“Хүүхэд насанд хүргэж өгдөг
Галт тэрэг хэрвээ байдаг бол...” гэж эхэлдэг дууг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдээр “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг”-нд суух хувь тохиов. Тодруулбал, таван жилийн ойтойгоо золгож буй “Гранд” сэтгүүлийнхэн энэхүү галт тэрэгний “алтан” тасалбарыг гарт минь атгуулсан юм. Бидний аяллын анхны өртөө Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль байлаа. Үнэнийг хэлэхэд, Толгойтын эцэст оршдог, Улаанбаатарын хамгийн захын сургуулиудын нэг гэж сонсоод гэр хорооллын дундах тохижилт тааруухан сургуулиудын нэг байх нь гэсэн бодол төрсөнөө нуух юун. Гэвч бодит байдал төсөөллөөс хол зөрөв. Хичээлийн хоёр ч байртай, ар талдаа биеийн тамирын том талбайтай, сургууль орчмын автомашины замаа хүртэл тохижуулчихсан сүрхий сургууль ажээ.
Амралтын өдөр байсан хэдий ч сургалт, дугуйлан, спортын тэмцээн, “Мэргэжлээ зөв сонгох нь” арга хэмжээ гээд 65 дугаар сургуулийнхан дуу шуугиантай угтлаа. Уг арга хэмжээг “Гранд” сэтгүүлийн хамт олонтой хамтран зохион байгуулж буй “Язгуур” уран бүтээлийн нэгдлийнхэн ажлаа онцсайн гүйцэтгэж, энэ жил дунд сургуулиа төгсөх 80 сурагчийг яг цагт нь цуглуулсан байв. Жижигхэн биедээ хүндэдсэн цүнх үүрсэн бага ангийнхан бус том мөрөөдөлдөө хөтлүүлэн ирээдүй рүү толгой дээгүүр алхах ахлах ангийнхнаас ер бусын эрч хүч мэдрэгдэж байлаа. “Гранд” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч М.Уранчимэг “Би уртаашаа ганцхан сургууль төгссөн. Учир нь, би мэргэжлээ зөв сонгосон. Мэргэжлээ сонгоно гэдэг амьдралаа сонгоно гэсэн үг шүү” хэмээх сайхан үгээр арга хэмжээг эхлүүлсэн юм.
Сурагчид “Язгуур”-ынхны бүжигт мэндчилгээний үеэр ч, багт хувааж, тэмцээн зохиоход ч, автобусанд суухдаа хүртэл зохион байгуулагчдын үгийг анхааралтай сонсож, тун идэвхтэй бөгөөд эмх цэгцтэй оролцож байсныг олзуурхууштай. Тэдний нүднээс мэдэхсэн гэсэн хүсэл гялалзах агаад арга хэмжээний үеэр “ойлголоо” гэсэн ухаарал харцнаас нь гэрэлтэхийг харах тун ч таатай.
Бидний дараагийн өртөө бол Нэгдүгээр хороололд шинээр сүндэрлэж буй “Хар хорин хүрээ” хороолол байсан юм. Сурагчид энд барилгын ажилтай танилцаж, талбайн инженер Батбилэг болон цахилгааны инженер Баярсайхан нараас мэргэжлийнх нь талаар асууж лавлан, энэхүү мэргэжлийг сонгохоор зорьж буй хүүхдүүд мөрөөдлөө бататгаад амжсан.
Дараагийн өртөөн дээр биднийг ТВ5 телевизийн хамт олон хүлээж байсан бөгөөд сурагчид эфирт зочилж, уран бүтээл өлгийдөн авах үйл явцтай танилцсан юм. Улмаар бид KFC-д зоог барьж, Сүхбаатарын талбайд зургаа татуулан, уралдаан тэмцээн зохион байгуулж, хөгжилдөөд Рояал академийг зорив. Энд Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд биднийг хүлээж байсан юм.
Хошин урлагийн тайзан дээр хэдхэн хормын дотор өч төчнөөн дүрд хувилдаг тэрбээр энэ удаа сурагчидтай уулзмагцаа хүүхэд болчих шиг л санагдсан. Тэрбээр энэ удаа жүжиглэж бус өөдөөс нь итгэл, найдвар, аз жаргал, хайр хүндэтгэл, эрч хүч, хүсэл мөрөөдлөөр гэрэлтсэн нүднүүд цоо ширтэхийн төдийд олон оны тэртээ хоцорсон хүүхэд нас руугаа дүүлээд л хүрчихсэн биз ээ. Сурагчдын энэ л маргаангүй үнэн харц хормын төдийд хүүхэд насанд хүргэх шидтэй юм шүү дээ.
Гэвч Бооёо сурагч дүү нарынхаа дунд хүүхэд шиг “амьдарч”, том хүн шиг зөвлөлөө. Тэрбээр “Хүн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бүтээлч, хөдөлмөрч байх ёстой. Ирээдүйнхээ төлөө зоригтой алхамуудыг хийх хэрэгтэй. Өөртөө ч, өрөөлд ч гомдох хоёр гомдол тээхгүйн тулд өөрөө өөртөө эзэн байх ёстой. Хөл рүү хатгах өвснөөс зүрх рүү хатгах өргөс хатуу. Зүрх рүүгээ хатгуулах өдөр байвч босч ирэх тэсвэр хатуужилтай байх ёстой. Олон салаа замын алингаар нь явах бэ гэдгээ шийдэх хэрэгтэй. Энэ цагаас эхлээд сургалтын төвөө хадгалж яв. Сэтгэлийн дарамтаа багасга. Би хоосон газар хот босгох зарчмаар явсаар л өдийг хүрлээ. Ажил мэргэжил гэдэг бол модны үндэс юм. Өөрөөр хэлбэл ажил мэргэжилтэй чинь цуг аав ээжийнхээ ач хариулах, амьдралын сайн сайхан, гэрэл гэгээ ирнэ” гэх мэтчилэн алт мэт захиасыг дүү нартаа хайрласан юм.
Ийнхүү бид Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргээр бүтэн өдөржин аялж, мэдлэг, мэдээлэл, эрч хүч, урам зориг, уярал, ухаарлыг тээсээр буух буудалдаа ирсэн юм. Харин өдөрлөгт оролцсон сурагчид маань зохион бичлэг бичих даалгавартай буцсан. Учир нь, “Гранд” сэтгүүлийнхэн өдөрлөгт оролцсон 80 сурагчаас хоёрыг нь шалгаруулж, их сургуулийн сургалтын төлбөрийг нь даахаар шийджээ. “Загас барьж өгвөл нэг өдрийн хоол. Харин загас барих аргыг нь заагаад өгвөл нэгэн насны хоол” гэдэг дээ.
Ц.Баттуяа
Эх сурвалж: