Өрийн хямрал айсуй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 16 секунд
	 Өрийн хямрал айсуй

Өрийн хямрал айсуй

 
 

 -Бид хөгжиж буй бусад оронтой өрсөлдөх хэрэг гарч байна-

Хөгжиж буй орнуудын өрийн дарамт асар ихээр нэмэгдэж байгаа нь эдийн засагчдын санааг зовоосоор. Аргагүй л дээ, сүүлийн долоон жилийн хугацаанд хөгжиж буй орнуудын гадаад өр гэрлийн хурдаар нэмэгдсэн. Монгол Улсынх л гэхэд эдүгээ 20.9 тэрбум ам.долларт хүрчхээд байгаа нь 2008 онтой харьцуулахад бараг 10 дахин өндөр үзүүлэлт юм. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чанга байх үед бол гадаад өр нэг их асуудал үүсгэхгүй.

Монголоос жилийн 15-20 хувийн хүүтэй зээл авч байснаас гадаадаас таван хувийн өртөгтэй санхүүжилт татсан нь хэнд ч ашигтай. Тиймээс л АНУ ба бусад хөгжингүй улс мөнгөний хэт зөөлөн бодлого хэрэгжүүлж, олон улсын зах зээлд “хямд мөнгө” босгох аятай нөхцөл бүрдэхэд Монгол ч, бусад хөгжингүй улс ч гадаад өрөө нэмжээ. Гэтэл том том тоонууд том эрсдэлүүдийг дагуулаад ирэв.

ВАЛЮТЫН УРСГАЛ

2008 онд дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын суурийг цутгасан АНУ энэ удаад хөгжиж буй орнуудыг өрийн хямрал руу түлхэж мэдэх нь. Эхнээс нь авч үзвэл, Холбооны нөөцийн банк эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд өдөр шөнөгүй ам.доллар хэвлэж, зах зээлдээ нийлүүлж байснаас тус валютын ханш суларсан. Энэ нь хөгжиж буй орнуудад, тэр дундаа Монголд “алтан боломж” нээж өгсөн шүү дээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид ашиг олохын тулд “хямд доллар”-аа хөгжиж буй зах зээлд байршуулах сонирхолтой болсон. Ингэснээр олон улсын валютын урсгал хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудыг чиглэсэн гэх үү дээ. Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онд оргил цэгтээ буюу 4.7 тэрбум ам.долларт хүрэх тэр үед хөгжиж буй бусад орон ч их хэмжээний ам.доллар “шингээж” байсан хэрэг. Мөн тэр завшааныг ашиглаад манай Засгийн газар Чингис бондоо гаргаж, 1.5 тэрбум ам.доллар босгосон билээ.

Валютын гадагшлах урсгал, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэгүйдэл зөвхөн бидний биш, ихэнх хөгжиж буй орны зовлон аж. Энэ нь улс орнуудын гадаад өрийн дарамтыг нэмж байгаа учраас бүгд л нэг зорилготой ажиллаж байгаа нь тодорхой. Тэр нь валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлж, ханшийг тогтворжуулах.

Харин одоо “хямд доллар”-ын эрин хэдийнэ өндөрлөчхөөд байна. АНУ-ын эдийн засаг сэргэснээр барахгүй эргээд дэлхийн эдийн засгийн “зүтгүүр” болж байгааг ОУВС-гийн мэргэжилтнүүд онцолсон билээ. Америкийн хөдөлмөрийн зах зээл сайжрахын хэрээр Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмнэ гэсэн хүлээлт бий болов. Тэгвэл хөгжиж буй орнуудаас их хэмжээний валютын урсгал гадагшлах төлөвтэйг ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард сануулсан юм. Өөрөөр хэлбэл, АНУ-ын мөнгөний хэт зөөлөн бодлогыг дагаад хөгжиж буй орнуудад бий болсон “алтан боломж” алга болж байна. Эдүгээ хөрөнгө оруулагчид хөгжиж буй зах зээлд “хадгалсан” мөнгөө аваад гараад явах нь. Тэгээд ч хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт удааширч, эрсдэл нэмэгдэж байгаа шүү дээ. Тухайлбал, Хятадын эдийн засгийн өсөлт саарсаар, өнгөрсөн онд 7.4 хувьд хүрсэн нь сүүлийн 24 жилийн доод үзүүлэлт. Тэгвэл энэ жил түүнээс ч дор буюу ердөө долоон хувиар өсөх таамаг бий.

ХАНШИЙН ЭРСДЭЛ

АНУ-ын эдийн засаг хүчээ авахын хэрээр ам.долларын ханш бусад голлох валютын эсрэг чангарч байна. Тухайлбал, ам.долларын спот индекс сүүлийн хагас жилийн хугацаанд 15 орчим хувиар дээшилж, 96.7 нэгжид хүрчээ. Хүчирхэг доллар, хөгжиж буй орнуудын хямд валютын эрин эхэлснийг Чилийн Сангийн сайд асан, Колумбын их сургуулийн профессор Андрес Веласко бичсэн байна. Төгрөгийн ханш л гэхэд сүүлийн гурван жилийн хугацаанд 50 гаруй хувиар унасан. Энэ нь зөвхөн бидний зовлон биш юм. Хөгжиж буй орнуудын хамгийн их арилжаалдаг 20 мөнгөн тэмдэгтийн индекс сүүлийн нэг жилд 15 хувиар сулраад байгааг “Bloomberg” мэдээлжээ. Тэгэхээр, ханшийн зөрүүнээс болж хөгжиж буй орнуудын өрийн дарамт нэмэгдэж байна. Энэ байдал үргэлжилсээр зарим улс зээлийн хүү болон үндсэн төлбөрөө төлж чадахгүйд хүрч, дефолт зарлаж мэдэхийг шинжээчид анхааруулж буй.

Яг энэ зарчмаар өрийн хямрал 1980-аад онд Латин Америкт, 1994 онд Мексикт, 1997 онд Азид, 1998 онд Орост айлчилж байв. 2008-2009 оны санхүүгийн хямрал ч хөгжиж буй орнуудад энэ жишгээр нөлөөлж байлаа. Тухайн үед Монголд ч ам.долларын ханш тэнгэрт хадаж, улмаар Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байсан шүү дээ. Гэвч 2009 онд манай гадаад өр ердөө гурван тэрбум ам.доллар байсан бол одоо долоо дахин нэмэгдчихээд байгааг анхаарах хэрэгтэй. Ямартай ч, энэ удаад хөгжиж буй орнууд дахиад өрийн хямралд автах магадлал өндөр байгааг, тэгэхдээ энэ нь өмнөх хямралуудаас ч өргөн цар хүрээг хамрахаар байгааг А.Веласко онцолжээ.

Учир нь, хөгжиж буй орнуудын гадаад өр түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрчихсэн.

ХАМГААЛАЛТ

Өмнө нь нэг биш удаа өрийн хямралд орж, “хал үзэж, хашир суусан” хөгжиж буй орнууд гадаад валютын нөөцөө зузаатгах зэргээр хамгаалалт босгосныг зарим эдийн засагч тайлбарладаг. Тухайлбал, 1999 онд хөгжиж буй орнуудын гадаад валютын нөөц 659 тэрбум ам.доллар байсан бол эдүгээ 8.1 их наяд ам.долларт хүрснийг Олон улсын валютын сангийн мэдээлэл харуулж буй. Гэвч энэ үзүүлэлт улс орноосоо хамаараад “урттай, богинотой” байгааг А.Веласко сануулжээ. “Хэдэн арав, эсвэл зуун тэрбум ам.долларын нөөцтэй байх нь хамаагүй. Ойрын 12 сарын хугацаанд хэр их хэмжээний гадаад өр төлөх шаардлагатай вэ гэдэг л чухал. Энэ тал дээр улс орнуудын статистик дутмаг байдаг ч богино хугацааны гадаад өр нь хэдийнэ валютын нөөцийнхөө 50 хувиас давсан орнууд олон бий” хэмээн тэрбээр сануулсан байна.

Гэтэл манай Төвбанкны богино хугацаат гадаад өр л гэхэд 1.3 тэрбум ам.доллараас давж, гадаад валютын нөөцөөсөө хэтэрчхээд байгаа нь SOS зарлах үзүүлэлт мөн. Дээрээс нь банкууд болон бусад салбарын богино хугацаат гадаад өр нийлээд 811 сая ам.доллар болж байгаа юм.

“Гадаадаас ам.долларын зээл авсан, орлогоо үндэсний мөнгөн тэмдэгтээр олдог компаниуд санхүүгийн тун бэрх байдалд орохоор байна” хэмээн А.Веласко бичжээ. Ам.доллар төгрөгийн эсрэг чангарахын хэрээр дотоодын компаниудын гадаад өрийн дарамт нэмэгдэнэ. Тухайлбал, өнгөрсөн онд ам.долларын ханш 12 хувиар өссөн гэвэл гаднаас найман хувийн хүүтэй авсан зээлийн өртөг 20 хувьд хүрсэн болж таарах нь.

Ам.долларын ханш тэнгэрт хадаж, үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэж, гадаад өрийн дарамт нэмэгдэхийн хэрээр хөгжиж буй орнуудын гадаад валютын нөөц ч дундрах болжээ. Тухайлбал, өнгөрсөн зун дөрвөн их наяд ам.долларт хүрээд байсан Хятадын гадаад валютын нөөц хагас жилийн дотор 200 тэрбум ам.доллараар хумигдсан байна. Харин Оросынх 25 хувиар буурч, 361 тэрбум ам.доллар болжээ. Тэгвэл Монголын гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар байгаа нь жилийн өмнөхөөс 40 орчим хувиар бага үзүүлэлт юм.

ЭЦЭСТ НЬ

Яагаад бид энд ирчхэв ээ гэж үү? Хөгжиж буй орнууд олон ч удаа өрийн хямралд орж, дахиад тэр алдаагаа давтахгүйн тулд хичээсэн ч нэг зүйлийг анхааралгүй ирсэн байна. Засгийн газрын гадаад өрийг л хязгаарлачихсан байхад ямар ч асуудал үүсэхгүй гэж бодсон нь эндүүрэл болжээ. 1999 онд хөгжиж буй орнуудын Засгийн газрын гадаад өр ДНБ-ийхээ 40 хувьтай тэнцэж байсан бол 2013 онд 26 хувь болтлоо буурсан байв. Гэтэл хувийн компаниудынх нь гадаад өр тэнгэрт хадчихав. Тухайлбал, манай 20.9 тэрбум ам.долларын гадаад өрийн 3.6 тэрбум нь Засгийн газарт, 1.6 тэрбум нь Монголбанкинд ногдож байгаа юм. Харин хувийн хэвшлийнхний гадаад өр асар ихээр нэмэгджээ.

Хятадын эдийн засгийн өсөлт саарсаар байгаа нь ашигт малтмалын үнэ мөд сэргэхгүйн баталгаа болж байна. Дээрээс нь, валютын гадагшлах урсгал, үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэгүйдэл зөвхөн бидний биш, ихэнх хөгжиж буй орны зовлон аж. Энэ нь улс орнуудын гадаад өрийн дарамтыг нэмж байгаа учраас бүгд л нэг зорилготой ажиллаж байгаа нь тодорхой. Тэр нь валютын дотогшлох урсгалыг нэмэгдүүлж, ханшийг тогтворжуулах. Өөрөөр хэлбэл, бидний яриад байгаа импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах нь хөгжиж буй улс бүрийн туйлын зорилго болжээ. Тэр их өрсөлдөөн дунд үр дүнд хүрэхийн тулд илүү их хичээх хэрэгтэй болох нь.

Д.Мөнхчимэг

Засгийн газрын мэдээ

ОНОН ГОЛЫН ГҮҮРИЙГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨД БЭЛЭН БОЛЖЭЭ
ОНОН ГОЛЫН ГҮҮРИЙГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨД БЭЛЭН БОЛЖЭЭ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.