УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Байнгын хорооны даргаа сонгож чадахгүй. Түүнээсээ болж Өршөөлийн хуульд тавьсан хоригийг эцэслэн шийдэхгүй байгаа УИХ дампуурч байна даа. Ер нь төрийн механизмын нэг салаа мөчир нь хүнд хэлбэрээр гуйваад ирэхээр араас нь ингэдэг юм” гэж хэлэв.
Хэдийгээр сөрөг хүчний гишүүн ч энэ нь АН-д хандаж хэлсэн түүний үнэн үг байлаа.
АН-ын фракцийн эрх ашиг, дотоод зөрчил нь бүр сүүлдээ Байнгын хорооны даргыг томилох асуудлыг гацаадаг болов. Тэд өмнө нь арай том амбиц буюу Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал дээр алалцдаг байлаа. Гэтэл өнөөдөр Байнгын хорооны даргын албан тушаалыг хүртэл булаацалдаж төрийн ажлыг цалгардуулдаг болж.
Байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох асуудлыг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Ингээд төсвийн байнгын хорооны даргаар Ч.Улааныг томилсоны дараагаар Хууль зүйн байнгын хорооны даргад Ш.Түвдэндоржийг дэмжих эсэхийг хэлэлцэх гэтэл АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бүлэг дээр уг асуудлаар нэгдсэн байр суурьт хүрээгүй гэж хэлээд 5 хоногийн завсарлага авав. Тэгэхээр АН-ын бүлэг уг асуудлаар дотооддоо ширүүн "зодоон"-той байгаа бололтой.
Уг нь тус бүлэг уржигдар шөнө дөл болтол хуралдаж Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцсэн юм. Ингэж хуралдахдаа Байнгын хорооны хуралдааны үеэр Хууль зүйн байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөөд олонхийн саналыг авсан Ш.Түвдэндорждоо хариуцлага тооцож бүлгийн дэд даргаас нь чөлөөлснөөс өөрөөр гийгүүлж гавьсан зүйлгүй тарцгаасан байна.
Ш.Түвдэндоржид хариуцлага тооцох болсон үндэслэл нь инээдтэй. Тус намын бүлэг ээлжит хуралдаанаараа Хуульзүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг улираан томилохоор санал нэгдсэн. Харин АН-ын бүлгээсээ улираан сонгогдох эрх авсан Д.Ганбат гишүүн Хуульзүйн байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадаагүй юм. Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Д.Ганбатыг улираан томилох асуудлыг хэлэлцэхэд АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн. Даргаа сонгох асуудлыг хэлэлцэх үед тус байнгын хорооны гишүүн Ц.Нямдоржоос эхлээд олон гишүүн Д.Ганбат гишүүнд итгэл хүлээлгэж чадахгүй гэж байв.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Д.Ганбат гишүүнд итгэл үзүүлж санал өгч чадахгүй. Хуульчдын бослогыг толгойлж байгаа хүнд ямар нүүрээрээ санал өгөх юм. Хууль номынхоо хүрээнд хуралдуулж чадсан уу, сайн хууль баталсан уу гэвэл авлигыг өөгшүүлдэг байнгын хороо болсон. Төрийн ажлыг самраад гурван сар болж байна. Ийм зүйлийг Хууль зүйн байнгын хорооны дарга нүднийхээ хажуугаар өнгөрөөж байгаа нь ямар ч тохиолдолд хуульд үнэнч байх, хууль бус зүйлийг хаагаад суух тэр эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Хууль зөрчөөд байна, наад орж ирсэн асуудал чинь болохгүй байна гэдэг зүйлийг өөрт нь хэсэг гишүүд хэлсэн, хэлээд үг аваагүй учраас аргаа бараад хавар бослого гаргаж, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдье гэдэг хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээж авахгүй байгаа. Монгол төрийн түүхэнд гараагүй бослого. Энэ Хууль зүйн байнгын хороо цадигтай, хууль бус юмыг босгоороо давуулдаггүй байсан бол УИХ ингэж түмний өмнө нэр нүүрээ алдахгүй байсан” гэсэн юм.
Гэвч санал хураалтаар Д.Ганбат гишүүн унаж, Ш.Түвдэндорж олонхийн дэмжлэг авсан юм. Гэнэтийн уг үйл явдал АН-ынхыг ээлжит бус хурал зарлан, ширүүхэн хуралдахад хүргэсэн. Хуралдаанаар бүлгийнхээ шийдвэрийг эсрэг Хуульзүйн байнгын хорооны даргад нэр дэвшин олонхийн санал авсан Ш.Түвдэндоржид хариуцлага тооцсон нь тэр. Өөрсдийгөө хамгийн нээлттэй нам гэгддэг АН-ын гишүүдэд өөрийнхөө нэрийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлж өрсөлдүүлж болдоггүй хүнд үе иржээ.
Нөгөөтэйгүүр Хууль зүйн байнгын хороог зөвхөн Д.Ганбатад өгнө гэж зүтгэхийн цаад учир нь юу вэ. Зарим гишүүдийн хэлсэнчлэн авлигыг өөгшүүлж, хуулийг лоббидох гэж Д.Ганбатыг зүтгүүлж байгаа юм биш биз гэх хардлага ч байна.
Хамгийн гол учир нь Д.Ганбат З.Энхболдын "Шонхор" фракцийн хүн, Ш.Түвдэндорж "Алтангадас" фракцийнхдаа л асуудал нь байна. Тэгэхээр нөгөө л фракцийн эрх, ашиг энд үйлчилж байна гэсэн үг. Мөн АН-ын дарга З.Энхболд бүх эрх мэдлийг өөрийнхөө фракцад авахаар байна зүтгэж эхэлсний тод илрэл энэ болов. Тэрбээр “АН фракцгүй болсон” гэж хэлснээсээ үйлдлээрээ ингэж буцлаа. Байнгын хороон даргын албан тушаалыг хүртэл бусдадаа өгөхгүй гэж зүтгэж байна шүү дээ. Түүнийхээр бол зөвхөн “Шонхор” фракцийнхан л албан тушаалд очих ёстой болж байна. Хэрвээ хүссэнээр нь болохгүй бол гацаана, зогсооно, хав дарна, түлхэнэ.
Уг нь өнөөдөр энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийг хэлэлцэх гэх мэт амин чухал ажлууд өөрсдийг нь хүлээж байхад юун байнгын хорооны дарга гэж баймаар юм.
Тус намын фракц, бүлэглэлийн эрх ашиг төрийг хямрааж байна. Уг нь хууль зүйн байнгын хорооны даргаа сонгочивхол Өршөөлийн хууль дахь нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээс эхлээд хүлээгдэж буй олон асуудал байдаг.
Т.Энхэлээ
Эх сурвалж: 24tsag.mn