Элсний 13 гэж...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 31 секунд
Элсний 13 гэж...

Элсний 13 гэж...


Одоо “Элсний 13″ гэвэл монголчууд андахгүй бөгөөд “МАН-аас урваж нам дамнаж төр сүйтгэдэг хэдэн хүмүүс” гэж ойлгоно.

Энэ бол баараггүй. МАН-ын үйл ажиллагаа хүмүүсийг ийм байдалд хүргэж байгаа юм. Уг нь энэ бол Зөвлөлтийн уран сайхны, аль дивангалавын 1936 оны кино юм. Миний үеийн хөвгүүдийн хувьд “Чапаев”, “Ардын элч”, “Цогт тайж”-тай нэгэн эгнээнд дүйцэх “байлдаантай гоё” киноны ангилалд багтана. Би л лав 50 үзсэн үү, 100 үзсэн үү гэдгээ санахгүй байна. Ямар ч гэсэн “мангар их” үзсэн юм даг. Үүнд холбогдох санаагаа товч өгүүлэх гэсэн юм…

Англи эх


Зохиолч Филипп Макдональд “Харуул” хэмээх нэгэн бэсрэг өгүүлэл бичсэнээр хамаг юм эхэлжээ. Түүнийг нь америкийн кино найруулагч, зохиолч, шилдэг найруулагчийн дөрвөн удаагийн Оскарын шагналт Жон Форд олж үзээд 1934 онд “Алдагдсан харуул” (The Lost Patrol ) хэмээх адал явдалт кино хийжээ. Энэ бүтээл мөн л Оскарын шагнал авсан байна.
Үйл явдал нь Дэлхийн I дайны үе буюу 1917 онд Месопотамийн элсэн цөлд английн цөөн хүнтэй бүлэг цэрэг арабуудтай баатарлагаар амь хайргүй тулалдсан тухай гарна. Бүгд баатарлагаар амь үрэгдэх ба нэг л хүн амь үлдэнэ.
Ийм уран сайхны арга хаа ч байдаг ба дэлхийн аль ч улс эх оронч суртал нэвтрүүлэгтээ өргөн ашигладаг.


Орос хувь


Жон Фордын энэ киног И.Сталин тэр дор нь үзжээ. Уг киноны баатарлаг өгүүлэмж түүнд их таалагдсан гэдэг. Ингээд “Совкино”-ны тэргүүн Борис Шумяцкийд энэ киноны зөвлөлтийн хувилбарыг хийх үүрэг өгчээ. Хүний хувь заяа гэдэг их сонин, энэхүү Борис Шумяцкий бол МАН-ыг анх үндэслэн байгуулсан түүхт бие хүн юм.
Энэ хүнд үүргийг зөвлөлтийн нэрт кино найруулагч, жүжгийн зохиолч, Сталины 5 удаагийн шагналт, ардын жүжигчин Михаил Ильич Роммд өгчээ. Киног 1936 оны 2-оос 8 дугаар сарын асар богино хугацаанд Каракумын цөлд авчээ. Оросоор бол зүгээр л “Арван гурав” гэсэн нэртэй юм. Манайд дан тоогоор нэрлэх эвгүй болохоор нь “элсний” гээд нэмчихсэн бололтой юм.


Элсэн цөл туулж яваа 13 хүнтэй цэргийн жижиг отряд нэгэн баян бүрдэд хүрнэ. Тэнд нуусан зэр зэвсэг, түүний дотор пулемёт олно. Хамгийн гол нь энд устай. Ус хайсан басмачуудын том отряд тэднийг бүсэлнэ. Отряд хэл хүргэх холбоочин амжиж явуулна. Ингээд тэнцвэргүй тулалдаан эхэлнэ. Бүгд эрэлхэг баатарлаг үрэгдэх ба ганцхан хүн амьд үлдэнэ. Энэ кинонд эр зориг, тэсгэл тэвчээрийн гайхамшиг гарахаас коммунист суртал нэвтрүүлэг юу байхгүй.
 


Киноны хэсгээс


Энэ кино эргээд баруунд хүчтэй нөлөө үзүүлж чадсан юм. Оросын энэ киног хожим үзсэн америкийн найруулагч Золтан Корд 1943 онд эргүүлэн хуулж “Сахар” кино бүтээн гурван Оскар авсан нь үүнийг нотолно. Үйл явдал нь дэлхийн II дайн үед Хойт Африк болсон төстэй үйл явдлыг өгүүлдэг гэнэ.


Монгол ойлголт


Тэр үеийн Орос кино Монголд тэр дороо ирэх бол ойлгомжтой асуудал юм. Ингээд л бидний үеийнхэн, ялангуяа хөвгүүд цээжилтлээ үзэх нь тэр. Хожим Монголд ардчилал болоод уг киног таг мартсан байсан юм. Гэтэл…


Монголд ямар ч юмыг буруу талаас нь буруугаар хийдэг жам ёсны дагуу “Монгол элсний 13″ улс төрийн салбараас төрөн гарав.
Улс төрийн балай самуунтай 2007 онд МАН-д хэсэг хүмүүс “иргэний дайн” дэгдээв. МАН-ын тэр “баатруудын” нэрс гэвэл: Д.Арвин, Ч.Авдай, Ч.Улаан, Л.Пүрэвдорж, Т.Ганди, Д.Тэрбишдагва, Л.Одончимэд, Д.Одбаяр, Т.Очирхүү, Ц.Шаравдорж, А.Цанжид, Ц.Мөнх-Оргил, Р.Нямсүрэн нарын 13 хүн юм. Толгойлогч нь Д.Арвин. Дашрамд жинхэнэ кинонд ганцхан хүүхэн гардаг, тэгээд үхдэг.
Монголчууд соёл урлагийн мэдлэг тааруухан болохоороо эднийг тэр дор нь “элсний 13″ гэж нэрлэсэн юм. Хамгийн түрүүнд Баабар “дүгнэсэн” юмдаг. Тэрээр: “юуны ч төлөө юм бүү мэд байлдсаар байгаад бүгд үхдэг 13 коммунистын тухай эл бүтээл урлагийн хувьд нойль, хvн сонирхохоор юу ч үгүй” гэсэн билээ. Баабар үзсэн харсан “орос” кино болгоноо коммунист гэж “ойлгох” бөлгөө. Ийн сэтгэх ахул тэр “орос чихрийн цаас хаанаас олов” гэдэг “Сэрэлт” киноны ламаас ялгаа юун, урлагийн мөнхийн сэдвийг коммунизмаас ялгахгүй бол урлагийн бүтээлийг дүгнэж үхснээ хийнэ…


“Монгол Элсний 13″-ыг зохиогч, гардан зохион байгуулагч нь МАН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболдтой үхэх сэхэхийн тулалдаанд ороод байсан Ерөнхийлөгч Н.Энхбаяр байлаа.
Элсний 13 нам дотроо бослого гаргаж, М.Энхболдыг МАХН-ын XXY Их Хурлаар Намын даргаас нь, улмаар Ерөнхий сайдаас нь давхар хусаж билээ. Одоо санаж байгаа биз дээ. Яг хувь хүнийхээ хувьд М.Энхболд уйлбал уйлахаар болж билээ. Хүрлийчихээд л. Энд би түүний “зөв байсан” гэж хэлээгүй, зүгээр л биеэ барих чадварыг нь үнэлж байна…


Яг үнэндээ энэ 13 хүн гол үүрэг гүйцэтгэсэн болохоос Хан-Уулын Д.3агджав мэтийн туслах дүрийн хор хутгадаг эргүү юмнууд олон байсан…
Ингэлээ гээд төр засагт олигтой юм болоогүй. Жилийн дараа сонгууль болж 7 дугаар сарын 1 болов. Буудалцаандаа хүрч хэд хэдэн хүний амь насанд хүрснээ монголчууд мартаагүй гэж санаж байна…
МАН бүр уруудан доройтох замдаа шулуудав. Өдөр болгон элсний 13, 26, 39 төрөн үржих болов. Энд нэг их нотолгоо шаардлагагүй гэж бодож байна. Сүүлдээ МАН албан бичиг, мэдэгдлээ ч бичиж чадахаа больсон. Худал ярина, хулхидна гэж найгүй, ам гэж хошного. Хамгийн гол нь лидер байхгүй…
Элсний 13-ын зохиогч Н.Энхбаяр жинхнээсээ уруудахын зам руугаа оров. Н.Энхбаяр улс төрд орж элсний 13-ын зомби дахин босгоно гэвэл би л лав тэгж тоглуулахгүй, надад тийм эрх байхгүй…
Нам, төр засаг үймүүлсэн элсний 13 сайн явсан нь бараг үгүй. Толгойлогч Д.Арвин нь АН-д урван оров. Бусад нь ч гэсэн дээ…
Яг үнэндээ бол “монгол элсний 13″-т киноны баатруудтай дүйцэх, харьцуулах юу ч байгаагүй. Эр зориг, чин хүсэл эрмэлзэлгүй, дандаа хар санаатай байсан юм чинь үйлс нь бүтэлгүйтэх нь мэдээж хэрэг.


Уг нь “Элсний 13″ бол хүн төрөлхтний мөнхийн сэдэв, баатарлаг үйлс, нийтийн үйл хэргийн төлөө амь хайргүй зүтгэхийн дуурайл мөн. МАН, МАХН л бузар булайгийн туйл болгочихсон болохоос биш. Хэрэв одоо Монголын улс төрд жинхэнэ “Элсний 13″ төрвөл баярлахаас өөр яах билээ. Тэгэх цаг нь ч болсон…

 


Судлаач Х.Д.Ганхуяг

Эх сурвалж: www.ganaa.mn

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.