Ц.Оюунгэрэл : би Л.Болдыг өмөөрч байгаа, Ё.Отгонбаярыг ч өмгөөлнө, Н.Энхбаярыг ч өмөөрнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
30 минут 3 секунд
Ц.Оюунгэрэл : би Л.Болдыг өмөөрч байгаа, Ё.Отгонбаярыг ч өмгөөлнө, Н.Энхбаярыг ч өмөөрнө

Ц.Оюунгэрэл : би Л.Болдыг өмөөрч байгаа, Ё.Отгонбаярыг ч өмгөөлнө, Н.Энхбаярыг ч өмөөрнө

 
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн
дуулиан тарьж буй асуудлуудаар ярилцлаа.
 
-Сүүлийн өдрүүдэд нийгмийн анхаарал татаж буй хэдэн асуудлын талаар таниас хариулт авмаар байна. Эхнийх нь бол гурван өдөр үргэлжилж буй Ерөнхий сайд асан Н .Алтанхуягийн зөвлөх Л.Гансүхийн шүүх хурлын талаар юм. Энэ шүүх хурал, мөн энэ хэргийг бий болгох үйл явц нь өөрөө хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа гэж ярьж байна. Та хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсан хүний хувьд энэ шүүх хурлын процессоос юу ажиглав?
 
-Бидэнд шүүх хурлыг тийм, ийм гэж шүүх эрх байхгүй. Шүүх хурлын шийдвэрт нөлөөлөх эрх бүр ч байхгүй. Иргэн хүн өөрөө энэ шүүх хурлаас юм сурч аваасай гэж бодож байна. Яагаад гэвэл өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулах, нөгөө талаас ямар, ямар шатанд хүний эрх зөрчигдөж болдгийг, зөрчигдөх үед нь яаж баримтжуулж болох вэ гэдгийг энэ шүүх хурлаас харж болж байна.
 
Тухайлбал, өнөөдрийн шүүх хурал дээр ямар зүйл ажиглагдав гэхээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байгаа хүний эрхийг зөрчиж болдог гаргалгаанууд харагдаж байлаа. Хохирогч бол зөвхөн өөрөө өөрийгөө хохирогчоор тогтоож өгдөг байх ёстой. Харамсалтай нь манай хуульд энэ талаар тусгаж өгөөгүй. Тиймээс хохирогчийг захиалгаар тодруулж болдог гэдгийг энэ удаагийн шүүх хурал харуулсан.
 
АТГ-ынхан Багануур хувьцаат компани дээр очоод "Чи хохирогч юм байна. Хохирогчийн өргөдлөө бич” гэж хэлж байна гэдэг бол хохирогчийг захиалж байна гэсэн үг. Тухайн үед Багануур хувьцаат компани "Би хохирогч биш ээ. Манайх хохироогүй” гэж хэлсэн бол "Өө чи тэгвэл хамтрагч юм байна. Чамайг хамтрагчаар татлаа” гээд хэрэг үүсгэчихнэ. Тийм эрх мэдэл хуулийнханд байгаа нь өөрөө дурын хүндээ эрүү үүсгэх, эсвэл хохирогч болгож дарамтлах боломжийг бүрдүүлж байгаа юм. Одоогийн хуульд байгаа том гажуудал гэж хэлж болно.
 
Хохирогч маш асуудалтай байгааг шүүх хурлаас харлаа. Хоёрдугаарт, шинжээч гэж хүн ямар үүрэг рольтой юм бэ гэдгийг ард түмнээрээ мэдэж авлаа. Шударга ёс жинхэнэ утгаар тогтсон оронд энэ хүн шинжээч шүү гэдгийг бүх тал хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Энэ ажилдаа үнэхээр гаршчээ, мэргэжлийн гэдэг нь үнэн юм байна, хохирлыг үнэн зөвөөр тогтоожээ гэдгийг шүүгч, прокурор, өмгөөлөгч, хохирогч, гэрч, шүүгдэгч бүгд хүлээн зөвшөөрсөн бол шинжээчээр тогтоодог. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шинжээчийг томилно гээд биччихсэн. Мөрдөн байцаагч томилно.
 
Мөрдөн байцаагч ямар сонирхолтой хүн бэ гэхээр яллах сонирхолтой хүн. Гэтэл яллах сонирхолтой хүн шинжээчийг томилохоор яллах дүгнэлт л бичнэ шүү дээ. Яллах дүгнэлт бичих ёстой юм шиг шинжээч томилогдсоноороо хүний хувь заяагаар яаж тоглож болдог, энэ цаас хүний хувь заяаг юутай хутгаж болдог вэ гэдгийг харлаа. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг Эрүүгийн шалган шийдвэрлэх тухай хууль болгож өөрчлөөд төсөл нь УИХ дээр яваад байгаа. Шинэ хууль дээр шинжээчийг шүүгч тогтоохоор оруулж өгсөн.
 
Энэ хүн мэргэжлийн шинжээч мөн үү гэдгийг шүүх хуралдааны үеэр мэтгэлцэж тогтоох зарчим руу явж байна гэсэн үг. Энэ шинэчлэл зайлшгүй хэрэгтэйг нээлттэй болсон шүүх хурал харуулсан. Л.Гансүх бол буруу тогтолцооны, буруу аргаар томилогдсон, шинжээч байж чадахгүй хүнээр гаргуулсан шинжээчийн дүгнэлтээр яллагдаж байгаа хүн.
 
Яагаад тэр хүн шинжээч байж чадахгүй байна гэхээр хараат бусаар анхан шатны баримтад тулгуурлаж шинжээчийн дүгнэлтээ гаргаагүй байгаа юм. Тэр хүн шинжээчийн ажлаа хийж байхдаа дүгнэлтийн текст, тооцоогоо АТГ-ын комиссартай тулгасан байдалтай, эсхүл бүр тэндээс бичиж өгсөн дүгнэлтэд гарын үсэг зурчихсан юм уу гэмээр мэдүүлэг өгч байсан. Энэ нь хараат бус гэдгийг батлаад байгаа юм. Хүний эрх зөрчиж болзошгүй шат дамжлага бүр дээрээ энэ хэрэг хүний эрхийн зөрчилтэй.
 
-Ямар, ямар үйлдлээс нь та ийм дүшэлт гаргах болов?
 
-Шүүгч, шинжээч, прокурор гээд бүх хүнд шүүхийн хараат бус байдал хадгалагдах ёстой. Гэтэл хараат бус байна гэдэгт нь итгэхэд бэрх болж байна. Энэ хэрэгт прокуророор оролцож байгаа хүн АТГ-ыг ажлаа зөв хийж байна уу, үгүй юу гэдгийг шалгаж байж материалыг шүүхэд өгдөг. АТГ-аа хянах үүрэгтэй хүн. Гэтэл энэ хүн чинь өөрөө АТГ-тайгаа хамт хэвлэлээр Л.Гансүхийг яллаад хэвлэлийн бага хурал хийж байсан. Тэгэхээр аль шатанд энэ хүн хяналтын үүргээ зогсоосон бэ гэдэг асуулт гарна аа даа.
 
Бүр эхнээс нь хяналтын үүргээ зогсоогоод хамтрагчийн үүрэгтэй оролцож байсан нь дээрх баримтаас харагдаж байгаа юм. Л.Гансүхийн Үндсэн хуулиар олгогдсон шударга, хараат бус шүүхээр шүүлгэх эрх нь алдагдаж ирснийг л харуулж байна. Төрийн машины араа шурга бүрээр хүний эрх яаж зөрчигддөг юм бэ гэдгийг гурван хоногт харлаа. Хүний эрхийг хамгаалах эцсийн найдвар бол шүүх. Байцаагч, прокурор хүний эрхийг зөрчсөөр ирсэн ч шүүх бол эцсийн найдвар. Тиймээс шүүх хүний эрхийг хамгаалж чадах нь уу гэдгийг улс орон даяар хараад сууж байна даа.
 
-Гурван хоногийн хугацаанд тэгээд хэн нь хохирогч юм бэ гэдэг асуулт урган гарч байна. АТГ баахан хүмүүсийг хохирогч бол гээд тулгачихсан. Гэтэл нөгөөдүүл нь би хохирогч бишээ гээд зарлаад байдаг. Ард түмэн хохирогч биш. Харин ч хямд нүүрс аваад ашиггай байсан. Таны хувьд энэ хэрэгт хохирогч байна гэж харж байна уу?
 
-Миний бодлоор энэ бол хэрэг биш. Хэрэг биш учраас хэн хохирогч, яллагдагч вэ гэдэг яриа гарах ёсгүй байсан. Би Их хурлын индэр дээрээс хэд хэдэн удаа хэлсэн. Л.Гансүхийн хэрэг бол орчин цагийн Лхүмбийн хэрэг болчихоод байна гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ бол зохиомол хэрэг. Яагаад тэгж үзээд байна вэ гэхээр, Л.Гансүхийг хэргийнх нь материалтай танилцуулахгүй маш их удсан. Өмгөөлөгчөөсөө татгалзах дарамт шахалт удаа дараа үзүүлж байсан. Хэргийн материалтай танилцуулахгүй яллаад хэрэгтэн болгоод явуулж байсан.
 
Тэгэхээр хэрэг нь өөрөө ил тод танилцуулвал асуудал үүсгэх, нууцаар бэлтгэгдсэн материалтай гэдэг нь харагдаж эхэлсэн. Ийм шинж тэмдгүүд гарангуут л хүний эрхийн хуульчид хэргийг зохиомол гэсэн дүгнэлт хийж болдог. Би хүний эрх зөрчигдөж буй хоёр, гурван үзэгдлээс нь дүгнээд л зохиомол хэрэг гэсэн дүгнэлт хийсэн юм. Нарийн ширийн зүйлийг мэдээгүй. Нэг жилийн өмнө зохиомол  хэрэг нь тодорхой байсан. Өмгөөлөгчийг нь үйлчлүүлэгчээс нь салгах, уулзуулахгүй байх шахалт дарамтууд ирж байсан.
 
Хэрэгтэй нь бүрэн танилцуулаагүй, өмгөөлөгчид нь эрүүгийн хэрэг үүсгэж хүртэл үзсэн. Л.Гансүхийн өмгөөлүүлэх эрхийг хааж байна аа гэдэг нь л зохиомол хэргийн анхны шинж тэмдэг. Улс төрийн захиалгатай, гүтгэсэн, зохиомлоор хэрэг үүсгэсэн тохиолдолд дээрх шинжүүд илэрдэг. Хүний буруутайг бүх шатандаа нотолчихсон бол хүний эрхийн зөрчил гаргах ч шаарддагагүй. Харин Л.Гансүхийн тухайд шударга шүүхээр шүүлгэх эрх нь аль эхний шатнаасаа алдагдаж ирсэн.
 
-Яагаад зохиомол хэрэг үүсгэх шалтгаан байв. Л.Гансүх хэний дургүйг хүргэсэн болоод ингэтэл улайраад байна вэ?
 
-Өнгөц харахад, энэ бол улс төрийн шалтгаантай гэдэг нь харагдаж байна. Н.Алтанхуяг гэдэг Ерөнхий сайдыг огцруулах тэмцлийн хүрээнд л энэ хэрэг үүссэн. Тэр хүнийг огцруулах ажлыг эхлүүлэхэд нь-19 гарын үсэг л хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэр хүнийг эхлээд хэвлэлээр муухай харагдуулах гэж үзсэн. Туслах, зөвлөх, ар гэр, хамаатан садан бүх хүнийг нь муухай харагдуулах кампанит ажил явагдсан. Энэ ажлын хүрээнд л төрийн төлөө зүтгэсэн хүн хэлмэгдсэн. 19 гарын үсгээрээ л огцруулдаг юм байгаа биз, ингэж хүмүүсийн амьдралаар тоглож болохгүй шүү дээ
 
-Г.Дэнзэн ч ийм хэргийн золиос байсан уу. Та уулзаад ирсэн хүн шүү дээ. Батлан даалтад гарснаас нь хойш уулзав уу. Биеийн байдал нь ямар байна?
 
-Г.Дэнзэн ч яг адилхан зохиомол хэргийн хохирогч. Би тэгж л харж байгаа. Яагаад гэвэл манай улсад төрийн өмчийн компанийн удирдах зөвлөлийн дарга нарыг хэзээ ч Г.Дэнзэнг яллаж байгаа шиг яллаж байгаагүй.ГДэнзэн бол компанийн удирдах зөвлөлийн дарга байсан хүн. Гэтэл түүнийг Гүйцэтгэх захирал, нягтлан бодогчийн хийдэг байсан ажлаар буруутгаж байгаа. Тэр нь ГДэнзэнгийн албан тушаалд ямар ч холбоогүй.
 
Зөвхөн Г.Дэнзэн гэдэг нэр Н.Алтанхуягт холбоотой байсан нь энэ хэрэгт хэрэгтэй болоод хэрэг үүсгэсэн гэж бодож байгаа. Хоригдож байхад нь очиж уулзсан. Бие нь их муу шивнэж ярьсан. Надад хэрэг байхгүй, нотлох баримт байхгүй. Би улс төрийн золиос гэдэг зүйлийг л тэр залуу ярьсан. Гарснаас нь хойш уулзаж амжаагүй явна.
 
-Хууль зүйн салбарын шинэчлэд хийх ёстой байжээ. Х.Тэмүүжиний яриад байсан тэр шинэчлэл хэрэгтэй байсан юм байна гэж яриад эхэлж байна. Яагаад гэвэл өмгөөлөгч өнөөдөр үйлчлүүлэгчээ хамгаалж чадахгүй байна. Шүүх хөндлөнгийн байх зарчмаа биелүүлж чадахгүй байна шүү дээ?
 
-Эрүүгийн хууль,Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх хуулиа нэн яаралтай батлах ёстой. Энэ хоёр хуульд нэлээд их шинэчлэл орсон. Ялангуяа хэлмэгдүүлэлт, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудаыг шийдэх ёстой хууль маань Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль. Тэр хуульд гишүүд бид залхууралгүй илүү цагаар сууж ажиллах ёстой.
 
Шинэчилсэн хуулиар шинжээчийг хэрхэн томилох, хохирогч гэж хэнийг хэлэх, ямар үед хохирогч гэж үзэх гэх мэт олон шинэчлэл хийх хэрэгтэй. Ялангуяа төрийн мөрдөн байцаах эрх мэдэлтэй суббект хэн нэгэн хүнийг захиалгаар хохирогч болгож болохгүй гэдгийг л хуульдаа оруулмаар байна. Ганцхан Багануур дээр тохиолдож байгаа юм биш. Ямар ч хамаагүй компаним дээр очоод л "Танай компани хохирчихсон байна. Тийм учраас танайх тэр хүний эсрэг гомдол гарга. Гаргахгүй бол чамайг хамтрагч гэж үзнэ” гэсэн шахалт дарамт гарах өргөн хүрээтэй хэлмэгдүүлэлтийн хаалгыг нээчихлээ.
 
Л .Гансүхийн хэрэг дээр гарч байгаа хэлмэгдүүлэлт, хүний эрхийн зөрчил болгоныг одоо л таслан зогсоохгүй юм бол энэ муухай хувилбар, энэ томъёогоор маш олон хүний эрхийг зөрчих хаалга нээгдэж байгаа. Тиймээс энэ шүүх хурлаас аль болох хүний эрхийн зөрчлийг хаасан үр дүн гараасай гэж хүсч байна.
 
-Ганцхан Л.Гансүхийн шүүх хурал биш л дээ. Ер нь АТГ юу хийх ёстой байгууллага юм бэ. Хэн нэгнийг хохирогчоор тогтоодог, хохирогч гэдгийг нь батлаад ир гэж байцаагч явуулдаг газар юм уу. Эсвэл авлигатай тэмцэж, соён гэгээрүүлэх үүрэгтэй юм уу?
 
-Би олон удаа хэлж байна. АТГ чинь ардчиллынхаа үнэт зүйлийг иддэг үр могой болчихлоо гэж. Бидний ардчиллаар олж авсан 25 жилийн үнэт зүйл бол хүний эрх шүү дээ. Гэтэл хүний эрхийг дуртай үедээ зөрчиж чаддаг байгууллага: АТГ болчихлоо. Дуртай үедээ: дуртай хүнийхээ эрхийг дуртай арга хэрэгслээрээ зөрчйж чадаж байгаа нь хамгийн аймшигтай байхгүй юу.
 
Тийм учраас бид АТГ- ын хүний эрхийн гаарсан зөрчлийг яаралтай таслан зогсоох ёстой. Ингэхийн тулд шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах ёстой. АТГ бол авлигатай тэмцэх ариун зорилгоор байгуулагдсан газар. Гэхдээ зорилго нь аргаа зөвтгөж болдог гэх коммунист суртал байдаг юм. В.И.Ленин энийг маш их хэрэглэдэг байсан. Ленин өргөн хүрээний коммунист хэлмэгдүүлэлт явуулахдаа зорилго нь л зөв бол арга нь ямар байх нь хамаагүй гэдэг эрхийг өгсөн байдаг.
 
Цус урсгаад ч хамаагүй зорилгодоо хүрч болно гэдэг эрхийг комиссарууддаа өгч байсан. 1918 онд Ленинээс даалгавар авч байсан ариун зорилготой комиссаруудынх нь тэр эрх Сталины үед зөвхөн Оросын төдийгүй, хавь ойрын бүх орны ард түмнийг хэлмэгдүүлэх яргалал болж өргөжсөн. Тэгэхээр АТГ бол ариун зорилгын төлөө байгуулагдаад буруу арга барилаар үүрэг гүйцэтгэх юм бол ийм л буруу юм руу явна. Зорилгоо биелүүлэх гэж бохир аргаар явахыг нь бид яасан ч хүлээн зөвшөөрч болохгүй. Ариун зорилготой бол ариун аргаар л яв. Тэгж чадахгүй бол энэ байгууллагын өөрийнх нь статусыг авч хэлэлцэхээс өөр аргагүй.
 
Яагаад гэвэл энэ чинь ардчилсан орны ардчилсан төрийн институт шүү дээ. Ардчилсан орны хүнний байгууллага ямар байдаг вэ гэхээр аливаа зүйлийг хөдлөшгүй нотлох баримтаар, хүний эрхийг зөрчихгүйгээр гаргаж тавих ёстой. Апивааг хараат бусаар, бусдад нөлөөлөхгүйгээр асуудлыг судлаж гаргах тавих хэрэгтэй. Тэгж чадахгүйгээр хохирогчид яаж үг хэлэхийг зааж, шинжээчид шахалт үзүүлж зохиол бичиж огөөд, зохиомол хэргийг улс төрийн зорилгоор өөрсдөө найруулж шударга ёсны жүжиг тавьж, авлигатай тэмцэж байгаа дүр үзүүлж болохгүй л байхгүй юу. Би АТГ-ыг маш буруу ажилраж байна гэж үзэж байгаа. АТГ-ын арга барил нь нэг хүний улс төрийн карьерыг таслахын төлөө нэг хэсэг хүний амьдралыг сүйрүүлэх хэмжээний бохир байна. Хуулийн байгууллага бол гэмгүй хүний амьдралаар тоглодоггүй байх ёстой.
 
-Таныг АТГ-ыг шүүмжлээд байхаар хүмүүс янз янзаар л ярих юм. Хан-Уулын тойргоос хамт нэр дэвшиж гарч ирсэн Л.Болдыг АТГ шалгаж байгаа учраас хамтдаа АТГ-ын эсрэг байна гэдэг. Л.Болд буруугүй. Төрд шударгаар ажиллаж байсан хүн гэсэн уггатай мэдэгдлийг та фэйсбүүкээрээ дамжуулж илэрхийлсэн.
Энэ талаар та байр сууриа илэрхийлээч?
 
-Би АТГ-ыг Болд энэ тэр гэж ярихаас нь бүтэн жилийн өмнө шүүмжилж эхэлсэн. АТГ-ын арга барил нь давтагдаж байна. Л.Гансүх дээр хэрэглэсэн арга барил нь амжилттай болоод түүнийгээ Г.Дэнзэн дээр хэрэглээд хүч орж, одоо Ё.Отгонбаяр,Л.Болд гэх мэт гишүүд рүү бохир аргаа хэрэглэж эхэллээ. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн төлөө хэн ч дуугарахгүй байхаар, хүүш энэ чинь юу болоод байна вэ гэж хэлэхгүй байхаар АТГ-ын махны машин улам л томроод байна. Дуртай хүндээ дуртай хэрэг тохож эрүү үүсгэдэг болох нь.
 
Төрийн төлөө барилга байшин барьсан, цогцолбор барьж байгуулсан хүн болгон АТГ-т шалгуулах юм бол энэ Монгол Улсын бүх сайд нар төсөв батлуулсныхаа төлөө, бүх компаниуд барилга барьсныхаа төлөө, бүх хүмүүс тэд нартай ах дүү байсныхаа төлөө шалгуулах нь. Монгол Улсад их хэлмэгдүүлэлт яаж явсан билээ. Одоо тэр үүд хаалга нээгдчихээд байна. Бид өөрсдийнхөө эрхийг хамгаалъя гэж бодож байгаа бол өнөөдрийн хохирогчдыг хамгаалах ёстой. Ирээдүйд үр хүүхдийнхээ эрхийг хамгаалъя гэж бодож байгаа бол бид айж ичихгүйгээр дуугарах ёстой.
 
Хүмүүс Л.Болдыг, Л.Гансүхийг өмгөөлөхөөсөө ичээд л, өөрсдөө цэвэр ариун гээд суугаад байж болохгүй. Бид харсаар байгаад бирдийг томруулаад байна. АТГ гэх махны машин улам томроод байна шүү дээ. Авлигатай тэмц гэсэн болохоос тэднийг их хэлмэгдүүлэлт хийгээд өг гэж хэлээгүй. Хэлмэгдүүлэлт хийх гэж байгаа бол яг одоо ингээд л тормозыг нь татах ёстой. Авлигатай заавал АТГ гэдэг байгууллага тэмцэх ч албагүй. Цагдаа тэмцээд болж л байсан. Одоо шинээр байгуулагдах Мөрдөх алба ч энэ ажлыг хийж болно. Анх АТГ-ыг байгуулахдаа төр тэднийг их хэлмэгдүүлэлт хийгээд өг гэж захиалаагүй. Үндсэн хуулиа зөрчөөд үүргээ умартаад хэлмэгдүүлэлт хийгээд байгаа газрыг таслан зогсоох ёстой.
 
Би Л.Болдыг өмөөрч байгаа. Ё.Отгонбаярыг ч өмгөөлнө. Н.Энхбаярыг ч өмөөрнө. Өмөөрөх үндэслэл ч хангалттай байна. Яагаад гэвэл, бидний 25 жилийн хугацаанд зүтгэж байж авч ирсэн хүний эрх гэдэг эмзэг үнэт зүйлийг устгах гээд байгаа учраас эрх нь зөрчигдөж буй хэнийг ч хамгаалж өмгөөлнө. 1990 онд хүний эрхийн төлөө монголчууд бид талбай дүүрэн жагсч байсан. Өнөөдөр яагаад хүний эрхийн төлөө дуугардаг хүн байхгүй болчихсон юм бэ. Яагаад 25 жилийн дараа бүгдээрээ ийм хулчгар болчихсон юм. Яагаад гэвэл нэгнийх нь эрхийг зөрчихөөр нөгөө хэсэг нь алга ташаад байгаа учраас тэгж байгаа юм.
 
Зүй нь бол өнөөдөр Л.Гансүхийн эрхийг зөрчиж байгаа юм чинь маргааш миний эрхийг зөрчих нь гэж дуугарч байх ёстой шүү дээ. Хоёрын хооронд хулчгар зан гаргасаар байгаад германчууд Гитлерийг толгой дээрээ асар хурдтайгаар гаргасан байдаг.. Бид тэгж болохгүй. Түүх өөрөө зориггүй болчихсон сайн хүмүүсийг буруугаар түрэмгий муу хүмүүсийн гарт ордог. Тиймээс Л.Болдыг, Л.Гансүхийг өмөөрөхөөсөө ичихгүй байх ёстой. Юунаас нь айж, ичээд байгаа юм бэ.Тэднийг буруутгаж байгаа үйлдэл бүхэн дээр нь хүний эрхийн зөрчил тодоос тод дурайж л байна шүү дээ.
 
-Авлигатайгаа яаж тэмцэх ёстой юм бэ. Авлигатай холбоотой байж магадгүй гээд шалгаад эхлэхээр та нар хүний эрх зөрчлөө боль гээд байвал хэцүү биз дээ? 
 
-Зөв арга барилаар л тэмцэх ёстой. Авлигатайгаа буруу арга барилаар тэмцээд байгаа учраас л бид нэг удаа өшөөчихье гэсэн юм. Хүний эрх зөрчиж үүсгэсэн бүх хэргийг өшөөчихье гэсэн юм.Гэтэл өшрөөлгөхгүй гэж байна. Бид авлигатайгаа зөв аргаар тэмцэх ёстой. Зөв арга хэрэглэдэг хүнээр удирдуулсан, зөв ажилладаг байгууллагаар тэмцэх ёстой юм.
 
Тэгэхээр авилгатай амжилттай тэмцдэг орон болохын тулд хүний эрхийн зөрчил гаргадаггүй хууль сахиулагчтай болох нь маш чухал. Тийм зөрчил их гаргадаг хууль сахиулгч бол авилгатай хэзээ ч тэмцэж чаддагүй, угаасаа. Харин ч өөрсдөө авилгын үүр уурхай болох зүй тогтолтой юм. 
 
-Бид хоёрын яриа миний асууя гэж бодож байсан сэдэв рүү орчихлоо.Та үнэндээ өнөөдөр нийгмийн "дайсан” болчихлоо. Та бол авлигачдыг өршөөхөөр кноп дарсан, улс төрд, оруулж болохгүй дайсан. Хатуу ч байж мэдэх. Би хар жасаалтад орсон ч хамаа алга гэж ярьсан байна лээ. Бусад шиг Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж аваад явж болсонгүй юу. Яагаад нийгмийн энэ эсэргүүцлийн эрэг зогсохоор шийдэв?
 
-Яагаад гэвэл би их хэлмэгдүүлэлтийг гаргахгүйн тулд ингэж зүтгэж байна. Энэ талаар маш их судалсан учраас муу нэрнээс айхгүй. Хэлмэгдэл яаж явагддаг вэ гэдгийг онолын хувьд ч Их сургуулийн мэдлэгээр ч практикийн судалгаагаар ч би мэдэж байна. Дэлхийн түүхэнд гарсан улс төрийн бүх хэлмэгдлийг судалсан. Монголын хэлмэгдэл тэдэнтэй маш ижил завгвараар л явагдсан байдаг. Өнөөдрийн энэ үйл явдлууд томоохон хэлмэгдэл явагддаг Бүх томъео, жорын дагуу өрнөж байгаа учраас би дуугүй сууж чадахгүй байгаа юм. Дараагийн сонгуульд би өрсөлдөхгүй байж болно. Хар жагсаалтад оруулсан ч хамаа алга. Би чухал гэж үзэж байгаа зүйлсээ сонгууль ч бодохгүй, нэр төр гэж айж ичихгүй хэлээд л байгаа.
 
Бас наад зах нь ардчиллынхаа 25 жилийн ой, олон улсын хүний эрхийн өдөр болох мөчид би хүний эрхийг хамгаалсан хэвээрээ л үлдмээр байна. 2015 оны арванхоёрдугаар сарын 10 бол ардчиллын баярын өдөр. Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн төлөө тэмцсэн хүмүүсийн баярын өдөр. Хэрвээ хүний эрхийг хамгаалах хүн энэ намд байхгүй болчихвол энэ өдөр бидний хувьд гунигт өдөр болно. Тиймээс би ардчиллаа, Ардчилсан намаа амьд үлдээмээр байна. Энэ үнэт зүйлийн төлөө муу нэр дуулахаас айхгүй байна.
 
Сайн хүний нэрийг хамгаалах ёстой, муу хүнийг хамгаалж болохгүй гэсэн хүний эрх байдаггүй юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглал бол хүний л эрхийг хамгаалах тунхаглал. Тэр байтугай цаазаар явах ялтай хүн ч эрхээ хамгаалуулах эрхтэй. Тэр хүний эрхийг ч хамгаалахаас ичихгүй байх хэрэгтэй .Би "Эрх чөлөө” төвийн захирал байхдаа цаазаар авах ялтай зургаан хүнийг өмгөөлж байсан Зургуулаа энэ ялаас мултарсан. Тав нь одоо амьд мэнд эрх чөлөөтэй явж байна. Нэг нь нас барсан. Хүн амины хэрэгт холбогдчихсон хүнийг ч би өмгөөлөөд л явж байсан. Сайныг нь өмгөөлөх ёстой юм шүү, мууг нь өмгөөлөхгүй гэж алагчлаад эхлэх юм бол яаж муу болгох вэ, муу болгочихоор өмгөөлөх хүн олдохгүй гэдэг арга барилыг махны машин сэтгэдэг байхгүй юу.
 
Хүний эрхийг 25 жил хамгаалж ирсэн амьдралаараа, энэ талаар олж авсан туршлага, бичиж байсан зохиол бүтээлээрээ би энэ бүхнийг мэдэж байна. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад ч би хүний эрхийн төлөө тэмцэж тэр хүнийг шүүмжилж явсан, одоо манай намыхан эрх барьж байгаа үед өөрсдийнхөө эсрэг дуугарч болохгүй гэж би амаа үдмээргүй байна. Улс төрд би хүний эрхийн төлөө орсон. Ардчилалын төлөө анхнаасаа зүтгэсэн олон хүмүүс үр хүүхэддээ өвлүүлэх байр сууц, өмч хөрөнгөгүй гэж өөрсдийгөө голдог байх, гэтэл тэд хүний эрх гэдэг хамгийн үнэтэй өвийг хүүхдүүддээ бүтээж өгсөн юмсан. Одоо бид үүнийгээ өмгөөлж дуугарахгүй юм бол өвлүүлж үлдээх юу ч үгүй болно шүү дээ. Тэгэхлээр надад сонгуульд зориулсан цэвэр цэмцгэр нэр төрөөс илүү дайсан гэгдэж байгаад ч хамаагүй хүний эрхээ хамгаалах нь чухал байна.
 
-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өөрөө хүний эрхийн төлөө дуугардаг хүн шүү дээ. Гэтэл яагаад таны энэ хэлээд байгаа бүхнийг олж харахгүйгээр хуульд хориг тавих ёстой л гэдэг байдлаар зүтгээд байна?
 
-АТГ яаж ажиллаж байна вэ гэдэг арга барилын талаар зөвхөн нэг талын мэдээлэлтэй байна гэж үзэж байгаа. Яллах талын байгууллагууд Ерөнхийлөгч рүү дараалалгүй нэвтэрч мэдээллээ өгч байгаа гэж ойлгож байна. Харин өмгөөлөх талын хүмүүстэй Ерөнхийлөгч уулзаж үзсэн эсэхийг би мэдэхгүй. Тэгэхээр өмгөөлөх тал, хүний эрхийн төлөө дуугардаг хүмүүсийн байр суурийг сонсохгүй бол тэнцвэртэй шийдвэр гаргахад маш хэцүү аливаа зүйлд тэнцвэртэй байр суурь илэрхийлж, тэнцвэртэй шийдвэр гаргаж чадахгүй байгаа нь мэдээллийн өрөөсгөл байдлаас л үүсдэг. Ерөнхийлөгч сэтгэл зүрхээрээ хүний эрхийг хамгаалагч, 25 жилийн өмнө хүний эрхийн төлөө шатаж явсан хүн хэвээрээ байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Гэхдээ одоо илэрхийлж байгаа байр суурь нь өрөөсгөл мэдээлэлтэй хүний байр суурь гэж би үзэж байгаа.
 
Өршөөлийн хууль юу болж хувирав аа.Хоригийг хүлээж  авсан уу, эсвэл авсан дүр эсгээд хуулийн заалт дотор өршөөх заалтыг хэвээр үлдээчихэв үү?
 
-Өршөөлийн хууль дээр Ерөнхийлөгч хориг тавихад тэр хоригийг 10 хоногийн хугацаанд УИХ хэлэлцэж тогтоол гаргах үүрэгтэй. 10 хоног нь өнөөдрөөр /өнгөрөгч баасан гараг/ дуусч байна. 10 хоногийн хугацаанд УИХ-аас хоригийг хүлээж авах тогтоол гарсан. Өөр тогтоол гаргах гээд амжсангүй. Тогтоолын өөр хувилбар орж ирсэн боловч батлагдсангүй. Хоригийг хэлэлцээд дуусчихлаа. Хэлэлцээд дууссаны дараа хуулиас юу үлдэв гэдгийг харах ёстой. Хоёр заалтад нь хориг тавигдсан учраас үлдсэн заалтууд хүчинтэй. Одоо хүчинтэй байгаа заалтуудаар ажлын хэсэг дахиж хуралдах ёстой юм. Дахиж хуралдаад яг ямар хүнд хэрхэн өршөөл үзүүлэх вэ гэдгээ хэлэлцэнэ. Тэр талаар ирэх /энэ/ долоо хоногоос хуралдаад явна.
 
 
Эх сурвалж:  "Монголын мэдээ"
 
 
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан хэргийг мөрдөн шалгаж байна
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж чагнасан хэргийг мөрдөн шалгаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.