Н.Ган-Од: Хүсэн хүлээж байсан амьдрал маань 2016 онд эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 11 секунд
Н.Ган-Од: Хүсэн хүлээж байсан амьдрал маань 2016 онд эхэлнэ

Н.Ган-Од: Хүсэн хүлээж байсан амьдрал маань 2016 онд эхэлнэ

 

Ганбууш нэрээрээ олонд танигдсан Н.Ган-Одыг урьж, ярилцлаа.

-Юуны түрүүнд багш хүнтэй ярилцаж байгаагийнхаа хувьд танд хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Хэдэн жил багшилсан бэ. Ер нь багш мэргэжлийн сайхан юундаа байдаг вэ?

-Би 1977 онд Багшийн дээдийн хөдөлмөрийн багшийн ангийг төгсөж, 67 дугаар сургуульд хөдөлмөр, технологийн багшаар ажилд орсон. Тэнд ажиллаж байхдаа хүүхдүүдэд оёдол, эсгүүр заадаг байсан. Ер нь багшийн амьдрал сайхан шүү. Гэхдээ хөдөлмөрийн хичээлд хүүхдүүдийн оролцох оролцоо тааруухан байдаг байсан. Одоо ч тийм байжйдаг байсан. Одоо ч тийм байж магадгүй л юм. Тийм болохоор нь би хүүхдүүдийг идэвхитэй болгохын тулд бүжгийн хичээл давхар заадаг байлаа. Анги ангиас гоё охид болон нөлөөтэй өөрөөр хэлбэл атаман хөвгүүдийг нь сонгож аваад цэнгээт бүжгийн дугуйлан ажиллуулсан юм. Үр дүнгээ их өгсөн шүү.  Ер нь хүүхдүүд чинь удаан бүжиглээд ирэхээрээ нэг нэгэндээ дасаад хамтлагтаа хайртай болчихдог юм билээ. Яг тийм үед нь танай анги хичээлдээ 100 хувь суугаарай гээд хэлэхэд маргааш нь яг л 100 хувь сууж байдаг байсан. Хөдөлмөрийн хичээл дээр хүүхдүүд тэгэж сууна гэдэг чинь бас л ховор тохиолдол шүү дээ. Ингэж л хичээлээ идэвхижүүлдэг байлаа шүү.

-Тэгэхээр 67 дугаар дунд сургууль бол таны ажлын гараагаа эхлэсэн газар байна шүү дээ?

-Миний ажлын анхны гараа гэдэг утгаар би 67 дугаар сургуульд хайртай байдаг л даа. Түүний дараагаар би гоц авьяастаны 93 дугаар дунд сургуульд багшилсан. Намайг тэнд ажиллаж байхад бүх багш нарын 16 дугаар их хурал болж байсан юм. Хурлын үеэр багш нарын бүтээлээр үзэсгэлэн гаргахад миний урласан үндэстэн, ястны малгайн бүтээл нэгдүгээр байранд орж байлаа.  Ингээд Хүүхдийн урлан бүтээх төвөөс надад урилга ирж, оёдол эсгүүрийн мастер багшаар тэтгэвэрт гартлаа тэнд ажилласан шүү дээ. Урлан бүтээх төвд багшлахаар ирсний минь дараа бүжгийн хамтлагийн хүүхдүүд маань н.Цэрэндорж дарга дээр ороод “багшийгаа алдмааргүй байна” гэж хэлээд бүжгийн анги нээлгэчихсэн байсан. Тэгээд би өдөр нь оёдлын багшаа хийгээд орой нь сайн дурын уран сайханчаар бүжгийн багш хийдэг байлаа.  Н.Цэрэндорж гуай тухайн үед миний хөдөлмөрийг үнэлж бүжгийн багшийн цалинг давхар олгодог байсан. Би түүнд нь одоо болтол баярлаж явдаг. Манай “Тэлмэн” бүжгийн хамтлаг 90 оны үед Хятад, Орос руу тайлан тоглолт хийдэг байсан. Тэр үед тэгж явна гэдэг бас л амаргүй даваа байсан шүү дээ.

Тэтгэвэрт гартлаа урлан бүтээхэд багшаар ажилласан болохоор их ойр байдаг юм. Одоо хүүхдийн урлан бүтээхийн төвийг харахаар өөрийн эрхгүй зүрх шимширдэг. Учир нь тэр сайхан уран бүтээлийн газрыг мэргэжлийн бус хүн удирдаж байгаа юм билээ. Хотын гүйцэтгэх захиргаанаас л томилсон гэсэн. Бидний үед хийж байсан уран бүтээлүүдээс юу ч үлдээгүй. Сайн багш нар нь үлдээгүй юм шиг байна билээ. Би багш мэргэжлээс гадна Онцгой байдал гээд ер нь л олон газар ажиллаж байсан. 1970 онд багшийн дээдийг эчнээн ангиар төгссөн юм. Бүжгийн багшийн мэргэжлээр сурахдаа ч мөн эчнээгээр төгсөж байсан. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй гэдгийг мэдэрчихсэн байсан учраас олон зүйл л хийж явсан. Хүн тэгээд олон төрлийн ажлыг хийгээд сурчихаараа юмыг өөр өнцгөөс хардаг болчихдог юм билээ. Мөн бага мөнгийг ч юм болгож сурдаг юм билээ. Тийм болохоор одоо их хэмжээний мөнгө юм уу их хэмжээний ивээн тэтгэлэг ороод ирэхээр түүнийг юунд зарцуулахаа мэддэг болчихсон.  Би өөртөө орж ирсэн мөнгөөрөө мэс засал хийлгээд капитал болчихлоо. Одоо үүнийхээ үр дүнг үзнэ дээ. Нийт 9 мэс засалд орсон байна.

-Та тэтгэвэрт гартлаа ажилласан гэлээ. Тэтгэвэр авдаг юм уу?

-2012 онд хүйс шилжилтийн хагалгаанд орсоны минь дараа Хан-Уул дүүргээс комисс гарч надад эмэгтэй гэдэг паспорт олгосон. Түүний дараа тэтгэврээ тогтоолгосон. Эмэгтэй хүн гэсэн пасспортгүй байхад эмэгтэйчүүдийн эмнэлэг намайг эмчлэхээс татгалздаг байсан. Тэр болтол би маш их хугацаа алдсан гэж боддог юм.

-Таныг хүүхэд нас, өсвөр насандаа сэтгэлзүйн маш хүнд үеийг давж гарч чадсан байх гэж боддог юм. Ер нь хүүхэд бүрийн өсвөр нас сэтгэлзүйн хувьд маш тогтворгүй үе байдаг шүү дээ?

-Би төрөхдөө л интер секс байсан. Энэ нь төрөлхийн хоёр эрхтэнтэй гэсэн үг. Эмч нар үүнийг 10 саяд нэг удаа тохиодог ховор төрлийн өвчин гэдэг. Эцэг, эх маань надаас татгалзаж, би эмээ, өвөө дээрээ хүн болсон доо.

Хагалгаанд орохоосоо өмнө эрэгтэй, эмэгтэй хоёр эрхтэнээрээ билгийн харьцаанд орж болдог байсан. Арван жилийн сургуульд байхад эмчийн үзлэгийн үеэр багш нар хүүхдүүдийн хажууд хамаагүй ярьдаг. Түүнээс нь болоод том ангийн ах нар өмд шувтлахаас эхлээд асуудал их байсан. Тухайн үед энэ бүхэн миний сэтгэлзүйд маш хүчтэйгээр нөлөөлдөг байсан юм. Тэгээд би тэр сургуульд сурахын аргагүй болоод өөр сургууль руу шилждэг байсан. Одоо тоолоод үзэхээр 5 сургууль дамжсан байна.

-Та бол төрөхдөө хоёр эрхтэнтэй төрсөн. Таниас гадна гэрийнхэнд чинь их л хүнд туссан байх даа?

-Манай эцэг, эх хоёр надаас шууд татгалзсан. Харин манай эмээ, өвөө хоёр олон жил гадаад, дотоодод консул, элчин хийсэн мундаг хүмүүс байсан учраас ертөнцийг үзэх үзэл нь арай нээлттэй байсан юм уу даа. Тийм ч учраас намайг хүлээж авсан байх. Би чинь эмээ, өвөө хоёр дээрээ өссөн шүү дээ.

-Та эхээс хэдүүлээ вэ. Ах, дүү нартайгаа холбоотой байдаг уу?

-Би энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Гэрийнхэн маань их эмзэг хүлээж авдаг л даа.

-Та түрүүн “ивээн тэтгэлэг ороод ирэхээр яаж зохицуулах вэ гэдгээ мэддэг болчихсон” гэсэн. Ивээн тэтгэлэг гэж юуг хэлээд байгаа юм бэ. Тиймэрхүү ивээн тэтгэлэг их байдаг уу?

-Би 2012 онд их зоригтой алхам хийлээ шүү дээ. Тайванд амьдардаг миний танил мэс засал хийлгэх боломжтой талаар дуулгасан юм. Үүний дараа би мөнгөө цуглуулж эхэлсэн. Энэ мөнгийг цуглуулахын тулд мэдээллийн хэрэгсэлээр бараг л бүтэн жил ярьсан шүү дээ. Үүний хүчинд хамт ажилладаг, хувийн холбоотой хүмүүс гээд 5, 10 сая гэхгүйгээр надад тусалсан. Хамгийн түрүүнд “Улаанбаатар эрдэм” сургуулийн н.Дулам багш сая төгрөг өгөөд л түүний араас олон хүн мэс заслаа хийлгээрэй гээд тус дэм болсон.

-Та одоо яг ямар ажил хийдэг юм бэ?

-Би “Бизнес” телевизийн кино албаны дарга шүү дээ. Давхар “Чигаго” бааранд тайчих бүжгийн багш, “Наранбулаг” амралтын менежер хийдэг. Зүгээр суугаад байвал хэн мөнгө өгөх вэ дээ. Тиймээс чадахаараа л олон төрлийн ажил хийдэг юм шүү дээ. Гэхдээ эмэгтэй хүн болсноос хойш эрчүүдтэй хамтарч ажиллахаа больсон. Янз бүрийн юм нэхээд хэцүү юм билээ. Эмэгтэйчүүдтэй л хамтарч ажиллаж байгаа.

-Таныг өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн “Өрөөсөн ээмэг” гээд кино хийх гэж байгаа гэж сонссон?

-Ер нь хийнэ гэсэн бодолтой байгаа. Би хагалгаанд ороод л эмэгтэй хүний амьдралаар амьдарчихна гэж боддог байлаа. Харамсалтай нь 2016 он хүртэл хүлээх хэрэгтэй юм билээ. Одоо бол инкубаторт байгаа хүүхэд шиг л байгаа шүү дээ. Эхлээд эмэгтэй хүн болъё. Тэгж байж л кино хийнэ дээ. Тэгэхгүй бол өнөөдөр надад үнэндээ эмэгтэй хүний амьдрал ийм юм байна гээд хэлчих гэхээр мэддэг зүйл байхгүй байна шүү дээ.

-Таны хийлгэсэн хагалгааг хийлгэх сонирхолтой цөөнгүй хүн байдаг юм билээ. Тэр хүмүүст хандаж та юу хэлэх вэ?

-Ёстой дэмий гэж хэлсээр байгаа. Би надтай ижил зовлонтой хүмүүст “Дэмий шүү, Монголын нийгэм хүлээж авахгүй. Эмч нар нь мэдэхгүй. Гадагшаа явлаа гэхэд ойр ойрхон эмчилгээ хийлгэх хэрэгтэй болно. Та нар тэгж явж чадахгүй гадаадын эмнэлэгүүд чинь үйлчлүүлсэнд баярлалаа гээд л хаалгаа хаагаад орхино. Хаалганы цаана тэр хүн яаж байна тэдэнд ямар ч хамааралгүй. Монголдоо ирэхээр мэддэг эмч  байхгүй” гэж хэлдэг. Манай эмч нар чинь хараад гайхчихаж байгаа юм чинь. Мэс засалын дараа хамгийн чухал зүйл бол гам барих байдаг юм билээ. Мэс засал бол яахав дээ хийгээд л болоо түүний дараах үр дагаварыг давж гарна гэдэг тэвсэр тэвчээр шаардсан зүйл байдаг. Тэр хүнд өвдөлт, шаналалыг давна гэдэг миний хувьд ч хэцүү байсан.

-Та ер нь хагалгаа хийлгэсэндээ харамсаж байна уу?

-Одоо үр дүнг нь үзээгүй болохоор хэлж мэдэхгүй л байна. Тайванд зохион байгуулагдах 60-65 насныхны бикиний моделийн тэмцээнд оролцож амжилт гаргаж өөртөө бэлэг барина гэж бодож байгаа.

-Та ер нь энэ хагалгааг хийлгэснээр ямар үр дүн гарна гэж хүлээж байв?

-Би эмэгтэй хүн болонгуутаа хүнтэй суугаад хүүхэд гарна гэж мөрөөддөг байсан. Хамгийн гол нь миний нас өндөр болохоор надтай хүн сууна гэдэг их эрсдэлтэй алхам хийж байгаа гэсэн үг. Миний эмчилгээ дуусаагүй бэлгийн харьцаанд орж болохгүй байгаа учир 2016 оныг л хүлээж байна. Тэр үеэс л эмэгтэй хүний амьдрал маань эхэлнэ дээ. 

-Сүүлийн үед монголчууд LGBT хүмүүсийг бага зэрэг хүлээн зөвшөөрдөг болж. Ойлгодог ч болсон юм шиг байна. Бахархлын өдрөө хүртэл хийж байгаагаас л харахад энэ бүхэн мэдрэгдэж байгаа юм. Таны хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Тийм. Нэг үеэ бодоход харьцангуй үзэн ядахаа больсон байна билээ. Засгийн газрын ивээл дор саяхан бахархлын өдрөө тэмдэглэсэн. Тийм учраас төр засгаас хүртэл анхаарч байгаад их баяртай байгаа. Монгол Улсын  Ерөнхий сайд маань дэмжиж байна гэдэг чинь их бахархал шүү дээ.

Н.Баасандэмбэрэл

Эх сурвалж: Цэнзургүй.мн 

Zaluu.com

Бүтээгдэхүүний үнээ нэмсэн “Сүү” компанид шаардлага хүргүүллээ
Бүтээгдэхүүний үнээ нэмсэн “Сүү” компанид шаардлага хүргүүллээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.