Зөрчлийн тухай хуулийн төслийн онцлох...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 25 секунд
Зөрчлийн тухай хуулийн төслийн онцлох...

Зөрчлийн тухай хуулийн төслийн онцлох...

Улсын Их Хурлын чуулганы /2015.06.25/ үдээс хойших хуралдаанаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар шинээр зөрчилд тооцсон, шийтгэлийг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх талаар шинээр томьёолсон байна.

Мөн 14 насанд хүрсэн, 18 насанд хүрээгүй хувь хүний үйлдсэн зөрчилд түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид торгох шийтгэл хүлээлгэхээр заасныг хасаж, шийтгэлийг бусад этгээдэд халдаан хэрэглэхгүй байх зарчмыг тусгажээ.

Түүнчлэн зөрчил үйлдэгч нь торгуулийг хугацаандаа төлөөгүй бол түүнд оногдуулсан торгуулийн төлөөгүй хэсгийг эрх бүхий албан тушаалтан хоёр дахин нэмэгдүүлэх, нэг зөрчлийг байнга үйлдсэн бол тухайн торгуулийн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, шийтгэл хүлээлгэхээр заасныг хасаж, торгох шийтгэлийг хугацаандаа биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхээр өөрчилсөн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Г.Батхүү, С.Одонтуяа, О.Баасанхүү нар асуулт асууж хариулт авсны дараа Зөрчлийн тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Санал хураалтын шатанд тухайлбал, “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол тухайн зөвшөөрлийг хоёр жилийн хугацаанд дахин олгохгүй”, “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг зөрчлийг байнга үйлдсэн бол эрх хасах шийтгэлийг нэмж хүлээлгэж болно”, “Хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйлийг хохирол нөхөн төлөхөд зарцуулах, эсхүл устгах, шилжүүлэх эсэхийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ”, “Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулан хураах эсэхийг шүүх шийдвэрлэнэ” зэрэг саналууд дэмжигдлээ.

Мөн “Торгох шийтгэлийг биелүүлсэн тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдөнө”, “Жирэмсэн эмэгтэй, эсхүл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, эсхүл тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхгүй”,

“Цэвэр усны алдагдал, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн гэмтлийг тогтоосон хугацаанд засварлаагүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, мансуурсан, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” зэрэг саналыг дэмжсэн юм.

Тодотгоход нэг нэгжийг 2000 төгрөгөөр тооцож байгаа юм байна.

Түүнчлэн “Зохих зөвшөөрөлгүйгээр байгалийн чулууг түүж олборлосон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэсэн нь тодорхой бус байгааг гишүүдийн зүгээс анхааруулж, илүү тодорхой болгож зөв тодотголтой болгох зохицуулалтыг дараагийн хэлэлцүүлгийн шатанд хийх хэрэгтэйг хэллээ.

Мөн хуулийн төслийн 8.2 дугаар зүйлийн “Бусдыг гүтгэх” гэсэн заалтын талаар гишүүд тодорхой саналуудыг хэлсэн. Уг заалтад, ”Хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээллийг нийтийн өмнө ярьсан, бүтээлээр нийтэд үзүүлсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна” гэж заасан байна.

Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, “гүтгэх” гэдэг асуудлыг ул суурьтай ярих хэрэгтэйг хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, “гүтгэх” гэдэг асуудлыг доромжлох, шүүмжлэх гэдгээс ялгаж, салгаж үзэх хэрэгтэй. Зайлшгүй хариуцлага, ёс зүйн асуудал байх ёстой. Нэг талд нь хүн гүтгэж байдаг нөгөө талд нь хүн хохирч байдаг. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана шүү гэдэг үүднээс хүнлэг чанар байх ёстой. Жишээ нь Сэлэнгэ аймагт ажиллаж байсан төрийн албан хаагч эмэгтэйг ДОХ-той гэж бичсэнээр нөхөртөө зодуулж амиа алдсан. Түүнчлэн гишүүд ч мөн янз бүрээр гүтгүүлж байгаа. Эрүүгийн хуулиар хорьдог, эрүү үүсгэдэг байсныг больж Зөрчлийн тухай хуулийн төсөлд оруулж ирж байгаа гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, энэ заалтыг эрүүгийн хуулиас хасч энэ хуулийн төсөлд оруулж ирэхдээ томьёоллын хувьд оновчгүй оруулж ирсэн байна. Хоёрдугаарт зөөлөн, хөнгөн хэлбэрээр оруулж ирсэн байна гэж үзэж байгаа. Монгол хэлэнд “гүтгэх”, “гутаах” гэдэг үг нь өөр агуулгатай. Гарчиг дээр нь “гүтгэх” гэсэн мөртөө доторх агуулгад “гүтгэх” гэдэг үг байхгүй байна. “Гүтгэх” гэхээр хүний огт хийгээгүй зүйлийг хийсэн болгоод ярих асуудлыг хэлэх болов уу гэж ойлгож байгаа бол харин “гутаах” гэхээр муулахтай холбоотой асуудал гэж ойлгож байгаа. “Нэр хугархаар яс хугар” гэсэн үг байдаг. Иймд энэ асуудалд онцгой анхаарах ёстой. Мөн хүн гүтгэсний хариуцлага нь ердөө хоёрхон сая төгрөг байна. Маш их хэмжээгээр гүтгүүлж, гутаалгачихаад энэ хэмжээний мөнгөөр торгуулаад өнгөрч болохгүй гэсэн юм.

Хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулах үеэр гишүүд байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллын тодорхой зүйл, заалтуудын талаар байр сууриа илэрхийлэн санал хэлж, дараагийн хэлэлцүүлгийн шатанд зарим зүйл, заалтыг томьёоллын хувьд засаж залруулж, сайжруулаад явах нь зүйтэй гэж үзсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон байнгын хорооноос дэмжсэн найруулгын санал, байнгын хорооны дэмжээгүй саналаар тус тус санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Топ С.Ариунбилэгийн шинэ хадам төр түшилцэх үү
Топ С.Ариунбилэгийн шинэ хадам төр түшилцэх үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.