ОХУ-ын эзэмшилд байсан Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет” нэгдлийн 49 хувийг хууль бусаар тус улсын төрийн мэдлийн “Оростех” компаниас 400 сая ам.доллараар худалдаж авахдаа их хэмжээний мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны эзэн “Сахал” Д.Эрдэнэбилэг болон түүнийг тойрсон хэсэг хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагаа одоо ид дундаа ороод явж байна. Д.Эрдэнэбилэг нь монголчуудыг олон жил тэжээсэн Эрдэнэт болон Монголросцветмет нэгдэлд ноёлохын тулд улс төрийн хүрээллийнхнээс юун түрүүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болоод түүний хуурай дүү гэгддэг, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг мэтийн хүмүүсийг атгандаа хийж авснаас гадна хууль хяналтынхныг ч бас зөвхөн өөртөө ашигтайгаар үйлчлүүлэхэд үг дуугүй, чин үнэнчээр хүчин зүтгэж чаддаг болгож хүмүүжүүлсэн байлаа. Тэгэхдээ мань эр Ц.Элбэгдоржид Эрдэнэтийн 49 хувиасаа 12 хувийг нь бэлэглэхээр тохиролцсон юмсанж. Харин шуналаа даахаа больсон Ц.Элбэгдорж нь шүүгч, прокуроруудын томилгоонд гол үүрэгтэй, хамгийн их нөлөөтэй, одоо ч гэсэн хүссэн зоргоороо тэднийг дарамталсаар байгаа бөгөөд түүний томилсон прокурор, шүүгч нарт “Сахал” Д.Эрдэнэбилэг нь нэжгээд их мөнгө төгрөг амлан тараасан нь өдгөө зах зухаасаа ил болж байна.
Ц.Элбэгдорж нь Д.Дорлигжавыг Ерөнхийлөгчийн Тамгийн газрын даргаар дэргэдээ хэсэг ажиллуулж байгаад Улсын ерөнхий прокуророор томилуулж, дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд болгоод хуулийн салбарыг тэр чигт нь өөрийн харцаар хөдөлгөж эхэлсэн нь “Сахал” Д.Эрдэнэбилэг мэтийн том гарын наймаачдын хулгай, луйвраа хийхэд тун аятайхан нөмөр нөөлөг болжээ. Ялангуяа Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан, түүнийг нь төрд буцааж авах асуудлаар Захиргааны хэргийн шүүх дээр үүссэн хэрэг маргаанд Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нарынх нь гар хөл болсон шүүгч, прокурорууд тун идэвхтэй ажиллаж, “сахал” Д.Эрдэнэбилэгт ашигтайгаар шийдэж өгчээ. Тэдний энэхүү томоохон хуйвалдаанд Мишигийн Батсуурь гэдэг залуу оройлон оролцсон бөгөөд шүүхийн салбарт дөнгөж тав зургаан жил ажиллаад тэдгээр эздийнхээ хүчээр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн болтлоо суга дэвшсэн энэ залуу Эрдэнэтийн 49 хувийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй далд хуйвалдаанаар авсан “Сахал” Д.Эрдэнэбилэг нараас салгаж төрийн мэдэлд авах УИХ, Засгийн газрын шийдвэрийг нулимж хаяад гурван шатны шүүх хуралдаанаас урьд нь өөрийнхөө ажиллаж байсан Худалдаа хөгжлийн банк болон “Монголын зэс” корпорацийн эздэд ашигтайгаар шийдэхэд гол үүрэгтэй оролцсон байна. Тэгээд үүнийхээ шанд аав Д.Мишигийнхээ компанийн данс руу тэдгээр эздээсээ 70 сая ам.доллар шилжүүлж аваад Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт “иргэн Д.Мишиг, Ц.Оюунцэцэг нараас 30 сая төгрөгийн авлагатай” гэж бичсэн байлаа. Д.Мишиг гэдэг нь түүний аав бөгөөд хүү нь тэрхүү авлага гэх нэрээр халхавчлан “сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтнээсээ авч байсан хөлс урамшууллын зөвхөн нэг жижигхэн хэсэг нь энэ биз.
Өдгөө Монголд хамгийн өндөр цалин авч байгаа шүүгч нар нь сүүлийн жилүүдэд иймэрхүү авлига хээл хахуулийн аргаар цулайтлаа баяжиж байна. М.Батсуурь бол тэдний л нэг ажээ. Тиймээс мань эр Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг маргааныг “сахал” Д.Эрдэнэбилэг болон түүний гар хөлийн үзүүрийн золиосны хүн гэгдэж буй “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарт ашигтайгаар шийдэж, өнгөрсөн оны есдүгээр сард Улсын дээд шүүхийн тогтоолыг гаргахад биечлэн оролцсон байна. Ер нь М.Батсуурийн хувьд анх удаагаа ийм томоохон хуйвалдаанд орж буй хэрэг биш юмсанж. Тэрээр Эрдэнэтийн 49 хувийн дуулиан шуугиантай зэрэгцүүлээд Ноён уулын лицензийг тойрсон хэрүүл маргаан Захиргааны хэргийн шүүх дээр шийдэгдэлгүй 49 удаа хойшилж дэлхийд байхгүй муу муухай жишиг тогтоосон тус шүүхийн шүүгчдийн хуйвалдаанаас бас хоцорсонгүй. Өөрөөр хэлбэл, Канадын “Сентера гоулд” компанийнхан Гацууртын алтны ордыг маш хямд аргаар тонож, эртний Хүннүгийн үеийн түүх дурсгал, булш бунхануудыг хэвлийдээ хадгалсаар ирсэн Ноён уулыг юу ч үгүй болтол онгичиж хаяхаар улайрсныг тийнхүү шүүхийн аргаар хөхүүлэн дэмжиж байжээ.
Мөн М.Батсуурь нь анх “Фин сервис” компанийг үүсгэн байгуулан төрийн албыг давхар хашиж байгаад компаниа тухайн үед Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвт шилжүүлжээ. Гэтэл Д.Доржпүрэв нь дулааны гуравдугаар цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх төслийг Н.Алтанхуягийн Засгийн газраас санхүүжүүлсэн “Чингис” бондын 35 сая ам.доллараас нэг сая ам. долларыг хувьдаа завшсан хэрэгт буруутгагдан шалгагдахад М.Батсуурь нь хуулийнхантай ярьж тохиролцон түүнийг хэргээс эвтэйхэн сугалж авсан гэдэг. Угаасаа Д.Доржпүрэв нь энэхүү нэг сая ам.долларыг завшихдаа Хятадын “Human industrial equipment installation” компанитай сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулж, ийм хууль бус гэрээгээр нэг саяыг нь тэрхүү “Фин сервис”компанийнхаа данс руу шилжүүлснийг нь мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэхээс аргагүй байсан боловч тийнхүү аргалаад үлдсэн байв. Магадгүй тэдний ийм их хэмжээний мөнгө дансанд нь эргэлдэж байсныг хожим УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдчихээд “Манай зарим шүүгчдийн дансанд сая ам.доллар байсан шүү дээ” гэж мэдэгдэн шуугиан тарьсан болов уу. Иймд “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг тэргүүтнийг мөрдөн шалгахдаа шүүгч М.Батсуурийг ч бас хамтад нь шалгаж шийдвэл зохилтой болоод байна.
О.Баяр
Шуурхай.мн