Шүүгч нар авлигын хамсаатан уу, эсвэл хуулийг  завхруулагч уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 42 секунд
Шүүгч нар авлигын хамсаатан уу, эсвэл хуулийг  завхруулагч уу

Шүүгч нар авлигын хамсаатан уу, эсвэл хуулийг  завхруулагч уу

Монголын нийгэм шударга ёсны агаараар цангаж байна. Манай Төрийн гурван өндөрлөгөөс ээлж дараалан “Хүн засагладаггүй хууль засагладаг” улс болгоно гэх боловч эсрэгээр нь хуулийг завхруулан иргэдийг хохироодог “муна” болгон ашигладаг шүүгч нар байсаар байна. Эрх ашиг нь зөрчигдсөн иргэд арга буюу хууль шүүхийн байгууллагад хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэж хохирлоо барагдуулахыг хичээдэг боловч шүүгч нарын “цавчаа”-нд өртөж хохирдог.

Цаад учир шалтгаан нь манай хууль шүүхийхэн, эрх мэдэлтэй дарга нарын талд алхаа тогшиж хохироодог бусармаг жишиг тогтсон байж болзошгүйг зарим жишээн дээр дурдах болжээ. Нэгэн жишээ татахад Шадар сайд асан Ө.Энхтүвшин өөрийн найзын хүү Б.Билгүүнийг агентлагийн даргын суудалд залахын тулд энэ хууль бус ажиллагааны суурийг тавьсан байдаг. Тиймээс энд ганцхан жишээ татъя. Тухайлбал, Стандарт, хэмжилзүйн салбарт 30 гаруй жил тасралтгүй ажилласан, төрийн захиргааны мэргэшсэн, туршлагатай албан хаагч Г.Гантөмөрийн эрх ашгийг хэрхэн хохироосон болон шударга үнэнийг дэнслэх үүрэгтэй шүүгч нар хуулийг хэрхэн хөсөрдүүлж байгааг дурдах болно. Мөн тэд эрх мэдэл бүхий албан тушаалтны талд үйлчилж алхаа тогшсон байж болзошгүйг хүргэх юм. Дээд шүүх нь аливаа маргааныг, хууль зүйн болон нотлох баримттай талаас нягтлан дэнсэлж хэний ч нөлөөнд авталгүйгээр алхаа тогшиж үнэнийг тогтоодог авралын ганц байгууллага гэж олон нийт ойлгодог. Ойлгосоор ч ирсэн.

Эрх мэдэлтний түрэмгийлэлд хүчин мөхөсдөж ажлын байраа булаалгасан төрийн албан хаагч өмгөөлөгч авч шүүхээр эрх ашгаа хамгаалуулахаас өөр гарц үлддэггүй аж. Гэтэл Дээд шүүхийн зарим шүүгчдийн хариуцлагагүй, хайхрамжгүй шийдвэр дүгнэлтээс шалтгаалан “Үндсэн хууль”-иар олгогдсон иргэн хүний эрх ашиг хохирох явдал сүүлийн жилүүдэд гарсаар байгаа нь айдас төрүүлж байна. Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимийн шүүгч М.Мөнхтуяа, танхимийн тэргүүн М.Батсуурь нар Г.Гантөмөрийн нэхэмжлэлтэй маргааныг хянахдаа хэрэгт хавсаргасан нотлох баримтуудад үндэслэлгүй хайхрамжгүй хандсанаас бодит байдлаас тэс зөрүү дүгнэлт хийж, түүний эрх ашгийг илт хохироосон нь ямар ч хуулийн мэдлэггүй хүнд ойлгогдохоор байгаа юм.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 76 тогтоолын дүгнэлтэд “Стандарт, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөрийн 2018 оны ээлжийн амралтыг 2020 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд эдлүүлэхээр шийдвэрлэсэн учраас уг хуваарийн дагуу Г.Гантөмөр нь 2018 онд ээлжийн амралтаа эдэлсэн” гэсэн ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна. Яахаараа Шадар сайддаа мэдэгдээд 2018 оны оны дөрөвдүгээр сарын 26-нд ээлжийн амралтаа авч, Бээжин хотод эмчлүүлээд ирсэн хүнийг 2018 оны наймдугаар сард 41 хоног амралт эдэлсэн гэж шүүгч нар дүгнэлт хийдэг юм бэ гэж хуулийн талаар “А” ч үгүй хүмүүс толгой сэгсрэн гайхдаг.

Г.Гантөмөрийн хувьд 2017 оны зун албан томилолтоор явж байгаад осолд орж 2017 оны арваннэгдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотын Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн “Шүэн Вү” эмнэлэгт тархиндаа хагалгаа хийлгэсэн. Эмнэлгийн ерөнхий эмч, эмч нарын зүгээс хагалгаанд орсноос хойш зургаан сарын дараа буюу 2018 оны тавдугаар сард тус эмнэлэгт үзүүлж хяналтын шинжилгээ өгөх цаашид жил тутамд нэг удаа ирж хянуулж байхыг зөвлөсөн магадлагаа, дүгнэлт гарчээ.

“Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 35.1.3-т “Эмнэлгийн шинжилгээ хийлгэх, эмчийн магадлагаагаар ээлжийн амралтыг шууд эдлэх” зохицуулалттай аж. Ийнхүү хуулийн дагуу Г.Гантөмөр нь 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс ээлжийн амралтаа биеэр эдэлсэн болох нь нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн дансны хуулга, эмнэлгийн дүгнэлт, гадаад паспортын тэмдэглэл гэх мэт хавтаст хэрэгт авагдсан хөдөлшгүй нотлох баримтуудаар тогтоогдож байна. Монгол Улсад хөдөлмөрлөж байгаа хэн боловч жилд нэг л удаа ээлжийн амралт эдэлсэн байх хуультай. Тэр хүн ээлжийн амралтаа биеэр эдэлсэн байх ёстой бөгөөд түүнийг гэрчлэх баримт нь түүнд амралтын мөнгө олгосон цалингийн дансны хуулга, нийгмийн даатгалын дэвтэр өөр юу ч хэрэггүй. Эндээс үзвэл дээрх шүүгч нар эрх мэдэлтний талд шийдвэр гаргахын тулд харьцуулж хэлбэл цагааныг хар, чихэртэйг давстай болгосон бололтой.

Г.Гантөмөрийн 2019 оны гуравдугаар сард эдэлсэн ээлжийн амралтыг хууль бус гэж тооцуулахыг эрх мэдэл бүхий дарга маш их хүсэж байсан нь үүнээс харагдана. Энэ нь ч биелэлээ олж, 76 дугаар тогтоолын дүгнэлт болон тус байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.2.1-д “Ээлжийн хоёр амралтын хоорондох хугацаа найман сараас доошгүй байх”-аар заасантай нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Г.Гантөмөр нь 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа биеэр эдэлж байхад нь 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус юм” гэжээ.

Түүнчлэн “Үндсэн хууль”-ийн 16.4-т “Хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, амрах, эрхтэй, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй” гэж эрх мэдэлтнүүдийн талд илэрхий хууль бус дүгнэлт гаргаснаар батлагдана. Хавтаст хэрэгт авагдсан хөдөлшгүй баримтыг авч үзсэн бол Г.Гантөмөр 11 сарын дараа 2019 оны гуравдугаар сард ээлжийн амралтаа авч биеэр эдэлсэн нь бүрэн нотлогдож байна. Ийнхүү шүүгч нарын алдаатай үйлдлүүдээс улбаалан Төрийн албанд тасралтгүй 37 жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн нэгэн төрийн албан хаагчийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигджээ.

Мөн одоо хүчин төгөлдөр мөрдөж буй “Төрийн албаны тухай хууль”-ийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэсэн баталгаа алдагдаж хохирчээ. Тиймээс “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ” гэгчээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/03129 тоот шийдвэрээр “Г.Гантөмөр нь Стандарт, хэмжил зүйн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр, 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр тус тус амрахаар баталж, ээлжийн амралтаа биеэр эдэлсэн байна” гэжээ. Мөнхүү “Ээлжийн амралтыг хууль бусаар эдэлсэн гэж үзэн түүнд олгогдох нэг удаагийн буцалтгүй тусламжаас суутгал хийсэн хариуцагчийн үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байна” хэмээн шийдвэрлэж амралтын мөнгийг нь түүнд эргүүлэн олгосон аж. Одоо Улсын дээд шүүх хууль бус шийдвэрээ хянаж хүчингүй болгох асуудал үлдээд байна.

Эх сурвалж:

С.Баяр

Түмэн.мн

Бугын зуулт /Өгүүллэг/
Бугын зуулт /Өгүүллэг/
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.