Оюутны холбооныхон Э.Бат-үүлийг шүүхэд өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 44 секунд
Оюутны холбооныхон Э.Бат-үүлийг шүүхэд өгчээ

Оюутны холбооныхон Э.Бат-үүлийг шүүхэд өгчээ

Оюутны холбооныхон Э.Бат-үүлийг шүүхэд өгчээ
Өнгөрсөн сарын 15-наас иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо “U-money” цахим картаар зорчих болсон бөгөөд нийслэлийн захиргааны зүгээс уг ажлыг зохион байгуулахдаа хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийг зөрчин оюутныг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулахдаа хязгаарлалт тавьсан. Энэ байдлыг МОХ-ныхон эсэргүүцэн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлсэн ч нааштай хариу сонсоогүй байна. Тиймээс МОХ-ноос нийслэлийн удирдлагуудыг хууль тогтоомж зөрчсөн, алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж хотын дарга Э.Бат-Үүл болон зарим албан тушаалтныг захиргааны хэргийн шүүхэд өгчээ. Энэ талаар МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяртай ярилцлаа. 

-Нийслэлийн захирагч болон холбогдох албан тушаалтныг хууль хяналтын байгууллагад өгсөн үндэслэлээ тодорхой ярина уу? 

-МОХ нь 2003 оноос хойш нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай оюутныг нөхөн олговроор цаг хугацаа харгалзахгүй зорчих ажлыг зохион байгуулсаар ирсэн. Гэтэл энэ жилийн хувьд нийтийн тээврийн системийг өөрчилж цахим хэлбэрт шилжүүлж байгаа гэдэг шалтгаанаар оюутнууд өнөөдрийг хүртэл хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа юм. Тодруулбал, нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй зорчих шаардлагатай оюутныг нөхөн олговроор зорчуулах асуудлыг Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Боловсролын тухай хууль, нийслэлийн ИТХ-ын 2010 оны 6/51 тоот тогтоолоор баталсан журмаар тус тус баталгаажуулсан байдаг. Ингэхдээ оюутан үнэгүй зорчих эрхийн үнэмлэхээ үзүүлэн ямар нэгэн цаг, чиглэл, тоо хязгаарлалтад хамаарахгүйгээр үйлчлүүлнэ гэж тусгасан. Иймээс бид энэхүү хууль дүрмийг зөрчиж байгаа нийслэлийн захирагч Э.Бат-Үүл болон бусад холбогдох албан тушаалтныг шалгуулахаар захиргааны хэргийн шүүхэд өгсөн. 

-Хууль хяналтын байгууллагад хандсаны дараагаар гарах үр дүнг юу гэж харж байгаа вэ? 

-Миний дээр дурдсан хуулиудыг УИХ-аас албан ёсоор цуцлаагүй. Тухайн хуулийг баталсан субьект нь өөрөө цуцлах эрхтэй байдаг. Тиймээс хүчин төгөлдөр байгаа хуулийг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа нь сонин байна. Манай улсын иргэн бүр хуульд захирагдах учиртай биз дээ. Өнөөдөр Монгол Улсад хууль хамгийн дээд талдаа байх ёстой. Гэтэл хуулиасаа давсан шийдвэрийг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд гаргаж байна. 

-Есдүгээр сарын 1-нээс хойш хэчнээн оюутан нийтийн тээврээр зорчиж, нийт хэдэн төгрөг зарцуулаад байна вэ? 

-Өнөөдөр Улаанбаатар хотод 170 мянган оюутан суралцаж байна. Эдгээрээс нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай 113 мянган оюутан байдаг. Үүнээс өнгөрсөн дөрөвдүгээр сард 64 мянга нь автобусаар үнэгүй зорчих эрхийн үнэмлэх болох “Оюутны смарт карт”-аа захиалсан байсан. Харин эдгээр оюутан өнөөдөр нийтийн тээвэрт мөнгө төлж зорчиж байна. Нэг оюутан өдөрт 2000 төгрөгөөр зорчиж байгаа гэж тооцоход өдөрт 226 сая төгрөг, 14 хоногийн хугацаанд ойролцоогоор гурван тэрбум 164 сая төгрөгийг халааснаасаа гаргасан гэсэн үг. Энэ хичээлийн жилд 113 мянган оюутныг 30 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговроор зорчуулна гэдгийг батлаад, нийслэлийн төсөвт суулгасан. Гэтэл нийслэлээс нөхөн олговроор үнэгүй явуулах байтугай эргээд оюутнуудынхаа халааснаас мөнгийг гаргаж буй нь хууль бус зүйл болоод байна. 

-Саяхан ШУТИС-ийн оюутантай мэтгэлцэхдээ таныг зугтсан, түүгээр ч барахгүй тэр оюутныг та шүүхэд өгнө гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ? 

-Тэр оюутныг шүүхэд өгөөгүй. МОХ-ноос хууль дүрмийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард 64 мянган оюутнаас 8900 төгрөг хураан авсан. Гэтэл тухайн үед тэр оюутан нь асуудлыг ойлгоогүй байж хэвлэл мэдээллээр миний болон манай байгууллагын нэр хүндэд халдсан. Гэхдээ миний зүгээс энэ зүйлээ дахин яривал хувь хүн болон байгууллагын нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд хандана гэсэн. Одоогоор тухайн оюутны яриа хөөрөө үргэлжлэхгүй байгаа. Бодвол ойлгосон байх. 

-Тэгвэл 8900 төгрөгийн талаар тодорхой тайлбар өгнө үү? 

-8900 гэдэг бол манай холбооноос гаргаж ирсэн үнэ биш. БСШУЯ, нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобус эрхлэгчдийн холбоо, МОХ харилцан зөвшилцсөний үндсэн дээр гаргаж ирсэн. Энэ тогтоосон үнэд тухайн смарт картны хэвлэлтийн үнэ орсон. Мөн оюутны даатгал, 2015-2016 оны хичээлийн жилд тухайн оюутны смарт картны түгээлт, хяналт, шалгалт, хуулга, наалт гээд хэдэн талаас нийлсэн өртгийн хамгийн бага боломжит ханш нь энэ юм байна гэж тогтоосон. Энэ асуудлыг нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуу Боловсролын асуудал хариуцсан төр захиргааны байгууллага шийднэ гээд хуульдаа заагаад өгчихсөн байгаа. Манай байгууллагыг жилийн жилд л мөнгө идлээ гэсэн асуудал гарч ирдэг. 113 мянган оюутанд энэхүү картыг түгээх ажлыг зөвхөн нэг байгууллага хийдэггүй. Хоёр, гурван зуун хүн гардан хийж, тодорхой хэмжээний урамшуулал авдаг. 

-Танай холбоо нь бусад холбогдох байгууллагатай хамтарч ажиллаж байна уу. Иргэдийн дунд “МҮЭХ, МОХ зэрэг байгууллага аливаа зүйлийг эсэргүүцэж, ганц жагсаал хийгээд ямар ч үр дүнд хүрэхгүй юм” гэх таагүй яриа бий болжээ. Тиймээс танай хоёр байгууллага хамтарч ажиллавал илүү үр дүнд хүрэх юм биш үү? 

-Үйлдвэрчний эвлэлээс манай холбоотой хамтарч ажиллахаар хандсан. Өнөөдөр /өчигдөр/-ийн жагсаалд бид хамтарч оролцохоос татгалзсан. Яагаад гэвэл бидний тавиад байгаа шаардлага бол ямар нэгэн шинэ зүйлийг нэхээгүй. Байгаа хууль, журмынх нь хүрээнд л шийдвэрээ гаргахыг хүсч байгаа. Тиймээс жагсаал цуглаан олон нийтийн арга хэмжээ гэхээсээ илүү хууль хяналтын байгууллагад нь илүү оновчтой байсан. Гэхдээ хуулийн байгууллага нь энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхгүй бол холбогдох байгууллагатай хамтарч жагсаал цуглаан зохион байгуулахгүй гэх газаргүй. Ер нь бид мэргэжлийн хяналт, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газар, Сурагчдын холбоо зэрэг байгууллагатай хамтарч ажилладаг. 

-Нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх хаагдсан, оюутны сургалтын төлбөр нэмэгдсэн зэрэг нь яах ч аргагүй тэмцэх асуудлын нэг. Өнөөдөр оюутнуудад өчнөөн асуудал тулгамдаж байгаа. Тэр бүхнийг танай холбооныхон хэрхэн зохицуулж, шийдэж байна вэ? 

-МОХ-ноос оюутан, суралцагчдынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр өдөр бүр үйл ажиллагаа зохион байгуулдаг. Хэвлэл мэдээллээр гарч, олны анхааралд орсон нь нийтийн тээвэр, сургалтын төлбөртэй холбоотой асуудал. Хамгийн гол нь сургалтын чанар. Оюутнуудын төлж байгаа сургалтын төлбөрт тохирсон хангалттай мэдлэг өгч, эзэмшүүлж чадаж байна уу. Мөн эрүүл мэндийн үйлчилгээг авч чадаж байна уу гэх мэт олон асуудал байна. Эдгээрээс яагаад нийтийн тээврийг онцлоод байна гэхээр хичээл сургалт тасралтгүй үргэлжлэх, өөрөөр хэлбэл оюутан хичээлээ тасалбал тэр оюутан биш болно. Оюутныг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах асуудлыг хууль тогтоомжид оруулж өгснөөр тэднийг мөнгөтэй ч, мөнгөгүй ч хичээлдээ очдог л байх анхны суурь боломжийг бий болгосон төр засгийн шийдвэр шүү дээ. 
 

Ц.ЗАЯА

Н.БАТМӨНХ : Мөр зэрэгцэн алба хааж явсан андын минь талаар буруу мэдээлэл цацаж байгаад харамсаж байна
Н.БАТМӨНХ : Мөр зэрэгцэн алба хааж явсан андын минь талаар буруу мэдээлэл цацаж байгаад харамсаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.