Өчигдөр нээлтээ хийсэн УИХ-ын хаврын чуулган дээр Таван толгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүй, хариуцлагагүй хандсан сайд нарыг огцруулна гэсэн З.Энхболд даргын мэдэгдэл ихээхэн доргио үүсгэв бололтой. УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж, эцэст нь З.Энхболдын шаардсан ёсоор Таван толгойн гэрээний асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо. УИХ-ын гишүүд гэрээг хэрхэн авч үзэх нь одоогоор бүрхэг байна. Ямартай ч Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хариуцаж буй ажлын хэсгийн ахлагч Монгол улсын сайд М.Энхсайхан “Энэ гэрээнд талууд гарын үсгээ зурахад бэлэн болоод байгаа. Засгийн газрын хуралдаанд оруулна. Таван толгойн хөрөнгө оруулагчаар шалгарсан Шинхуа, Сумитомо компаниудаас гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий хүмүүс нь ирээд байна” гэлээ. Өөрөөр хэлбэл, Таван толгойн гэрээг эцэслэн батлахад бэлэн болжээ. Гэвч маргаантай зүйл цөөнгүй байна. Таван толгойд бүтэн зургаан жил гаруй үргэлжилсэн эрх мэдэлтэнүүдийн “зодоон” хэрхэн төгсөхийг харах хугацаа харин нэлээд ойртжээ.
Монгол улсын иргэдэд олгох Эрдэнэс Таван толгой ХК-ийн хувьцаа хамгийн их анхаарал татаж байна. Иргэдэд амласан тэрхүү хувьцааг улс төрийн шоугаар иргэдийн нэлээд хэсэг нь Засгийн газарт буцаагаад худалдахаар болсон ч төлбөр төлөгдөөгүй. Хишиг хувь ч хүртээгүй. Хүртэх нь байтугай Таван толгой хөрөнгө оруулагчдаа үргээсээр өдий хүрсэн. Анх 2011 онд Таван толгойгоос иргэн бүрд 1072 ширхэг хувьцаа олгохоор зарласан. Үүнээс хувьцаагаа төрд нь буцааж өгөөд мөнгөө авахыг хүссэн 1.2 сая иргэн өргөдлөө өгсөн байв. Одоо энэ мөнгө бас байхгүй байгаа. Ойролцоогоор 1.2 тэрбум ширхэг хувьцааны үнэд иргэддээ төрөөс 1.1 их наяд төгрөг өгөх тооцоо бий. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Өргөдлийн байнгын хорооныхоо тогтоолыг гарган хувьцааны эдгээр асуудлаа шийдэхийг Засгийн газарт чиглэл болгож, хаврын чуулганаар үр дүнг ссонсохоор болсон. Гэвч түүнийг Х.Тэмүүжин гишүүн “Эдийн засгийн байнгын хорооны чиг үүргийн ажлыг шүүрч авлаа” хэмээн баалж байна. О.Баасанхүүгийн хувьд иргэддээ хувьцааг өгүүлэх гэсэн нь сайн хэрэг. 2012 оны сонгуулийн өмнө иргэддээ таалагдахыг хүссэн өнөөх популистууд 1072 ширхэг хувьцаагаа Засгийн газарт тушааж 1 сая төгрөг ав” хэмээн хошгируулж байгаад хувьцааг нь хамж аваад мөнгийг нь өгөөгүйгээс одоо маргаан үүсээд байгаа нь энэ. Үүнийг УИХ дээр ярихаас аргагүй. М.Энхсайхан сайд хөрөнгө оруулагчдын хэлэлцээр эхлэхээс өмнө “Хувьцааны талаар УИХ дээр яригдана” гэж байсан. Ер нь мөнгийг нь өгнө гээд молиго үмхүүлсэн хувьцаагаа буцааж өгөх эсэхээ Засгийн газар бодитой шийдэхгүй бол болохгүй.
Өөр нэг эргэлзээтэй зүйл бол Таван толгойг ашиглах уралдаант шалгаруулалтанд дотоодын хөрөнгө оруулагч ялсан хэмээн М.Энхсайхан сайд удаа дараа мэдэгдээд байсан нь худал болсон уу гэдэг асуудал юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт УИХ-ын дарга, дэд нараас илгээсэн бичигт ММС, Шинхау компаниудыг үндэсний компани биш гэсэн. Энэ талаар С.Ганбаатар гишүүн ч бас их тодорхой хэлжээ. Тэрбээр, Таван толгойн хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалтанд ялсан гэх хөрөнгө оруулагчдын дотор хуулийн шаардлага хангасан дотоодын хөрөнгө оруулагч байхгүй байна гэв. Таван толгойг ашиглах төслийн компанийн 51 хувийг Кайман аралд байгуулагдсан Хонгконгийн биржид бүртгэлтэй ММС, 49 хувь нь Хятадын төрийн өмчит Шинхуа компани гэдгийг тэр давхар баталж байна. Түүний албан бичгийн төгсгөлд “М.Энхсайхан нь Англи улсын эзэмшлийн Кайман арлын ММС компанид хувь эзэмшиж байгаа Эм Си Эс холдинг /43.7 хувь/, ХХБ /5.5 хувь/, Шинхуа групп /49 хувь/, Петровис /3.6 хувь/ компаниудыг дотоодын хөрөнгө оруулагч гэсэн тайлбар хийж байгаа нь хууль бус гэж үзэж байна” гэжээ. Гэвч М.Энхсайхан сайд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярилцаад хууль ёсных гэж үзсэн. Гэрээг Засгийн газар дангаараа даагаад явах бололцоотой” гээд байгаа. Аль нь үнэн бэ. Ийм салаа утгатай “Таавар” таалгах хэрэг юу байв, энэ эрхмүүдэд.
Таван толгойн гэрээг хэрхэн байгуулж буйг сурвалжлахаар гадаадын сэтгүүлчид ч Монголд аль хэдийнээ хөлж тавьжээ. Иймээс эдгээр маргаантай зүйлсээ УИХ нэг мөр цэгцэлж, олон жил үргэлжилсэн “зодооноо” өндөрлөхөөс өөр замгүй болж байна.
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn