Эрүүл мэндийн сайд С.Энхболд огцрох болзлоо хангав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 45 секунд
	 Эрүүл мэндийн сайд С.Энхболд огцрох болзлоо хангав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд огцрох болзлоо хангав

Цар тахлын үед хамгийн өндөр зэрэглэлд бэлтгэл ханган ажиллах ёстой Эрүүл мэндийн яам хамгийн хангалтгүй ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг С.Энхболдоор сольсон ч нөхцөл байдал дээрдэх нь бүү хэл улам дордлоо.

Өдөртөө 30-40-ийн хооронд тоологдож байсан халдвартай иргэдийн тоо өсөж өчигдөр 885 иргэн халдварласан нь хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм. Коронавирусээр халдварласан иргэдийн тоо өдөрт 700-гаас буухаа больж, нас баралт өдөр бүр нэмэгдсээр 27 боллоо.

Эрүүл мэндийн яамны мэдээллээр тэр бүс голомт боллоо хэмээн тайлбарладаг байсан бол Улаанбаатар хот бүхэлдээ голомт болон хувирлаа. Ухаангүй албатад урагшгүй ноёд гэгчээр дэмий баахан үргүй зардал салхинд хийсгэж төсвийн мөнгөөр ч чамгүй тоглоод амжлаа. Увс аймагт илгээсэн PCR шинжилгээний 106 сая төгрөгийн өртөг бүхий 3000 урвалжийг грашд хадгалснаас болж ашиглах боломжгүй болгон устгалд оруулсан бол “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр 18 тэрбум төгрөгийг PCR шинжилгээнд зориулсан ч өнөөдрийн нөхцөл байдал түүний ажлын үр тааруу болсныг харуулж байна.

С.Энхболдоос өөр олигтойхон хүн эрүүл мэндийн салбарыг толгойлж байсан бол эрсдэлийн менежментээ гарган хариу арга хэмжээг тэр дор нь авах байсан ч тэрбээр ямар нэгэн алхам хийсэнгүй. Хийе гээд ч мэдлэг нь хүрэхгүй байгаа хүнийг яалтай ч гэхэв. Түүний намтраас харахад Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар ганц жил ажилласныг эс тооцоход гялайж гялтайх мэргэжлийн үзүүлэлт алга. Товчхондоо эрүүл мэндийн салбарт ажилласан 17 жилийнхээ 16 жилд нь эхо-ны эмч хийж ирсэн байх юм. Эхо-ны эмчээр удирдуулсан эрүүл мэндийн салбар ковидтойгоо зэрэгцэн сэхээний тасагт хүргэгдлээ.

Он гарсаар эрүүл мэндийн салбар 80 гаруй тэрбум төгрөгийн PCR шинжилгээний урвалж авсан гэх мэдээлэл байна. Үүнийхээ оронд коронавирусээс хамгаалах дэлхийн шилдэг вакцин болох Файзер, Модернаг захиалсан бол өнөөдөр илүү үр дүнд хүрэх байлаа. Дэлхийн улс орнууд вакцины төлөөх чимээгүй дайнд дор бүрнээ хэчнээн оролцож байхад манай Эрүүл мэндийн яам хаанаас тусламж өгөх бол гээд хараад сууж байгаа нь цар тахлын үеийн хамгийн том эмгэнэл болоод байгаа юм.

Орж ирсэн вакциныхаа хуваарилалтыг зөв хийж чадахгүй цар тахалд ард түмнээ дарлуулж байгаа нь салбарын бодлого, түүнийг чиглүүлж буй сайдтай салшгүй холбоотой юм. Энэ удаагийн хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлэхдээ вакцины хурдыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Гэвч иргэдэд хийх вакцины нөөц байхгүйн улмаас хөл хориог үр дүнтэй байлгахын тулд вакцин хийлгүй хөл хорино гэдэг тайлбарыг сүүлд нь Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар хэлж байв. Ерөнхий сайд вакцин тоолоод суухгүй нь лав тул Эрүүл мэндийн сайдын хэлснийг үндэслэн мэдээлсэн байж таарна. Харамсалтай нь вакцины нөөцгүй болсноо ч мэдэхгүй Ерөнхий сайддаа мэдээлэл өгч байдаг С.Энхболд сайдыг огцруулахаас өөр сонголт үлдсэнгүй. Гаднаас ирэх вакцины татан авалт хугацаандаа ирж чадахгүй болсноос бүх зүйл үүдэлтэй хэмээн арьсаа хамгаалах гэж үзэв. Олон улсын байгууллагууд монгол биш. Нэг өдөр за гээд маргааш нь хугацаа хойшлуулахаас өөр арга алга гээд сууж байдаг хариуцлагагүй үйлдлийг тэд гаргахгүй. Харин вакцины араас хөөцөлдлөгөө хийгээгүй Эрүүл мэндийн сайд С.Энхболдод их учир байна. Вакцины талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Вакцин хуваарийн дагуу явж байгаа. Харин хоёр дахь тунгаа авч үлдээгүй нь Эрүүл мэндийн яамны буруутай үйлдлээс болсон” гэх тайлбарыг өгсөн юм. Монгол Улсын хэмжээнд орж ирсэн вакцины эхний тунг ганц удаа 750 мянган хүнд тарих уралдаанд орох уу, 300 гаруй мянган иргэнээ бүрэн дархлаажуулах нь чухал уу гэдгийг тэр тооцсонгүй.

Эрүүл мэндийн салбарт иргэн бүрээ хоёр тунгаар вакцинд хамруулах нь чухал болохоос PCR шинжилгээний урвалж авахад дийлэнх мөнгөө зарцуулах нь хамгийн бодлогогүй үйлдлийн нэг болоод байна. Нийтлэлийн зорилго хэн нэгнийг буруутгахаас илүүтэй хариуцлагын тогтолцоог бий болгоход чиглэж байгаа юм. Хариуцлага алдсан, тооцоо судалгаагүй өнөөдрийг хүртэл явж ирсэн Эрүүл мэндийн сайд С.Энхболдод одоо хариуцлага тооцохгүй бол хэдэн хүний амь насыг золигт гаргаж түүнийг сайдын сэнтийд нь байлгах юм бэ. Өөрөө бодлогын чиглэлээр хангахгүй байж хэдэн эмнэлгийн дарга нараа “Хална шүү, чамайг” хэмээн зандрах дуртай тэр одоо “халагдах” цаг нь болсон юм биш үү.

Монгол Улсын хэмжээнд гэхэд нийслэл нь бүхэлдээ цар тахлын голомт болж, 21 аймгаас хоёр аймаг л халдваргүй бүсээр нэрлэгдэж байна. Ийм байхад Эрүүл мэндийн сайдыг ажлаа сайн хийж байна гэж үзэх үндэслэл алга.

Эрүүл мэндийн яам ковидын голомт болсон уу

Эрүүл мэндийн яамны зургаан ажилтан коронавирусний халдвар аваад байна. Яамны нэг давхарын таван ажилтан, гурван давхарт ажилладаг нэг хүнээс халдвар илэрчээ. Тэд шинжилгээ өгсний дараа халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдэгдсэн аж. Яамны зүгээс зургаан ажилтнаа яармагийн 300 ортой эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд улаан бүсэд буюу халдвартай иргэдтэй нэг дор байрлаж эхэлсний дараа ХӨСҮТ-өөс зарим нэг хүний шинжилгээний хариуг буруу шивсэн тул сандрах хэрэггүй гэжээ. Гэсэн ч зургаан ажилтан хэдийн эмнэлэгт очоод байсан тул яармагийн эмнэлэгтээ байгаа юм байна. Харин Эрүүл мэндийн яамны зүгээс үүнийг нууцалж байгаа юм. С.Энхболдын удирдлагаар ажлаа явуулж байгаа Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ нь ч тэр ийм л хариуцлагагүй үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь түүнийг Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажилд тэнцэхгүй гэдгийг нотолж байгаа юм.

Бэлэн орж ирсэн вакцин дээр олигтой ажиллаж чадсангүй

Муу хүний заяа завагт гэгчээр өмнөх Засгийн газрын үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар вакцинаа бэлдүүлж авсан нь С.Энхболдыг сайдаар томилогдон ажлаа эхлүүлэхэд хамгийн дөхөм байлаа. Зөвхөн вакцинжуулалтаараа тэр Засгийн газрын хамгийн сайн ажиллаж байгаа сайдаар нэрлэгдэх боломж байсан ч боломжийг алдсан. Иргэдийн итгэлийг ч алдав. Алдах эрхгүй хамгийн хүнд цагт тэр сайд хийж байгаа ч хамгийн том алдаануудаа гаргасаар байгаа юм. Засгийн газар иргэн бүртээ 300 мянган төгрөг олгоогүй бол өдийд С.Энхболдыг огцруулах хөдөлгөөн өрнөхөд бэлэн байна. Байгаа вакцинаа тооцоо судалгаатай зарцуулж, хэнбугай ч байсан хоёр дахь тунг үлдээх ёстой гээд таг хамгаалаад зогсох ёстой сайдтан өнөөдөр иргэдээ дархлаажуулах вакцингүй болчихоод дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод сууж байна. Эхо-ны эмч энэ цаг үед ёстой хэрэггүй юм байна гэдгээ өөрөө батлан харууллаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

НМХГ-ын 515 алба хаагч тогтмол хяналт, шалгалт хийж байна
НМХГ-ын 515 алба хаагч тогтмол хяналт, шалгалт хийж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.