Ажил хаясан компаниудад шалгалт оруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 7 секунд
Ажил хаясан компаниудад шалгалт оруулна

Ажил хаясан компаниудад шалгалт оруулна

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийтийн тээврийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Хуралдаанаар нийслэлий удирдлагууд нийслэлийн Тээврийн газар, НЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсээс мэдээлэл авч, нэгдсэн шийдэлд хүрлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуралдааны эхэнд “Бид олон  жил үргэлжилсэн нийтийн тээврийн хүн ачдаг үйлчилгээг иргэндээ хүрдэг, тэдэнд үйлчилдэг болгох гэж сүүлийн 2 жил хичээж байна. Тиймдээ  ч иргэдээс хамгийн их гомдолдог нийтийн тээврийн маршрутыг шинэчилж гэр хорооллын алслагдсан хороонд чиглэл нэмж, давхардсан чиглэлүүдийг цэгцэлсэн. Манай иргэд шинэчилсэн маршрутад эхэндээ жаахан будилж байсан ч одоо бол ямар ч асуудалгүй байгаа.Харин смарт картны хувьд нэг талаараа соёлтой үйлчилгээ нөгөө талаараа автобусны компаниудад иргэдэд хэрхэн үйлчилснээс шалтгаалж нөхөх олговор тооцох зөв механизмд шилжсэн юм. Өмнө нь иргэдэд хэрхэн үйлчилснээс үл хамаарч нөхөх олговрыг олгодог байсан. Өөрөөр хэлбэл нийслэл жилд шууд л 53 тэрбум төгрөгийг автобусны компаниудад олгочихдог байсан юм. Харин одоо шууд биш оюутан, ахмадууд, иргэдэд карт олгож, цэнэглэж орлогоо тооцдог болж байна. Бид нийтийн тээврийн шинэчлэлт цагаа олсон, мах ачдаг биш иргэдэд үйлчилдэг нийтийн тээвэртэй болсон гэж үзэж байгаа” гэж хэллээ.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр нар автобусны үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзжээ. Тус уулзалтаар гэрээний дагуу 8, 9 дүгээр сарын нөхөх олговрын 80 хувийг нийслэлээс хугацаа алдалгүй шийдвэрлэнэ. Харин гол асуудал гээд байгаа автобусны нэг цагийн үнийн тарифийг судлаад нэгдсэн дүн гаргана гэж талууд харилцан тохиролцжээ. Уг тохиролцооны дагуу нийслэлийн Тээврийн газраас мягмар гарагт нэхэмжлэл ирүүлж, нийслэлийн Санхүү төрийн сангаас лхагва гарагт 8, 9 дүгээр сарын 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд тохиролцсоноосоо буцаж лхагва гараг түр зогсолт хийжээ.

Автобусны үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүд ямар шаардлага тавьж, зогсолт хийж байгаа талаар Нийслэлийн Тээврийн газраас тодруулахад тус газрын дарга Ч.Энхбат “Хамгийн гол асуудал нь автобусны нэг цагийн тарифын үнийг тодорхой болгож, нөхөх олговроо тооц гэсэн шаардлага тавьж байгаа” гэлээ. Нэг цагийн тарифийн үнэд нийслэлийн Тээврийн газар болон Санхүү төрийн сангийн хэлтэс зөрүүтэй ойлголттой байгаа гэдгийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хэллээ. Мөн нэг цагийн үнийн тарифыг Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэдэг гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Хотын энэ том аж ахуйг хувийн компаниудаас болж ингэж зогсоож болохгүй. Энэ нь иргэдэд маш хүндрэлтэй тусч байгаа. Нөхөх олговрыг шийдсээр байхад шалтаг гаргаж дарамтлах асуудал байж болохгүй. Энэ нь удаа дараа давтагдана. Бид үнэхээр яаралтай шийдэх шаардлагатай гэвэл НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлуулахад бэлэн байна. Гэтэл нэг цагийн үнийн тарифыг тогтоосны дараа нөхөх олговрын зөрүү гээд дахиж мөнгө нэхээд ажлаа хаявал яах уу. Тиймээс эдгээр компаниудын үйл ажиллагааг шалгах хэрэгтэй. Хот үүргээ хангалттай биелүүлж байна. Харин тэд удаа дараа дарамталж байна” гэсэн юм.

Харин нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Би 8 дугаар сарын 15-ны өдөр автобусны нэг цагийн үнийн тарифын судалгаа, тооцоог өгөхийг хүссэн. Тэд юу ч өгөөгүй. Тиймээс бид тайланг үндэслэж тооцоод нэг цагийн тарифийг 30516 төгрөг гэсэн үнэ гаргасан. Харин нийслэлийн Тээврийн газраас 34334 төгрөг гэсэн үнэ гаргаж байгаа. Энэ асуудлыг хэлэлцэж, ярилцаж, судлаад шийдэж болно. Үүнд ямар ч асуудал байхгүй. Гэхдээ аж ахуйн нэгжүүд байнга шахуу ийм дарамт үүсгэж, шахалт үзүүлдэгээ болих хэрэгтэй. Тэд гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээхгүй байна шүү дээ. Тиймээс энэ үйл ажиллагааг зохион байгуулаад байгаа компаниудтай хамтран ажиллах гэрээгээ цуцалж, өөр аж ахуйн нэгжийг ажиллуулах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Өмнө нь үйлчилгээ үзүүлж буй автобусны компаниудад 51 тэрбумыг билетний борлуулалт, 53 тэрбум төгрөгийг шууд нөхөх олговроор олгож байсан бөгөөд энэ нь жилд 104 тэрбум төгрөг болно. Харин шиэнчилсэн системээр 20 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 124 тэрбум болж өссөн гэдгийг албаныхан мэдээлсэн юм.

Тус асуудлыг хэлэлцээд нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаас дараахь үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

-Харилцан тохиролцсоноосоо ухарч шалтгаангүй ажил зогсолт хийж иргэдэд хүндрэл учруулсан автобусны үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, хамтын ажиллагааны гэрээг хэрхэн биелүүлж байгаа талаар дүгнэлт гаргах.

-Шаардлага гэж үзэж буй автобусны нэг цагийн үнийн тарифыг холбогдох албаныхан хугацаа алдалгүй судалж, тогтоон ирэх даваа гарагт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Нийслэлийн ИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Нийслэлийн удирдлагууд “Бид иргэдийнхээ талд зогсох уу, дарамтлагч компанийн талд зогсох уу” гэсэн байдалд орж байна. Ямар ч үед бид иргэдийнхээ талд орно. Хот үүргээ хангалттай биелүүлж шаардлагатай санхүүжилтийг хийсэн байхад удаа дараа ийм шахалт үзүүлж байгаа бол дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн гэдгийг хуралдааны төгсгөлд мэдэгдсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэлүүрт завиар ганцаараа Номхон далайг гатална
Сэлүүрт завиар ганцаараа Номхон далайг гатална
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.