Ц.Уранчимэг: Машин угаалгын газруудад хаягдал усаа цэвэршүүлээд дахин ашиглах технологийг нэвтрүүлэх шаардлагыг тавьж байгаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 54 секунд
Ц.Уранчимэг: Машин угаалгын газруудад хаягдал усаа цэвэршүүлээд дахин ашиглах технологийг нэвтрүүлэх шаардлагыг тавьж байгаа

Ц.Уранчимэг: Машин угаалгын газруудад хаягдал усаа цэвэршүүлээд дахин ашиглах технологийг нэвтрүүлэх шаардлагыг тавьж байгаа

"Автомашин угаалгын газруудад цэвэр усаар машин угаахыг хориглоно" хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдээд буй. Энэ асуудлыг тус яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэгээс тодрууллаа.

- Цэвэр усаар машин угаахыг хориглох шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

- Усны агентлаг болон Ус сувгийн удирдах газрынхан өнөөдөр газар дээр нь явж ажиллаж байна. ААН-үүдэд шаардлагаа хүргүүлнэ. Машин угаалгын үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд цэвэр ус ашиглахыг шууд хориглох нь аль аль талдаа хэцүү. Зөвшөөрлөө нийслэлээс авдаг. Тиймээс яаралтай арга хэмжээ авах нийслэлтэй хамтарсан ажлын хэсэг гаргаад байна.

2020-2021 онд цэвэр усаар машин угаахгүй, саарал усаар угаах ажлыг эхлүүлээд амжилттай явж байсан. 34 ААН техник, тоног төхөөрөмжөө шинэчилсэн. Цар тахлын улмаас энэ ажил зогссон.

Хамгийн гол нь машин угаадаг компаниудад ус цэвэршүүлээд дахин ашиглах стандартаа мөрдөх, усны хэмнэлтийг бий болгох шаардлагыг тавьж байгаа юм.

-Машин угаадаг компаниуд цэвэр ус ашиглахгүй юм бол ямар усыг ашиглах вэ?

- Эхний ээлжид цэвэр усаа ашиглачхаад буцаагаад цэвэршүүлэн ашиглах технологийг нэвтрүүлээчээ гээд байгаа юм. Түүнээс биш энд тэндээс ямар ус авч машин угаах вэ гэдэг асуудал байхгүй.

Улаанбаатар хотын хэмжээнд машин угаалгын үйл ажиллагаа эрхэлдэг 152 ААН байдаг. Үүнээс 133 нь Ус сувгийн шугам рүү хаягдал усаа шууд нийлүүлдэг. Тэгэхээр хаягдал усаа шууд нийлүүлэхгүйгээр цэвэршүүлээд дахин ашиглах технологийг нэвтрүүлэхийг машин угаалгын газруудад уриалж байгаа юм.

Жилд 150,000 метр куб усыг угаалгын газрууд ашигладаг гэсэн дүгнэлт УСУГ-аас гарч байна. ААН-үүдийн цэвэр ус ашиглаж байгаа болон хаягдал усны төлбөр гардаг. Тухайлбал, хуулиараа хаягдал усны төлбөрт жилд 18.2 сая төгрөг төлж байгаа.

MCS, АПУ компани ус дахин ашиглах технологийг нэвтрүүлчхээд байгаа. Энэ бол том хөрөнгө оруулалт.

Цэвэрлэх байгууламж буюу усыг дахин цэвэршүүлэх тоног төхөөрөмж жижиг оврынх 20-30 сая, дунд оврынх 70-80 сая төгрөгийн үнэтэй. Энэ технологийг нэвтрүүлчихвэл өнөөдөр үнэтэй тусаж байгаа ч нийгмийн хариуцлагын хүрээнд болон байгаль орчинд ээлтэй маш том хөрөнгө оруулалт болно. Урт хугацаандаа урсгал зардал нь хямд болно.

Нэг машин угаахад крантаа онгойлгоод цэвэр ус ашиглаж байна. Үүнийгээ болиод өмнө ашигласан усаа буцаагаад ашиглах системийг нэвтрүүлчихвэл цэвэр усны хэмнэлттэй болно.

-Машин угаалгын үйлчилгээ эрхэлдэг зарим компани ус дахин цэвэршүүлэх үнэтэй тоног төхөөрөмжийг авч чадахгүй байж болох. Энэ технологийг нэвтрүүлэхэд ААН-үүдийг дэмжих үү?

-Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж байгаа ААН-ийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх Засгийн газрын тогтоол байдаг.

Энэ дагуу хүн амын ундны усны, газар тариалангийн усалгааны системүүдийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлж байгаа. Нэмэлтээр ус дахин цэвэршүүлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх талаар Сангийн яамтай хамтарч ажиллаж байна.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар 3.2 тэрбум төгрөг улсын төсөвт ороод байгаа. Хаврын чуулганаар уг хуульд хаягдал усны энэхүү төлбөрийг буцаагаад хаягдал усыг дахин ашиглах техник, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт буюу ногоон зээл, урамшуулал зэрэгт өгдөг болох нэмэлт өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, хаягдал усыг дахин ашиглах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийг ногоон зээлд хамруулдаг болгохоор ажлын хэсэг гарсан.

Ирээдүйд тулгамдах маш том асуудал цэвэр усны нөөцийн хомстол. Цаашид зочид буудал, бассейны үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд усыг дахин ашигладаг системтэй болохыг уриалж байна.

БХБЯ-ны саарал усны системийн ерөнхий стандарт байдаг. Энэ стандартаа шинэ бүтээн байгуулалтуудад мөрдүүлэх дэд бүтцийг шийдэж өгөх саналыг тавьж байна.

СЭЛЭНГЭЧҮҮДДЭЭ ТУСЛАХ ''СЭТГЭЛИЙН ДЭМ'' ХАНДИВЫН АЯНГ ЭХЛҮҮЛЖЭЭ
СЭЛЭНГЭЧҮҮДДЭЭ ТУСЛАХ ''СЭТГЭЛИЙН ДЭМ'' ХАНДИВЫН АЯНГ ЭХЛҮҮЛЖЭЭ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.