С.БАЯР: Хулантай танилцсан маань намайг болон миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн дээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 51 секунд
С.БАЯР: Хулантай танилцсан маань намайг болон миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн дээ

С.БАЯР: Хулантай танилцсан маань намайг болон миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн дээ

С.Баяр энэ ярилцлагыг 2003 оны хоёрдугаар сарын хоринд Оросын томоохон сонины нэг “Известия”-д өгчээ. Ярилцлагыг Монголд олон жил “Известия” сонины сурвалжлагчаар ажиллаж монголчуудыг арван хуруу шигээ мэддэг болсон нэртэй сэтгүүлч Леонид Шинкарев авсан байна.

- Монголчуудын нэг юмыг би гайхаад бардаггүй. Улс төрийн өрсөлдөгчид нь хоорондоо барилцаж уралцаж байхын оронд бие биеэ уран егөө үгээр явуулж, цаашлуулж байх нь тун түгээмэл. Эрс, түс тас харилцаа шаарддаг орчинд монголчууд харин ч дороо суурьтай, дотроо бодолтой ханддаг юм шиг ээ. 
- Бүгдээрээ ч тийм биш л байх, гэхдээ ерөнхий дүн нурууг нь та зөв ажигласан байна. Нүүдлийн амьдралын хэв маягаас бидэнд үлдсэн нэг зүйл энэ л дээ. Өөрөөр хэлбэл нүүдэлчдийн хувьд хүмүүс хоорондоо харилцана гэдэг өөрөө үнэ цэнэтэй зүйл юм. Хэдэн сараар хүний бараа хараагүй нүүдэлчин хүн гийчин ирэхээр жигтэйхэн баярладаг. Холоос хүн ирж яваа бараа харагдсан даруйд л юу асуух, юу хөөрөлдөхөө бодоод эхэлдэг байж. Одоо ч манайхны бараг тал хувь нь нүүдэлчин маягаар амьдарч байна. Бас нэг юм бий. Юу гэвэл бид цөөхүүлээ улс. Улаанбаатарынхан гэхэд л тун олон хүн багаасаа бие биеэ мэддэг. 90 оны хувьсгал дэлхийд хаана ч байгаагүй тайван болсоны нэг учир энэ. Хоорондоо сөргөлдөх маргалдах юм бий ч монголчууд буу шийдэмдээ хүрэх нь цөөн. Түүхэн улбаа, Чингис хааны номлол нь өөрөө ийм юм. 

- Тийм болоод л таны ажлын өрөөний хойморт Чингисийн хөрөг байгаа хэрэг байх нь ээ? Бусад орны элчин сайдууд болохоор одоо байгаа төрийн тэргүүнийхээ хөргийг л өрөөндөө залчихсан байгаа харагддаг?  
- Төрийн тэргүүн гэдэг, халагдаж солигддог фигур. Харин Монголын эзэнт гүрнийг үндэслэгч гэдэг бол эсрэгээрээ юм.

- Ингэж ярихаар танай одоогийн төрийн тэргүүн юу гэж боддог бол? 
- Азаар монголчууд түүхээ сайн мэддэг, үнэлдэг улс, тэгээд дээр нь, наргиан сайн ойлгоно. 

- Ерөнхийлөгч Нацагийн Багабанди Тамгын газрын даргаа Орост элчингээр явуулчихдаг нь яаж байгаа юм бол?
- Орос-Монголын найрамдалт харилцааг тэгж их үнэлдэг байхгүй юу, шадар зөвлөхөө хүртэл харамлалгүй нааш нь явуултлаа (инээв). Үнэндээ бол 2001 онд ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод байхад нь би өөрөө дипломат албанд ажиллая гэж гуйсан юм. Вашингтон, Токио, Бээжин, Москва алинд нь ч явж болохоор байлаа. Харин Хулан бид хоёрт Орос нь илүү ойр санагдсан хэрэг. Газар зүйн хувьд ч төдий биш, эхнэр маань Москвад олон жил амьдарсан (аав нь ЭСЯ-нд ажиллаж байсан), дээд сургууль ч энд төгссөн хүн. 

- Та хоёр Москвад оюутан байхдаа танилцсан уу?
- Хулан Москвагийн Олон Улсын Харилцааны дээд сургууль төгсөж, эрдмийн зэрэг хамгаалаад 80-аад оны сүүлээр нутаг буцсан юм. Миний ахалдаг орос хэлний синхрон орчуулагчдын багт Хулан орж ирж, тэгж бид танилцсан юм. Орос хэл биднийг зуучилсан гэж хэлж болно. Би тэгэхэд эхнэртэй, гурван хүүхэдтэй байлаа. Хулантай танилцсан маань намайг болон миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн дээ. 

- Монголын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Хулан…
- Баярлалаа!

- … улс төрийн өрсөлдөгчтэйгээ дэр хувааж, тэгээд намын ажилтан, гэрийн эзэгтэй, эх хүнийхээ үүргийг амжуулж байна гэж бодохоор санаанд багтахгүй юм аа. 
- Эхнэр маань одоогоор Улаанбаатарт байгаа болохоор өмнөөс нь хариулахаас. Хуланд бол эзэгтэй, эхнэр байх багаддаг, зүгээр сууж чаддаггүй хүн. Ямагт араасаа хүмүүсийг дагуулж, манлайлж явдаг тийм хүмүүс байдаг даа. Яг тийм хүн байгаа юм. Хараад байхад манай охин Дариа ч мөн тийм хүн болох шинжтэй. Дариа гэдэг нь самгарьд хэлнээс орчуулбал “бэрхийг гэтлэгч” гэсэн утгатай үг л дээ. Зөвхөн элчин сайдын гэргий байна гэдэг Хулангийн хувьд багадаад байгаа юм. Түүнд болоод бие биедээ миний тус болж чадах ганц зүйл бол хүсэл сонирхлыг нь л хүндэтгэх явдал. Хулан ч мөн надад ингэж тус болдог. Бие биенээ хүндэтгэнэ, тэвчинэ гэдэг бол гэр бүл ч тэр, үндэстэн ч тэр өөдөө дээшээ явахын нэг үндэс гэж би боддог. 

- Эвгүй асуулт байж магадгүй, уучлаарай. Нам болгон өөрийн гэсэн нууцтай. Та хоёр тэр нууцаасаа бие биедээ хуваалцдаг уу? 
- Юу гэсэн үг вэ? Гал тогоондоо эсвэл, орон дотроо намын нууцаа хээвнэг яриад байж байна гэж яаж байдаг юм бэ? Ярья гэж ярих биш, зүгээр нэг үгийн далимд санаандгүй ганц нэг юм явж байхаас биш, нэгнээсээ юм мэдэж авах гээд шалгаагаад байна гэж юу байхав дээ. Өөрийгөө болон дотнын хүнээ хүндэлнэ гэдэг ямар ч улс төрийн нууцаас үнэтэй юм шүү. 

- Монголд танайх шиг гэр бүл өөр бий юү?
-  Байлгүй яахав.  

- Та аз жаргалтай хүн үү? 
- Мэдээж шүү дээ. Бидний амьдралын гол зорилго бол үр хүүхдээ сайн сайхан явуулах. Монголд хүүхэд нь гэр бүл зохиосон хойноо ч эцэг эхтэйгээ амьдрах нь түгээмэл. Миний том болсон хүүхдүүд ч одоо надтай хамт байна. Өрнийхнөөс Дорныхны ялгарах нэг том ялгаа энэ юм уу даа. Хүүхдээ өсгөж өндийлгөсөн гээд тэднээсээ эргүүлээд юм нэхэх муухай. Тэд маань ч гэсэн яваандаа бидний төлөө биш мөн л үр хүүхдийнхээ төлөө амьдрах болно. Амьдралын энэ шугам мөнхөд энэ хэвээрээ үргэлжлэх биз. 

- 30-аад онд таны өвгийг “ардын дайсан” гэж яллаж байсан гэж би дуулсан юм байна. 
- Монголчуудын тэн хагас нь ийм нэр зүүж явсан юм. Миний эцгийн эцэг Хөвсгөлийн өмнөд нутгаар байсан лам хүн. Тухайн үед тэнд өч төчнөөн сүм хийд байсан гэдэг. Өвөө маань монгол, төвд, самгарьд гурван хэл мэддэг байжээ. Хувьсгалаас хойш 30 мянган лам хуврагийг хэлмэгдүүлэхэд өвөө маань мөн өртсөн. Дараа нь үндэс угсаагаар ялгаварлан яллахад ээжийн маань аав мөн хэлмэгдсэн гэдэг. Хөдөө аж ахуйн дээд мэргэжилтэй хүн байсан боловч үндэс угсаа нь буриад байсан учраас тэгж гайтжээ. Аав маань түүхч хүн байсан бол, ээж загас судлаач. Байгалаас Хөвсгөл нууранд омуль загас аваачиж нутагшуулсан хүн дээ манай ээж. Энэ ажил миний төрдөг жил өрнөсөн болохоор ээж намайг “Миний хүү Монголын омультай чацуу юм шүү” гэдэг байв. 

- Та яаж орос сургуульд орсон юм бэ? 
- Эмээгийн үгээр шийдсэн хэрэг. Монгол сургуульд хүүхдийг найман наснаас нь авдаг бол орос сургуульд зургаатай хүүхэд орж болдог байж. Намайг зургаатай байхад эмээ, одоо ном үзэж эхэлсэн нь дээр гэжээ. Монгол сургуульд явдаггүй, хэл, ёс заншлаа мэддэггүй гээд хүмүүс биднийг нэг л ондоогоор үзэх маягтай байв. Хятад сургуульд сурдаг хүүхдүүдийг ч мөн тэгж үздэг байлаа. Үнэндээ бол харин ч эсрэгээр байдаг юм байна. Бусдын хэл соёлыг судлахаар үндэсний юмандаа харин ч өөриймсөг ханддаг болдог юм билээ. Хамгийн үндэсэрхэг үзэлтнүүд нь тэр “ондоо” сургуулиас гарсан байдаг. Яваандаа орос сургууль төгссөн хүүхдүүд ЗХУ-ын их дээд сургуульд амархан ордог болоод ирэхээр орос сургуульд сурна гэдэг их нэр хүндтэй ажил болсон доо. 

- Тэгэхээр эмээ тань л таны замыг заажээ дээ?
- Эмээдээ би их өртэй хүн. Тав бил үү, зургаатай байхдаа би өрөөнд хүнгүйг далимдуулаад шүүгээнээс чихэр авахаар дээшээ сарвайхгүй юу. Гэтэл эмээ гэнэт ороод ирдэг байгаа. Тэгээд “Аав ээжийгээ иртэл наад гараа өргөсөн чигээрээ байж байгаарай!” гэж тушаадаг юм. Ичсэн, айсандаа гараа буулгаж чадахгүй тэр чигээрээ бараг хагас цаг гаруй зогсож билээ. Тэрнээс хойш хөнгөн олз олдох, биеийн амрыг харах гээд ирэх болгонд гар өвдөх шиг болоод чаддаггүй юм. 

- Москвагийн Улсын их сургууль төгссөн хүн улс төрд ногоон гэрлээр орж явчаа байлгүй?
- Тийм ч юм, үгүй ч юм. Зөвлөлтийн болон бусад социалист оронд сурсан монгол залуучууд 1956 оны Унгар, 1968 оны Чехословакийн үйл явдлын үнэнийг олж мэдээд сэтгэл нь хөдөлчихсөн, нэг л зоригтой, яавал ч яахаар болоод Монголдоо ирдэг байлаа. Оюутны чөлөөт амьдралд сурсан улсад манай “талын социализм”-ын бодит байдал ерөөсөө л нэг таарахгүй янзтай. Оюутан хуваарилдаг комисс биднээс юуны түрүүнд улс төрийн боловсрол шалгана. “Хүн бүр бага балчраасаа юуг хайрлан хамгаалах ёстой билээ?” гэж асуухад нь “Хүн бүр бага балчраасаа эхлэн социалист өмчийн эс ширхэг бүрийг нандиглан хамгаалж” гээд л хариулах ёстой. Комиссын дүгнэлт яаж гарах нь чухал болохоос биш Москвагийн Их сургуулийн диплом огт хамаагүй. Надаас “Монгол яг хэдэн тэмээтэй вэ?” гэж хүртэл асууж байлаа. Тэрийг би яаж мэдэхэв. Ингээд олон улсын хууль эрхзүйн мэргэжил эзэмшсэн би гэдэг хүн районы гүйцэтгэх захиргаанд барилгын ажил хариуцахаар хөөгдөж байлаа. 

- Одоо бол тэр тэмээний тоог эрхбиш мэдэх байлгүй дээ?
- (инээв) Мэдэхгүй бол яаж элчин сайд болох билээ? Хоёр зуун наян мянга! Тэр үед бараг нэг сая хүрч байсан юм байна лээ. Уул нь Монгол гэдэг орон тэмээний ноосоор хийсэн дулаан сайхан хөнжлөөр дэлхийг хангаж чадвал чадахаар. Даанч тэмээний тоо толгой цөөрөөд л байна.

- Дипломатчид албаны хугацаа дуусахаар бизнесийн салбарт шилжих нь элбэг байдаг. Таны хувьд?
- “Бурханы доог тохуу больё гэвэл төлөвлөгөөгөө ярь” гэдэг үг бий дээ.
Эх сурвалж: Шударга.мн
Оюутан цэргүүдийг уулархаг газар районд үүрэг гүйцэтгүүллээ
Оюутан цэргүүдийг уулархаг газар районд үүрэг гүйцэтгүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.