Монголын "Банди-зо" тулааны урлагийн талаар Оросын сайтад гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 40 секунд
Монголын “Банди-зо“ тулааны урлагийн талаар Оросын сайтад гарчээ

Монголын “Банди-зо“ тулааны урлагийн талаар Оросын сайтад гарчээ

Кун фу"-гийн нэг төрөл болох "Банди-зо" хэмээгддэг төвд лам нарын нүцгэн гараараа тулалдаг бие хамгаалах  энэ урлаг 1930-аад оныг хүртэл Монголд эд цэцэглэн хөгжиж байжээ.
 
Хүрээ хийдэд залуу лам нар "Банди-зо" хэмээх энэ "Шаолин"-тэй төстэй бие хамгаалах урлагаараа донтон хичээллэх буюу зодолддог байжээ.
 
Маршал Х.Чойбалсан нь тухайн үед лам нарыг ямар нэгэн аюул гаргахаас сэргийлэн "Банди-зо" тулааны урлагаар хичээллэхийг хориглож байжээ.
 
Баримтаар, "Банди-зо" тулалдаан /тэмцээн/ маш түгээмэл байсан ба зарим үед бүтэн өдрөөр үргэлжлэн тулалдаж байжээ.
 
Өмнө нь Монголын 750 гаруй хүрээ хийдэд 120 гаруй мянган лам хуврагууд шавилан сууж Буддын сургааль судалж байжээ.
 
"Банди-зо" тулаанчид хүн амын бараг ¼-ийг цуглуулсан хүрээ хийдийн нэгээс нөгөөд дамжин тулалддаг байжээ.
 
Бараг дацан /хүрээ хийд/ болгонд өөрийн гэсэн сургалт, сургалтын аргатай байсан байна.
 
Түүнээс гадна дацанд /хүрээ хийдэд/ харьяалалгүй ганцаараа улс даяар /Тангад, Түвд, Хятад, Энэтхэг гэх мэт орноор/ хэрэн хэсүүчлэн явдаг олон арван лам нар банди-зо урлагийг маш сайн эзэмшсэн байдаг байна. Тэднийг бадарчин гэж нэрлэдэг. "Бадар"  гэдэг нь Монголоор аялал гэсэн үг.
 
Тэдгээр лам нар шашин шүтлэгээс гадна тулалдах урлагийн янз бүрийн сургалтын техник, хөдөлгөөнд суралцаж, сургаж байжээ. Тэд Хятад, Түвд, Энэтхэг хүртэл явганаар явдаг байсан байна.
 
Зодооноор хичээллэгсэд сэлмээр бас тулалддаг байжээ. Гэхдээ үүний өмнө нь Монголчуудыг Орост ирэхэд нь шулуун биш сэлэмтэй гэдгийг Оросын казакууд анх мэдсэн. Морьтойгоо давхилт дундаа  эргэж зугтах үйлдэл үзүүлэн хүчтэй, хурдтай, онч мэргэн сураар харваж үнэхээр гайхамшгийг үзүүлдэг.
 
Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, Брюс Лигийн бий болгосон "Кун фу"-гийн урсгалын Шиткундогийн бие хамгаалах урлагийн ерөнхийлөгч (Монголын Житкундо холбооны ерөнхийлөгч) хар бүстэй Пүрэвсүрэнгийн Батзоригийн судалгаагаар бадарчингууд Монголын "Банди-зо" тулааны урлагийн гол тээгч дамжуулагчид байсан байна.
 
Түүний судалгаагаар Монголын бадарчингууд "Кун фу"-гийн арга техник дээр өөрийн гэсэн тулалдааны арга барилыг хослуулсан техник ур чадварыг эзэмшсэн байжээ.
 
Ямар ч бадарчин хоёр саваа мод тулж явдаг байсан. Хэрийн аянд дэм  /тулгуурын үүргээс гадна, урц майхан болох гэх мэт/ болохоос гадна халдан довтолсон этгээдээс хамгаалах зэвсэг болдог байжээ. Жишээ нь, хээр худлаа унтаж байгаа дүр үзүүлэн чоно болон нохой ирэхэд хормын төдийд ганц хоёрхон ширвэлтээр цохин агнадаг байжээ.
 
П.Батзориг 1997 онд Вашингтон хотноо болсон Дэлхийн тулааны урлагийн конгрессийн их хуралд оролцсон. Тэрбээр Брюс Лигийн тулааны урлагийн мастер Боб Уайлдтай уулзсан байна.
 
Тэр дэлхийн олон орны, олон үндэсний янз бүрийн тулааны урлагт бүхэл бүтэн Монголын гэсэн тулааны урлаг байдаг гэдгийг мэдээлсэн байна гэжээ.

Энэ тухай Оросын www.moscowmongols.comwww.zabvo.suwww.v8mag.ru зэрэг олон сайтад гарчээ.

МОНГОЛЫН ЖИТКУНДОГИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.БАТЗОРИГ

АНУ РУУ ЯВГАНААР АЯЛСАН "БАДАРЧИН-93" АЯЛЛЫН БАГИЙНХАН

 

1912 оны Маймаа хотын зодоон

Манжийн төр ганхаж эхлэх үед Монгол оронд тариачин хятадуудын тоо бараг 120 мянгад хүрч байсан гэдэг. Нийслэл хүрээнд оршин сууж буй монгол эрчүүдийн дийлэнх нь лам нар байсан бөгөөд 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөс өмнө болсон гурван том зодоонд банди зодоонч “Өвөг” Найдан, “Шар” Гэлэгжамц, Пэрэнлэй, Жүгдэржав нарын дөрвөн хуварга эрс ялгарч байсан ажээ. Амбаны баруун гар болсон хятад түшмэл яваандаа байдал ноцтой хүндэрч иймэрхүү зодоон олон удаа гарч болохыг ухамсарлаад Бээжингээс нударган эрдмийн гарамгай мастеруудыг татан авчирч монгол лам нарын хандыг дарахаар шийдсэн байна. Удалгүй урд газраас амбаны хөсгийг дагасаар тариа ногоо эрхлэх нэрийдлээр зэвсэг тулааны эртний урлагт гүнзгий нэвтэрсэн хорь гаруй хужаа эр орж иржээ.

Тэд ирмэгцээ тухайн үеийн Маймаа хот буюу одоогийн Амгалан хавьцаа байрлаж байсан хятад хорооллын захдуу оромжнуудаа босгож Улиастайн голын эрэг дагуу ногоо тарьж эхэлсэн байна. Харин 1911 онд Сандо амбанг Монголоос хөөж гаргах үед тэд Маймаа хотын хятад наймаачдын дунд үлдчихэж. Ингэж байтал 1912 онтой золгосон байна. Тухайн үед угаасаа манж, хятадуудад өширхөн дургүйцсэн сэтгэл нь үлэмж болоод байсан монголчууд Сандо амбангаас үлдэж хоцорсон хэдэн хятадыг гол ус бузарлалаа гэсэн шалтгаанаар хашраахаар шийдэж арваад морьтой залуу ташуур далайж очсон байна. Гэвч ердөө гуравхан хужаа л ногоо тарьж байсан тул залуусыг толгойлж очсон “Хөмхий” Дугар гэгч “Цөмөөрөө эд нарыг нүцгэлж халгайгаар гуядаад хөөчихъе” гэсэн шийд гаргажээ. Хөөрсөн залуусын зарим нь мориноосоо буугаад л түрийнээсээ хутга сугалан “Муусайн шоохуузнууд хувцсаа тайл” гэж орилсон боловч цаадуул нь өчүүхэн ч хөдөлсөнгүй.

“Яасан их зантай ямаан сахалтанууд вэ” гэсээр нэг нь ташуураа далайгаад хамгийн захад зогсож байсан туранхай хөх эр лүү дүүлэн очтол нүдэнд нь итгэмээргүй зүйл болж ширэг ногоон зүлгэн дээр хүнтэй морьтойгоо харуулдаад уначихсан байна. Туранхай хятад ганцхан зайлах шиг болоод л хуруугаараа мориных нь эгэм рүү чичээд унагачих шиг бусдад нь харагдсан гэдэг. Уур нь хүрсэн залуус цөм мориндоо мордож бөөнөөрөө ташуураа далайн дайрч орсон боловч хужаа нар үл ялигхан хөдөлгөөн хийхэд л бас дөрөв таван эр морьтойгоо хамт нуран унасан аж. Толгойлж очсон “Хөмхий” Дугар нэг хужаагийн далан дундуур буулгаад орхитол нөгөөх нь ташуурынх нь үзүүрээс барьж авангуутаа эмээл дээрээс нь хуу татан толгой дээгүүрээ өргөөд тээр хол пидхийтэл нь чулуудаж орхих нь тэр. Дугар арайхийн босч ирсэнээ бүснээсээ хэт хутгаа суга татан дайрч орвол мөнөөх хятад доошоо суух шиг болоод л гүйсэн эрчинд нь дахиад л толгой дээгүүрээ гурав дөрөв эргэлдүүлэн нисгээд тээр хол түрүүлгээ харуулдан унатал шидэж орхижээ. Энэ удаа Дугар босч ирсэнгүй.

Харин нэг залуу хутгаа сугалан хамгийн ойр байсан хужаа руу шидэж орхитол цаадах нь урдаас нь зүгээр л тосоод барьж авсан байна. Дөрөвхөн муу хужааг дөнгөх гэж очоод өөрсдөө ёстой хэмх нүдүүлж ухаангүй нэгнийгээ морин дээр дүүрч ирсэн тухай яриа монголчуудын цөсийг хөөргөж орхижээ. Маргааш нь Улиастайн гол дээр арав гаруй хужаа ажиллаж байхад наанаас нь морьтой явган нийлсэн зуугаад хүн хүрч очсон гэдэг. Гэвч нөгөө хятадууд хүний олноос айж эмээсэнгүй, харин ч урдаас нь саваа мод эргэлдүүлэн зодолдож, биедээ бараг хүн хүргэхгүй атлаа хорь орчим залуусын толгой тархи, хөл гарыг хуга цохин гэмтээж, сүүлдээ аргагүй хүний олонд шахагдан хөөгдсөөр Амгалан дахь хятад хороолол руу орсоноор хүрз, жоотуугаар зэвсэглэсэн наймаачин хятадуудаар хүчээ сэлбэсэн байна. Ингэж түүхэнд Маймаа хотын зодоон гэж нэрлэгдсэн хятад, монголчуудын томоохон мөргөлдөөн эхэлсэн ажээ. Хувьсгалын үед гарсан түүхийн сурах бичигт энэ зодооныг пүүсийн өр авлагад дургүйцсэн ядуу ардуудын тэмцэл мэтээр дурдсан байдаг.

Уг чанартаа манж, хятадуудыг эх нутгаасаа бүрмөсөн хөөж гаргах гэсэн олны дургүйцэл хүрээнд асар ихээр нэмэгдсэнээр дээрхи мөргөлдөөн гарсан байна. Зодоон олныг хамран хавтгайрах үед Гандангийн дэнжээс ар халхын цуутай нударган зодоонч болох “Өвөг” Найдан, “Хар” Дэмчиг нар хүрэлцэн иржээ. Хүрээний нударган зодоончид олны дотроос үнэхээр ялгарч байсан байна. Тэд Хятадын кунфугийн мастеруудыг сонгон авч түлээ модоор зодолдон, хөл гар нь сэнс шиг үзэгдэж харагдахгүй эргэлдэж байсан тухай нүдээр үзсэн хүмүүс хожим нь ярьж байжээ. Амарсанаа, Чингүнжавын бослогоос хойш Хятад, Монголын гардан тулалдах урлаг ийнхүү анх удаа халз тулгарсан түүхтэй. Энэхүү зодоонд хожим Архангайн Зая бандид гэгээний бие хамгаалагч болсон хуварга Дашванчиг гоц тодрон ялгарч хятадуудыг толгойлж байсан их мастертай халз тулаан хийжээ. Тэр хужаа өөр лүүгээ дайрсан монголчуудыг дөрвөн мөчөөрөө үсэрч ойчтол нь өшиглөн унагаж, агаарт маш өндөр эргэлдэн бууж сүрийг үзүүлж байсан гэдэг. Хийдийн банди зодоон, Шаолиний бясалгал, Түвдийн даяанч архадуудын нууц эрдэмд суралцсан хуварга Дашванчиг түүний өмнө очиж зогсоод алгаа хавсран залбирсанаа хөлөөрөө бүжиглэж буй тогоруу шиг өшиглөн, цовхорч байгаа адуу шиг нударгаараа цавчлан дайрч очсоноо гэнэт хөдөлгөөнгүй зогтусаад хуруугаараа ганцхан удаа л чичсэн гэдэг.

Гүрээнийхээ судас руу чичүүлсэн хятад мастер амнаас нь бөөн цус гарч ирээд л газар дээрээ нам унасан байна. Нөгөө хятадууд ч ахлагчаа үхэхийг хармагц муухай чарлан биенээсээ тохой хэрийн сэлэм сугалж гаргаад Дашванчиг рүү цөмөөрөө довтолжээ. Гэвч тэрбээр өчүүхэн ч сандарсан шинжгүй сэлэмнээс нь зулзаган хус нахилзах лугаа бултан зайлаад хөлөөрөө тойруулан өшиглөсөөр бүгдийг нь тэрий хадуулж байсан гэдэг. Ийнхүү жижиг чулуугаар том хадыг байрнаас нь ховхлон унагасны дараа зодоонч хуварга Дашванчигийг 5-р Зая бандид Жамбалдорж өөрийн бие хамгаалагч, амь сахигчаа болгож авсан түүхтэй аж. Барын сүүл мөрөн дээгүүрээ тохож атгасан сүрлэг бие хамгаалагч Заяын гэгээний дэргэд 1930 оныг хүртэл шадарлан дагалдсаар иржээ.

Зая гэгээн ардын намынханд баригдахаасаа өмнө Дашванчиг хуваргад “Намайг орхиж зүсээ буруулан эхнэр хүүхэд авч амьдар” гэж лүндэн буулгасан байна. Тэрбээр одооны Архангай аймгийн Хотонт сумын нутагт очиж хар болон эхнэр аваад таван хүүхдийн эцэг болж эгэл жирийн амьдарсаар 1950-иад оны сүүлээр нас барсан ажээ. Одоо түүний ач хүү нь болох Ловон лам Доржцэвээн нутагтаа сүм хийд босгож өвөг эцгийнхээ үйл хэргийг залгамжлан бурхан номын үйлсэд зүтгэж явна.

Эх сурвалж: "20-Р ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХЭНД ГАРСАН ЦУУТАЙ ЗОДООНУУД" номноос авав.

 
 
Э.Бат-Үүлийн хүүгийн булхайг шүүх илчиллээ
Э.Бат-Үүлийн хүүгийн булхайг шүүх илчиллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.