бөгөөд барилгын гүйцэтгэгч нь “Агар Арвижих” компани ажээ. Нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзэхэд одоогийн байдлаар барилгын ажил эд өрнөж байлаа. Дахин нэг блокынхоо суурийг цутгах гэж буй нь ажиглагдсан.
Мөн тус газрыг тойруулан 2 метр гаруй өндөр хашаа босгож, дээгүүр нь тор татаж гадны хүн нэвтрэх аргагүй болгосон байлаа. Барилгын талбай руу нэвтрэх гэсэн боловч харуул хамгаалалт нь дотогш нэвтрүүлээгүй юм. “Хан хиллс”-ийн талаарх гомдлыг “Timesquare” хотхоны оршин суугчид холбогдох байгууллагуудад гаргасан аж. Сурвалжлага хийхээр очиход тус газар руу нэвтрэх боломжгүй байсан учир “Timesquare” хотхон дотроос холбогдох зургуудийг дарсан болно. Энэ үеэр оршин суугчид “Голын ай сав газар дураараа барилга барьж буй уг үйл явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Хэрвээ энд барилга барих зөвшөөрөл өгсөн байвал тэр хүнд нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Төр засгийнхан уг үйл явдлыг нэн яаралтай анхааралдаа авах хэрэгтэй” гэсэн юм.
Мөн тус барилгын ажлыг зөвхөн “Timesquare” хотхоноос гадна ойролцоо орших олон хорооллын иргэд ч ихэд эсэргүүцэж байгаа талаар оршин суугчид ярьж байлаа.
“Хан хиллс”-ийнхэн уг явдлаа хуулийн дагуу бөгөөд авсан зөвшөөрлийнхөө дагуу үйл ажиллагаагаа явуулж байна хэмээн тайлбарлаж байгаа гэнэ. Энэ талаар оршин суугчид Туул голын сав газрын захиргаанаас тодруулахад “Тийм зүйл байхгүй. Асуудлыг шалгаж байгаа” гэсэн хариултыг удаа дараа өгсөөр өдийг хүрчээ.
Ер нь тусгай зөвшөөрлийг нь авсан ч бай, үгүй ч бай энэ бол хууль бус үйлдэл юм. Туул гол өдрөөс өдөрт, жилээс жилд урсац нь дундарч байгаа энэ үед хамгийн хэрэгтэй мод бутыг нь тайрч үгүй хийж байна. Мэдээж барилгын ажил явагдаж байгаа хойно тухайн ай савыг тэр чигт нь бохирдуулах нь тодорхой. Туул гол биднээс аврал эрж, гунигтай төрхөө зун бүр харуулж байгаа шүү дээ. Усны болоод ай савынх нь газрын бохирдол, орчны сүйтгэл хэрээс хэтэрчихлээ. Энэ талаар сүүлийн хэдэн жил л ярьж байгаа. Харин харамсалтай нь Туулыг хамгаалах, усны бохирдол, эргэн тойрных нь байгалийг сүйтгэх явдлыг таслан зогсооход холбогдох байгууллагууд анхаарал хандуулж чадахгүй байгаа нь үнэн. Ядаж л Туул голыг ийм болгосон нөхдүүдэд хариуцлага хүлээлгэж чаддаг байх хэрэгтэй.
Монгол Улс бол хуультай орон. Бүх зүйл хууль, журмын дагуу явагдах ёстой. Усны тухай хуулинд “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэртонцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно./Усны тухай хуулийн 22.1.-д/
Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно. /Усны тухай хуулийн 22.2.-д/
Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно. /Усны тухай хуулийн 22.2.1.-д/” хэмээн зааж өгсөн байдаг.
Гэвч “Хан хиллс” хотхон нь Туул голын онцгой хамгаалтын бүс дотор. Туул голоос ердөө хэдхэн метрийн зайд баригдаж байгаа. Тиймээс мэргэжлийн хяналтынхан болон холбогдох байгууллагууд уг асуудлыг нэн яаралтай анхааралдаа авч буруутай үйл ажиллагааг нь таслах зогсоох нь зүйтэй.
Г.Бат
Эх сурвалж: Zaluu.com