Мөнгө хүүлэгчид ба өр барагдуулагчдын давалгаа эхэлсэн үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
16 минут 10 секунд
Мөнгө хүүлэгчид ба өр барагдуулагчдын давалгаа эхэлсэн үү

Мөнгө хүүлэгчид ба өр барагдуулагчдын давалгаа эхэлсэн үү


Б.БАДРАЛ

Уул уурхайд тулгуурласан эдийн засагтай улсуудыг айлгадаг хамгийн аймаар “мангаа” бол ашигт малтмалын үнэ унах. Хятадын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орсонтой холбогдон дэлхий даяар нүүрснээс эхлээд зэс, төмрийн хүдэр, газрын тос гээд бараг бүх ашигт малтмалын үнэ эрс унасан.Үүнийг дагаад Монгол, Орос мэтийн газраа малтаж байгаль эхээс бэлдэж өгсөн “бэлэн гоймон” халааж идэхэд голлон анхаардаг улсууд тун ч таагүй байдалд орлоо. Үүнийг дагаад нэгэн тун таагүй үзэгдэл бий болдог нь иргэдийн банкны зээлийн эргэн төлөлт.

Ашигт малтмалын үнэ өндөр, эдийн засаг нь өсч байхад цалин орлого тогтмол тул иргэд нь зээл авах уу үгүй юу гэж эргэлзэж тээнэгэлздэггүй. Гэтэл жирийн иргэдээс үл хамаарах хүчин зүйлс ба эрх баригчдынх нь харалган бодлогын улмаас эдийн засаг нь хямраад ирэхээр цаг сайхан, хэтэвч зузаан үед тавьсан өрөө хэрхэн эргүүлж төлөх вэ гэх ямар ч эм уугаад үл дарагдах толгойны өвчин гарч ирнэ. Харин банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд нь иргэдэд өгсөн зээлээ яаж хүүтэй нь салгаж авъя даа гэсэн хүнд асуудалтай тулгардаг. Өгсөн авсан хоёрын энэ өвчнийг далимдуулаад илааршуулаад өгье гэх “эмч” нар гарч ирдэг нь ойлгомжтой.

Эдгээр “эмч” буюу өр барагдуулагч нар ямар байдлаар ажилладаг вэ гэдгийг манай хойд хөршид үүсээд байгаа байдал тун бодитоор харуулж байна. Тэнд өр барагдуулагчдыг коллекторууд гэдэг. Газрын тосны үнэ буурсан, эдийн засгийн хориг арга хэмжээнээс болоод Оросын иргэдийн төлбөрийн чадвар огцом унасан. Үүнийг дагаад зээлийн эргэн төлөлт ч огцом унасан нь ойлгомжтой. Ийм нөхцөлд банк, зээл өгдөг байгууллагууд нь өгсөн мөнгөнийхөө жаахан хэсгийг ч болов эргүүлэн авахын тулд “эмч” нарт хандаг. Хуучин цагдаа, тагнуул гэх мэт хүчний байгууллагад ажиллаж байсан, эсвэл хэцүү нэртээс гарч ирсэн атаманууд нийлэн өр барагдуулах алба байгуулсан байдаг гэнэ. Банкууд тэдэнд иргэний тавьсан өрийг зардаг. Өөрөөр хэлбэл Иван 100 мянган рублийн зээл аваад эргүүлж төлж чадахгүй байгаа бол банк нь тэр өрийг өр барагдуулах албанд зарна. Өөрсдөө Иваны араас хөөцөлдөх цаг завгүй байдаг тул салахын түүс болохдоо өр барагдуулагчдад 100 мянгын өрийг ердөө 10 эсвэл таван мянгаар зардаг. Өрийг худалдаж авсан “эмч” нар харин 100 мянгыг бүхлээр нь, дээр нь хамаг хүүтэй нь алдангитай нь Иванаас авахын тулд жинхэнэ утгаар “шүүсийг” нь шахаж эхэлдэг.

Оросын иймэрхүү өр барагдуулагч нарын хэрэглэдэг шүүс шахах аргын талаар сонин хэвлэлүүд нь өдөр болгон шахуу л бичиж байна. Хамгийн наад захын арга нь банкнаас авсан мэдээллийн дагуу өөрийнх нь болон гэрийн утас, ажлын утас руу, заримдаа ажлынх нь дарга, хамт ажилладаг хүмүүс рүү нь хүртэл өдөр бүр тасралтгүй залгаж өрөө, хүүтэй нь бүрэн төлөхийг шаардаж айлган сүрдүүлнэ. Ингээд болохгүй бол гэрийнх нь хаалгыг өдөр шөнөгүй балбана, Иван өрөө өгөхгүй байна гэсэн мэдээ бүхий цаасыг орцоор нь дүүрэн наана, зарим тохиолдолд хөршүүдийнх нь хаалгыг цохиж танай хөрш Иван чинь өрөө өгөхгүй байна өг гэж хэл хэмээн заналхийлдэг гэнэ.

Зарим өр барагдуулагчид онцгой хэрцгий авирлах нь ч бий. Тухайлбал, өр бараг­дуулагч гэгдсэн этгээд дарамтлах явцдаа айлын цонхоор шатах шингэнтэй шил шидэн түймэр тавьж, ямар ч гэмгүй хөлд ороогүй хүүхдийн биеийг 70 хувь түлсэн аймшигтай хэрэг гарсан. Хамгийн аймшигтай нь шил шидэхдээ айл андуурсан байгаа юм. Бас нэг этгээд нэгэн эмнэлгийн сувилагчийг өрөө төлөхгүй байна гэж уурлан ажилладаг хүүхдийн эмнэлгийнх нь цахилгааныг таслаад, эмнэлгийн дарга руу утсаар ярьж наад сувилагчийг чинь мөнгөө өгөхгүй бол эмнэлгийг чинь сүйтгэнэ шүү гэж дарамталсан явдал олныг алмайруулсан. Гэрийнх нь гадаа отох, зодож дарамтлах бол бараг л хэвийн үзэгдэл бол тул оросууд тоохоо ч больсон юм байх. Эгч нь зээл авчихаад төлж амжилгүй нас барсан байхад олон жилийн дараа өөр хотод байдаг дүүгийнх нь утсыг олж аваад эгчийнхээ өрийг өгөхгүй бол ална гэж сүрдүүлсэн хэрэг гарч бас л дуулиан тарьсан. Хэрүүл мар­гааны улмаас нас барахаас нь олон жи­лийн өмнөөс харилцаагаа тасалсан, өөр хотод амьдарч байна гэсэн ч тэр хамаагүй гэж сүрдүүлсэн аж. Бие муутай нэг эрийг ердөө 10 мянга орчим рублийн өрөө нэн даруй өгөхгүй бол бүх зүйлийг чинь сүйтгэнэ, үгүй бол өөрөө одоо амиа хорло гэж утсаар сүрдүүлсээр нөгөөх нь эцэстээ сэтгэл санааны дарамтаа дийлэлгүй амиа егүүтгэсэн явдал бас л олныг цочоосон.

Хамгийн сонирхолтой нь, Оросын хууль хяналтын байгууллагууд энэхүү “шүүс ша­халтыг” огт байхгүй мэт, чиний тарьсан лай, бид ча­майг зээл ав гэж хэлээгүй гээд тоодоггүй аж. Путинтэй хийсэн шууд ярианы үеэр өр барагдуулагчдын гаргаж байгаа хэрээс хэтэрсэн үйлд­лийн талаар иргэд алтан хошуу хүргэсэн. Зээл авсан бол эргүүлж төлөх ёстой ч хууль бус, харгис аргаар дарамт шахалт үзүүлэхийг хориглох хэрэгтэй, энэ талаар арга хэмжээ авна гэж олныг тайвшруулсан.

Иймд дарамтанд орсон хүмүүс нэгдэж өр бараг­дуулагчдын эсрэг тусгай холбоо байгуулж эхэлсэн гэнэ. Эдгээр холбооны гишүүд нь тухайн хүнийг ажилд явах ирэх, хүүхдүүдийг нь сургууль цэцэрлэгээс ирэхэд  гэрийнх нь гадаа тосч өр барагдуулагчдад зодуулахаас хамгаалдаг болсон аж. Мөн ухаалаг утсан дээр суулгадаг “Антиколлектор” нэртэй тусгай программ гарч ирсэн. Энэ программ нь өр барагдуулах алба, тэндэхийн ажилтнуудын утас бүхий өгөгдлийн сантай, түүнээ байнга шинэчилдэг бөгөөд тэдгээр дугаараас орох дуудлага, ирэх мэссежийг нь блок хийдэг юм байна. “Анти­кол­лектор” программыг Оро­сын өр барагдуулагчид туйлын бухимдан хүлээж авсан бөгөөд зээл олгогчдын мөнгөө эргүүлж авах эрхийг зөрчиж байна гээд “Google Play”-д хандан хасах, хориглохыг шаардсан байдаг.

Хямралд орсон Оросыг бүхэлд нь нөмөрсөн өөр нэг гай нь бичил зээл гээч зүйл болж хувирсан аж. Хямралаас болоод иргэд банкнаас их хэмжээний зээл авч чадахгүй бол тул “5 минутын дотор бага хүүтэй зээл олгоно” гэсэн сурталчилгаа бүхий банк бус санхүүгийн байгууллага, жижиг төвүүдэд олноор хандах болжээ. Зарим овжин газрууд нь 20 мянган рубль хүртэлх бичил зээл олгодог гудамжны автомат байрлуулж эхэлж. Эндээс зээл авахын тулд иргэний үнэмлэхээ уншуулахад л хангалттай, барьцаа энэ тэр шаарддаггүй тул хүмүүс олноор зээл авсан нь ойлгомжтой. Гэтэл ийм газрууд нь бичил зээлийг ганц хоёр долоо хоногийн дотор харьцангуй бага гэж болох хүүтэй өгөх болзолтой, энэ хугацаанаас хэтэрвэл зээлийн хүү нь огцом өсч, дээр нь торгууль тооцож эхэлдэг. Цаг завгүй, эсвэл бага мөнгө болохоор нь мартаад хоёр гурав хоног хэтрүүлсэн байхад л 5000 рублийн зээл яах ийхийн зуургүй 50 бүр 100 мянган рубль болж хувирна. Гайхаж амжаагүй байтал өр барагдуулагч “эмч” нар гарч ирээд 5 мянгыгаа хүүгийн хүүгийн хүү бас торгуультай нь хамт 100 мянга болгож нэн даруй төлөхийг шаардан дарамтлаж эхэлдэг байна. Би 5000-ыг аваад төлөлтөө ердөө хоёр хоног хэтрүүлсэн, зээл өгдөг автомат дээр анхааруулга байгаагүй тэгэхэд яагаад 100 мянгыг өгөх юм бэ гэдэг ч зээл авна гэдэг бүх нөхцөлийг нь зөвшөөрсөн хэрэг тул дараа нь яаж ч шүүх­дээд нэмэргүй. Өгөхөөс нааш өр барагдуулагчид салахгүй.

Мөн иргэний үнэмлэхээ уншуулахад л хангалттай байдаг тул иргэдийн гээгдүүлсэн, хулгайлагдсан иргэний үнэмлэхээр эсвэл хүүхэд нь эцэг эхийнхээ өмнөөс зээл авах явдал ч хэрээс хэтэрсэн аж. Үүнээс болж, Орос даяар олон мянган хүн өр барагдуулагчдын дарамт шахалтад орж яахаа мэдэхээ болиод байгаа юм. Иймд олон нийтийн бухимдал, эсэргүүцэлтэй тулгарсан зарим газрын удирдлага нь эрс арга хэмжээ авч байгаа юм байна. Тухайлбал, Кемерово мужийн захирагч Аман Тулеев өөрийн мужийн нутаг дээр зээл олгогч автомат байрлуулахыг хориглох хууль баталсан нь иргэдийн талархлыг маш ихээр хүлээж.

 Гэхдээ энэ бол зөвхөн манай хойд хөршид буй болсон зүйл биш. Манайхныг орой бүр зурагтын өмнө нь уячихдаг Солонгос кинонд хамгийн ихээр дүрслэгддэг зүйл.

Энэ маньд ямар хамаатай юм бэ гэж бодож байж болох. Гэтэл Орост бичил зээл, өр барагдуулахтай холбоотой болж буй бүхэн манайд ч эхлээд явж байгаа. Хүн гэдэг хачин сэтгэлгээтэй амьтан, өөрөө зовж байхдаа хажууд нь хүн жаргалтай байвал улам их зовоод, харин адилхан зовж байхыг харвал би ч ганцаар биш юм байна гэж сэтгэл нь тайвширдаг гэсэн.

Манайд Оростой адил байдал үүсээд байгаа тухай цөөнгүй мэдээлэл явж байна. Тухайлбал, хоногийн зээл гэх сонсоход энгийн ч нэг цаламдуулбал гарахад тун бэрх луйвар газар аваад байгаа аж. Жижиг гарын наймаачид энэ луйврын гол золиос болдог. Жишээлбэл, сая төгрөг сарын хугацаатай зээлээд өдөр болгон 50 мянгыг өгсөөр зээлээ барагдуулахаар гэрээ байгуулдаг гэнэ. Ингээд орлого муу байсан, борлуулалт унасан гэх мэт шалтгаанаар нэг өдөр 50 мянгыг төлж чадаагүй байхад маргааш нь хоёр нугарч 100-г өгөх ёстой болдог. Энэ нь явсаар жижиг наймаачин яагаад ч нэг өдөр төлөх боломжгүй өндөрт хүрдэг. Тэгээд төлж дийлэхгүй болоод ирэхээр хэн гарч ирдэг вэ? Мэдээж хэрэг өр барагдуулагчид. Тэдний хэрэглэдэг арга нь Оросын коллекторуудынхаас онц ялгаагүй, ойлгох өрөвдөхийг мэддэггүй, харгис хэрцгий гэдгийг иймэрхүү урхинд орсон хүмүүс хэлдэг аж.

Ганц хоёр сая биш харин 50-60, эсвэл бүр 100 саяын зээл аваад эргэн төлөлттэй холбоотой асуудалд орсон хүмүүсийн амьдрал ямар там болж хувирдгийг тааж ядах юмгүй. Ийм олон зуун саяын зээлийг барагдуулдаг тусгай хүмүүс гараад ирсэн төдийгүй тун ч муугүй ашигтай ажилладаг тухай яриа таны чихийг дэлсч л байсан биз. Ямар хүмүүс байдаг юм бэ гээд энд тэндэхийн сураг ажиг сонсохоор Оростой адил хууль хүчний байгууллагад ажиллаж байсан тэр талаар танил талтай эсвэл хэцүү нэртээр явж “хат” суусан этгээдүүд байдаг юм гэнэ.
Эндээс луйварчид, мөнгө хүүлэгчдээс яагаад зээл аваад байгаа юм бэ? гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Хариулт нь, өнөөх гайтай эдийн засгийн хямрал. Азийн хөгжлийн банкнаас энэ жил манай ДНБ-ийг өсөх бус харин ч бүр 2,7 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байсан. Ийм үед банкууд зээл авахыг хүсэгчдэд баталгаатай орлогын хэмжээнээс эхлээд маш олон шаардлага тавьж, илүү өндөр хүү санал болгоно. Харин жижиг гарын наймаачид гэх мэт хүмүүс тэр бүх шаардлагыг нь биелүүлэх тун амаргүй, бараг л боломжгүй. Ийм үед аргагүйн эрхэнд газар дээр нь зээл олгодог “өгөөмөр туслагч” нарт хандаж, мөнгө авахаас өөр аргагүй болох нь гарцаагүй. Хямрал лавширч хүмүүсийн орлого буурахыг дагаад бичил зээл нэрээр мөнгө хүүлж иргэдийг шулж байдаг луйварчид, иргэдийн өрийг албадан төлүүлж “толгойн өвчнийг” нь “эдгээдэг” “эмч” нарын тоо огцом өсөх нь гарцаагүй. Өнгөрсөн зууны ерээд он, энэ зууны эхээр өр барагдуулагчдын тухай дуулаагүй хүн ховор байх. Мэдэж байгаа ч, хэлж болохгүй, хэл нь загатнаад байвал тарваганы нүх рүү орилдог үлгэртэй адил өөр зуураа сэмээрхэн жиг жуг гэлцсээр нам жим болсон. Тэр үеийн эдийн засгийн байдал одоогийнхоос хол тааруу байсныг бүгд санаж байгаа байх. Тэгэхээр эдийн засаг, иргэдийн амьдрал доройтоод ирэхээр л мөнгө хүүлэгчид, өр барагдуулагчдын давалгаа улс орныг бүрхдэг нь эндээс харагдаж байна. Харин ээлжит давалгаа нь өмнөхөөсөө хэр том байх вэ? Манай хууль сахиулагчид иймэрхүү хэрэг ихээр гараад ирвэл бэлэн байгаа юу? эсвэл Оросын цагдаа нар шиг “хэн чамайг зээл ав гэсэн юм хохь нь” гээд сууж байх уу? гэдэгт асуудлын гол нь байна.
Эх сурвалж: www.assa.mn
Б.Бүлтэн эмчийн “гавьяат”-ыг хураая!
Б.Бүлтэн эмчийн “гавьяат”-ыг хураая!
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.