А.Ариунгэрэл: “"МАК", "UFC" компаниуд хамтран өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалт хийж байна”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 54 секунд
А.Ариунгэрэл: ““МАК“, “UFC” компаниуд хамтран өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалт хийж байна”

А.Ариунгэрэл: ““МАК“, “UFC” компаниуд хамтран өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалт хийж байна”

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэлтэй өвлийн аялал жуулчлалын талаар ярилцлаа.

-Та аялал жуулчлал тэр дундаа өвлийн аялал жуулчлалын хөгжлийн талааар хэрхэн харж байгаагаас  ярилцлагаа эхлэх үү?

- Манай улсын хувьд өвлийн аялал жуулчлал харьцангуй хөгжиж байгаа гэж үздэг. Жил бүрийн 3 дугаар сард зохион байгуулагддаг “Хөх сувд” мөсний баяр жилээс жилд өргөжиж байна. Дотоодын гэлтгүй гадны жуулчид ихээхэн оролцож байгаа нь сайшаалтай. Мөн манай газраас 2009 оноос эхлэн Улаанбаатар өвлийн наадмыг зохион байгуулж эхэлсэн байдаг. Энэ наадмыг жилээс жилд улам өргөжүүлж, өвлийн спортын 10 гаруй төрөл /мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болон жуулчдын тэмцээн, уран гулгалт болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, снөүборд, рагби, параглайдинг, цанын төрлөөр хотын болон улсын аварга шалгаруулах тэмцээн, мөсөн хананд авиралтын тэмцээн гэх мэт/-ийг хамруулж байна. Түүнчлэн 4 дугуйт мотоциклийн, өвлийн дугуйн, өвлийн хувцасны, шувуулахуйн зэрэг үзүүлбэр, цаа буга, тэмээ бүргэдтэй хамт гэрэл зураг татуулах үйлчилгээ, нохой чарганы, халуун хоол, ундны үйлчилгээ зэргээр баяжуулж ирсэн. 2016 оноос уламжлалт мөсөн сур, мөсөн шагайн харвааны төрлүүдэд Монгол туургатан улсуудаас тамирчид, жуулчид ирж оролцдог болсон. Үүнийг аялал жуулчлалын салбарын тур оператор компаниуд сайн сурталчилж, энэ чиглэлийн жуулчдыг татаж байгаа. Мэдээж цаашид олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, арга хэмжээнд оролцохдоо энэ чиглэлийн аялал, арга хэмжээний тухай сурталчлах нь жуулчдыг тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Гадны орны хувьд гэвэл БНХАУ-ын Харбин хотын цас, мөсөн урлалын тэмцээн, Сибирийн мөсөн хотхон, Норвеги, Исланд улсад Хойд туйлын туяа харах, мөсөн дээгүүр аялах, нохойн чарганы аялал гээд өвлийн аялал жуулчлал нь хөгжсөн орнууд бий.

-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь ямар үр ашиг авчрах вэ?

-Мэдээж үр ашиг авчирна. Тухайлбал, манай аялал жуулчлал зөвхөн зуны улирлаар л хэмжигдэж, энэ үед ирэх жуулчдын тоо их байдгаас шалтгаалан олон хүндрэлүүд гардаг. Гэтэл манайх шиг жилийн дөрвөн улиралтай орон бол улирал бүртээ тохирсон аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд боломжгүй зүйл байхгүй санагддаг. Япон гэхэд Сакура цэцэглэх цагийн аялал, Солонгос нэг бүс нутаг /Жэжү/-гаа тэр чигт нь аялал жуулчлалын бүс болгон зарласан байдаг гээд өөрсдийн боломжит аяллыг олон улсад маш том маркетинг хийж сурталчилдаг. Үүн шиг манай улс өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн болсон мөсний, бүргэдийн, тэмээний гэх зэрэг баяр арга хэмжээнүүдийг сайн сурталчлах шаардлагатай. Ирж буй жуулчдын дийлэнх нь Монголын ахуй соёлд татагдан ирдэг гэсэн судалгаа бий. Тиймээс Манай газар жуулчдын улирлын хугацааг уртасгах бодлого баримталж, сүүлийн 2 жил “Хийморь” морьт харваа, “Хуралдай” шонхор шувууны наадам, Олон улсын явган аяллын фестиваль зэргийг төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

-Өвлийн аялал жуулчлалын хөгжилд тулгамдаж буй нэгдүгээр асуудал юу вэ. Түүнийг шийдвэрлэх арга зам, шийдэл..?

-Дэд бүтцийн асуудал. Жуулчдын аюулгүй байдал их чхал. Гэтэл хөдөө орон нутагт явах зам хальтиргаа гулгаа ихтэй, өвөл хийгддэг орон нутгийн нислэгүүд цөөн бас өндөр үнэтэй байдаг. Дээр нь өвөл ажилладаг жуулчны бааз, амралтын газрууд цөөн. Мөн өвлийн улирлын талаар маркетинг сурталчилгаа хангалттай хийгдээгүй гэж үзэж байна. Би өөрөө маркетингийн мэргэжилтэй учраас энэ тал дээр түлхүү анхаарч ажиллах бодолтой байна.

-Салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд өвлийн аялал жуулчлалд хэрхэн хамтран ажиллавал зохих вэ?

-Аялал жуулчлалын салбар хувийн хэвшлийн нуруун дээр явдаг. Өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэшлийнхэн хамтарч, нэгдсэн сурталчилгаа, маркетинг хийх хэрэгтэй. Манай газраас зохион байгуулдаг Улаанбаатарын өвлийн наадам анх зөвхөн мөсөн шагайн аварга шалгаруулах тэмцээн байсныг өвлийн спортын Мэргэжлийн холбоод, төрийн бус байгуулагуудын үйл ажиллагааг дэмжин, улсын болон хотын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, жижиг дунд үйлдвэрлэгч нарыг дэмжиж үзэсгэлэн худалдааг гаргаж хамтран ажилладаг болгож өргөжүүлсэн. Мөн анх удаа мөсөн өргөөтэй болохоор нийслэлээс газрын асуудлыг шийдэж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт Олон улсын стандартад нийцсэн "Ачит ихт" ХХК, "МАК", "UFC" зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд хамтран бүтээн байгуулалтыг хийж эхлээд байгаа билээ. Мөсөн өргөө ашиглалтад орохоор Олон улсын өвлийн спортын төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулагдаж, тамирчид, жуулчид ихээр ирнэ гэдэгт итгэж байгаа.

-Өвлийн аялал жуулчлалаар дамжуулан эх орноо олон улсын зах зээлд хэрхэн сурталчилж амжилт олох вэ?

-Бусад орны өвлийн аялал жуулчлалаас ялгарах онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээг л гаргаж сурталчлах нь чухал. Гадаадын улс орнууд өвлийн аялал жуулчлалаа сурталчилсан видео контент хийж, түүнийгээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан сурталчилсан байдаг. Харин манайд бол бараг байхгүй байгаа нь гол асуудал болж байна. Түрүүн хэлсэнчлэн уламжлалт ахуй соёл буюу Цагаан сар, өвлийн спортын тэмцээн уралдаан, мөн шинэ оны анхны нар харах аяллыг сурталчлан таниулах нь өндөр үр нөлөөтэй. Ялангуяа төмөр замаар дамжуулан жуулчдыг татах, аялалд өргөнөөр хамруулах бүрэн боломж бий.

Түүнчлэн шинээр “Жинчдийн баяр” буюу нутгийн өмнөд хэсгээс хойш чиглэсэн тэмээн жингийн аялал хийх боломж бий. Манай улс хоёр бөхт тэмээ элбэг, өвлийн тачир хүйтэнд тэсвэртэй давуу тал их. Мал маллах арга барил, ур чадварыг интернэт ашиглан олж мэдэх, хэрхэн үнэн зөв мэдээлэлтэй болор гэхчлэн  орчин үеийн технологийн дэвшилтэй холбон сурталчилж болох юм. 

-Сонирхолтой юм. Өвлийн аялал жуулчлалаар гадаад, дотоод жуулчдын урсгал жигд тасралтгүй нэмэгдлээ гэж бодоход бэлтгэл хэр байна вэ?

-Бэлтгэл ажлын нэгдүгээрт орон нутгийн зочлох үйлчилгээний байгууллагуудыг жилийн турш ажилладаг болгох, өвлийн аяллын хөтөч тайлбарлагч, ур чадвартай жолооч нарыг бэлтгэх нь зүйтэй. Бас ямар ч арга хэмжээний хувьд аюулгүй байдлыг нэн түрүүнд тавих хэрэгтэй байдаг. Тиймээс арга хэмжээний үеэр анхны тусламжийн баг, аюулгүй байдлыг аль аль талаас нь бодолцон хангасан байх нь чухал.

-Чадварлаг хөтөч, жолооч нарын асуудал ихээр тулгамддаг. Үүнийг хэрхэн зохицуулахаар төлөвлөж байна вэ?

-Ямар ч байгууллагын хувьд хүний нөөц, боловсон хүчин дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс ч жуулчдад үйлчилгээ үзүүлдэг, аяллын сэтгэл ханамжид шууд нөлөөлдөг хүмүүс болох жолооч, хөтөч тайлбарлагчдыг гэнэтийн ослын даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулах нь зөв. Мөн аюулгүй байдлыг хэрхэн хангах, анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаарх сургалтыг байгууллага дотроо зохион байгуулах, зайлшгүй үед биеэ хэрхэн хамгаалах талаар сургалт хийх гэх мэт арга замууд байна.

-Монгол Улс нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан байдаг. Үүний хэдэн хувийг өвлийн аялал жуулчлалаар авах боломжтой вэ?

-Өвлийн улиралд ирэх жуулчдын тоо дунджаар 70-80 мянга байдаг гэсэн статистик бий. Ирэх жилүүдэд жуулчдын тоо нэмэгдэж 1,0 саяд хүрлээ гэхэд 30 хүртэлх хувийг өвөл авах боломжтой гэж харж байна. Гол нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажлаа сайн хийх нь зүйтэй.

-Бид цар тахлаас сэргийлэх амаргүй нөхцөлд амьдарч байна. Ер нь байгаль, цаг уурын давагдашгүй, гэнэтийн болзошгүй эрсдэлд аялал жуулчлалын салбар хэрхэн ажиллах ёстой вэ?

-“Ковид-19” цар тахал бол гэнэтийн бөгөөд давагдашгүй хүчин зүйл. Иймд бид хувь хүн ч бай, байгууллага ч бай тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэх, даатгалд хамрагдах гэх мэт зайлшгүй арга хэмжээг авч хэвшүүлэх замаар эрсдэлд бэлэн байх хэрэгтэй юм.

-Танай байнууллага Өвлийн аялал жуулчлалд нөлөөлөхүйц ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?

-Нийслэл бол албан бизнес, аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн боломжтой бүс нутаг. Манай газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр “Улаанбаатарын хөнгөлөлт” арга хэмжээг зохион байгуулахаар тодорхой судалгааг хийж байна. Энэ нь  өвлийн улиралд ирж буй жуулчдад тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлэх системийг хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран хийх юм. Жишээ нь, “МИАТ”, “Хүннү эйр” компанийн нислэг 20 хувь, зочид буудал, жуулчны баазууд 50 хүртэл хувь, үйлчилгээний байгууллагууд 10 хувь гэх мэт хөнгөлөлтийг үзүүлэх бөгөөд цахимаар болон үзэсгэлэн, арга хэмжээнүүдээр дамжуулан зарлах, сурталчлах юм. Манай газраас 2019-2020 онд Албан бизнес, аялал жуулчлалын хөтөлбөрийн төслийг боловсруулан Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байгаа. Удахгүй энэ талаар тодорхой шийдвэр гарах байх. Мөн 2020 онд манай газраас Археологийн хүрээлэнтэй хамтраад нийслэлийн түүх, соёлын дурсгалт газруудын судалгааг хийсэн. Нийт 47 газраас эхний удаад Их тэнгэрийн амны хадны зургийн орчны тохижилт хийх, Тоорил ханы Туулын Хар Түний ордны туурийг жуулчдын зорьж очих газар болгох зорилгоор цогцолбор болгох зэрэг ажлуудыг хийнэ.

            -Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан М Дархижав

УЛААНБААТАРТ 2-4 ГРАУС ХҮЙТЭН БАЙНА
УЛААНБААТАРТ 2-4 ГРАУС ХҮЙТЭН БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.