Монголын цагаан сарын ёс заншил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 42 секунд
Монголын цагаан сарын ёс заншил

Монголын цагаан сарын ёс заншил

Битүүлэх ёсон
Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн 30-д тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг.

 

Мөн хүнээс зээлсэн мөнгө зоос, эд мал бавал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн, хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг.

Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гөвж, хог буртагаа цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлтгэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлддэг. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж сайн зүгийн тэнгэр сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаадаг. Ингээд шинэ сайхан хувцасаа өмсөцгөөн гал бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

Хадагтай золгох ёсон
Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг баоьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ злолгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

Хадаг барих ёсон
Монголчудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг.Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина.Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай лоорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

Хадаг барихад хэлэх үг
Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Тдээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгохсон /хадгаа барьж золгоно/
Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барсар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хуруг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа таюихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.

Битүүний зоог
Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юмуу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг.Бууз баншиндаа цаган мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.

Мах буюу ууц тавих ёс
Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэргэдэн талаас нь барьж баруун гараараа өөхөн нурун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал.
Их бүхэл/бүтэн мах, ууц/ тавих журам:

  • Толгой
  • Ууц
  • Өвчүү
  • Хаа
  • Гуя
  • Хүзүүний сээр

Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдэ эхлээд хамар дээрээс нь хуйх авч гаод өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сэр, ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий нь, далны толгой нь, хавирганы толгой тал нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь , шагайтын борвитой тал нь , дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн анхлан хүрээд дараа нь ууццанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас иднэ.

Битүүний орой зул, хүжээ өргөөд унших тарни
Битүүний орой, шинийн 1,2,3,8,15-нд зул хүжээ өргөөд “ум намова гавади базар сараа брамадани дата гадая архади самъяа сам буддава дадъяата ум базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха” гэдэг тарнийг уншаарай.

Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

  • Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.
  • Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.
  • Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээ.
  • Уйлах, хэрэлдэхийг цээрлэ.Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана.
  • Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.
  • Билэг дэмбэрэлтэй үгс хэлэх, мал нядал, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ.
  • Шинэ сарын шинийн 7-нд ах дүү, амраг садан , айлд очиж золгохыг цээрлэ.Эл өдрийг хар өдөр гэдэг учраас ийнхүү цээрлэдэг.
  • Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог аж.
  • Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.
  • Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.
 
 
 
Эх сурвалж: Zaluu.com


 

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ажлаа тайлагнав
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ажлаа тайлагнав
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.