“Дордохын долоо” буюу явцуу бүлэглэлд сэглүүлсэн Үндсэн хууль минь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 22 секунд
“Дордохын долоо” буюу явцуу бүлэглэлд сэглүүлсэн Үндсэн хууль минь

“Дордохын долоо” буюу явцуу бүлэглэлд сэглүүлсэн Үндсэн хууль минь

Энэ өдрүүдэд Ардчилсан шинэ үндсэн хууль баталсны 23 жилийн ой тохиож байна. Соц нийгмээс ардчилал, зах зээлийн харилцаа руу эргэлт буцалтгүйгээр  шилжсэн адармаатай ч амжилт ихтэй,  гэхдээ бас хүнд бэрх сорилтыг туулсан он жилүүд байлаа. Алдаа ч их байв. Улс төрийн хүрээний  хамгийн том алдаа завхрал гэвэл 14 жилийн өмнө Үндсэн хуулиндаа оруулсан долоон өөрчлөлт гэдэгтээ маргах хүн үгүй болов уу. Хуулийн мэргэжилтнүүдийн зарим нь “дордохын долоон өөрчлөлт” гэдэг. Эдгээр өөрчлөлт нь Үндсэн хуулийнхаа 20 орчим заалтыг зөрчсөн байдаг аж. Мөн хууль өргөн барих, батлах зарчмууд бараг бүхэлдээ алдарсан байв. Тухайн үедээ энэ нь бөөн дуулиан тарьсан юм. Ерөнхийлөгч нь хориг тавьж, иргэдийн зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандан маргалдаж гарсан. Үндсэн хуулийн цэц нь дунд, их суудлын хуралдаанаар авч хэлэлцээд өнөөх долоон өөрчлөлтийг үгүй болгосон шийдвэр гаргасан боловч буцаад үгүйсгэгдэж орхисон түүхтэй. Уг нь цэцийн дүгнэлтээр 1992 оны Үндсэн хууль тэр хэвээрээ хэрэгжих байв. Энэ бол 1999 он. Гэвч дараа жил нь шинээр сонгогдсон УИХ-ын үед дахин өргөн бариад түүнийг нь  хүчингүй болгуулсан нь завхрал болжээ. Л.Цог нарын хүмүүс үүнийг “контр хувьсгал” гэдэг. Ухаандаа, хэдхэн хүний оролцоотой явцуу бүлэглэл Үндсэн хуулийг хууль бусаар, хүчээр өөрчилсөн байв. Хууль бус энэ ажиллагаанд тэр үеийн МАХН-ын удирдлага, Н.Энхбаяр тэргүүтнүүд болон одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар идэвхтэй оролцжээ.  

2007 онд байгуулагдсан ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэгч захирлаар ажиллаж буй Д.Мандах гуай энэ талаар нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Энэ хуулийн өөрчлөлтийг өргөн барих эрхтэй субъект нь Үндсэн хуулийн цэц юм. Гэтэл Жасрай гуайн нэртэй бланкан дээр тухайн үеийн МАХН-ын гишүүд гарын үсгээ зураад л өргөн барьчихсан. Баталчихсан. Хэдийгээр үүнд Үндсэн хуулийн цэцээс, Ерөнхийлөгчөөс саналаа өг гэж асуусан ч тэд хоёулаа татгалзсан санал өгсөн байдаг юм. Тэгэхээс ч өөр аргагүй. Даанч хүчээр баталчихсан юм. Парламентаар баталсных нь дараа Ерөнхийлөгч хориг тавьсан ч УИХ хүлээж аваагүй. Одоо үүнийг засах боломжтой хоёр гаргалгаа бий. Нэг бол Үндсэн хуулийн цэц 1999 онд гаргасан манай шийдвэр хүчинтэй гэж хэлэх ёстой. Үгүй гэвэл их суудлын хурлаа дахин хийж долоон өөрчлөлтийг хүчингүй ээ гэж дүгнэлт гаргах хэрэгтэй байгаа юм” гэжээ.

Тэрхүү дордохын долоон өөрчлөлтөөр төр засгийн хуваарилалтын зарчим, төрийн байгуулалтын болон төр жолоодох зарчмыг алдагдуулсан байв. Ерөнхийлөгчийн эрх суларч, УИХ нь 60 хувийн ирцтэй, дийлэнх олонхоороо хэлэлцэж, хууль баталдаг байсан бол одоо 20 гаруй гишүүн кнопдоод л хууль баталчихдаг болсон. Парламент нь жилд 75 хоног хуралдах байсныг болиод 50 хоног хурал болгосон бөгөөд өнөөгийн яригдаад байгаа давхар дээлтэй олон гишүүд ч эндээс төрсөн юм.

Гэхдээ 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн бүх заалт өнөөдөр ч хүчинтэй байгаа” хэмээн хэлэх эрдэмтэн мэрдэг олон бий. 

                        Тэр үеийн баримт сөхөж үзье

Үндсэн хуулийн Цэц “Улсын Их Хурлаас1999 оны 12 дугаар сарын 24-нд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдааҮндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2; 68 дугаар зүйлийн 1; 70 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна гэсэн иргэдийн гомдол”-ыг 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж,иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, Н.Отгон, О.Жамбалдорж нарын гомдлыг хангах үндэслэлтэй байна гэж үзэж,03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон дүгнэлт гаргасан байдаг ажээ. Цэцийн хуралдаандУлсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Р.Гончигдорж, А.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нар оролцсон байна.

 

 

Цэцийн 2000 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоол:

Монгол Улсын Үндсэн хуулийн жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн гучин хоёр, гучин гуравдугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын Их Хурлаас 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт” нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, жаран наймдугаар зүйлийн 1-д заасан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно”, далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2.Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, жаран наймдугаар зүйлийн 1, далдугаар зүйлийн 1 дэх хэсгээс бусад зүйл, заалтын талаар иргэдээс гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Энэ дүгнэлтийг Улсын Их Хурлын хаврын чуулган эхэлснээс хойш 15 хоногт багтаан хэрхэн шйидвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

Үндсэн хуулийн ЦэцээсУлсын Их Хуралд илгээсэн “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай 03 тоот дүгнэлт”-ийг  Улсын Их Хурал2000 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, “Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хууль, Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар дүгнэлт гаргасан тул түүний 03 тоот дүгнэлтийн талаар хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй байх тухай Улсын Их Хурлын ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг магадлан шалгах, дүгнэлт гаргах ямар ч эрх Үндсэн хуулийн Цэцэд байхгүй” гэжүзсэн байна.

 

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж заасан байдаг ажээ.

 

Үндсэн хуулийн Цэцийн 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийних суудлын хуралдаанаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх тухай маргааныг эцэслэн хэлэлцэж, иргэн С.Нарангэрэл, Н.Хайдав, Н.Баасанжав, Д.Чулуунжав, Н.Отгон, О.Жамбалдорж нарын гомдлыг хангах үндэслэлтэй байна гэж үзэж, 02 дугаар тогтоол гаргасан байна. Цэцийн хуралдаанд ... Улсын Их Хурлын төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Шаравдорж оролцжээ. 

 

 

Цэцийн 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн02 дугаар тогтоол:

Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 3, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон: МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨСТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлаас 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт” нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, жаран наймдугаар зүйлийн 1-д заасан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн Цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно”, далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул Улсын Их Хурлын 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосугай.

2.1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн бүх заалт хүчинтэй болохыг дурдсугай.

3.Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн энэхүү шийдвэр нь эцсийн бөгөөд гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

Гэтэл 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр буюу 15 хоногийн дараа Цэцийнхүчингүй болгочихсон Үндсэн хуулийн өөрч­лөл­тийг  УИХ нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар батлан, мөрдөж ирсэн нь хуулийн засаглалтай ардчилсан нийгэмд байж болшгүй зүйл байлаа.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn

Цолоо хураалгасан хурандаа нар гомдолтой байна
Цолоо хураалгасан хурандаа нар гомдолтой байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.