Эгзэгтэй үед завхарсан томилогоо хийж буй ГХЯ-ыг онцгой анхаарна уу!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 47 секунд
Эгзэгтэй үед завхарсан томилогоо хийж буй ГХЯ-ыг онцгой анхаарна уу!

Эгзэгтэй үед завхарсан томилогоо хийж буй ГХЯ-ыг онцгой анхаарна уу!

-Нэг улсын хоёр хотод төрсөн ээж, охиныг консулаар томилоход

ашиг сонирхлын зөрчил үүсэх үү-

Өчигдрөөс нэг “хачин” мэдээ дуулдав. Хамгийн түрүүнд хэлэх дургүй “ээ чааваас”-аа хэлж шүүрс алдахад хүрлээ. Юу гэвэл ГХЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлийн 2022 оны 04 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суух консулаар Б.Саруулзаяаг томилохоор шийдвэрлэжээ. Харамсахын тухайд түүний ээж Сүрэнжавын Ариунтуяаг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцэн ӨМӨЗО-ны Хөх хотод суух консулаар томилсон байдаг юм. Тэрбээр Эрээн болон Хөх хотод консулаар ажиллаж байсан туршлагатай байж болох ч хятад хэлийг гайхамшигтай төгс эзэмшээгүй ээж охин хоёрыг, улс орны нөхцөл байдал, харилцааны торгон мэдрэмж шаардсан ийм ээдрээтэй цаг үед нэг улсын, тэр тусмаа Монгол Улстай хамгийн гүн гүнзгий харилцаатай Бээжин, Хөх хотод тус тус консулаар ажиллуулахаар шийдвэрлэсэн арай зохимжгүй гэж бодогдсонгүй юу, Гадаад харилцааны сайд аа? Арай ч ээж охин гэдгийг нь мэдэхгүйгээр нэг улс орны хоёр хотод томилчихсон гэдэгт итгэхгүй юм. “Бүсгүйчүүдийн нууц” л гэж бүү хэлээрэй. Аз жаргалтай цаг үед бол ч дүүрсэн хэрэг гэхсэн. Тэртэй тэргүй томилгооны зарчим алдагдаад удаж байна.
Дахиад асууя, “Яагаад ийм томилгоо хийв”? Улс төрийн нөлөө, эрх мэдэлтнүүдийн татаас түлхээс юу байв гээд үзэхээр Бээжин дэх консул Б.Саруулзаяагийн ээж Хөх хот дахь консул Сүрэнжавын Ариунтуяагийн төрсөн дүү нь Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Сүрэнжавын Хүдэрчулуун байж таарав. Өөр “айхавтар” холбоос олдсонгүй.
Үүнд юунд нь санаа зовинов гэхээр хятад хэлээр тийм ч гайхамшигтай сайн ярьж, бичдэггүй энэ хүмүүс БНХАУ-д Монгол Улсыг төлөөлж томилогдоод хоёр орны харилцааг сайжруулах, хаалттай хилийг нээлгэх ямар бодитой алхам хийж чадах бол? Дээр нь Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа 15 автомашиныг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаж авсан, хуучин машин нийлүүлсэн зэргээр төсвийн хөрөнгийг шамшигдуулсан хэд хэдэн асуудлаар АТГ-т шалгагдаж, Нийслэлийн прокурорын газраас 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2019 оны тавдугаар сард шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэтэл яг нэг жилийн дараа БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон. Гэтэл одоо Бээжинд, Хөх хотод ээж охин консулууд илгээчихлээ. Тэгэхээр урд хөршийнхөн бидэнд ямар хандах вэ гэдгийг бас бодууштай.
Өнөөдөр Ерөнхий сайд, түүний “галыг” өөртөө авч ачааны хүндийг үүрэлцэж яваа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар хилээ нээлгэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Засгийн газрын түвшинд хилээ нээлгэх хэлэлцээ хийхээр ирэх 5 дугаар сард БНХАУ-д айлчлах байсан нь долдугаар сар хүртэл хойшилсныг өчигдөр хотын даргыг телевизийн ярилцлагад оролцож ярих үеэр л сонслоо.
Та бүхэн санаж байгаа бол хятад хэлээр ус цас шиг ярьдаг, харилцааны арвин туршлагатай, улс орныхоо төлөө санаж зорьсон бүхэндээ амжилттай хэлэлцээр хийж сурсан ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат, эдүгээ ОХУ-д Элчин сайдын алба хашиж буй Ө.Энхтүвшин, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан нарыг ээдрээтэй, эгзэгтэй үедээ урд хөршид элчээр илгээж “албан ёсны гацаа”-наас дипломат аргаар үр дүнд хүрч байсан домог шахуу болсон кейсүүд ил, далд олон бий.
Мөн хөрш орнуудад томилж байсан Элчин сайд нарын төгс төгөлдөр, өө сэвгүй намтар, онцгой түүхэн ул мөр, улс төрийн нэр хүнд зэрэг ямар зиндаанд байсан бэ гэдгээс хоёр орны харилцаа, тухайн цаг мөчийн бартаа саадыг давсан түүхэн тэмдэглэлүүд бичигдсэн байдаг. Монголын төр аль улсад, ямар нэр хүндтэй, хэн гэгчийг улсаа төлөөлүүлэн илгээснээс хоёр орны харилцаа төдийгүй тухайн оронд ажиллаж амьдарч байгаа манай иргэдийн нөхцөл байдалд нөлөөлж тусаж байдаг.
Өнгөрсөн богинохон хугацаанд яагаад Элчин сайд Т.Бадрал хилээ нээлгэхийн төлөө дорвитой алхам хийж чадсангүй вэ?
Замын-Үүд-Эрээний боомтоор нэвтрүүлэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын бүтээн байгуулалтыг түргэтгэх, Шивээхүрэн-Сэхээ, Бичиг-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг зэрэг боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээх талаар тэр яг юу хийв? Ийм байхад Боомтын сэргэлт, Боомтын захиргаа, Боомтын зөвлөл, элдэв салаа Ажлын хэсгүүдээр яах билээ? Засгийн газар “толгойдоо” хэчнээн зөв төлөвлөгөөтэй гараанаас гаравч дунд, доод шатанд зорилгоосоо төөрчихөөд байдгийн шалтгаан нь “ургийн мод” гэж хочилсон төрөл садны хэлхээ холбоос, ашиг сонирхлын зөрчилтэй томилгооноос болдог юм биш биз?
Яагаад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг та ийм томилгоо хийсэн тухайгаа олон нийтэд тайлбарлах шаардлагатай болов уу. Мөн АТГ ч “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан” эсэхээ ил болгох шаардлагатай. Үүний өмнөх Хөт хот дахь консулуудын визний наймаа, автомашины худалдаа гэх мэт хууль бус хэрэг явдлуудын тухай хэрүүлийн чимээ тасраагүй байхад ийнхүү “сэвтэй” томилгоо хийх нь нөхцөл байдалд сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлол төрөөгүй гэж үү?


/Үргэлжлэл бий…/

Нийтлэлч: У.Оргилмаа

Д.ОДОНЧИМЭГ: Халдварын үед бид нийгмээрээ ШИНЭ ДАДАЛ, ЗАН ҮЙЛД суралцаж байна
Д.ОДОНЧИМЭГ: Халдварын үед бид нийгмээрээ ШИНЭ ДАДАЛ, ЗАН ҮЙЛД суралцаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.