Э.Бат-Үүлийн амьдралд нийцэхгүй шийдвэр олны дургүйцлийг хүргэж эхлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 42 секунд
Э.Бат-Үүлийн амьдралд нийцэхгүй шийдвэр олны дургүйцлийг хүргэж эхлэв

Э.Бат-Үүлийн амьдралд нийцэхгүй шийдвэр олны дургүйцлийг хүргэж эхлэв

        Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлчүүдийн амьдрах эрхэнд халдаж, Үндсэн хуулийг зөрчсөн шийдвэрийг гаргав. Тэрбээр өчигдөр сая гаруй хүн амтай хотоо АСЕМ-ын уулзалтад бэлтгэж эхэлснийг дуулгаад иргэддээ зориулан уриалга гаргажээ. Уриалгадаа энэ зуныг өнгөртөл халуун, хүйтэн усгүй байхыг анхааруулаад онцын шаардлагагүй бол хувийнхаа машиныг уналгүй нийтийн тээврээр зорчиж байхыг дурдсан байна. Бас бүх зогсоолыг төлбөртэй болгочих учраас машинаа унаж ирэх, үгүйгээ та өөрөө л мэд гэх утгатай зүйлийг хэлжээ. Түүний хэлж буйгаар машины зогсоолуудыг төлбөртэй болгох ажлыг эрчимтэй хийж эхэлсэн гэнэ. Цаашлаад иргэдийг зуны амралтаа нийслэлээс гарч хөдөө хээр өнгөрөөхийг хүссэн байх юм. Гэхдээ эрхэм даргын энэхүү уриалга иргэдэд ухамсар бус уцаар төрүүлэв. Арга ч үгүй юм. Түүний уриалгыг мөрдлөгө болгож амьдарвал нийслэлчүүд энэ зуны хугацаанд гэртээ усгүйдэж, гадаа явгарч бүр сүүлдээ хотод амьдарч болохгүй нөхцөл байдалд орж мэдэхээр байна шүү дээ. Орчин үеийн их хотын иргэд өнөөдөр хананаасаа халуун усгүй, усанд орж, хувцсаа угааж болохгүй, цахилгааны мөнхийн хязгаарлалтад өртөж, машинаа ч унах эрхгүй амьдарч буй нь он, тооллоор хэдэн зуун урагшилсан мэт сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байна.

 

Нэг их удалгүй нийслэлээр дүүрэн өрвийсэн үс, зүстэй хүн нааш явган гүйлдэж эхэлбэл гайхаад байх зүйлгүй болох нь.

 

Тэгээд дээрээс нь хөдөө яв гэнэ. Хүн хаана амьдрах, амрахаа өөрөө сонгох эрхтэй. Эрхэм даргын хэлэх дуртай “шаардлагатай бол” гэдэг үгийн дагуу бол хүн шаардлагатай болоод хотод байгаа. Цаашилбал нийслэлчүүд  халуун усанд орж хувцсаа цэвэрлэж өмсөөд машинаа унаж ажлаа амжуулах зайлшгүй шаардлагатай. Тэд зайлшгүй шаардлагын үүднээс хотод амьдарч, усанд орж, машин унадаг. Шаардлагагүй зүйл нэг ч үгүй. Ямартай ч хотын даргын “ачаар” ойрын хоёр сар тулаа хийж амьдрах нь. Энэ сарын 15-аас наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ялгаварлаж, замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарчихаж. Ингэснээр долоо хоногийн нэг өдөр биш дөрвөн хоногоор машинаа хашаандаа сойх нь. Хэрвээ шинэ журам үйлчилж эхэлбэл хоёр сарын хугацаанд 24 хоног замын хөдөлгөөнд оролцохгүй болж таарч байна. Харин энэ хугацаанд яваагүй өдрийнхөө мөнгийг хасч татвараа төлье гэх хүмүүс ч олон байна.  

 

Таны малийтлаа инээсэн зурагтай “Сайхан зусч байна уу нийслэлчүүдээ” гэж эхлүүлсэн уриалга тань биднийг тавлаж буйтай ялгаа алга. Сайхан зусаагүйн шалтгааныг дээрхээс мэдсэн биз.  Тэр бүү хэл таны уриалга үндсэн хууль дахь  “Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны, бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалттай зөрчилдөж байгаг дуулгая. Хүмүүс амралтаа авсан тохиолдолд таныг уриалсан, уриалаагүй энэ бохир хотоос зугтаж хөдөө явцгаадаг. Хэрвээ хүмүүсийг энд амьдруулах дургүй байгаа бол цалинтай чөлөө өгчих. Тэгвэл хөдөө очоод амьдарчихъя зүгээр. Тэр хооронд шугам сүлжээгээ засна биз.

 

 Машины зогсоолоо бэлдээгүй байж торгуулийн хуудсаа өөдөөс барьдагаасаа хэтийдээд одоо бүр цөөхөн хэдэн зогсоолоо төлбөртэй болгож дарамталж байна. Зун цаг богино, хугацаа бага гэдгийг бид мэднэ. Энэ хугацаанд засварын ажлаа хийх ёстой ч хэлүүлэлтгүй ойлгоно. Гэхдээ зуны улиралд гадны жуулчид манайд хотод хамгийн ихээр ирдэг гэдгийг бас санах хэрэгтэй. Гэтэл гадныхныг ундуй, сундуй энд, тэнд ухаж, орхиод хаясан нүх, хуулаад тавьсан зам, сэндийчээд онгичсон явган хүний зам, халуун усгүй зочид буудлаар угтвал нөгөө АСЕМ-ыг жилийн дараа зохион байгуулах гэж буй улсын бэлтгэл хэр байгааг жинхэнэ харуулаад өгөх биз.  Сирийн иргэний дайны тухай сурвалжлагын зураг авч болмоор дүр төрхийг гадны жуулчид харах тийм ч дуртай байхгүй биз. Та бүхэн санаж байвал нэг сарын өмнө шинээр тавьсан явган хүний замыг өнөөдөр дулааны шугам, сүлжээ засварлах нэрийдлээр эвдэж, сүйтгэж орхидог шүү дээ. Энэ бол нийслэлийнхний ажлаа хийдэг арга барил нь. Хотын тохижилт, бүтээн байгуулалтын ажлаа иргэдэд хал, балтай хийдэг үеэсээ салмаар байна. Ядаж л тохижилтын ажлаа иргэдийг хохироолгүйгээр хийж сурмаар байх юм.  Бид бүтээн байгуулалтыг дэмжинэ. Гэхдээ бидний эрхийг бас хотын удирдлагууд хүндэтгэх хэрэгтэй. Иргэдийг хохироохгүй байх ажлын арга барилд суралцах цаг нь болсон.  

 

Нөгөөтэйгүүр АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэгт орсон хотын дарга маань энэ уулзалтдаа бэлтгэхийн тулд бас л иргэдийг хохироосон шийдвэр гаргасан нь зогсоолуудын төлбөр. Зогсоолуудаа төлбөртэй болгож байж АСЕМ-д зарах мөнгөө олж байгаа нь энэ үү. Тус уулзалтыг зохион байгуулахад 50 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг. Үүнээс 5 тэрбумыг нь л УИХ баталсан. Харин үлдсэн мөнгийг нь иргэдийн халааснаас авахаар улайрч эхэлж. Улс орныхоо бодит байдлыг харгалзаж үзэлгүйгээр АСЕМ-ийг зохион байгуулах эрхийг чирээд ирсний үрийг монголчууд эхнээсээ үүрч эхэлсний илрэл нь Хотын даргын уриалга болж байна.

 

Тэрбээр энэ бүгдийг тэвчихийг иргэдээсээ хүсчээ. За ингээд бүгдээрээ тэвчээд АСЕМ-даа бэлдээд байж дээ.

Т.Энхэлээ

ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.